Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхийгээр аялагч, видео контент бүтээгч, олон нийтийн сүлжээний нөлөө бүхий залуу 30 настай Дрю Бински есөн жилийн хугацаанд дэлхийн бүх орноор аялжээ. Түүний цахим хаягийг найман сая хүн дагаж, аяллын бичлэгүүдийг нь 2.5 тэрбум хүн үздэг юм. Тэрбээр дэлхийн бүх орноор тойрохдоо 1458 удаа онгоцоор нисэж, 1117 удаа автобус болон галт тэргээр зорчсон байна. Түүнийг хамгийн сүүлийн орон болох Саудын Арабаар аялсаных нь дараахан “CNBC”  цахимын энэ сарын 5-нд авсан “халуун” ярилцлагыг бүрэн эхээр хүргэе.

 

-Та дэлхийн 197 орноор аялжээ. Үүний эцэст улс гэдгийг хэрхэн тодорхойлох вэ?

-Үнэхээр хэцүү, улс төрийн шинжтэй асуулт байна. НҮБ-д нэгдсэн, тусгаар тогтносон 193 орон байдаг. Үүн дээр Косово, Палестин, Тайвань, Ватикан гэсэн орныг нэмээд дэлхийн 197 орноор аяллаа. Дээрх дөрвөн улсын зарим нь ажиглагч статустай. НҮБ хүлээн зөвшөөрөөгүй ч дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн улсууд юм. Ийн би дэлхийн бүх орноор аялсан 250 дахь хүн боллоо.

-Дэлхийг бүхэлд нь тойрсон хүмүүсийн нэгдэл бий юу?

-Бид “Бүх улс” гэсэн жижиг клубтэй.  Би тэдний 20 орчим хүнтэй найз. Тэдний зарим нь Өмнөд Солонгосын хил рүү очсноос Хойд Солонгос руу очиж үзээгүй байгаа. Харин би энэ бүхэнд нь оролцоогүй.

-Та Саудын Арабад 14 хонохоор төлөвлөсөн юм байна. Ингэхэд нэг улсад хэр их уддаг вэ?

-Дунджаар долоо хонодог. Гэхдээ гурван сараас илүү их хугацаа өнгөрүүлсэн 10 орон бий. Тухайлбал, Вьетнам, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Чехэд зургаан сар гаруй хугацааг өнгөрүүлж байсан. Харин Люксембург, Монако, Лихтенштейн  гэсэн Өмнөд Африкийн орнуудад хоёр хоносон удаа ч бий. Ер нь хоногийн 24 цагт хаашаа ч явж, хүссэн бүхнээ хийж болно доо. Харин ирээдүйд нэг оронд хамгийн багадаа хоёр долоо хоногийг өнгөрүүлэхийг зорьж байна.

Өмнөд Судан улсад.

-Аяллуудаа хэрхэн төлөвлөдөг юм бэ?

-Битгий цочирдоорой. Надад аяллын төлөвлөгөө байдаггүй. Ер нь урсгалаараа явах дуртай хүн. Тухтай бүсээсээ гарч, цаашид  юу тохиолдохыг мэдэхгүй байх үедээ бид амьдралын хамгийн сайхан мөчийг мэдэрдэг юм билээ. Олон нийтийн сүлжээний дагагчид болон тухайн орны хүмүүст итгэдэг аяллын өвөрмөц аргатай. Тэд намайг тосож аван өөрийн орноо танилцуулдаг. Ихэнх орон руу очихдоо шөнө хаана унтах минь ч тодорхойгүй байдаг гээд боддоо. 

-Төлөвлөөгүй байна гэдэг хэцүү биш гэж үү?

-Виз авах нь хамгийн том сорилт байсан. Гэхдээ визгүйгээр 160 оронд аялсандаа өөрийгөө үнэхээр азтайд тооцдог. Харин Иран, Хойд Солонгос, Өмнөд Судан, Венесуэль, Афганистан, Ирак, Сири гэсэн  40 орны  улс төрийн байдал ноцтой учраас заавал визтэйгээр зорчих шаардлагатай байсан.

-Хамгийн сүүлд аль орноор аялсан бэ?

-Баримтат киноны зураг авч байгаа учраас сүүлийн зургаан орноо, өөр соёлтой байгаасай гэж хүссэн. Тиймээс Гана, Эквадор, Венесуэль, Палау, Жамайка, Саудын Арабаар сүүлд очиж, аялал минь дууссан даа.

-Цар тахал  таны  аяллын төлөвлөгөөнд  хэрхэн нөлөөлсөн бэ?

-Өнгөрсөн оны гуравдугаар сард аялах зургаан орон надад үлдээд байв. Тиймээс 12 долоо хоногт аяллаа дуусгана гэж төлөвлөсөн. Гэвч цар тахлын улмаас 18 сарын дараа төлөвлөгөөгөө биелүүлсэн. Нислэг асуудал ихтэй байсан ч 20 орноор аялсан шүү.

-Хөөх, цар тахалтай байхад 20 оронд очсон гэж үү?

-Тийм ээ. Галзуу сонсогдож байгаа биз. Сүүлийн зургаан орондоо оччихоод нэмээд 14 улсаар дахин аялсан.

Төв Африкийн Бүгд найрамдах улсын омгийнхонтой 24 цагийг өнгөрүүлж байлаа. Тэд бол дэлхий дээрх хамгийн намхан хүмүүс гэдгээрээ онцлогтой

-Аялж байхдаа халдвар авсан уу?

-Тийм ээ. Гэхдээ энэ тухай нийтэд мэдэгдээгүй. Иракт аялаад дараа нь Афганистанд очсон хойноо үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдсан. Уг нь Иракт шинжилгээ өгөхөд сөрөг гарсан л даа. Гэвч хуурамч тест байсан юм билээ. Долоо хоног зочид буудалдаа юу ч хийхгүй хэвтсэн нь харамсалтай санагдсан. Гэхдээ өөр хүнд халдвар тараахыг хүсээгүй ээ.

-Орлогын гол эх үүсвэр чинь юу вэ?

-Солонгост байхаасаа Англи хэл зааж эхэлсэн. Ингэснээр сарын 2000 ам.долларын цалин авч, үнэгүй байрладаг байсан. 22 настайгаасаа ийм аргаар мөнгөө олж эхэлсэн. Харин 2015 оноос “Snapchat”-аар брэндүүдийн сурталчилгааг хийж мөнгө олдог болсон. Тухайлбал, Рио хотод болсон олимпийн үеэр 5000 ам.доллар олсон шүү. Мөн аяллын влогоо зочид буудал болон бусад газартай хамтран хийж, аяллын зардлаа бууруулдаг. Бичлэгүүдээсээ  сард 20-40 мянган ам.долларын орлого олдог болсон. Харин одоо “Facebook”-ээс их ашиг олж байгаа. Мөн хамтран ажилладаг брэндүүдээсээ видео тутамд 15-30 мянган ам.доллар авдаг. Ингэхээр их орлого олдог мэт боловч манай баг 23 гишүүнтэй болсон учир ажилчиддаа цалин өгдөг.

-Аяллын зардлаа маш нарийн тооцоолдог уу?

-Үгүй ээ. Тийм цаг байдаггүй. Бас аяллын зугаатай талыг сүйтгэдэг санагддаг. Харин гудамжны хоол идэж, хямдхан зочид буудалд байрлаж мөнгөө хэмнэдэг. Би хэзээ ч нэгдүгээр эгнээний суудлын тасалбарт мөнгө үрэхгүй. Өмнөхөөс 10 дахин их орлого олдог болсон ч энэ бүхнийг өөрчлөхгүй.

-Мартагдашгүй дурсамжуу­даасаа хуваалцвал?

-Төв Африкийн Бүгд найрамдах улсын омгийнхонтой 24 цагийг өнгөрүүлж байлаа. Тэд бол дэлхий дээрх хамгийн намхан хүмүүс гэдгээрээ онцлогтой. Би тус улсын нийслэл Банги руу нисэж, найман цаг таксидаж, дараа нь хоёр цаг ойгоор алхсан. Энэ үедээ нутгийн хөтчөөр замчлуулсан. Тэд над шиг цагаан хүнийг хэзээ ч харж байгаагүй гэсэн шүү. Омгоосоо гарч, хот руу хэзээ ч явдаггүй болохоор аргагүй биз ээ.

-Харин мартахыг хүсдэг дурсамж бий юу?

-Хоолны хордлого. Йемен улсад аялсан нь хамгийн муухай нь байсан болов уу. Би бүр 30 удаа хордлогод орсон. Иран болон Энэтхэгт аялахдаа ч бас өвдөж байсан. Ходоодонд сайнгүй гэдгийг мэдсэн хэрнээ би идчихсэн юм. Аяллын эцсийн өдөр гэхэд 10 кг хасаад цааш явсан даа.

-Цаашид юу хийх вэ?

-Аялсан орон бүрийнхээ тухай үнэхээр сайхан баримтат кино хийж байна. Бас ном бичих болон NFT төслийн санал ирсэнд туйлын баяртай байна. Дэлхийн өнцөг булан бүрт уулзалт хийдэг болсон. Гэхдээ би аялж, хүмүүст урам зориг өгөх дадлаа орхимооргүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.18 ПҮРЭВ № 227 (6704)