Томоохон захуудад харьяалал харгалзахгүй вакцин хийж эхэллээ

0
хуваалцах
185
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

Сүүлийн өдрүүдэд манай улсад COVID-19 халдварын тоо буурч байна. Энэ нь иргэд нэмэлт тунд хамрагдаж эхэлсэнтэй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.  Ийн иргэдийн вакцинжуулалтын идэвхийг нэмэгдүүлж, халдвараас сэргийлэх зорилгоор лхагва гарагаас эхлэн зах, худалдааны төвүүдэд вакцинжуулалтыг хийж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар томоохон зах, худалдааны төвүүдэд вакцинжуулалтын 21 түр цэг ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 30 гаруй зах, худалдааны төвд дархлаажуулалтын түр цэг ажиллуулах юм. Үүнтэй холбогдуулан “Нарантуул” зах болон “Дүнжингарав” худалдааны төвөөс вакцинжуулалтын явцын талаар сурвалжлага бэлтгэлээ.

 

БҮХ ВАКЦИН ХАЛДВАРЫН ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ

 

Бид баасан гарагийн 13:00 цагт олон улсын гэх тодотголтой “Нарантуул” зах руу очлоо. Тус захаар үйлчлүүлж байгаа иргэд, худалдаачид төдийгүй вакцины I, II, III тундаа хамрагдахыг хүсч байгаа иргэд пүрэв гарагаас “Баялаг-Ундраа” худалдааны төвд харьяалал харгалзахгүйгээр дархлаажуулалтад хамрагдах боломж бүрджээ.

Халдвар хамгааллын дэглэмийг сахих үүднээс “Баялаг-Ундраа” төв орох болон гарах хаалга тусад нь байлгахын сацуу иргэдийн халууныг үзэж нэвтрүүлж байв. Дотогш орвол үүдний хэсэгт   “Гурван давхарт эмийн сан, уламжлалт эмнэлгийн хажууд COVID-19-ийн дархлаажуулалтыг хийж байна” гэсэн мэдээллийн самбар байршуулжээ. Гурван давхарт байрлах тус дархлаажуулалтын цэг рүү орвол бүртгэл, эмчийн үзлэг, сувилагчийн бүртгэл, яаралтай тусламж гэсэн бичиг бүхий дөрвөн ширээг хоёр метрийн зайтай байрлуулсан байх агаад тус бүрт нэг нэг эмч суусан байлаа. Эдгээрийн цаад талд вакцинжуулах хэсэг байв. Харин үүдний хаалганы ойролцоо бүртгэл хийх эмчээс хоёр метрийн зайд “Ажиглалтын хэсэг”-т зургаан сандалыг гурван эгнээгээр байршуулжээ. Вакцины ээлжээ хүлээх иргэд болон вакциндаа хамрагдсан иргэд энэ сандал дээр суух юм.

Биднийг тус цэг рүү орох үед ажиглалтын хэсэгт хоёр иргэн сууж байсан бол бүртгэлийн хэсэгт гурван хүн дараалан зогсож байлаа. Байгууллагаараа нэмэлт тундаа хамрагдахаар ээлжлэн ирж байгаа нь энэ аж. Сувилагч биеийн байдлыг нь үзэж, бүртгээд эмч “Ямар вакцин хийлгэх вэ” гэхэд нэгэн иргэн “Хамгийн сайн нь аль нь вэ” гэвэл  эмч “Өмнө нь AstraZeneca” вакцин хийлгэсэн бол нэмэлт тундаа Pfizer хийлгэнэ. Одоо Pfizer болон Verocell-ийг хийж байгаа. Бүх вакцин халдвараас сэргийлнэ. Вакцинаа хийлгээд шууд гарч болохгүй. 20 минут өөрийгөө ажиглаж заавал суугаарай” гэж хариуллаа.

 

“ХӨНГӨН ӨВДӨӨД ЭДГЭРСЭН ИРГЭДЭД ДАРХЛАА БАГА ТОГТОЖ БАЙНА”

 

