Сэтгүүлч, яруу найрагч  Ж.ЭРДЭНЭЦОГТ            

Олон жилийн хүсэл биелж аян замд хөтлөв

  ...Цамба дүү бол  /Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв-Эрдэнэмандал хийдийн дэд лам, Бурхны шашны сургалттай “Баян-Эрхт” сургуулийн захирал Намсрайн Цамбанүрдэв/  дээхнэ үед буюу 70-80-аад онд элбэг байсан гэж хэлж болохоор  манай аймгийн олон хүүхэдтэй,  жирийн л нэг айлын  хүүхэд билээ.

    Жолооч эцэг, аймгийн захиргааны цаг бүртгэгч   ээж хоёрын төрүүлж өсгөсөн  арван нэгэн  хүүхдүүд дунд  засагтан дарга ч бий, эрдэмтэн судлаач ч бий, лам хувраг ч бий, сэтгүүлч нэвтрүүлэгч ч бий, эгэл ажилчин ч бий...

  Олноо “бор” хэмээн алдаршсан Намсрай нь тэднийгээ эцгийн мэргэн сургаалаар залж, ээж Моонон нь эхийн мяндсан ухаанаар хүмүүжүүлж, олон гэж түүртэлгүй өсгөөд амьдралын урт  харгуйд үдэж мордуулжээ. Үүний тулд  ёстой, зөв л бол  “юу эсийг хийх” билээ дээ... Ажил, сургуулийн үеэр аймгийн төвд өвөлжиж, хаваржаад, зун нь хөдөө гарч хэдэн үнээний сүү таргаар гэдсийг нь цайлгаж, намар болохоор тал, хангайн ан хишгээр нэмэр болгож төдийг хүргэсэн байна.

   Чухам л, насанд үл мартагдах ийм сайхан цаг үе хийгээд,  нутаг орны нэр ус, өнгө төрх гээч  сэтгэлд зурагдан, бас булагдан үлддэг болохоор хүмүүн бид тэр нутаг усаараа аялан явах, тэр байтугай дөнгөж дайраад өнгөрөх төдийд л дурсамж сэрж, дурьдатгал сэргэх билээ. Хэдэн жилийн өмнөөс Цамбаа дүү маань   өөрийн өсөж төрсөн нутаг орноороо хамт аялахыг, худаг шанданд мал услахыг, майхан барьж хоноод гадаа адуу тургилж, нууранд шувуу дуугарахыг сонсож, тал нутагт нар гарахыг харж,  зүлэгт талаар  морьтой давхихыг юутай их хүсэж буйгаа хэлдэг болсон  юм. Хувраг, сэтгүүлч бидэн хоёр хийд орон, телевиз хэвлэл, олонд тустай ажил гэх мэтээр  “хэнхэглэн” зүтгэсээр, хойш тависаар дөнгөж энэ намар л аймгийн хийдийн ой, Дарьгангад болох ерөөл номын завсарт хоёрхон хоногийн  зай чөлөө гаргаж аваад хөдөлсөн билээ.

    Ер нь бодоод байхнаа, бид алдартай, нэртэй уул хангай, нуур далайд л очвоос үзэж харах юм элбэгтэй, мөргөн сүслэх  сүр ихтэй гэж бодоод байдаг юм байна. Гэтэл хүн төрж өссөн нутаг усаа зорин саатаж, дахин шинээр нээж үзэх, дашрамд нь “дурсамжийн алтан худгаа” малтаж сэргээх ёстой  юм  гэдгийг би энэ аялалын эхнээс л мэдэрсэн. Төрсөн гэрийн буйр бууц, өвөлжөөний хашаа, зуслан зунжааны дэнж, энгэрт нь чулуун гэр өрсөн намхан толгод, хонь малаа услаж явсан худгийн амсар, дэрст хөндий, нарийхан гол, цахилдаг ургасан  ногоон хонхор, овоот хөтөл, онгосон хайлаас...энэ бүхэн хүний сэтгэлд хэчнээн бат бөх үлддэг юм бэ, нэр усыг нь, түүх домгийг нь сэргээн дуудах үед юутай их утга учрыг өгүүлнэ вэ, бусдын нүдэнд бол гайхах юмгүй шахам  харагдах хэсэгхэн тал, шавартай тойромын бараа дүр   нутгийн хүүгийнх нь өр зүрхэнд хэчнээн цаана хадгалагдсан байдаг, тэгсэн атлаа юутай амархан ил гарч хөвөрдөг юм бэ...

