Х.Баярмаа: “Дэлхийн мисс” тэмцээн миний нүдийг нээсэн

0
хуваалцах
284
үзсэн

Ч.ГАНТУЛГА

 

Энэ удаагийн дугаарын зочноор залуу жүжигчин Х.Баярмааг урилаа. Тэрээр найруулагч М.Батболдын бүтээл алдарт Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн пост драмын жүжигт Дуня буюу Авдотья Раскольниковагийн дүрийг бүтээж байгаа юм.

 

-Таны хуьд анхны сонгодог бүтээлийн дүр. Догдолж байна уу?

-Анх жүжигт оролцох саналыг театрын уран бүтээлчид болон жүжгийн продюсерууд, найруулагч М.Батболд ах маань тавихад догдолж хүлээж авсан. Мэдээж сонгодог бүтээлд тоглоно гэдэг миний хувьд том аз завшаан, итгэл хариуцлага. Залуу, эмэгтэй уран бүтээлч бүхэн сонгодог бүтээлд өөрийгөө сорихсон гэсэн нууцхан хүсэлтэй явдаг байх. Энэ жүжигт олон туршлагатай гавьяатууд тоглож байна.Миний хувьд энэ хүмүүстэй нэг тайзан дээр тоглох болсондоо туйлын баяртай байгаа.

-Өмнө нь та “Гэм зэм” романыг уншиж байв уу. Зүгээр унших, өөрөө нэг дүрийг нь бүтээнэ гэж бодоод унших хоёр өөр байх?

-Би ном унших их дуртай байсан. Аав багаас минь номын  амтанд оруулсан. Зузаан, зузаан боть номыг уншихад үлгэрийн ертөнцөд очсон мэт сэтгэл төрдөг байлаа. Одоо ч алдарт “Парисын дарь эхийн сүм”, “Инээмтгий хүн” зэрэг олон зохиол санаанаас гардаггүй. Тэр дундаас Достоевский бол онцгой шилдэг нь санагддаг. Учир нь зохиолч өөрөө хүний дотоод сэтгэл, сэтгэлзүй гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй задалж бичдэг онцлогтой. Тиймээс ч сэтгэлд гүн үлдсэн байдаг. Одоо энэ агуу бүтээлийн нэг дүрд тоглоно гэж бодохоор мөрөөдөл минь биелж байгаа юм шиг санагдаж байна. Роман хоёр янзаар орчуулагдсан байдаг. Бид н.Баатар гуайн орчуулгаар “Гэмт хэрэг ба ял шийтгэл” гэсэн хувилбар дээр нь ажиллаж байна.

-Тэгвэл зохиолчийн тухай багаасаа л мэддэг байж. Достоевскийн романуудыг уншихад яагаад тийм гүн сэтгэл төрөөд байдаг юм бол?

-Зохиолч өөрөө шизопрен буюу зүүдний өвчтэй хүн байсан. Бараг л хагас галзуурлын байдалтай зохиол бүтээлээ туурвидаг байсан гэхээр их сонин. Түүний “Хүн бүхний дотор галзуурал нуугдаж байдаг” гэж хэлсэн алдартай үг бий. Хүн үүнийг ухамсарт оюун ухаанаараа дарж байдаг. Харин галзуурлыг задгай тавихаар яах бол. Манай жүжиг үүнийг л үгүйлнэ.

-Яг үүнийг пост драм хэлбэрээр харуулна гэхээр сонирхолтой байна?

-Найруулагчийн шийдэл үнэхээр сонирхолтой. Өмнө нь “Фауст” жүжгийг энэ жанараар тавьсан нь хүмүүст их хүрсэн. Энэ урсгалыг Монголын хөрсөнд буулгахаар хөдөлмөрлөж байгаа мундаг сэтгэлгээтэй найруулагч гэж харж байна. Пост гэдэг нь аливаа зүйлийн дараагийн байдлыг хэлж байгаа юм. Мэргэжлийн үгээр тайлбарлавал бүх төрлийн нийлмэл гэж ойлгож болно. Ямар ч хэв маяг, урсгалд баригдахгүй бүгдийг нэг дор цогцлоох зорилготой урсгал.

-Дүрээ уншаад сүрдэх сэтгэл төрсөн үү?

