С.САРУУЛ

 “Хугацаат цэргийн албаны нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэн, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын хүмүүжил олгох, мэргэжил, боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн бодлого тодорхойлох, санал дүгнэлт боловсруулах” чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, анхдугаар хуралдаанаа хийжээ.

Энэхүү ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр  ахалж байгаа юм байна. Тэрбээр “Ажлын хэсгийн гол зорилго нь хугацаат цэргийн албаны хэлбэр, алба хаах хугацаанд өөрчлөлт оруулах, тоог нэмэгдүүлэх, цаашид хэрхэн үр ашигтай байлгах вэ гэдэгт чиглэгдэж байгаа юм. Уг ажлын хэсгийг “Бүтээлч” ажлын хэсэг байж, залуучууд руу чиглэсэн, иргэн цэргийн харилцааг бэхжүүлсэн, алба хаагчдад чанартай мэргэжлийн боловсрол олгох, цэргийн албанд залуус өөрийн хүсэл тэмүүллээрээ татагддаг байдлыг бий болгох шийдвэрүүд гаргана гэдэгт итгэж байна. Цэргийн алба гэдэг эр хүнийг бэлтгэхээс гадна эцэг хүнийг бэлтгэж байдаг. Тиймээс бид сургалтын системийг өөрчилж, хүн төвтэй, залууст насан туршид нь хэрэг болохуйц шийдвэрүүдийг гаргаж, бодит ажил болгохыг зорих болно. Ажлын хэсгийн гишүүд болох ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр нар маш оновчтой бодлогын саналуудыг оруулж ирлээ. Залуусыг хугацаат цэргийн алба хааж байх хугацаандаа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг түшиглэн энгийн мэргэжил эзэмшүүлэх, хувь хүний хөгжил, гэр бүл төлөвлөлт, хөдөлмөрийн харилцаанд оролцох шаардлагатай ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Энэ намрын чуулганаар БШУЯ-аас Боловсролын тухай багц хуулийн төсөл өргөн барьж байгаа. Тус хуулинд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт сурагчдад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил олгохоор тусгасан нь бидний өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил хөрсөн дээр буух боломж бүрдэх нь. Энэ бол залуу хойч үедээ оюунд нь түүгээр ч зогсохгүй “Монгол дархлаа”-г өвлүүлэн үлдээх том ажил юм. Үүгээр ч зогсохгүй БШУЯ, ЗХЖШ-тай хамтран их дээд сургуулиудад “Цэргийн эрдмийн тэнхим” байгуулах, хугацаат цэргийн алба хаагчдад монгол, англи хэл, мэдээлэл зүйн хичээлүүдийг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газартай хамтран хэрэгжүүлэх боломж байгааг хэлж байна.

Мөрөөдлийн жагсаалт гаргах бус бодит ажил болгох, иргэндээ хэрэгтэй тийм шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй гэдгийг ажлын хэсгийн гишүүдэд хэлсэн. Мэдээж энэ ажлуудыг хийхэд хугацаа шаардагдана”гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn