С.НОМИН 

Америкийн Хойд Каролинагийн Шарлотте хотын PNC Аренагийн Ерөнхийлөгч Ларри Перкинс “Степпе Арена” ХХК-ийн урилгаар Улаанбаатар хотод ирж, Мөсөн өргөө ордонд олон нийтийн зориулалттай спорт, соёлын барилга байгууламжийн менежмэнт, маркетингийн сургалт хийж байхад нь уулзаж ярилцлаа. 

-Та өөрийгөө танилцуулна уу?
-Би Америкийн аренануудтай амьдралаа холбосон хүн. Өмнө нь хойд Каролина мужийн Ралей хотын RBC Центр, Giants цэнгэлдэх хүрээлэн болон Continental Airlines Arena зэрэгт ажиллалаа. Нью Жерси хотын Meadowlands Спорт цогцолборт спортын тайлбарлагчаар 24 жил ажилласан. Стадионы менежерүүдийн Олон улсын холбооны 80 дахь удаагийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Спорт, олон нийтийг хамарсан арга хэмжээний аюулгүй ажиллагааны талаар хэд хэдэн ном бүтээл туурвисан. Монголд номыг минь уншиж судалсан хүмүүс байгаад баяртай байна. Спортод дуртай ард түмэн юм байна. 
-Та Степпе Арена-гийн урилгаар Монгол Улсад зочилж байгаа юм байна. Мөрөөдлийн Мөсөн өргөө ямар санагдав? 
-Юуны түрүүнд маш их баярласан. 2019 онд би Пунцагийн Цагаантай уулзсанаасаа хойш энэ төсөлтэй холбогдож, зөвлөгөө өгч байна. Харин одоо Монголд анх удаа ирж, Мөсөн өргөөтэй газар дээр нь танилцаж буйдаа баяртай байна. Ийм гайхалтай бүтээн байгуулалт хийсэн хүмүүст баяр хүргэе.  
-Та 2019 онд П.Цагаан гуайтай уулзаж байсан гэлээ. Тэр үед баригдаагүй байсан. Хоёрхон жилийн дараа Мөсөн өргөө сүндэрлэсэн байна. Маш хурдан баригдлаа…  
-Би үнэхээр гайхширсан. Анх бид хоёр Монголын хоккейн спортын хөгжлийн талаар ярьж байсан. Тэр үед барилгын ажил дөнгөж эхэлж байгаа гэж байсан. Тэгэхэд өнөөдөр, ийм богинохон хугацаанд мөрөөдөл биеллээ олоод, онцгойлон хоккейн спорт, цаашлаад бусад мөсөн спорт хөгжих боломж бүрдэж байгаад баяртай байна. Хоккейн спортын хөгжлийн талаар ярилцаж байхад миний ажиллаж, амьдардаг Хойд Каролина мужид хоккейн спорт өмнө нь төдийлөн хөгжөөгүй байсан тэр үетэй адил байсан. Харин аренатай болсноор хоккейн спортыг дэлгэрүүлж чадсан. Түүнтэй адил Монголд зөвхөн хоккейгоос гадна бусад өвлийн спортыг үзэх сонирхол нэмэгдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Би энэ замыг туулсан. Тэр туршлагаа Мөсөн өргөөнийхөнд хуваалцаж байна.   
-Монгол Улс анх удаа Мөсөн өргөөтэй боллоо. Монголчуудад юу гэж хэлмээр байна? 
-Би нэг л үгийг онцолмоор байна. Тэр бол бахархал. Ноён П.Цагаан санаачилж, Монголын үндэсний компаниуд хөрөнгө оруулаад, хамтраад Мөсөн өргөө ордноо бүтээн байгуулж,  богино хугацаанд эцсийг нь үзэж, хэрэгжүүлж чадсан явдалд бахархах хэрэгтэй. Энэ бол Монголын ард түмэнд өгч байгаа том бэлэг юм. Төслийг санаачлагч, хөрөнгө оруулагч, хамтран оролцогч талууд өөр ашигтай ажил хийж болох байсан. Гэтэл нийгмийн хөгжилд ач тустай ийм үйлсийг гардаж аваад, хэрэгжүүлсэн нь маш том бүтээн байгуулалт. 
