З.БАТЦЭЦЭГ

 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Израйлийг Ираны цөмийн дэд бүтцэд шууд халдлага хийхээс сэрэмжлүүллээ. Энэ нь Исламын Бүгд Найрамдах улсыг өөрийн цэргийн хөтөлбөрөө хөгжүүлэхэд түлхэц болно гэж онцолсон байна. Барууны хэвлэлүүдийн эх сурвалжийн мэдээлснээр хоёр улс харилцан ойлголцолд хүрээгүй байна. Венад цөмийн хэлэлцээрийг сэргээх талаар уулзалт хийх өдөр ойртож байгаа энэ үед америкчууд болон израйльчуудын хоорондын санал зөрөлдөөн нэмэгдсээр байна. Иранчуудын эсрэг хүч хэрэглэх хувилбарт санаа зовж буйгаа АНУ Израйлийн талд илэрхийлэхийг оролдсон тухай “Нью-Йорк Таймс” сонинд мэдээлжээ. Исламын Бүгд Найрамдах улсын цөмийн дэд бүтцэд халдлага хийх нь сөрөг үр дагавартай. Тэднийг уранаа баяжуулах системээ сайжруулахад хүргэж болзошгүй гэж Цагаан ордон Ойрхи Дорнодын холбоотондоо ойлгуулахын тулд хүчин чармайлт гаргасан байна. Гэсэн хэдий ч “Нью-Йорк Таймс” сонинд нийтлэгдсэнээс үзэхэд Израйлийн тал АНУ-ын үндэслэлд итгэхээс татгалзжээ.

Америкийн "Axios" цахимын тэмдэглэснээр сүүлийн саруудад Байдены засаг захиргаа болон Израйлийн ерөнхий сайд Нафтали Беннетийн Засгийн газар Ираны асуудлаарх санал зөрөлдөөнөө хувийн журмаар шийдвэрлэхийг хичээж, олон нийтийн мөргөлдөөн гаргахаас зайлсхийхийг хүссэн ч энэ нь улам хэцүү болж байна. Цагаан ордны Ойрхи Дорнодын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохицуулагч Бретт Макгерк болон Эяль Хулата нар Бахрейнд болсон бүс нутгийн бага хурал дээр уулзсан юм. Иран цөмийн зэвсэгтэй болох оролдлогоо дэлхий нийт хүчтэй эсэргүүцсэн үед л зогсоож байсан гэж Э.Хулата тэмдэглэв. Мөн “Бид эелдгээр асуулаа гээд Иран буулт хийхгүй. Иранчууд тэгдэггүй. Дарамт шахалт үр дүнд хүрэхгүй гэж хэлсэн хэн боловч АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргааны дарамт шахалт Ираныг бодлогоо өөрчлөхөд хэрхэн хүргэснийг харах ёстой” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр “Шаардлага гарвал бид Ираны эсрэг өөрсдийгөө хамгаална” гэв. Харин Макгерк тэс өөр байр суурь баримталж, Цагаан ордон "Ираны асуудлыг" дипломат аргаар шийдвэрлэхийг дэмжинэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.24 ЛХАГВА № 231 (6708)