Тойм: Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлууд

0
хуваалцах
189
үзсэн

Р.ОЮУН

Энэ долоо хоногт “Зууны мэдээ” сонин дээр хэвлэгдсэн улс төр, эдийн засаг, нийгэмд өрнөсөн үйл явдлыг www.polit.mn цахим тоймлон хүргэж байна.

 

Арваннэгдүгээр сарын 15

 

У.ХҮРЭЛСҮХ: "ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД 1000 СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭНЭ

-Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж үг хэлэхдээ “Өнөөдөр  улсын хэмжээнд ойн салбарын 1200 гаруй, усны салбарын 4200 орчим боловсон хүчин байна. Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, дадлагажуулах тогтолцоог боловсронгуй болгох, мод тарьж ургуулж буй олон улсын тэргүүний техник, технологи, арга, аргачлалыг судлан нэвтрүүлэх, нутагшуулах, хашаандаа мод тарьж буй иргэдийг мэдлэг, мэдээлэлтэй болгох шат шатны сургалтуудыг хийж хэвших шаардлагатай байна. Аливаа салбарын мэргэжлийн чадварлаг боловсон хүчний нөөц бол тухайн салбарын хөгжлийн хөдөлгөх гол хүчин юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1000 сургагч багш бэлтгэнэ” гэж ярилаа.

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД НЭН ИХ ӨРТӨЖ БАЙГАА УЛСЫН НЭГ ЮМ

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ойн салбарын үндэсний чуулган”-д оролцож үг хэллээ. Тэрбээр “Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилгын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах билээ. Монгол Улсын хувьд ч уур амьсгалын өөрчлөлтөд нэн их өртөж байгаа улс орнуудын нэг юм. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын судалгаагаар нийт бэлчээрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд ой мод ашиглах зөвшөөрөгдсөн хэмжээнээс дөрөв дахин ихийг хууль бусаар хэрэглэжээ. Ганцхан жишээ дурдахад, манай улсад олон зуун гол горхи, булаг шанд ширгэж, усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг аюулын харанга дэлдсэн үзүүлэлт жилээс жилд урагшлах, улмаар хүн, мал дайжин эзэнгүйдэх газар нутгийн хэмжээ нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа нь бодит үнэн юм.Тиймээс Миний бие Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгож, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлье” гэв.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ НҮБ-ЫН КОНВЕНЦЫГ БОЛОВСРУУЛАХАД ОРОЛЦОНО

-АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 32 дугаар бүгд хуралдааны үеэр болсон Олон улсын эрх зүйн комиссын 2023-2027 оны гишүүний сонгууль боллоо. Сонгуульд Монгол Улсаас анх удаа нэр дэвшсэн УИХ-ын  гишүүн Ц.Мөнх-Оргил ялж, гишүүнээр сонгогдсон байна. Энэ комисс нь НҮБ-ын хүрээнд олон улсын эрх зүйг хөгжүүлэх, системчлэх, олон талт конвенц, зарчмуудыг боловсруулах, зөвлөмж гаргах үүрэгтэй юм. Тэрбээр Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогдсоноор олон улсын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн шинжээчдээс бүрдсэн, байнгын бус ажиллагаатай байгууллагын жилд нэг удаа болох хуралдаанд оролцоно.

Тус комиссын сонгуульд нийт 48 улс 34 гишүүний суудалд өрсөлдөж, манай улсын харьяалагддаг Ази, Номхон далайн бүлгээс Энэтхэг, Япон, БНСУ, Кипр, БНХАУ, Тайланд, Вьетнам гэсэн найман улс, Африкийн орнуудын бүлгээс Сьерра Леон, Сенегал, Кени, Кот д’Ивуар, Египет, Марокко, Алжир, Буркина Фасо, Бүгд Найрамдах Ардчилсан Конго гэсэн улс, Зүүн Европын орнуудын бүлгээс ОХУ, Румын, Латви улс, Латин Америк, Карибын орнуудын бүлгээс Чили, Эквадор, Бразил, Аргентин, Перу, Никарагуа улс, Баруун Европын болон бусад улсын бүлгээс Норвег, Португал, Итали, ИБУИНХУ, Австри, Шинэ Зеланд, Франц, Турк улсын нэр дэвшигчид 2023-2027 онд ажиллахаар сонгогджээ.

 

Н.АРИУНБАТ: ХААН БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ СОЛИГДООГҮЙ, ХУВЬЦАА ХУДАЛДАХ ТУХАЙ ЭЦСИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ МОНГОЛБАНКНААС ОЛГООГҮЙ

-ХААН банкны хувьцаа эзэмшигч солигдоогүй, хувьцаа худалдах тухай эцсийн зөвшөөрлийг Монголбанкнаас олгоогүй. ХААН банкны нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд “Савада холдингс” компани, 14.5 хувийг “Савада холдингс” компанийн охин компани “Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед”, үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшсэн хэвээр байгаа.

 

ИХ ХЭМЖЭЭНИЙ УЛААНБУУДАЙ ИМПОРТОЛСНООС ТАРИАЛАНЧДЫН ХӨДӨЛМӨР ҮНЭГҮЙДЭХЭД ХҮРЭВ ҮҮ?

-Хил хаагдсанаас монголчууд мах, гурилтайгаа л үлдэв. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд бүхий л барааны үнэ өсөж буй энэ үед гурилын үнэ өсөх вий, нөөц хангалттай байж чадах болов уу гэх болгоомжлол нийтийн дунд үүсчээ. Харин тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, салбарын яамныхан маргасан хэвээр. Тухайлбал, өнгөрсөн жил хүнсний аюулгүй байдлын нөөцийг бүрдүүлэх нэрээр 150 мянган тонн улаанбуудайг ОХУ-аас импортолсон нь дотоодын тариаланчдын улаанбуудай үнэгүйдэхэд хүрчээ. Тэгэхээр тариаланчид гурилын үйлдвэрүүдэд хямд үнээр будаагаа өгөхгүй гэвэл спиртийн үйлдвэрт өгөх эсвэл дараа жил хүртэл хадгалах “зам” үлджээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ жил хур ихтэй, болц оройтсоны улмаас улаанбуудайн чанар муудаж гурав, дөрөвдүгээр ангиллын улаанбуудай их байгаа аж. Гурилын үйлдвэрүүд сайн чанарын улаанбуудайн дээр дээрх ангиллын улаанбуудайг хольж гурил үйлдвэрлэдэг. Тэгэхээр өнгөрсөн жил ОХУ-аас сайн чанартай улаанбуудай импортоор оруулж ирсэн нь зөв алхам болсон тухай хэлж байлаа. Тодруулбал, гурилын үйлдвэрүүд импортоор орж ирсэн сайн буудайтай байгаа тулдаа тариаланчдын чанарын шаардлага хангахгүй буудайг авч байгаа гэсэн мэдээллийг өгөв.

 

Н.АЛТАНСУВД: БНСУ ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛСЭН

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ 2019 оноос гадаадаас ажиллах хүч авахаа зогсоогоод байсан. Сүүлийн үед халдварын нөхцөл байдал тогтворжсон, ажиллах хүчний дутагдалтай байгаагаас үүдэн 16 орноос ажиллах хүч хүлээж авахаа мэдэгдээд байна. Манай улс ажиллах хүч хүлээж авах улсуудын жагсаалтад багтсан. Үүнтэй холбогдуулан БНСУ-д гэрээгээр ажиллах нөхцөл, шаардлагыг хангасан хүмүүсээс эхний ээлжийн буюу 2019 онд баталгаажсан 100 гаруй иргэнтэй холбогдон ажиллаж байна. БНСУ-ын талаас тэдгээр иргэд гэрээгээр ажиллах хэвээрээ эсэх, тус улсад очоод тусгаарлалтын зардлыг төлөх боломжтой юу, нислэгийн тийзийн зардал байгаа эсэх талаар нөхцөл байдлын тодруулгыг авч өгөхийг хүссэн.

 

МАНАЙ УЛС 5-11 НАСНЫ ХҮҮХДИЙН ВАКЦИН АВАХ ХҮСЭЛТИЙГ АНУ РУУ ИЛГЭЭЖЭЭ

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд АНУ-ын Засгийн газар КОВАКС-ын шугамаар манай улсад Файзер вакцины 1088100 тун хандивласанд талархал илэрхийллээ. АНУ-д 5-11 насны хүүхдийг ковидын эсрэг вакцинд хамруулах талаар АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв зөвшөөрөл өгсөн. Манай улс хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар зөвлөмж хүссэн захидлыг БиоНТек/Файзер компани руу хүргүүлсэн гэж Ерөнхий сайд хэллээ. Элчин сайд Майкл Клечески хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар судалж, Ерөнхий сайдад мэдээлэл өгөхөө илэрхийлэв.

 

Д.СУМЪЯАБАЗАР:ХҮН АМЫН 50-ААС ДЭЭШ ХУВЬ НЬ НЭМЭЛТ ТУНДАА ХАМРАГДВАЛ ХЭВИЙН АМЬДРАЛДАА ШИЛЖИНЭ

-Нийслэлийн нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нь нэмэлт тун вакциндаа хамрагдвал улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд орох боломж нээгдэнэ гэдгийг Хотын дарга тодотголоо. Тэрбээр “Сүүлийн хоёр жилийн турш ердийн амьдралын хэмнэл алдагдлаа. Залуучууд нэмэлт тунд хойрго хандаж байгаагаас улбар шар түвшнээс ахиж чадахгүй байгааг хойшид анхааръя. Дэлхийн улс орнуудад нэмэлт тунгүй олон орон бий. Бүрэн тундаа ч бүрэн хамрагдаагүй,  вакцингүй олон сая хүн бий. Харин бид хэд хэдэн төрлийн вакцинаас сонгон тариулж байгаа. Тиймээс боломжоо ашиглаж, нийслэлээрээ шар бүс рүү тэмүүлцгээе” гэв.

 

Арваннэгдүгээр сарын 16

 

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫГ ТӨРД АВАХ АСУУДАЛД “ЦЭГ” ТАВИЛАА

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн зарцуулалттай холбоотой мэдээлэл өгчээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх 2022 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг баталсан. Ирэх жилийн төсөв маш чухал ач холбогдолтой. Хэдийгээр эдийн засгийн хямралтай байгаа ч эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалт болон орлогыг нэмэгдүүлэх талд чиглэсэн төсөв болсон. Нэгдүгээрт, эдийн засгийг хэрхэн сэргээж, экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлаар тодорхой мэдээлэл өгсөн. Хоёрдугаарт, хүний эрхийг хангах асуудалд УИХ, Засгийн газраас тодорхой зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй байгааг хэллээ. Гуравдугаарт, авлигатай тэмцэх чиглэлээр мөн УИХ, Засгийн газраас тодорхой ажлууд хийх хэрэгтэй. Эдийн засгийг сэргээх асуудлаар Засгийн газраас ирэх долоо хоногт тодорхой шийдвэрийн төслүүдийг УИХ-д өргөн барина. Тухайн үед нь дахин ярилцахаар тогтсон” гэлээ.  Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын санаачилсан, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд талцах асуудал гарсан учраас бүлгийн хурлаараа хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас завсарлага авсан юм.

 

З.МЭНДСАЙХАН: МАХНЫ НӨӨЦИЙГ САЙН БҮРДҮҮЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАНА

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан махны нөөц бүрдүүлэлт, үнийн тогтвортой байдалд анхаарахаа мэдэгдэв. Тэрбээр "Коронавирусын нөхцөл байдлаас хамаарч импортлогч орнууд манай улсаас мах авахгүй гэсэн шийдвэрийг зургадугаар сард гаргасан тул манай улс махаа экспортолж чадахгүй байгаа. Тиймээс дотоодын махны худалдааг дэмжих зорилгоор энэ жил төв суурин газарт махны нөөц бүрдүүлэх чиглэлд илүү онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд нөөцийн мах бэлтгэлд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдсэн. Үүнд нийт 17 аж ахуйн нэгж хамрагдаж, одоогийн байдлаар 81 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл арилжааны банкууд дээр гарсан байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн агуулахад 6.1 мянган тонн мах нөөцлөсөн байна. Энэ жил нийт 15 мянган тонн мах бэлтгэх зорилттой байгаа. Аймаг орон нутгаас орж ирж байгаа стандарт, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан махыг хөдөө аж ахуйг дэмжих санд бэлтгэнэ. Нийт 5000 орчим тонн махыг нөөцлөх төлөвлөгөө гаргасан. Ингэхээр хавар иргэдийн хүнсний гол хэрэгцээ болдог махны нөөцийг тодорхой түвшинд хангалттай бэлдэж, үүнийг дагасан үнийг тогтвортой байлгах бодлого байна. Үүнтэй холбоотойгоор удахгүй Улаанбаатар хотын 31 байршилд хөдөө аж ахуйн гаралтай өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болсон. Махны нөөцийг сайн бүрдүүлж, үнийг тогтвортой байлгана” гэв.