 Зүүн Уртын голын эрэлд буюу Баянголын эрэгт

    Намайг багад манайх аймгийн төвийн зүүн дэнжид байлаа. 1975-76 он л доо. Тэр үед хороо хориноос хөөж туугаад байх нь гайгүй байсан юмдаг уу, манайх хэдэн үнээтэй, гэвч байсхийгээд л  хэдэн үнээ маань алга болчихно. Ах унадаг дугуйгаар явж байж олж ирнэ. Сүүлдээ тэр хэдийнхээ очдог газрыг нь мэдэж авсан бидний хэн нь ч Дунд Уртын гол хавиас хөөгөөд ирдэг болж билээ. Үнээдийн “усны тунгалаг, өвсний сайныг” эрж очдог газар нь Дунд Уртын гол, Баянгол хавийн нутаг байхаас ч аргагүй  ажээ гэдгийг би өнөөдөр дахин үзэж үзэмшээд зогсож байна.

     Энэ дашрамд бяцхан халил хийхэд би багадаа “аймгийн төв бол Баруун Урт, зүүн тийшлээд Дунд Урт гэж байдаг, харин Зүүн Урт гэдэг нь хаана байдаг юм бол...гэсэн шүү юм боддог байж билээ. 40 гаруй жилийн дараа энэ бодлоо Цамбаад хэлж тодруулахыг хүслээ.

     -Зүүн Урт  гэдэг нэр бол  байхгүй юм аа, Дунд Уртын голын зүүн талд гэвэл Баянгол л байна даа...гэж байна. Ингээд цааш түүний яриаг сонслоо. Сонсохоос ч аргагүй юм, эднийх энд олон жил нутагласан, тэр хэрээр  бага насандаа энэ хавь нутгийн нэр усыг цээжиндээ “баринтагласан” хүн шүү дээ...

     Цамбын яриа: - Дунд уртын гол бол  Их Төмөртэйн доохноос  эх авч 30 гаруй км   урагшаа урсаад Шаргын говьд хүрнэ. Сүүлд уурхай ашиглалтад орсноос хойш  ус нь байхгүй болсон доо. Энэ хавиас хэсэг гол горхи очоод Шаргын говийн цагаан тойромыг үүсгэдэг, тэрийг нь сүүлд  Их, Бага  цагаан тойром гэж нэрлэдэг болсон байна билээ.

Төмөртэйн их, бага амнаас нааш гарч байгаа голын дунд хэсэгт Сангийн толгой гэж  Мандалын хийдээс тахидаг байсан овоо бий.   Энэ жилээс тахилгыг нь сэргээлээ, хойтонгоос овоогоо янзалья гэж бид ярилцаж байгаа.

   Аймгийн төвөөс Сүхбаатар сум ордог дунд талын зам нь Дунд Уртын Сангийн толгойн дээд талаар их ойрхон гарна, тэгээд Билүүт, Хашаат гээд явдаг. Олон хүний анддаггүй Зараагийн чулуу гэдэг газар, бас  Баянголын эх, Эхэн шанд гэж бий.  Энэ зүүн гар талын салааг нь Эхэн шанд, баруун гар талыг нь Баянголын салаа гэдэг. Салаагийн геологи гэж дээр үе байсан даа. Түүнээс цааш Бор-Өндөр, тэгээд Сүхбаатар сум анх төвлөж байсан үүх түүхтэй Гүнбулаг, түүнийг сүүлд Шинэ булаг гэж нэрлэж байсан..

     Баянгол бол эндээс эхлээд доошоо Зараагийн чулуу дамжаад Шаргын говьд хүрнэ,  30 гаруй км үргэлжилдэг байх.   

