С.САРУУЛ

Энэ сарын 13-ны өдөр Монголоос бараа бүтээгдэхүүн орж ирдэг Эрээн хотын Хуйтун ложистикийн бүст ажилладаг хятад ажилтнаас Ковид-19-ийн эерэг тохиолдол илэрч, шууд хавьтлын 33, дам хавьтлын 25 хүнийг тусгаарласан байна. Маргааш өдрийн 00 цагаас эхлэн албан байгууллагуудын үйл ажиллагааг зогсоон 24.00 цаг гэхэд Эрээн хотын нийт иргэдийг эхний удаагийн PCR шинжилгээнд хамруулсан байна. Нөхцөл байдлын талаар  Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас тодруулахад “Эрээн хотод хөл хорионы дэглэм үйлчилж, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон, хүнсний дэлгүүрүүд өчигдөрийн 11:00  цагаас эхлэн бүгд хаагдаж, зөвхөн дуудлагаар хүнсний зүйлийг гэрт хүргэж, хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж хөл хорионы дэглэмийг чангатгаад байсан юм. Харин өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Эрээн хотод “Ковид-19”-ын таван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 00 цагаас эхлэн хотын хөдөлгөөнийг бүрэн хааж дэглэмийг чангатган иргэдийн хөдөлгөөнд дрон болон камераар хяналт тавьж байна” гэлээ.  

Эрээн хот руу авто замаар орох хөдөлгөөн нээлттэй, гарах хөдөлгөөн хаалттай, Эрээн хот руу чиглэсэн төмөр замын зорчигч тээвэр зогссон. Одоогоор Замын-Үүд, Эрээн автозамын боомтын хөдөлгөөнийг бүрэн зогсоосон, төмөр замын ачаа тээвэр явагдаж байна, хөл хорионы дэглэмээс шалтгаалан Эрээн өртөөнөөс ачилт хийгдэхгүй байна.

Эрээн хот одоогоор цар тахлын бага эрсдэлтэй бүсийн тоонд орсон бөгөөд  Хятадын хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр энэ удаагийн халдварыг “дотоодын халдвар” хэмээн нэрлэж байна.  

Эрээн хотод эрсдлийн бүсээс хамаарч 2, 3 дахь удаагийн ПСР шинжилгээг хэсэгчлэн авах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна. Аравдугаар  сарын 18-ны өдөр Эрээн хотын цар тахлаас урьдчилсан сэргийлэх хянах ажлын шуурхай штабаас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 70 дугаар мэдэгдлийг гаргасан байна.

Өвчний тархац, нөхцөл байдалдтай холбогдуулан ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн бусад хошуудад бэлэн байдлыг нэмэгдүүлж дараах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.

-Цар тахлын голомттой бүс нутаг болох Эрээн хот, Альшаа аймаг Эзнээ хошуу зэрэг газруудаас 2021 оны 10 дугаар сарын 1-ээс хойш ирсэн иргэдийг ПСР-ын шинжилгээнд хамруулж, гэрт нь 7 хоног тусгаарлах,

-Олон нийтийн үйлчилгээний газруудад иргэдийг нэвтрүүлэхдээ биеийн халууныг тогтмол хэмжих зэргээр цар тахлын дэглэмийг чанд мөрдүүлөх,

-Эмнэлгийн үйлчилгээний чадамжийг сайжруулж цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар тархах эрсдийг бууруулах нөхцлийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангах,

-Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн халдвараас урьчилан сэргийлэх ариутгал халваргүйжүүлэлтийг хийж, бүтээгдэхүүнээс тогтмол ПСР шинжилгээ авах,

-Вакцинжуулалтад 18-аас дээш иргэдийг түүнчлэн, малчдыг хамруулах ажлыг эрчимжүүлж, цар тахлын үеийн дэглэм, урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээх ажлыг эрчимжүүлэх, цар тахлыг дэглэмийг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулах зэрэг арга хэмжээг авч эхлээд байна.

Эх сурвалж: www.polit.mn