-Та ПиЭнСи Аренагийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал. Энэ өргөөг менежментийн хувьд яаж авч явах талаар сургалт явуулж байгаа гэсэн. Степпе Аренагийнханд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Би ирснээсээ хойш Степпе Аренагийн үйл ажиллагааг хариуцсан багтай их ойр ажиллаж, өөрийн туршлагаас хуваалцлаа. Энэ хугацаанд юу ажигласан бэ гэхээр ноён П.Цагаан, түүний бүрдүүлсэн баг өөртэй нь адилхан Мөсөн өргөөгөө Монголд төдийгүй, дэлхийн түвшинд хүргэх сэтгэлтэй, амбицтай баг бүрдсэн байгааг харж мэдэрлээ. Цаашлаад энэ багтай илүү гүн гүнзгий хамтарч ажиллахад үнэхээр таатай байна. 
-Тухайлбал хоккей хөгжүүл гэж зөвлөж байна уу. Эсвэл концерт ч юм уу, урлагийн тоглолт хий гэж байна уу. Та ер нь юуг зөвлөв? 
-Энд олон нийтийг хамарсан арга хэмжээг хэрхэн зохион байгуулж хэрэгжүүлэх, байгууллагын бүтэц, ажилчдын үүрэг, оролцоо төлөвлөлт гээд нэлээд асуудлуудаар харилцан ярилцлаа. Би нэн тэргүүнд Монголд хоккейн спортыг дэлгэрүүлэх ажилд маш их анхаарал хандуулаарай гэж хэлсэн. Учир нь хоккейн спортын сонирхол өсөх тусам, хоккейн спортын мэдлэг тэлэх бүр хүмүүсийн оролцоо ихэсдэг. Хүмүүс үүнд анхаарал илүү хандуулж, энэ спортод илүү хайртай болдог. Хайртай болсноороо илүү их анхаарал хандуулж, нийгмийн нэг хэсэг болон хамтарч ажилладаг. Нийгмийн нэг хэсэг нийгмээ илүү хөгжүүлж, нийгэмдээ ач тустай мэдээллээр хангах нь хамгийн зүйтэй гэж энэ хүмүүст зөвлөсөн. 
-Мөсөн өргөө жирийн ордноос ямар ялгаатай вэ. Давуу тал бий юу? 
-Монголын хөгжлийг илтгэх дөл гэж анзаарлаа. Шинэ барилгаас гадна шинэ дизайн, хотыг чимэх онцгой барилгуудын нэг гэж харж байна. Түүнээс гадна Улаанбаатар хотын хөгжил Яармаг руу чиглэж байгаа нь харагдаж байна. Яг хөгжиж байгаа, буцалж байгаа бүсэд сүндэрлэн боссон нь их аз завшаан, давуу тал нь болов уу гэж харж байна. 
-ПиЭнСи Арена Степпе Арена-тай цаашид яаж хамтарч ажиллах вэ?  
-Нэн тэргүүнд хэлэхэд хоккейн спорттой холбоотой болохоор бид нэг гэр бүл боллоо гэж ойлгож болно. Нэг салбарт нэг чиглэлийн спортын байгууламж гэдгээрээ нэг гэр бүл болж байгаа юм. Тэгэхээр бие биедээ олон талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж, баяр жаргалаа хуваалцаж байх болно оо. 
-Та дахин хэзээ ирэх вэ? 
-Би энэ хагас сайнд буцна. Тэгээд дараачийн долоо хоногт буцаад ирнэ ээ... Энэ удаагийн уулзалт их үр дүнтэй байлаа. Дараагийн уулзалтыг төлөвлөж байна. Ярилцаж байгаа. Заавал ирнэ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.22 № 208 (6685)