Харин  Сүхбаатар сумын нутагт буюу  Баян-Эрхт уулаас зүүн тийш, Цогт-Овооноос наахна Хашаат, бас  Рашаант гэж бий. Тэндээс Баруун Уртын голын эх авдаг. Газрын хөрсөн доороос нэвтэрч гараад, багахан урсаад эргэж шингээд, тэгснээ ил гарч урсах маягаар эхэлдэг, ингээд ил урссаар 50 шахам км  урт үргэлжилдэг   юм билээ. Аймгийн хойно  “Тэсэлдэг овоо” гэж байсан даа. Тэр нь дээхнэ үед “Олон овоот” хэмээх  тахилгатай овоо байжээ. Манай ээжийг жаахан байхад буюу 1940-50 оны үед адуу ороход дэл сүүл нь хөвөөд явчихдаг тийм л гүнзгий  байсан гэсэн...

...Цамба ламыг түр зуур дуугүй болоход нь бид / түүний шавь 3-4 хүүхэд, SB тв-ийн зураглаач залуу, манай эхнэр бид хэд / түүнийг ганцааранг нь түр үлдээгээд машин машин руугаа чимээгүйхэн явлаа. Түүнийг  өнгөрч одсон ээжийгээ, тасарч ширгэдэг болсон гол усаа  нүдэндээ  сэргээн харж байгаа, тодруулж юм асуувал хариулж чадахааргүй болтлоо сэтгэл нь хөдөлсөн байгаа гэдгийг мэдэрсэндээ тэр л дээ.  

   ...Баянгол нэртэй нарийхан голын хөвөөнд, хоёр эргийг нь дагасан нүнжиг нөмөр нэвт ханхалсан бөөн  дэрсэнд байгаа адуу, хивж хэвтээ үхэр, замд таарсан хонь, ямаа  гэж  ёстой нэг   жаргалаар дүүрч янцагласан, голийтлоо таргалсан “нөхдүүд” байнаа, байна. Хонины өнгө гэж жинхэнэ “сул асгасан сувд” нэрэндээ  хүрээд очиж... Энэ жил бороо хур сайтай, дээр нь цаг налайгаад малчид хонио хашихгүй задгай хонуулж байгаа бололтой,  их л өнгөлөг харагдана. 

     Миний бодож зогссоныг тааварласан бололтой, Цамба лам:- “Сая Дунд Уртад болохоор ийм их мал байгаагүй. Энд бол битүү байгаа биз? гэсээр дөхөж ирлээ.  Одоо бид хоёр жаргах нарны туяанд  сүвлүүлээд сүрхий уртасч харагдах  хэсэг хэсэг бут дэрсний  дээгүүр алсыг хараачилж зогсоно. Цамба хүүхэд байхдаа,  энэ хавь нутаг, гол усыг яагаад “баян” гэж нэрлэдэг болсон тухай ааваасаа асуухад аав нь “Гурван юмаар баян,  өвс ургамлаар, ус ундаар, дээр нь малаар баян гэсэн нэр дээ, хүүхээ...гэж байсныг дурслаа.

   Цамба: -Яг эндээс дээшээ явж байгааг нь Баянголын салаа гэнэ, цаад руугаа давахаараа Салхит гэдэг болно. Дээхнэ үед Салхитын геологийн анги гэж байсныг та санаж байгаа байх. Тэгээд Арслан толгой, Талын бултгар, Хөндлөн, Бунхан гээд сайхан газрууд бий. Эндээс  харагдахгүй боловч, жаахан  дөхөөд очвол тэнд  ус жирэлзтэл урсч байгаа. Адуу ороод зогсчихдог уснууд, том том цүнхээлүүд ч бий.

   Би: -Эхэн шандад бол манай аав, ээж  хоёр тэтгэвэрт гарсныхаа  дараа, намайг Дорнодын сонинд ажиллаж эхлэх үеэр байх аа,  хэдэн үхэртэй зусдаг байж билээ.

   Цамба:-  Монгол багшийн маань  хоёр  талынх нь өвөө хоёулаа  энүүгээр нутагладаг байсан. Бас “Гидр” Гомоо гэвэл олон хүн таних байх, тэднийх  Баянголын эхэнд манайхтай айл байсан. Хэдүүлээ ийшлээд голын ус хэр зэрэг байна, очиж үзье. Дараа нь би  аавынхаа гаргасан худаг дээр та нарыг  аваачна аа...

