Б.ДОЛЖИНЖАВ

Сургуулийн захирлаас эхлээд сургалтын менежер, эмч, манаач, үйлчлэгч, нягтлан гэсэн бүх албан тушаалтны зурсан шувууд, яст мэлхий, цох, цэцэглэж буй модод, горхи гэсэн унаган байгалийн үзэсгэлэнт дүр төрхийг дүрсэлсэн зургуудаар танхимын ханыг чимэглэжээ. Тайзан дээр морин хуур, ятга, төгөлдөр хуур байрлуулсан байх агаад сонгодог хөгжмийн ая эгшиглэсэн энэ анги бол нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн урлагийн танхим юм. Чингэлтэй дүүргийн VII хороонд орших тус сургуульд очиход сургуулийн удирдлага болоод багш нар  нэгэн ижил хувцас өмссөнөөс эхлээд сурагчид хичээллэж байхад саад болохгүйн үүднээс өсгийтэй гутал өмсдөггүй нь нэгэн шинэлэг соёлыг бидэнд мэдрүүлэв. Хотын төвийн алслагдмал, нэг ч сургуульгүй байсан Чингэлтэй дүүргийн VII хороонд Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр олон улсын стандартад нийцсэн 149 дүгээр сургууль байгуулагдаад жил гаруй болж байна. Сургуулийн үүдний  тэргэнцэртэй хүнд зориулсан хэт огцом биш налуу зам, шатны бариулд байрлуулсан брайль үсгийн тэмдэглэгээ, бүх давхрыг холбосон налуу зам, тусгай ариун цэврийн өрөөнөөс эхлээд ангийн хаалга, самбар зэргийг ямар ч бэрхшээлтэй хүн тав тухтай суралцах, зорчих боломжтойгоор шийджээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус сургууль 18 ангитайгаас 16 нь ердийн, хоёр нь  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан танхим юм. 
Япон улсын буцалтгүй тусламжийн хэрэгжүүлэгч байгууллага болох ЖАЙКА-гаас  Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 53  дугаар сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургууль болон Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургуулийг барихад хоёр тэрбум 379 сая иен зарцуулсан юм. Эдгээр сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй, гамшгийн үед түр хоргодох байр болгон ашиглах боломжтой, байгаль орчинд ээлтэй зураг төслөөр бүх хүн ашиглахад хялбар, олон улсын түгээмэл загвараар /Universal design/ барьснаараа үлгэр жишээ болсоор ирсэн билээ.
Энэ талаар 149 дүгээр сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн “Бид хувь хүний хөгжлийг дэмжсэн, хүүхдэд ээлтэй сургуулийн дүр төрхийг бий болгох алсын хараатайгаар  эх орны хөгжилд хөтлөх хариуцлагатай иргэдийг бэлтгэх, стандарт хангасан боловсролын үйлчилгээг үзүүлэхээр зорьж байна. Хүүхдийн оролцоог дэмжихийг хичээн ажилладаг учир хүүхдийн хөгжлийн хөтөлбөрөөрөө дүүрэгтээ хоёрдугаар байрт орсон. Мөн сурагчид 12 дугаар ангиа төгсөхдөө Монгол өв соёлын талаарх 12 агуулгыг эзэмшсэн байх болно. Тухайлбал, Монгол өв уламжлалыг тээж, түгээн дэлгэрүүлэхэд манай сургуулийн “Өв уламжлалын хөтөлбөр”-ийн зорилго оршдог. Дундаж анги дүүргэлт 27 хүүхэд байна. 720 хүүхдийн хүчин чадалтай боловч энэ хичээлийн жилд 780 хүүхэд хичээллэж байна. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн хүүхэд суралцдаг. Эдгээр хүүхэддээ ганцаарчилсан загварын дагуу хичээл заадаг. Хоёр ээлжиндээ 1400 гаруй хүүхэд хүлээн авах боломжтой. Нийт 5040 метр квадрат талбайтай учир анги танхим, коридор саруул том” гэж ярилаа.

