Г.Занданшатар: Монголбанк хуулиа чанд мөрдөхгүй бол хариуцлага тооцно

0
хуваалцах
267
үзсэн

Ч.ЗОТОЛ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар өчигдөр есөн асуудал хэлэлцэв.  Чуулганд 63 гишүүн оролцохоос 42 гишүүн ирж,  ирц 55.3 хувь байлаа.  Хуралдааны өмнө  гишүүд бичгээр хүсэлт ирүүлсэн бол танилцуулдаг дэгтэй. Иймд  С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын гишүүдээс  ирүүлсэн албан хүсэлтийг танилцуулсан юм. Жолоочийн даатгалын тухай хуультай  холбоотой С.Ганбаатар гишүүн  “МАН-ын бүлэг даатгалын компаниудад  худалдагдсан, барьцаалагдсан.  Хахууль авсан байна” гэсэн. Харин Н.Алтанхуяг гишүүн “Бид хоёрын санал давхцаж байна. 2012 оных  бол сайн хууль. Нэг зүйл буруу  байгаа нь өнгөрсөн найман жилд  даатгалын компаниуд 200 тэрбум төгрөг цуглуулжээ. Сүүлийн тоог хэлэхэд 674  мянган жолоочоос 36-37 тэрбум төгрөг цугларч байгаа юм байна.  Даатгалын орлогыг яагаад 14   арилжааны банкны дунд хаясан бэ. Энэ буруу. Би ажлын хэсэгт орж ажилламаар байна” гэв. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга С.Чинзориг тогтоолын төслийг гишүүдэд  танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Мөнгөний бодлогын тухайд ирэх онд 6.2 хувьд барьж чадах уу гэдэгт гишүүд эргэлзэж, бас асууж  байсан юм.

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Ирэх онд зээлийн ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

 

-Нэгдүгээрт, С.Ганбаатар гишүүн МАН-ын бүлгийн гишүүдээс уучлал гуй. Авлига авсан гэж 62 хүнийг гүтгэлээ. Бид ҮХЦ болон шүүхэд  гомдол гаргана.  Хоёрдугаарт, мөнгөний бодлогын тухайд энэ нь  инфляцийн асуудал. Инфляцийг тогтвортой байлгахад чиглэгддэг. Бид 2022 онд мөнгөний бодлогыг  6.2 хувьд барина гэж оруулж ирсэн. Өнөөдөр инфляц 12 хувь бараг 13 хувь болох гэж байна. Энд олон хүчин зүйл нөлөөлж байна. Ажлын хэсэг үзэж байгаа байх, үүнийг 6.2 хувьд барих боломж байна уу. Хоёрдугаарт,  бараа бүтээгдэхүүний хомсдол их байна. 2022 онд ханшийг тогтвортой барих боломж байна уу. Гуравугаарт, хувийн хэвшлийг  дэмжих боломж байна уу? Зээлийн  бодлогоор дэмжихэд үр дүн гарсан. Ирэх онд тодорхой тоо байна уу, ийм хэмжээний зээлийн бодлого гэсэн?

 

Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Чинзориг: Мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулна

 

-Монголбанкны хуулиар бол Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах  үндсэн зорилготой. Энэ хүрээнд жил бүр үндсэн чиглэл, зорилгоо батлуулдаг. Ирэх жил оруулж ирсэн бодлогыг нь бид үндсэндээ дэмжээд явж байна. Инфляцийг 6 / түүн дээр нэмэх, хасах 2 /  гэсэн интервалд барих чиглэл байна. Үүнийг дэмжиж байна. Одоо инфляц 9.6 хувь гэсэн судалгаа мэдээ байгаа, гэхдээ ирэх жил инфляцийг зургаан хувь дээр нэмэх, хасах хоёр гэсэн интервалд барих  хүндрэлтэй. Ирэх жилийн төсөв 18 их наядын төсөв,  маш их тэлсэн төсөв. Тиймээс мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах шаардлагатай. Арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан.

 

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах ипотекийн зээлийн хүү буурах уу?

 

-2013 онд Ипотекийн зээлийг анх санаачилж байхад нийгмийн чанартай ашгийн бус, арилжааны бус зээл гэж явсан. Тухайн үед банкны бодлогын хүү 12.5 хувьтай байсан. Тэгэхэд дөрвөн хувиар бага хүүтэй, /бодлогын хүүгээс бага хүүтэй/ зээл гаргасан. Тэр бол  улаанбаатарчууд, монголчуудаа орон сууцжуудах зорилготой зээл байсан. Үүний дүнд өнөөдөр 100 мянган өрх орон сууцтай болсон байна. Ноднин аравдугаар сард найман хувиа багасгаад зургаа болгосон. Энэ зөв, гэхдээ хүүг  зургаагаас доош болгох боломж байна уу. Яагаад гэвэл өнөөдөр бодлогын хүү зургаан хувьтай байна. Ипотекийн зээл мөн зургаан хувьтай, адилхан  байна. Би түрүүнд хэлсэн,  бодлогын хүү 12.5 хувьтай  байхад Монголбакны тухайн үеийн удирдлагууд найман хувьтай зээл гаргахыг анх санаачилсан. Үүнийг асуумаар байна. Энэ чинь  бидний яриад байдаг амьдралын чанарыг  сайжруулах  зээл. 20 мянган хүнийг орон сууцтай болгоход зөв үйл хэрэг гэж үзэж байна. Хоёрдугаарт, өмнөх хэлэлцүүлэгт гишүүдийн асууж байсан асуултанд хариулъя. Яагаад арилжааны банкууд өнгөрсөн жил болон  энэ жил  ийм их цэвэр ашигтай ажиллаад байна вэ гэж гишүүд  асуугаад байсан. Энэ нь хоёр шалтгаантай юм. Эхнийх нь арилжааны банкууд цар тахалтай  холбоотойгоор харилцах данснаас хүү бодохоо больсон. Энэ нь шууд банкны орлогын тайланд зардал  гэж явж байгаа.

Хоёр дахь нь мөн цар тахалтай холбоотойгоор эрсдэлийн сан  тодорхой зээлүүд байгуулахгүй байгаа. Эрсдэлийн сан мөн банкны орлогын  тайланд нь  зардал гэж  гарч  байгаа. Хэрэв бид банкуудынхаа орлогыг уржнан жилийнхтэй харьцуулж байгаа бол ер нь нэг их өөрчлөлт ороогүй. Харин зардал нь багассан. Зардал багасахаар цэвэр ашиг нь өснө.  Тэгэхээр одоо банкуудыг ХК болгож байгаад бирж дээр арилжих гэж байгаа. Орлогыг нь харж үнэлсэн үү, эсвэл өөрийн хөрөнгийг нь харж үнэлсэн үү, харьцуулж үнэлсэн үү. Ямар байдлаар банкуудаа үнэлсэн бэ.

 

Г.Дөлгөөн /Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч/ Ипотекийг зургаан хувиас бууруулах судалгаа хийж байна 

 

-Ипотекийн  зээлийг найман хувиас зургаан хувийн хүүтэй болгож бууруулсан. Өмнө төсөв болон Монголбанкны эх үүсвэрийг хамтад  нь гаргаж явсан. Энэ дунд төсвөөс санхүүжүүлэх боломжгүй  болсон. Гарц хайсны дүнд Арилжааны банкууд 40 хувийг санхүүжүүлсэн. Бусад хувийг Төвбанк өөрөө  санхүүжүүлсэн.

Төвбанкны хуульд бид ямар нэг төсвийн шинжтэй арга хэмжээнд орохгүй  гэсэн эрх зүйн зохицуулалттай боловч өнөөдөр хэрэгжүүлж байгаа Цар тахлын үеийн хуультай холбоотой заалтаар бид ипотекийн зээлийг гаргаж хэрэгжүүлээд явж байгаа. Зургаан  хувийг доош буулгах  судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа. Нөхцөл байдалтай уялдуулж арга хэмжээнүүдийг явуулна. Гэхдээ одоогоор ямар нэгэн хугацаа заах,  тоо хэмжээ хэлж зах зээлд хүлээлт үүсгэх боломжгүй байгаа.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Инфляц ахмадуудын тэтгэврийг сорж байна

 

-Ирэх жил Монголбанк инфляцийг барих хэрэгтэй. Инфляц өсөх хэрээр төлбөрийн  чадвараа алдаж байна. Зах зээлд хэтэрхий их мөнгө байгаа учраас инфляцийг хөөрөгдөж байна. Хадгаламж  гурван  их наядаар өснө гэдэг зах зээл дээр хэтэрхий их мөнгө байгаа гэсэн үг. Тиймээс инфляц гаарлаа. Улсын төсвийг алдагдалтай батлах нь инфляцийг хөөрөгдөж байна. Тэтгэврийн ахмадуудын мөнгийг  сорж байна. Үүнийг анхаармаар байна.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Бид өөдрөг төсөв баталсан, балансыг яаж барих вэ?

 

-Ажлын хэсэг хоорондоо  ярьж байгаа. Гэхдээ  бид нэг зүйл дээр зоригтой алхам хийж чадахгүй байна. 2022 оны төсөв эдийн засгийг тэлэх өөдрөг төсөв болсон. Мөнгөний бодлоготой уяж үзэхэд хариуцлагаас болгоомжилсон хяналтыг давамгайлсан дундуур нь ороод өнгөрөх гэсэн бодлого байгаа. Инфляцийг тогтвортой  байлгахад Засгийн газрын бодлогыг  дэмжихээр оруулсан. Цаашид үнэ өсөх тул Хятад улс иргэддээ уриалсан. АНУ байдал хүндрэх тул иргэддээ хянуур байхыг зарласан. Бид аль болох болно болгоно  гээд байгаа ч бодит байдалд хэцүү байгаа. Өнөөдөр инфляц 13 хувь давсан. Бид алдагдал зөрүүг юугаар нөхөх вэ, балансыг барихад Төвбанк ямар бодлого барих вэ.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилд автсан бол өөрсдөө өргөдлөө өгч шалгуулаарай

 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд дээрх байр суурийг илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Сүүлийн үед ХААН банкны хувьцаа эзэмшигчдийн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл гарч байна. Монголбанкны удирдлагуудад Банкны тухай хууль болон Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж, аливаа ашиг сонирхолд авталгүйгээр УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна. Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн нийт төвлөрлийг 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан. Энэ дагуу банкны хувьцаа эзэм­шиг­чийн өгч байгаа мэдээлэл үнэн зөв байх ёстой. Худал мэдээлэл гаргаж өг­сөн бол Банкны тухай хуулийн да­гуу хувьцаа эзэмшлийг хүчингүй бол­­гож, ногдол ашиг хуваарилахгүй байх зохицуулалтыг хэрэгжүүл. Хэрвээ Банк­ны тухай хуульд заасан зүйл заал­­тыг чанд мөрдөж ажиллахгүй бол Мон­­гол­­банкны удирдлагуудад хатуу ха­­риуц­­лага тооцно. Хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилд автсан бол өөрс­­­дөө өргөдлөө өгч шалгуулаарай” гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.19 БААСАН № 228 (6705)