Б.ОД

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс ашиглалтад оруулсан зүүн бүсийн үйлдвэр өдөртөө 1000 гаруй тонн шахмал түлшийг үйлдвэрлэж байна.

Түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой нь тус үйлдвэрийн онцлог юм.  БНСУ-ын энэ технологийг нийт зургаан шугамд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, шууд савлагаанд шилжүүлдгээрээ давуу талтай. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор есөн метрийн гүнд байгуулжээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар орчны бохирдлын төслүүдийн удирдагч Д.Ихбаяр нар “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт өчигдөр ажиллалаа. Зүүн бүсийн үйлдвэр ирэх сардаа багтан үйлдвэрлэлийн жигд горимд бүрэн шилжиж өдөрт 3500 орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр зорьж байгаа юм.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь технологийн хувьд сайжирсан. Мөн үйлдвэрлэсэн түлшийг хатаах, савлах үйл явцыг богино хугацаанд шийдэж буйгаас гадна бүтээгдэхүүний бат бөх байдал сайжирна. Ингэснээр түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх асуудал ч давхар шийдэгдэнэ.Цаашид зүүн бүсийн үйлдвэр дээр гурван шугам нэмж байгуулбал баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэснээс бага зардлаар Улаанбаатар хотыг түлшээр хангах боломж бий болно” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn