З.БАТЦЭЦЭГ

Оросын алдарт яруу найрагч, эстрадын олон хит дууны үгийг бичсэн Лариса Рубальскаятай хийсэн ярилцлагыг толилуулж байна.

-Лариса Александровна та зарим дууныхаа үгийг зүүдэндээ бичсэн гэдэг. Энэ үнэн үү?

-Ховорхон. Гэхдээ тийм зүйл тохиолдож байсан. Нэг удаа Филипп Киркоров ирж уулзаад, дууны үг захиалсан. Дунд нь заавал “ара, ара” гэж оруулаарай гэсэн юм. Тэр шөнөдөө би “Ах, ночка, чара-чародейка” гэж зүүдлээд энэ дуу төрсөн жишээтэй. Бас нэг удаа сургуулийн багш намайг самбарт дуудаж гаргаад томъёо бич гэхээр нь би шохой аваад дөрвөн мөрт бичиж байна гэж зүүдэлсэн. Босоод үргэлжлүүлж бичээд дуу болгосон. Гадаа явган алхаж байхдаа их дуу бичсэн байдаг. Одоо алхах нь багассан болохоор гэртээ компьютер дээр бичиж байна. Хамгийн гол нь эхлэлийг нь олчихвол цаашаа бичхэд амархан байдаг. Харамсалтай нь өнөөдөр миний сэтгэлийг хөндөх сэдэв бага болж. Би залуу яруу найрагчдыг их сонсдог. Гэхдээ тэдний шүлгэнд ямар нэгэн юм дутуу байгаа юм шиг санагдах юм. Тушаасан хэлбэр их болж. “Бие биеэ хайрла, нэг нэгэндээ тусал” гэх мэт.

-Таны амьдралын хамгийн сайхан үе хэзээ байсан бэ?

-Миний амьдарлын хамгийн сайхан үе Японы томоохон “Асахи” сонины Москва дахь салбарт орчуулагч хийж байсан тэр үе. Япон хэл мэддэгээрээ их бахархдаг байлаа. Би гурван жилийн дотор япон хэлийг Москвагийн ардын боловсролын төвд сурсан. Гадаадын том хэвлэлд ажиллаж байгаа болохоор зөвхөн маргааш хүмүүс олж мэдэх тэр мэдээг би урьд шөнө нь найзууддаа түрүүлж дуулгаж байгаа нь их таалагддаг байлаа. Ажил бол амаргүй байсан. Хамгийн анх танилцахдаа япон дарга надад “Таны үгийн санд боломжгүй гэж үг байж болохгүй. Би даалгавар өгсөн л бол газрын хаанаас ч хамаагүй тэр мэдээллийг олж ирэх ёстой” гэж хэлсэн. Ажилдаа нэг хором ч хоцорч болохгүй. Нэг уда ажил тарах дөхөх үед манай нөхөр доор ирээд хүлээж байсан юм. Би бугуйн цагаа хартал манай дарга “Таньд манайд ажиллах таалагдахгүй байна уу. Би өөр хүн хайх уу” гэж асуусан. Гэхдээ бид хоёр харьцаа сайтай байсан. Би сандраад, хариуд нь “Үгүй, үгүй. Би санаандгүй харчихлаа” гэж хариулсан.

-Та тагнуулын албатай хамтарч байсан уу?

-Та яагаад тэгж бодов.

-Та 30 жил япончуудтай ажилласан. Энэ хугацаанд нэг ч удаа таныг Лубянкагаас сонирхож байгаагүй гэж үү?

-Намайг япончууд хүртэл тэгж хардаж байгаагүй. Би шударгаар, үнэнч ажилласан. Би зөвхөн уран бүтээлээ нууж байсан. Намайг шүлэг бичдэгийг манай ажлынхан мэдээд надад ямар эвгүй байсан гээч. Мэдээж энэ нь миний ажилд саад болох вий гэж айцгааж байсан. Намайг нэг тохиолдол аварсан юм. Ямар тохиолдол гэхээр би одоог хүртэл хэн намайг Кремльд Б.Ельцинтэй уулзуулах гэж урьсныг олоогүй юм. Нарийн бичгүүдийн хэн нэгэнд нь миний дуунууд таалагдсан байх. Ямартай ч би Кремльд үнэхээр гайхалтай эмэгтэйчүүдтэй таарсан. Тамара Синявская, Галина Волчек, Марина Неелова, Вера Васильева, Элина Быстрицкая. Дараа нь Б.Ельцинтэй хамт авахуулсан зураг хаа сайгүй тархсан. Тэнд уригдсан бүх хүн хар хувцастай байхад би тийм хүлээн авалтад орж үзээгүй болохоор цав цагаан хувцастай очсон байсан. Тэгэхээр тэр зураг дээр намайг олж харах амархан гэсэн үг.

Манай япончууд тэр зургийг олж үзээд бөөн баяр хөөр. Их дуулиан болсон. Тэгээд тэд тайвшираад намайг концерттой үед цагийн өмнө ажлаас явуулдаг болсон доо. Тэр үед би концерт өгөөд эхэлсэн байсан. Ер нь бол япончууд миний амьдралын хэв маяг, ааш занд их нөлөөлсөн. Би үүнд их баяртай байдаг. Би хэрэглээ багатай, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Миний амьдралын зарчим “Ямар нэгэн зүйлийг өөрчилж чадах бол хичээ, нөлөөлж чадахгүй бол эвлэр”. Өөр хүний үзэл санааг заавал сонсдог. Зарим хүн утсаар залгачихаад “Чи яаж байна” гэж асуухгүй өөрийгөө л яриад байдаг. Би ямар нэг юмыг хийх ёстой бол заавал хугацаанд нь багтааж хийдэг. Нэг бүсгүй надад “Би хоол хийж чаддаггүй” гэж хэлж байсан. Би гайхсан. Чадахгүй гэж юу гэсэн үг вэ, чадахгүй бол сурах хэрэгтэй. Би амьдралдаа боломжгүй гэх ойлголтыг оруулдаггүй.

-Япончууд таны уран бүтээлд нөлөөлсөн үү?

-Нэг л удаа. Би анх Иокогамад очих үед. Би Большой театрын орчуулагчаар явсан юм. Бид Находкоос завиар ирсэн. Эрэг дээр ирсэн эхний хормоос эхлээд л би бүр болж буй зүйлд итгэж өгөхгүй, явж чадахгүй байсан. Намайг Зөвлөлтөөс гадагшаа гаргахгүй удсан. Эхлээд нөхөргүй гээд гаргаагүй. Капиталист оронд очоод нөхөрт гараад үлдчихнэ гэж айдаг байсан үе л дээ. Нөхөрт гарсны дараа намайг бас явуулаагүй. Учир нь тэр үед тусгай комиссор ордог. Тэд нар янз бүрийн асуулт асуудаг байлаа. Тэгсэн би Монголын анхны сансрын нисэгчийн нэрийг хэлж чадаагүй. Тэгээд намайг гадаад явуулах эрхгүй гэж үзсэн. Тэгээд нэлээн хугацааны дараа Иокогамад ирлээ. Бүгд буудлын өрөөндөө яваад орчихсон. Би ганцаараа гадаа гартал нээх гоё үнэртэй цагаан цэцэгнүүд байна. Би харсан зүг рүүгээ удаан алхсан. Төөрчихгүйн тулд дандаа чигээрээ яваад байлаа. Замын турш тэр ард хоцорсон цагаан цэцэгсийн үнэр үнэртэж байв. Харанхуй шөнө байсан болохоор эргэн тойронд гэрэлтэй дэлгүүрийн цонхнууд харагдана. Тэгэхэд толгойд дууны үг орж ирж билээ. Эргээд буудал руугаа буцаад алхаж байх 30 минут хооронд дуу бэлэн болсон байсан. Өрөөндөө орж ирээд цаасан дээр буулгасан даа.