Сурагчид оффисын бүх программ дээр  ажиллах чадвартай төгсдөг

Тус сургууль гэр ахуй, дүрслэх урлаг, технологийн сургалтын танхим, мэдээлэл зүй, байгалийн ухааны лабораторитай. Технологийн танхимдаа уран баримал, оёдол эсгүүр, үйлдвэрлэл, уран зураг гэсэн чиглэлээс сонгон хүүхдүүд сонирхлынхоо дагуу суралцах боломжтой. Анги бүрт бэлтгэлийн өрөө гэсэн тусдаа өрөөг бий болгосон нь багш нар хичээлд шаардлагатай бүх хэрэгслээ тохилог, аюулгүй орчинд хадгалах нөхцлийг бүрдүүлжээ.
Техник технологийн эрин зуунд хамгийн чухал ур чадвар нь комюьтерийн программуудыг эзэмшсэн байх билээ. Тэгвэл 149 дүгээр сургууль энэ чадварыг сурагчдадаа олгохыг зорин ажиллаж байгаа юм. Энэ талаар мэдээлэл зүйн багш Б.Амардэлгэр “Манай сургуулийн сурагчид 12 дугаар ангиа төгсөхдөө оффисын бүх программ дээр мэдээлэл боловсруулах, фотошоп дээр зураг засварлаж постер бэлтгэх, видео, шторк бэлтгэх чадвартай болж төгсдөг. Компьютерээс гадна ухаалаг утсыг  хөтөлбөртөө ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байна. Учир нь цахимаар хичээллэж байгаа үед хүүхэд бүрт комьютер байхгүй. Тиймээс утсаараа хичээлийн даалгавраа гүйцэтгэж байгаа нь давуу тал юм” гэв.
Тухтай номын сан, цэлгэр хоолны  танхимтай 149 дүгээр сургуулийн барилгын материал нь хүний эрүүл мэндэд ээлтэйн сацуу гал тогоо, ариун цэврийн өрөө нь бактери үрждэггүй тусгай хулдаастай бол урлаг болон биеийн тамирын заалны шал нь эко юм. Үүнээс гадна  тог цахилгаан нь эрчим хүчний хэмнэлттэй бөгөөд харагдах орчин хязгаарлагдмал хэсгийг багасгах, өнгөрөн явах үед мөргөлдөхөөс сэргийлэх цилиндр багануудыг байршуулжээ. Анги бүр хүүхдийн өндөрт тохирсон гар угаалтуур, шилэн самбартай.  Ширээ, хаалга, ариун цэврийн өрөө, налуу зам зэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохируулан хийжээ. Анги бүрийн мэдээллийг пиктограм тэмдэглэгээгээр  бичсэн нь хэн бүхэнд ойлгомжтой, хялбар байв.
Энэ талаар 10А ангийн сурагч Б.Намуунбайгаль “Есдүгээр ангиасаа энэ сургуульдаа хичээллэж эхэлсэн.  Дүүтэйгээ хамт суралцдаг. Цэвэр, аюулгүй, тухтай орчинтой. Сурагчдад ямар нэгэн эрсдэлгүй. Сурах орчин нөхцөл нь маш сайн бүрдсэн. Өмнө нь Баянгол дүүргийн сургуульд сурдаг байхад ариун цэврийн өрөө нь хүрэлцдэггүй, тохилог байгаагүй. Харин 149 дүгээр сургуулийн хувьд давхар бүртээ ариун цэврийн өрөөтэй, орчин нь маш сайн. Цахим хичээлээ багш нар цаг тухайд нь оруулдаг. Зөв аргачлалаар заадаг учир маш ойлгомжтой байгаа” гэв.

Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Акира Ичиока 149 дүгээр сургуулийг Япон стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй, гамшгийн үед түр хоргодох байр болгон ашиглах боломжтой, байгаль орчинд ээлтэй олон улсын түгээмэл загвараар /Universal design/ барьсныг онцоллоо.


Сурагчдын хөгжлөөрөө дүүрэгтээ тэргүүлдэг тус сургууль нь эко клуб, өсвөрийн эмч, өсвөрийн сэргийлэгч гэсэн сурагч оролцооны байгууллагатай. Мөн гимнастик, чөлөөт бөх, сагс, ширээний теннис гэсэн спортуудаас сонгон сурагчид хичээллэх боломжтой. Хүүхэд хөгжлийн танхимдаа сурагчдын удирдах байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн ажилтан нь сурагч бүртэй биечлэн уулзаж ярилцдаг агаад тун удахгүй сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болгохоор сургуулийн удирдлагууд төлөвлөж байгаа аж. Мөн гадна орчноо сурагчид олон төрлөөр ашиглаж болохуйц байдлаар тохижуулжээ. 
 ЖАЙКА-гийн хэрэгжүүлж байгаа 2-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүртээмжтэй боловсролын тогтолцоо, орчныг бий болгох “START-2” буюу  “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн II шат 149 дүгээр сургуульд хэргэгжиж байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эх, багш ажилтнуудад ээлтэй сургалтын орчинг сайжруулахыг зорин ажиллаж байна.
Энэ тухай сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн “Цар тахлын үед 5/9 зарчмаар хичээллэж байгаа нь маш үр дүнтэй төлөвлөлт юм. Учир нь халдвар авсан хүүхэд цахимаар хичээллэж байгаа есөн хоногтоо бүрэн эдгээрээд хичээлдээ сууж байгаа. Өнгөрсөн жил үйл ажиллагаагаа эхлээд хоёр сар гаруй болж байгаад цахимд шилжсэн. Алслагдмал байрлалтай учир орчноо дагаад интернэтийн холболт муу, гар утасны тоо хүртээмж бага байдаг. Олон хүүхэдтэй айлд ганц утас хүрэлцэхгүй учир тараах материалыг бэлтгэн гэрээр багш нар тарааж байсан” гэв. 
Япон улс 1999 оноос хойш дөрвөн үе шаттайгаар сургуулийн барилгын төслийг буцалтгүй тусламжаар санхүүжүүлж ирсэн. Энэ хугацаанд 55 сургууль, 668 анги танхим барьж байгуулжээ. Үүнээс Улаанбаатар хотод 45 сургууль, 551 анги танхимыг барьж байгуулсан юм. Энэ нь хүн амын шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй сургууль, цэцэрлэгийн тоо хүрэлцдэггүй манай улсын сургалтын орчныг сайжруулахад маш их үр нөлөө үзүүлсэн билээ. Япон улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Акира Ичиока 149 дүгээр сургуулийг Япон стандарт нийцсэн болохыг онцолж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.21 ПҮРЭВ № 207 (6684)