 

 Аавын гаргасан худаг буюу цахилдагтай судаг

    Цамбын аав Намсрай гуай аймгийн Усны аж ахуйд 10 гаруй жил  жолоочоор ажиллаж, “худаг усныхан” нэртэй, аймаг сумын хамгийн алслагдсан, эсвэл мал сүрэг олонтой, бэлчээр сайтай нутгуудад худаг гаргадаг буянтай хүмүүсийн нэг болж явсан  хүн юм билээ. Энэ завшаанд мэргэжлийн инженер мастеруудаас асууж лавласан ч биз, өөрийнх нь ажигч гярхай зан хэрэг болсон ч биз, өвөг дээдсийн ам сургаалийг сонссон ч биз, нэлээд хожим өвөлжөө, зуслан хоёрынхоо дундах цахилдагтай судагт гар худаг ухахаар болжээ. Гэргий нь энэ тухай анх дуулаад, эндээс ус гарах уу, гарвал хэдэн метрийн дороос гарах бол, та юу айлдахсан бол..?  гэж тоглоом хийх маягаар асуухад нь Намсрай гуай:- Ус гарнаа, тэгэхдээ 5 м-ээс илүү ч ухуулахгүй дээ гэж хэлсэн байдаг. Ингээд хэдэн хөвгүүдтэйгээ нийлээд ухаж, үнэхээр яг 5 м-ээс л ус ундарч эхэлж...

   -Огтхон ч ширгэдэггүй тэр худаг маань одоо ч хэвээрээ ш дээ, манай   зуслан байсан  тэр товгорын доод талд байгаа,  харин тэр ногоороод байгаа бол манай өвөлжөө  байсан газар л даа  .

   -Энэ аль орох зам бэ?

   -Гүнбулаг орно.

   -Сая хөндлөн огтолдог чинь Сүхбаатар сум ордог хойд зам нь мөн үү?

   -Наад талынх нь Гүн булаг орно. Арай цаагуур,  худгийн тэрүүгээр гарч байгаа зам бол Дэлгэр-Овоо орно, яагаав, нөгөө “адууны овоо” гээд байдаг...  

    -Энэ худаг ямар нэртэй билээ?

    - Бургаст хөндийнх л гэцгээдэг, Зүүн доор байгаа худгийг нь Хол худаг.  Саяын хоёр айл байдаг чинь Эхэн шанд гэдэг...

   - Дэргэд нь байдаг нэг чулууг  бид өргөх гэж оролдоод бараагүй худгийг..?

   -Тэр бол Чулуутын худаг.

   ...Ингээд бид хэд Бургаст хөндийн худаг буюу олон жилийн тэртээ тэдний гаргасан худгийг үзлээ. Худгийн ус одоо ч хэвээрээ, тэр ч байтугай хамгийн доор аавынх нь  авчирч тавьсан жинхэнэ үйлдвэрийн  кольцоо нь, түүнээс дээшлүүлэн худгийн амсар хүртэл  доторлосон чулуу нь ч байж л байна. Монголын сайхан ёс уламжлал, талын нүүдэлчний заншлын  дагуу бид ээлжлэн худгаас ус ховоодон татаж, онгоц руу хийлээ. Хамт явсан залуу хуврагийн гарт урт модон иш гялсхийх зуур тэртээ доор пүлхийх чимээ гарснаа, удалгүй усанд норж гялганасан хар хаймран ховоо татагдан гарч, онгоцны  ирмэг дээр тавигдмагц ус цүлхийн буухад хүний бараанаар аль хэдийнэ цуглан ирсэн  хэдэн адуу шор шор сорж гүд гүд залгина.

     Энэ мөчид санагалзах, сэрэхүйн долгион нүдний өмнүүр жирэлзэж, эгэл бор жолооч эр хөвгүүдтэйгээ худаг ухаж, шороо гаргаж буй дүрс тодроод, гэнэт: -Ааваа , ааваа, ус шүүрээд эхэллээ гэхтэй залгуулан, нэг хүү нь гэр лүүгээ чавхдан гүйх зуураа: -Ээжээ, ус гарсаан, яг аавын хэлснээр 5 м-ээс шүү гэх дуун  цангинаж, төдөлгүй  эхнэр  охин хоёр нь бидонтой хүйтэн цай, өрөм боорцог барин ирж худгаа тойрон суугаад цайлах, энэ зуур нөхөр нь гэргийдээ:-Чи намайг “будаач будаач гэхлээр сахлаа будлаа” гэдэг шиг болох нь уу даа гээд л байсан, миний гаргасан худгийн хүйтэн уснаас зөөлгөж тогоо нэрэхгүй байлгүй...хэмээн цаашлуулах, харин эхнэр нь ...тэгвэл  энэ худгийн сайхан усаар миний чанах цай, хоолноос  ууж идэхгүй юм гэж үү...гэлцэн инээлдэх тийм сайхан гэрэлт зураг хөврөөд, нэг хэсэг мэлэрсэн байж билээ.

 

Сүхбаатар-Дорнодын, Дорнод-Сүхбаатарын их зам буюу миний дурсамж

Бид тэндээс хөдлөөд нэг сайхан хөндий дагаж, улмаар хавцал хамар  дундуур  өгссөөр нэгэн их зам руу гарч ирлээ. Нутгийн унаган хүү машиныхаа  цонхыг нээчихээд, -Саяын өнгөрдөг чинь Өлзийт хавцал, энийг Майхан толгой, тэр  арагшаагаа цуварсныг нь Сувраа гэдэг. Гүнбулгийн Сувраа гээд яриад байдаг чинь энэ...

     -За одоо  Дорнодын төв зам руу гарч байна. Хэдүүлээ Гүнбулгийн наад руу ороод, их замаас салж хойшоо явна даа.  Дамбийн даваа гэж байгаа. Ийшээгээ байгаль нь бүүр гоё болоод ирнэ ээ...гэж төрж өссөн нутаг усаа  өөрөө таньснаа шалгах, надад танилцуулахын завсар яриад  явлаа.

      Сүхбаатар аймгаас Дорнод аймаг хүрдэг зам алдартай ч зам , ач буянтай ч зам, өргөн ч зам, түүхтэй ч зам... Энэ замаар манай аймгийнхан Зүүн бүсийн байтугай дээхнэ цагт улсын хоёрдугаар зэргийн хот байсан Чойбалсан хот руу их ч явсан  билээ. Жавхлант Шарга, улмаар Сүхбаатар аймаг  болон байгуулагдахдаа Хэнтийгээс цөөвтөр, харин Дорнодоос бол хавьгүй олон сумыг нь авч тасран гарсан, сүүлд 50-60-аад онд Дорнодод үйлдвэр бааз олноор байгуулагдахад  олон хүн ажилчнаар элсэн очоод хоёр гурван үеэрээ тэнд суурьшин суусан, малчид “Мал сүрэглэх бааз” гэдгээр Дорнодын мах комбинат руу мал тууж, Сүхбаатарын залуус цэрэг цуух, сургууль соёл гээд тийшээ,  Дорнодынхон болохоор худ ураг, үзэсгэлэнт байгаль, хиль боомт, ачаа тээвэр, бараа таваар гээд ийшээ зорчицгоодог, тэр ч байтугай, 90-ээд оны үед бол  Дорнодын зарим наймаачид “Роял” спирт, хятад цагаан будаа гэхчилэн зөөж  явсан ч удаатай энэ их зам  8-10 давхар, зэрэгцэн гарч, хотос гүдэс нь ялгарахааргүй улаан халзан зам болсон билээ.  Хуучин замынх нь  зарим шон юутай ч бат бөх суулгагдсан юм бэ гэмээр, огтхон ч хэлтийгээгүй байх агаад мал шөргөөсөөр  талаасаа доош тос даасан хүрэн өнгөтөй,  алаг гэмээр шон болчихоод, дэржигнүүр үүссэн замуудыг орхисоор дээд талаар нь гаргасан хамгийн шинэ урсгалыг  тэмдэглэн босгосон шинэ шонтой хараа бараагаа авалцан гозойж байх юм. Гялалзсан тэмдэглэгээтэй залуу шон, хуучин бор шон хоёр өнөөдөр харагдах байдал нь өөр болсон боловч  ерөнхийдөө Дорнодын их зам мөн шүү гэдгийг аль аль нь батлах мэт, хамгийн гол нь цаг хугацааны  хөгшин залуу хоёр гэрч болон зогсож байна.