-Буцаж ирэнгүүтээ Михаил Муромд “Странная женщина” дуугаа санал болгосон уу?

-Яг ч үгүй ээ. Би Александр Серовоор дуулуулах хүсэлтэй байсан. Гэхдээ миний редактор Ольга Молчанова намайг энэ дуугаа М.Муромд өг гэж зөвлөсөн. Түүний зөв байсан байна лээ. Миша энэ дууг анх “Шире круг” нэвтрүүлэгт дуулсан. Дуулж байх явцад зураглаач 35 орчим насны бүсгүй дээр камераа тогтоосон. Тэр эмэгтэй гараараа нүүрээ дараад уйлж байсан. Тэгэхэд би энэ дууг сайн бичжээ гэдгээ ойлгосон юм. Маргааш өдрөөс нь эхлээд энэ дуу радиогоор өдөрт бараг 16 удаа тоглосон. Михаил одоог хүртэл энэ дууг дуулсаар байгаа. Миний бие даасан тоглолт бүр дээр тэр цагаан сарнайн баглаа авчирдаг. Миша одоо болтол надад талархсан хэвээр.

-Энэ дуу түүний нэрийн хуудас болсон юм чинь аргагүй л дээ?

-Миний ч бас.

-Ийм дуунууд таньд олон бий. Ирина Аллегровагийн “Угоншица”, Александр Малининийн “Напрасные слова” гээд л?

-И.Аллегрова бид хоёр нэгэн цагт сайн найзууд байсан. Би түүнд олон дуу бичиж өгсөн. “Транзитный пассажир”, “Сковняки” гэх мэт. Түүнийг дөнгөж карьераа эхэлж байхад бид хоёр хамтарч ажиллан бие биедээ аз авчирсан юм. Ирина баяраар их гоё бялуу хийдэгсэн. Олон үдшийг бид хоёр ярьж, баярлаж, гуниглаж өнгөрөөсөн дөө. Саша Малинин “Напрасные слова” дууг дуулахгүй гэж зөрөөд, миний нөхөр Давид түүнийг ятгаж байж зөвшөөрүүлсэн. Малинин энэ дуугаар их өндөрт хөөрсөн дөө.

-А.Малинин таньд талархсан уу. Бэлэг өгсөн үү?

-Надад хэн ч бэлэг өгч байгаагүй. Тэр үед дуучид мөнгө өгдөггүй байсан юм. Гэхдээ миний дууг дуулсан бүх дуучинд би талархаж явдаг. Би хэзээ ч дуучидтай тоглолтоор явж байгаагүй. Харин манай гэрийн хаалга тэдэнд үргэлж нээлттэй байсан. Одоо би өөрийн ойн тоглолтоо хийнэ гээд утасдахад бүгд “Тэгье”, “Дуртайя” гэж хариулдаг. Шоу бизнесийн зүгээс намайг хүндэлж харьцдаг. Их ойр дотно биш ч хөнлөнгийн хүмүүс шиг бас биш. Манай нөхөр олон жилийн өмнө өвдөөд, дараа нь нас барахад олон хүн над руу ярьж дэмжиж байсан. Давид их ухаантай хүн байсан. Хэзээ ч хэнтэй ч бүү маргалд гэж надад захьдаг байсан юм.

-Таны нөхөр уран бүтээлийг чинь дэмждэг байсан уу?

-Мэдээж. Тэр л намайг энэ замаар хөтөлж оруулсан. Давид надад “Шүлгээ бич. Орхиж болохгүй” гэж хэлсэн. Тэр л намайг яруу найрагч болгосон. Би өөрөө бол зориглохгүй байсан. Эхлээд би найзууддаа баяраар дөрвөн мөрт бичсэн ил захидал бэлэглэдэг байлаа. Зарим нэг нь одоо болтол хадгалдаг юм. Энийг манай нөхөр анзаараад “Чи ер бусын бичих юмаа” гэдэг байсан. Нэг удаа түүнд дээр хуучин өвчтөн нь ирэхэд бид хоёрыг танилцуулсан юм. Тэр нь хөгжмийн зохиолч Владимир Мигуля байсан.

-Өвчтөн Владимир Мигуля?

-Миний нөхөр шүдний эмч байсан юм. Түүний өвчтөнүүд дунд шоу бизнесийнхэн их байдаг байсан. Дараа нь Давид картуудаа гаргаж ирээд, бүгд рүү нь утасдаж эхэллээ. “Манайд ирээрэй. Манай эхнэр дууны шүлэг бичдэг” гээд л. Манайх руу хүмүүс цувдаг боллоо. Тэр үед продюссер гэж үг байгаагүй. Гэхдээ миний нөхөр бол продюссер байсан гэж хэлж болно.

-Хэн ч Давидад татгалзаж чадахгүй нь ойлгомжтой. Туршлагатай шүдний эмчид хэн татгалзах билээ. Та В.Мигультай хамт анхны дуугаа бичсэн. Тэр ямар хүн байсан бэ?

-Бид их нягт хамтарч ажиллаж байгаагүй. Их мэдрэмжтэй, зөөлхөн хүн байсан. Надтай танилцах үедээ хувийн амьдрал нь их жаргалтай байгаагүй байх. Тэр зовлонгоосоо бидэнтэй хуваалцдаг байсан.

-1994 онд түүний машиныг дэлбэлхэд та гайхсан уу. Жолооч нь нас бараад, тэр өөрөө амьд гарсан. Түүнд тохиолдсон стрессээс хойш их удаагүй тэр нас барсан?

-Би энэ тухай хэвлэлээс мэдсэн. Мэдээж гайхалгүй яах вэ. Тэр үед бид бараг уулзахаа больсон байсан. Гэхдээ миний мэдэж байгаагаар тэр бизнес эхлэх гэж байсан байх. Тэр үед цаг хэцүү байжээ.

-Орос эмэгтэйчүүдийг танаас илүү мэдэх хүн үгүй байх. Орос бүсгүйчүүд Америк, европчуудаас юугаараа ялгаатай вэ?

-Эр, эм гэлтгүй бүгд нэг зүйлийг хүсдэг, бусдын адил амьдрах. Нэгэн цагт бүгд шинэ жилээр ширээн дээрээ шпрот, мандарин тавихыг хүсдэг. Эрчүүд нь үстэй малгай, хүүхнүүд нь савхин цув мөрөөддөг байлаа. Бүх цаг үед хүүхнүүд нөхөр, хүүхэдтэй болохыг хүсдэг. Нөхөр нь мэдээж үстэй малгайнаас гадна, байр, машинтай байвал зүгээр. Орос хүүхнүүд илүү өгөөмөр сэтгэлтэй байх. Авахаасаа илүү өгдөг, илүү нээлттэй, халамжтай. Ямар ч байлаа гэсэн би өөрийн хүрээллээрээ дүгнэж байна. Миний шүлгийг уншигчид 35-аас дээш насны, азгүй хүүхнүүд байдаг. Би тэдэнд урам, хүч чадал өгөх гэж бичдэг. Би хүмүүст итгэл өгдөг гэж хэлж болно. Эмэгтэйчүүд миний концертоос инээмсэглээд гардаг. Энэ надад чухал.

-Та яг Кашпировский шиг юмаа?

-Тийм шүү. Би Виктория Токареватай эртний найзууд. Бид хоёр байнга утсаар ярьдаг. Нэг удаа би түүнд “Нас ахиад байна” гэтэл тэр надад “Лариска, хөгшрөлт гэж байдаггүй, залуу насны тоормоз л гэж бий” гэж хэлсэн дээ.

-Ларисан таньд дуртай хокку гэж байдаг л биз дээ?

-Дуртай хокку байхгүй ээ. Дуртай япон зүйр үг бий. Болсон будааны толгой доошоо харсан байдаг гэж. Тайлбарлавал, хоосон иш л дээшээ авирдаг. Дүүрэн нь даруухан байдаг гэсэн утгатай.

Эх сурвалж: www.7dn.ru