 

Б.МӨНХЖИН:ХЯТАД УЛС ХИЛЭЭ ХААГААГҮЙ

-Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин  "БНХАУ хилээ хаагаагүй гэдгийг тодотгож хэлье. Авто замын болон зорчигч тээвэр хязгаарлалттай байгаа. Төмөр замын тээвэрлэлт, бараа эргэлт хэвийн үргэлжилж байна. Нарийн  ногоог царигаар ачилж байгаа. Ирэх 20 хоногт авто замын тээвэрлэлтийн бараа солилцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар Хятадын талаас дөрвөн санал тавьсан. Үүнийг хүмүүс шаардлага гэж буруу ойлгоод байх шиг байна. Өөрөөр хэлбэл, жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ сахиад, хятад, монгол тээвэрлэгчид хавьталд орохгүйгээр хилийн тэг цэгээс чингэлгээ солилцъё гэсэн дөрвөн санал юм. Энэ саналыг бид хүлээж авсан. Одоо бидний зүгээс 20 хоногийн хугацаанд Монголын талын жолооч нар болон чингэлгүүдээ бэлтгэх, өөрсдийн хилийн цэгийн талбайг засах ажлыг хийнэ. Энэ ажлыг 20 хоногийн хугацаанд хийх бүрэн боломжтой ба арай өмнө бэлтгэл хангачихвал авто замын тээвэрлэлтийг бүрэн хийх бололцоотой гэж үзэж байна " гэсэн юм.

 

ОЙН САЛБАРЫН ЧУУЛГАН: НОГООН МОНГОЛЫГ ЦОГЦООР НЬ ХӨГЖҮҮЛНЭ

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарынхан өргөтгөсөн чуулганаа хийлээ. Хэлэлцсэн сэдэв нь  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө, арга зам”,  “Монгол орны усны нөөц, ус ашиглалт”,”Үндэсний хөдөлгөөн ба ногоон санхүүжилт”, “Ойн салбарын технологи, инновацийн шийдэл”, “Үрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах техник, технологийн шийдэл”, “Суурин газарт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн жишиг загвар” зэрэг асуудлыг хөндсөн. Ерөнхийд нь дүгнэхэд тус чуулган өмнө зохион байгуулсан салбар хуралдаануудад үндэслэн зөвхөн мод тарих бус  цогц бодлого хэрэгжүүлэх, товч тодорхойлбол  “Ногоон Монгол” –ыг хөгжүүлэх арга замыг  хэлэлцсэнээрээ онцлог байв.

 

Р.НАЙДАНДОРЖ: СҮХБААТАР ХӨЛӨГ ЯМАР Ч БАРЬЦГҮЙ. ЯГ “ӨНДӨГ” ШИГ БАЙСАН

-Хугацааг анх 14 хоног гэж тооцож төсөөлсөн. Гэхдээ бодит байдал дээр усны гүнд нөхцөл байдал огт өөр болж ирсэн. Гүний тооцооллыг шумбагчдын бичлэг дээрээс харж, төсөөлж тооцоогоо хийсэн. Онгоц яг “өндөг” шиг хаанаас нь ч барьж болохгүй. Барьц олдохгүй, хэврэг байсан. Хүчтэй татвал тасарч, ханзарч унана. Энэ болгон дээр тооцооллыг дахин хийж алхам алхмаар урагшилсан. Анх хотод боловсруулснаас нэлээн өөр нөхцөл байдал үүссэн учраас шийдэл их хийлээ. Орой үдэш, шөнө дөл хүртэл суугаад ажилласан үе бишгүй байсан.

 

Арваннэгдүгээр сарын 17

 

ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨХ 20 ХҮН

-Монголын 3.2 сая иргэний эрх ашгийг хамгаалж Оюутолгойтой хэлэлцээрийн ширээний ард суух ажил хэрэг ид үргэлжилж байна. Олон нийтийн харж буйгаар “Рио Тинто”-гоос Засгийн газар руу байсхийгээд л захидал илгээсэн байдалтай гэх ерөнхий мэдээлэл явж буй. Сүүлд “Рио Тинто”-гоос  2.3 тэрбум ам.долларын өрийн 1.6 тэрбумыг “тэглэх”, 350 сая ам.долларын “урьдчилгаа” өгөх саналыг ирүүлээд буй. Харин Засгийн газар далд уурхайн зардал хэтэрсэн буюу Дубайн гэрээг цуцлах, өнөөг хүртэл Монголын 34 хувьд оногдох өрийг тэглүүлэх саналыг сөргүүлэн тавьж байгаа аж.

