Б.ДЭМБЭРЭЛНЯМ

Үндэсний бөхийн барилдааны мэргэжлийн лиг болох сураг гарснаас хойш үзэгчдэд хүлээлт үүссэн. Багийн биш ганцаарчилсан спортын лиг хэр амжилттай байх нь сонин. Олны хүлээлтэд байсан мэргэжлийн лиг өнгөрсөн ням гарагт зохион байгуулагдлаа. Барилдаан товлосон цагтаа эхлэв. Дэвжээн дээр барилдах эхний найман бөх гарч ирснээс хойш барилдааны хугацаа явж эхэлнэ. Нэгийн давааны гуравдугаар дүйцэд улсын харцага О.Хангай барилдахаар гарч ирсэнгүй. Мэргэжлийн лигт барилдах бөх тухайн дүйц гарснаас хойш гарч ирээгүй 30 секунд тутамд нэг оноог учраа бөхдөө алдах юм. Хэрэв таван минут хүлээлгэвэл өрсөлдөгч нь 10 оноотой болж даваа авна. Энэ нь хэн нэгэн бөх үзэгчдийг хүлээлгэж, чилээхгүй тамирчдад үүрэг хариуцлагыг нь мэдрүүлсэн чухал дүрэм шиг санагдаж байлаа. Бөхчүүд барилдааны шинэ дүрэмдээ уялдуулж түргэн шуурхай, уран хурц барилдааныг гаргаж үзэгчдийг баясгасан. 
Түргэн шуурхай барилдаж байгаа бөхчүүд шахуу хуваарьтай ойрхон барилдаантай энэ лигт амжилт гаргахыг улсын харцага Т.Баасанхүү, аймгийн арслан Э.Сумьяабат нар харууллаа. Идэвхийн оноогоор тэргүүлж яваад цаг дуусахаас өмнө өвдөг шороодсон тохиолдол долоон удаа гарчээ. Энэ барилдаануудад даваа авсан долоон бөхийн зургаа нь дараагийн даваанд унасан байна. Энэ нь лигт түргэн шуурхай барилдаж байж амжилт ирнэ гэдэг бас нэгэн баримт юм. Дэвжээн дээрх барилдаан бүрт нэг шүүгч хөлийн цэц байгаа нь элдэв маргаан гаргахаас сэргийлж шударга барилдахад эерэг нөлөө үзүүлж байв. Аливаа спорт яаж хөгжих нь дүрмээсээ шалтгаалдаг. Лигийн бөхчүүд дүрэмдээ тохируулан бэлтгэл хийж дараагийн барилдааныг илүү сонирхолтой, үзүүштэй болгох биз. 
“Хил хязгааргүй спорт” ТББ санаачилж МҮБХ, “Эрхэт Монгол” групп  хамтран зохион байгуулсан үндэсний бөхийн мэргэжлийн анхдугаар лигийн эхний барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, “Кореа Оптик Монголиа” компанийн бөх улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, улсын начин Н.Мустафа үзүүрлэсэн юм. Түрүүлсэн бөхийн чансааны оноонд 1500, үзүүрлэсэн бөх 900 оноотой болж байна. Харин шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдэд 500, наймд үлдсэнд нь 250, нэг давсанд 150, оролцсон бөхчүүдэд 70 оноо өгсөн. Үндэсний бөхийн мэргэжлийн лиг бүтэн жилийн турш үргэлжлэх учир чансааны оноо цаашид чухал юм. Нэгийн даваанд унасан бөхөд 125 мянган төгрөгийн шагнал олгож байгаа нь энэ лиг бөхчүүддээ ээлтэйг харууллаа. 

ЛИГИЙГ ӨРГӨЖҮҮЛЖ МЭРГЭЖЛИЙН БОЛГОХОД ИВЭЭН ТЭТГЭГЧ ЧУХАЛ

Барилдааны дараа “Хил хязгааргүй спорт” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Бат-Эрдэнэтэй цаашдын үйл ажиллагааны талаар тодрууллаа. 

-Энэ барилдааныг дээд зиндааны гэж нэрлэж байсан. Өөр ямар зиндаа байгаа вэ?
-Лигийн санаачлагчдын баг ярилцаад гурван хэсэг барилдаан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Хэсгээ одоохондоо “Зиндаа” гэж нэрлэж байна. Үндэсний бөхийн мэргэжлийн лигийг “Эрхэт Монгол” групп ивээн тэтгэж байгаа. Ивээн тэтгэгч компани олширвол нөгөө хоёр барилдааныг нь зохион байгуулахаар төлөвлөж байна. Бөхчүүдийг зиндаанд хуваахдаа ямар нэгэн цол эрэмбээр хуваарилахгүй. Гурван зиндааны ялгаа нь шагналын сан. Тухайлбал, 10 саяас дээш шагналын сантай байж дээд зиндааг зохион байгуулна. Дунд зиндаанд долоо, доод зиндаанд гурван сая төгрөгийн шагналын сан шаардлагатай. Доод хоёр зиндааг ивээн тэтгэх байгууллага олдвол тухайн байгууллагын нэрэмжит болгож зохионо. Ингэснээр лигийн барилдаан сард гурван удаа болдог болох юм. Мөн гурван зиндааны нэг ялгаа нь чансааны оноо. Ямар зиндаанд түрүүлснээс шалтгаалж оноо өөрчлөгдөнө.

-Лигийн төгсгөлд чансааны оноогоор бөхчүүдийг эрэмбэлэх үү?
-Тэгнэ ээ. Чансаагаар тэргүүлж байгаа шилдэг бөхчүүдийн хооронд шагналын сан өндөртэй шигшээ барилдааныг зохион байгуулна. 
-Лигийн эхний барилдааны дараа үзэгчид бөхчүүдээс ямар санал шүүмжлэл ирсэн бэ. Түүнээс шалтгаалж дүрэмдээ өөрчлөлт хийх үү?
-Барилдсан бөхчүүдээс барилдааны хугацааг багасгах санал оруулсан. Үүнийг дэмжиж хугацааг багасгах төлөвлөгөөтэй байгаа. Үзэгчид, бөхчүүдийн санал болон бид өөрсдийн судалгаа, шинжилгээгхийгээд барилдааныхаа дүрмийг илүү боловсронгуй болгох болно.

-Лиг өргөжин тэлж хамрагдах бөхийн тоо нэмэгдэнэ. Нэг барилдаанд барилдах бөхийн тоонд хязгаар бий юу?
-Тодорхой тоо заахгүй. Хэт их болбол барилдааныхаа тоог нэмж зохицуулна. Үүний тулд ивээн тэтгэгч олох нь чухал байгаа юм. Мөн лигийг өргөжүүлж олон үзэгчтэй, мэргэжлийн болгохын тулд багийн барилдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн. 
Үндэсний бөхийн анхдугаар лиг үндэсний уламжлалыг үгүй хийж байна гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Шударга өрсөлдөөн, шударга шүүлт, үзэгчдийн сэтгэл ханамжийг эрхэмлэгч “Үндэсний бөхийн мэргэжлийн лиг”-ийн цаашид оршин тогтнох эсэхийг үзэгчид дэнслэх биз ээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.26 ДАВАА № 210 (6687)