-Миний дүр бол Авдотья Раскольникова. Энэ нь гол дүрийн дүү. Түүнийг Дуня гэж дууддаг. Гол дүрүүдийн зөрчил нь Дунягийн амьдралыг орвонгоор нь өөрчилдөг. Хөөрхий бүсгүй ээжтэйгээ хамт ямар амьдралыг туулж байгаа нь жүжигт гарна.Анх найруулагч маань бүх дүрээ сонгочихоод ганцхан Дуняд хэнийг тоглуулахаа олохгүй их удсан юм билээ. Намайг сонгосны дараа би дүрээ уншихад зарим талаар надтай төстэй зүйл Дуняд их байсан. Үүнийг найруулагч олж хараад надад санал тавьсан байх.

-Таны хувьд олон найруулагчийн бүтээлд тоглосон.  Тэднээс М.Батболд найруулагч ямар онцлогтой санагдаж байна?

-Би найруулагчдаа их баярлаж байгаа. Учир нь их соёлтой, зөөлөн хүн. Орост боловсрол эзэмшсэн болоод ч тэрүү яг л орос арга барилтай. Энэ дундаас уран бүтээлч надад хамгийн өгөөжтэй санагдсан нэг зүйл бий. Тэр нь өөрөө жүжигчинтэйгээ хамт боддог. Чи энийг ингэж хий гэж хэзээ ч тулгадаггүй. Энэ хэсэгт ингэж тогловол ямар вэ, чи жүжигчнийхээ үүднээс юу гэж бодож байна гээд ярилцах жишээтэй. Энэ нь миний бодол, санааг хүндэлж байгаагийн нэг жишээ юм болов уу. Уран бүтээлчидтэйгээ их сайхан харилцаж, нэгтгэж өгдөг болохоор их ухаалаг найруулагч гэж дүгнэсэн.

-“Хиртээгүй сарнай” кино өнөөдөр нээнэ гэж сонссон. Та гол дүрийг нь бүтээж ээ?

-Манай продакшны 15 дахь уран бүтээл өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна. Зохиолыг аав маань бичсэн. Олон сайхан уран бүтээлч энэ кинонд тоглолоо. Залуу уран бүтээлчдээс жүжигчин О.Амгаланбаатар бид хоёр гол дүрийг бүтээсэн. Залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлсэн гэгээлэг, сайхан уран бүтээл болсон.

-Гэр бүлээрээ уран бүтээл хийхийн давуу тал нь юу вэ?

-Би аавынхаа дөрвөн кинонд тоглосон байдаг. Зургийн талбайд бусдад их зөөлөн мөртлөө надтай их зарчимч байдлаар харилцдаг. Тэр нь ч надад амар санагддаг. Манай гэр бүлийн баримталдаг зарчим бий. Тэр нь уран бүтээл, гэр бүлийн харилцаагаа ялгаж, салгах. Харин давуу тал олон бий шүү. Зөвхөн нэг жишээ хэлэхэд л уран бүтээлийнхээ тухай олон талд бодож, утсаар ярих шаардлагагүй. Хоолны ширээний ард суухдаа ч санал солилцоод амжчихдаг.

-Танай гэр бүлийг урлагийн үлгэр жишээ сайхан гэр бүлийн нэг гэж уншигчид мэднэ. Харин хувь хүн талаас нь аав, ээжийгээ дүгнээч?

-Аав минь их зөөлөн хүн. Манай гэрээс хамгийн эртэч нь. Би өглөө 5.30-д босоход аав минь хэзээний л босчихсон байдаг. Аливаа юманд их зарчимч, ажил хэрэгч хүн дээ. Харин ээж минь эсрэгээрээ чанга хатуу харагддаг боловч дотоод сэтгэл нь их уяхан.Миний хамгийн дотны найз, зөвлөгч минь байдаг. Гэр бүлийн хүрээнд их хөгжилтэй, наргианч зантай. Би аав, ээж хоёрыгоо дутуугаа гүйцээж, дундуураа нөхөж яваа яг л тохирсон хос гэж боддог. Хоёулаа гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд дуртай. Би өөрийгөө аав, ээжийнхээ халуун хайранд өссөн их азтай гэж боддог юм.

-Та нэг хэсэг Америкт сурсан. Олз омог арвинтай ирэв үү?

-Америкт кино зохиолч,найруулагч, продюсерийн чиглэлээр таван жил сурч, магистер хамгаалаад ирлээ. Энэ таван жил миний амьдралд их өөрчлөлтийг авчирсан. Аав, ээжээсээ хол хүний нутагт, ганцаараа бие дааж амьдарна гэдэг асар том сургамж, хариуцлага байлаа. Мөн хүмүүс яагаад Америкийн сургалтын системийг шүтдэгийг өөрөө очоод л ойлгосон. Тэнд багшаас дүн гуйна, хичээлээ цалгардуулна гэсэн ойлголт байхгүй. Бүх юм цагтаа. Хэн ч чамд туслахгүй. Яагаад гэвэл энэ чиний л амьдрал. Өөрөө хичээгээд хичээлээ  хийвэл хий, хийхгүй бол унана гэсэн зарчмаар л явдаг юм билээ. Тэгэхээр хүн бүхэн хичээхээс өөр аргагүй.