Тэгвэл Монголын төрийг төлөөлж Оюутолгойтой ширээний ард сууж байгаа багт хэн хэн багтаж байна вэ гэдгийг танилцуулья. Энэ хүмүүсийн ур чадвар, уран мэхээс хамаарч хэлэлцээр хэр дүнтэй байх нь шийдэгдэнэ. Эс бөгөөс гавьяа хүртэх бус эргээд шийтгэл ярих ч эрсдэл гарч болзошгүй. “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Тэгвэл Оюутолгойтой ширээний ард суух багт парламентын гишүүд, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Эрдэнэс Оюутолгой” компанийг төлөөлсөн 20 хүн багтаж байна.

 

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ЭРСДЭЛИЙГ ТӨР ХАРИУЦАХГҮЙ

-Эдийн засгийн болон Инновац цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Мэргэжлийн байгууллагын өгснөөр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа есөн бирж байна. Харин хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт койноо санал болгоод байгаа  найман койн, олон нийтээс хөрөнгө татаад арилжаа нь хийж эхлээгүй байгаа 10 койн байгаа аж. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Хууль батлагдахаас өмнө гарсан койныг яаж зохицуулах юм бэ. Ажлын хэсгийн ахлагчийн саналаар шилжилтийн хэсгүүд орж ирж байгаа юм байна. Иргэд мэдээллийг зөрүүтэй авч байгаа учраас эргээд хохирох вий дээ. Үүнийг Ажлын хэсэг яаж үзсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Виртуал хөрөнгө бол төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас ч биш. Гэхдээ энэ хууль гарснаар виртуал хөрөнгийг Монгол Улс хориглоогүй бүртгэж эхэлж байгаа гэсэн томьёоллоор явна. Харин Монголбанк санхүүгийн мэдээллийн албан дээр мэдээлэл ирнэ. Төр ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл олгоод ажиллаж байгаа зүйл огт байхгүй гэдгийг сайн ойлгох ёстой. Үүссэн эрсдэлийг төр хүлээхгүй. Блокчейнд бүртгэгдэж буй виртуал хөрөнгө бол бүхэлдээ шинэ санхүүгийн арга хэмжээ гэдэг утгаар нь Монгол Улс хориглох бололцоо байхгүй. “Pair to pair” буюу иргэд хоорондоо харилцаж байгаа харилцаанд шууд хяналт тавих боломжгүй. Өмнө нь хэнээс хэнд шилжсэн бэ гэдэг бүртгэл блокчейнд бичигдээд явж байгаа.

 

“ТӨРИЙН ОРДОН ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ ХОЁРЫН ДУНД ОРОС НЬ Ч, МОНГОЛ НЬ Ч БАЙШИН БАРИХЫГ ХОРИГЛОНО”

-Хотын төвд цөөхөн хэдэн түүхэн дурсгал бий. XX зууны эхэн үеийн Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, давтагдашгүй дурсгал болох Чойжин ламын сүм музей цогцолбор тэдний нэг. Гэхдээ энэ сүм нь түүхэн дурсгал гэхээсээ өнөөдөр ч ач холбогдол нь оршиж, үүргээ гүйцэтгэж буй Төрийн сахиусны өргөө юм. Тодруулбал, энэхүү сүмийг төрийн их сахиусны лагшин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 онд бүтээн байгуулжээ. Лувсанхайдавын ах Монголын Бурхан шашны тэргүүн VIII Богдоор тодорч, тэрбээр хоёр настайдаа ахыгаа дагаж Монгол нутагт иржээ. 20 гаруй насандаа ном заалгаж, хүчтэй чойжин болсон. Лувсанхайдав нь хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч, Монгол төрийн их Чойжин байсан. Улс гэрээ хамгаалах үүднээс түүнд зориулан чойжин буух тусгай сүмийг байгуулсан. VIII Богд  1899-1901 оны үед Зүүн Хүрээнд сахиусны хурлын их, бага хоёр сүм, лаврин орд, хашаа байшин, жас зэрэг цогцолборыг барьж өгчээ. Улмаар VIII Богд  1902 онд лүндэн буулгаж Чойжин ламын сүмийг байгуулжээ. Ингэхдээ анх уг сүмийг Занхан гэж нэрийдсэн бөгөөд архивын баримтад “...Занхан сүм болбоос Чойжин сахиусны тухай бурхан шүтээн ба хамаг хэрэглэх зүйлийг залж агуулах, тэр тухайн олон зүйлийн хурал номыг хурж байх үүрдийн сүм болох бөгөөд миний олон үед байгуулсан олон дацан аймгуудаас ер өчүүхэн төдий ялгаварлах газаргүй” гэж тэмдэглэсэн байдаг байна.

