Америкийг Киев, Москвагийн хоорондын хурцадмал байдлыг дэвэргэлээ гэв

0
хуваалцах
195
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын зэвсэгт хүчний бөмбөгдөгч нисэх онгоцнууд энэ сарын эхээр цөмийн цохилт өгөх сургуулилтыг хилийнх нь ойролцоо хийсэн тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллээ. Сүүлийн үед хоёр улсын харилцаа хурцдаж, хөрш Украйн улсын газар нутаг руу ОХУ-ын цэрэг довтолж магадгүй болсныг АНУ-ын тал анхааруулж байгаа юм. Хариуд нь Москвагийн эрх баригчид хилийн ойролцоо өдөөн хатгах ажиллагааг эрчимжүүлж буй АНУ, Украйныг шүүмжилж байна.

Тухайлбал, АНУ-ын зүгээс Украйнд зэвсэг нийлүүлсэн, дорнод Украйны салан тусгаарлагчдын эсрэг дрон ашигласан, хилийн ойролцоо НATO байлдааны сургуулилт зохион байгуулж буй зэргийг Оросын тал удаа дараа шүүмжилж байгаа. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ сард АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцнууд хилийн ойролцоо 30 удаагийн нислэг үйлдсэн тухай дурджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.5 дахин нэмэгдсэн тоо юм.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлд ярихдаа өрнөдийн стратегийн бөмбөгдөгч онгоцнууд Оросын хилийн орчимд аюултай зэвсэг тээвэрлэн нисэж байгааг шүүмжлээд Москвагийн тогтоосон “улаан шугам”-ыг зөрчихгүй байхыг өрнөдийн орнуудад анхааруулж байв.

Тэгвэл АНУ Украйн руу зэвсэг болон цэргийн зөвлөхүүдийг илгээж байгаа нь Киев болон Москвагийн хооронд үүссэн хурцадмал байдлыг улам дэвэргэж байна гэж Кремлиэс мягмар гарагт мэдэгдэв.

Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр “ОХУ-ын түрэмгийлэлд гэнэт өртөх вий гэж барууныхан болгоомжилж  байна. Энэ үед Жо Байдены Засгийн газраас танк эсэргүүцэх пуужин, агаарын довтолгооноос хамгаалах систем болон цэргийн зөвлөхүүдийг Украйнд илгээх тухай хэлэлцэж байна” гэв.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков АНУ төдийгүй НATO-гийн бусад орноос Украйн руу зэвсэг болон цэргийн зөвлөхүүдийг   илгээж байгааг онцолжээ. Энэ тухай “Энэ нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна” гэж Песковын үгнээс иш татан "Тасс" агентлаг мэдээлэв.

Дмитрий Песков “Украины зэвсэгт хүчин галын шугам дээр байгаа Донбассын асуудлыг цэрэг хүчний замаар шийдвэрлэхэд чиглэсэн бэлтгэл ажлын хүрээнд энэ өдөөн хатгасан үйлдлийг гаргаж буйд бид сэтгэл түгшиж байна” гэжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "ОХУ-ын хилийн ойролцоо АНУ-ын сөнөөгч онгоц эргэлдэж, Хар тэнгист цэргийн сургуулилт хийж байгаа нь Украйны сөргөлдөөнийг барууныхан улам хурцатгаж байна" гэж өмнө нь мэдэгдэж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.25 ПҮРЭВ № 232 (6709)