-Америк амьдралын хэв маягт хэрхэн суралцав?

-Америкчууд хүүхдэдээ бүр багаас нь хүнд гай болохгүй амьдрах ёстой гэсэн философийг суулгадаг. 16 нас хүрэнгүүт нь жолооны үнэмлэх авч өгөөд өөрөө амьдралаа зохицуул гээд гаргах жишээтэй. Энэ нь ч хүүхэд эрт биеэ даахад дөхөм болдог юм байна гэж харсан. Америкт байх хугацаандаа хүнд хувийн зохион байгуулалт гэдэг хамгийн чухал гэдгийг ойлголоо.

-Та дэлхийн гоо сайхны олимпод эх орноо төлөөлсөн азтай эмэгтэй. Тэр үеэ эргээд дурсаач?

 -Анх 2012 онд “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөх аз тохиосон. Хятадын Ордос хотод дэлхийн 162 орны үзэсгэлэнт охидтой найзууд болсон. 20 нас ч хүрээгүй жаахан надад итгэл хүлээлгэсэнд одоо ч баярлаж явдаг. Тэр тэмцээн миний нүдийг нээж, өөртөө итгэлтэй болгосон гэж боддог. Хөмсгөө ч зурж мэдэхгүй охин тэр тэмцээнээр дамжуулж өөрийгөө олж, амьдралынхаа замыг гэгээнээр нээсэн юм болов уу.

-Тэмцээнд оролцож байсан мисс найзуудтайгаа хэр холбоотой байдаг вэ?

-Цахим ертөнцөд үргэлж холбоотой байдаг. Тэр жил оролцсон охид маань групп чаттай. Байнга бие биенийхээ мэндийг мэдэж, анхаарал тавьдаг. Ихэнх нь ээж болж, гэр бүл зохиосон байна лээ. Зарим нь өөрийн хувийн бизнесээ эхлүүлсэн, өөр нэг нь хуулийн фирм байгуулсан тухайгаа ярьсан. Би өрөөндөө Нипалийн мисстэй хамт байсан юм. Бид их сайн найз болсон. Одоо ч инстграмаар харилцдаг. Хааяа аялалаар явахаараа миссүүдтэйгээ уулздаг.

-Дөнгөж сургуулиа төгссөн жаахан охин энэ том тэмцээнд орох саналыг хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Тухайн үед эндээс явуулсан продюсер нь Эрхэмээ ах байсан. Надад “Чи өөрөө л мэд. Бид заавал яв гэж хүчлэхгүй. Хүмүүс чамайг явуулахыг дэмжиж байна. Энэ том тэмцээн 100 жил болоход 100 миссэд л тэр тайзан дээр алхах завшаан тохино шүү дээ” гэж хэлсэн. Энэ үг надад их хүчтэй нөлөөлсөн гэж боддог. Нээрээ л ийм сайхан боломж, аз ганц л тохионо. Эргээд бодоход сайхан дурсамж юм даа гэж бодоод саналыг хүлээж авч байсан.

-Гадаад гоо сайхнаас илүү сэтгэлийн гоо сайхан гэдэг эмэгтэй хүнийг илүү гэрэлтүүлдэг юм шиг ээ?

-Өөрөө өөрийгөө хүндэлж, үнэ цэнээ мэдэрсэн эмэгтэй хүн л гоё харагддаг. Чи хэн нэгэнд зориулж сайхан байх ямар ч шаардлагагүй. Чи өөрийгөө л хүндэлж, цэвэр цэмцгэр, сайхан үнэртэй байхад орчин тойрны хүмүүсээс хүндлэл авч чадна.  

-Цахим орчинд таныг дагадаг, үлгэр дуурайлал авдаг охид бий. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Хүн бүхэн эхээс төрөхдөө адилхан гоё, сайхан төрдөггүй. Сайхан харагдахын тулд асар их хөдөлмөр зарцуулдаг. Охидтой хүн бүхэн охин үрээ их хайраар дутаалгүй өсгөөрэй л гэж хэлье. Хайраар өссөн хүүхэд энэрэнгүй зөөлөн, амьдралынхаа турш хүнийг хайрлах сэтгэлээр дутдаггүй юм шиг санагддаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.19 БААСАН № 228 (6705)