Ийнхүү онц цагуудыг элээж өнөөг хүрсэн Чойжин ламын сүмийг Улаанбаатар хотын архитектурт голлох байр суурьтайгаар оруулж байсан түүх бий. Энэ бүх учир шалтгааны улмаас Чойжин ламын сүм Төрийн ордон хоёрын хараа хараандаа оршиж байх ёстой гэдгийг Монголын төрийн үе үеийн удирдагчид ойлгож, сахиж иржээ. Тиймээс ч Төрийн ордноос Чойжин ламын сүм хүртэлх зайд “Ленин клуб”-ыг эс тооцвол өндөр байшин баригдалгүй өнөөг хүрсэн байгаа юм. Харин сүүлийн үед Оросын компани “Ленин клуб”-ыг хавийнх нь газартай аваад өндөр барилга барихаар хөөцөлдөөд байгаа мэдээлэл байна. Тэд ЭСЯ, бусад “шугам”-аар дамжиж, манай дарга нарт нөлөөлөхийг оролдох болжээ.

 

ЗАСГИЙН ГАЗАР: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ  ЗАСАГ ДАРГА НАРЫГ УРИАЛЛАА

-Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталж, хэрэгжилтийг шуурхай хангахыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Тогтоолын хэрэгжилтийн явцыг хагас жил тутам нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад үүрэг болгов. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд ахалж, энэ чиглэлийн ажлын уялдаа холбоо, хэрэгжилтийг эрчимжүүлж, тэрбум мод ургуулах санаачилгыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах “Ойн судалгаа, хөгжлийн агентлаг” байгуулна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх журамд мод ургуулах, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх замаар экологийн тэнцвэрийг хангах чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг үзүүлэлтийг нэмсэн гэдгийг Ерөнхий сайд онцлоод хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засаг дарга нар манлайлан оролцохыг уриаллаа.

 

ЗЭСЭЭ ХАЙЛУУЛЖ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛБЭЛ ТӨСӨВТ ИРЭХ ОРЛОГО ХОЁР ДАХИН НЭМЭГДЭХЭЭР БАЙНА

-Зэсийн ханшийн өсөлтийн супер циклийг ашиглаж эдийн засгийн өсөлтийг тэлэх  боломж байгааг энэ оны эхнээс эдийн засагч, шинжээчид хэлсээр ирсэн. Харамсалтай нь ирэх он болон цаашид зэс хайлуулах үйлдвэрийг дэмжих, нэмүү өртөг шингээсэн шинэ бүтээгдэхүүн гаргах тухайд ирэх оны төсөвт нэг үг, өгүүлбэр ч алга. Өнөөдөр зэс хайлуулдаг “Эрдэнэ”, “Ачит эх” гэсэн хоёр жижиг  үйлдвэр байдаг ч үйлдвэрлэл нь  зэсийн нөөцтэй харьцуулахад арван хувьд нь ч хүрдэггүй байна. Одоогоор зэсээ баяжуулж гаргаж буй ч зэсээ хайлуулж эцсийн бүтээгдэхүүн болох зэс утас, кабель, хавтан, сэлбэг, эд анги болгож гаргавал илүү өгөөжтэй. Манай улс дээрхи хоёр үйлдвэрийн хүчин чадлаар тооцвол 12 мянган тонн зэс хайлуулж цэвэршүүлэх боломжтой байна. “Эрдэнэ” нь 20, “Ачит эх” нь арав орчим жил ажиллаж байгаа туршлагатай. Гэхдээ 12 мянган тонн манайдаа бага мэт боловч бусад улстай харьцуулахад 30 дугаарт жагсдаг байна. Харин нийт нөөцтэй харьцуулахад маш бага үзүүлэлт юм. Цаашид төрөөс зэс хайлуулах төслийг эрчимтэй дэмжих шаардлага бий.  Зэсийн ордыг олборлож баяжуулахаас илүүтэй зэсээ хайлуулж нэмүү өртөг шингээсэн шинэ бүтээгдэхүүн гаргаж хөгжлийн дараагийн шатанд хүргэнэ хэмээн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан ч бодит байдалд дэмжлэг огт алга гэж хувийн хэвшлийнхэн ярьж байна. 2022 оны төсөвт Сайншандын нефть боловсруулах үйлдвэрт хэдэн төгрөг төсөвлөжээ.

Эх сурвалж: www.polit.mn