Нэмэлт тун вакциныг 12-18 настай хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхэд хийхгүй. Бусад бүх хүн, хөдөө орон нутгаас ирсэн иргэд ч харьяалал харгалзахгүйгээр энэ цэгт вакцинжуулалтад хамрагдах боломжтой аж. Энэ талаар тус цэгт ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн  XIV хорооны өрхийн их эмч Б.Жавзандолгор “Шинэ төрлийн COVID-19 халдвар нь уушгины хатгалгаа үүсгэж хүндэрдэг. Тиймээс вакциндаа хамрагдсанаар хүндрэлээс сэргийлж, халдвар авсан ч хөнгөн тусна. Хоёр тундаа хамрагдаад халдвар аваагүй иргэд гурван сарын дараагаас нэмэлт тундаа хамрагдана. Харин халдвар авсан иргэд эдгэрснээс 21 хоногийн дараа, хүндээр өвдсөн хүмүүс гурван сарын дараа нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөж байгаа. Энэ нь хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэрсэн иргэдэд дархлаа бага тогтож байгаатай холбоотой. Манай дархлаажуулалтын цэг бүртгэгч, үзлэгийн эмч, сувилагч, вакцинатор сувилагч, хяналтын ажилтан, ерөнхий зохион байгуулагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Олон улсын судалгаагаар COVID-19-ийн вакцин халдвараас 100 хувь хамгаалахгүй. Вакцины дархлаа 3-6 сарын хугацаанд тогтож байгааг мэдээлсэн. Тиймээс хоёр тунгаас гурван сарын дараа дархлаа сэргээх тундаа хамрагдахыг дэлхий нийт уриалж байгаа. Вакцины дархлаа хэрхэн тогтох нь тухайн хүний суурь дархлаа, биеийн байдал, дэглэмээ хэрхэн сахихаас хамаарна” гэж ярилаа. Эхний өдөр тус цэгт 83 хүн вакциндаа хамрагдсан бол баасан гарагийн 13:00 цагийн байдлаар 18 хүнийг нэмэлт тунд хамруулжээ.

 

“ГУРАВДУГААР ТУНДАА ӨӨР ТӨРЛИЙН ВАКЦИН ХИЙЛГЭХ НЬ СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ”

 

Үүний дараагаар бид “Дүнжингарав” худалдааны төв рүү очлоо. Тус төвд Pfizer, Verocell, Спутник-V гэсэн гурван төрлийн вакциныг хийж байгаагаараа онцлогтой. “Дүнжингарав” худалдааны төв орох хаалганы үүдний хэсэгтээ автомат халуун үзэгч, ариутгагч ухаалаг хаалга байршуулжээ. Энэ төвийн зүүн хойд хэсэгт дархлаажуулалтын шинэ цэгийг нээжээ. Тус цэг гаднаа зургаан сандалыг хоёр эгнээ болгон байршуулсан байх агаад энэ нь хүлээлгэ болоод ажиглалтын хэсэг аж.

Дүнжингарав” худалдааны төвд  баасан гарагийн 10:00 цагаас эхлэн вакцинжуулалт хийж байгаа юм. Энэ талаар тус төвд ажиллаж байгаа  Баянзүрх дүүргийн XXVI хорооны “Тэгш дүүрэн хүслэн” өрхийн эмнэлгийн эмч А.Парида  “Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар 20 орчим иргэн вакциндаа хамрагдлаа. COVID-19-ийн вакциныг хийлгэснээр халдвар хөнгөн тусна. Нас барах, хүндрэхээс сэргийлнэ. Иргэд нэмэлт тундаа хамрагдсанаар дархлаа сэргэж, халдвар авах магадлал буурна. Гуравдугаар тундаа өөр төрлийн вакцин хийлгэх нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Нэг эмч, нэг дархлаажуулалтын сувилагч, бүртгэлийн ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүмүүсийн идэвхи нэмэгдвэл хүн хүчээ нэмэгдүүлнэ” гэв.

Биднийг очих үед ажиглалтын сандал дээр 30 орчим насны хоёр эрэгтэй  зэрэгцэн сууж байв. Тэд хоорондоо “Хоёулаа бараг долоон сарын дараа нэмэлт тундаа хамрагдаж байгаа юм байна. Хэвийн амьдралдаа шилжиж, олон нийттэй айдасгүйгээр харилцахын тулд вакциндаа хамрагдахаас өөр арга алга. Өмнөх хоёр тун вакцины ачаар халдвар авалгүй өнөөдрийг хүрлээ” хэмээн ярилцаж байв.

Ийн иргэд худалдан авалт хийх үеэрээ вакциндаа хамрагдах боломж бүрдлээ. Энэ талаар  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд  "НЗДТГ-аас санаачлан дархлаажуулалтын түр цэгийг томоохон худалдааны төв, захуудад ажиллуулж эхэллээ. Дархлаажуулалтын түр цэг нь тухайн зах, худалдааны төвийн ажилтнуудад төдийгүй иргэдэд үйлчлэх зорилготой. Ингэснээр  үйлчилгээ иргэдэд ойртож, ажлынхаа зав зайгаар бус, худалдаа, үйлчилгээ авах зуураа вакцинд хамрагдах боломжийг олгож байгаа юм. Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд дархлаа сэргээх түр цэгийн ажилтнуудын хуваарийг гарган ажиллуулж байгаа. Зах, худалдааны төв, аж ахуйн нэгжийн хувьд түр цэг ажиллах байр, талбай гаргаж, нийгмийн хариуцлагын хүрээнд түрээс, мөнгө авалгүй дэмжиж байна. Дархлаа сэргээх тунгийн хамрагдалтыг 50 хувьд хүргэснээр COVID-19 цар тахлын давлагааг даван туулж, хэвийн амьдралдаа орох нөхцөл бүрдэнэ” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.22 ДАВАА № 229 (6706)