 Аав Жамсран маань аймгийн автотээврийн 12-р баазад  бинзений цистерн буюу албаны хэлээр бол шатахуун зөөгч автомашин нэг хэсэг барьдаг байлаа. Дорнод руу  бинзенд явахдаа хоёр гурван удаа  намайг авч явсан сан. “90-ийн худаг”, “Мөгдөгийн антен” “Буян-Овоо” “Шаваржаргалант” гэдэг газрын нэрүүд одоо ч миний цээжинд байна. Дорнодод очоод “Модон гүүрний”, “Дэгтийн” ч гэл үү орос дэлгүүрт орох завшаан горьдож баахан зогссон аав хүү хоёр, харин буцахдаа Хундарын орос дэлгүүрт /мухлаг л даа/ орж чадаад бөөн баяр ирж билээ.

    Нэг удаа машин эвдрээд аав бид хоёр алхсаар байгаад  Буян-Овоо гэдэг газар хүрч “утасны Гомоо” гэдэг айлаас аймаг руу утсаар ярьж, баазаас нь сэлбэг ирснийг санаж байна. Бас нэг удаа калибрийн хайрцаг сумтайгаар, аавыг цааш явахад нь Балим яргайт гэдэг газар бууж үлдлээ. Ухаандаа аав минь намайг эр хүн буу буудаж сураг... гэж бодсон байх. Тэнд  манай аймгийн  анчид тарваганы арьсны гэрээ хийгээд отог гардаг байж. Аав намайг анчид дээр үлдээгээгүй / төлөвлөгөө гэрээтэй тэр  улс, надтай манатай байх гэж бодсон биз/, харин тууварчид дээр үлдээсэн, азаар тууварчны нэг нь калибрьтай байсан боловч  би  тарваганд гүйж мэдэхгүй, сахиж хэвтэхээрээ унтчихаад, аргаа барахдаа эхлээд хонины эрүүний яс газарт зоогоод, сүүлдээ шүдэнзний хайрцаг тавьж бай бууддаг болоод хоёр хоногт 50 сумаар гайгүй сайн сургууль хийгээд ирж билээ. Тэр үед тарвага гэдэг ёстой л “цайны цагаан будаа шиг” л элбэг байж билээ...

Би хэзээ хойно хүртэл Балим яргайт гэж нэг л газар байдаг гэж бодсоор явсан юмдаг. 90-оны эхээр Дорнодод “Үнэн” сонины сурвалжлагчаар ажиллаж байсан Ишийн Батсүх ахтай хоёул Матад сумаар сурвалжлагаар явж байтал мань хүн хоёулаа СБ орчих уу? гэж байна. Уухайн тас... Батсүх ах зам мэднэ гэж учиргүй,  аймаг орох  төв замаар нэг хэсэг явж байгаад баруун салаад  Балим, бас Яргайтаар орно, тэнд манайхны тарвагачид байгаа, тэндээс тарвага агналтын явцын мэдээ бичвэл сонин шүү дээ гээд...

Замд тарвага ч гэж зөндөө. Батсүх гуай:- Аймаг дээр хэдэн муусайн дүү нар маань байгаа, тэдэнд  хоёр тарвага аваачиж өгнө, танай аав ээж  тарвага иддэг байлгүй, тэдэнд хоёрыг, ингээд дөрвөн тарвага  “шалбалах” хэрэг гарч байна даа...хэмээн надтай, эсвэл өөртэйгөө ярьж байгаа нь мэдэгдэхгүй хэлээд, аранз үүргэвчнээс малгай, сүүл, даллуур гаргаж бариад, дөрвөн сум  бууныхаа дайзанд шургуулчихаад гүйгээд явчихав. Төд удалгүй даллаж байна. Дорнодын баазаас дуудлагын 69 унаж явсан юм, жолооч бид хоёр давхиад очлоо. Гурван бүдүүн бурхи унагажээ. Үлдсэн нэг сумаа амандаа  зуучихсан машинд орж ирснээ  буцаагаад дайзанд нь хийж байна. Тэгээд:-Та хоёр тарвага нардуулна гэдгийг мэдэх үү? гэнэ. –Ёстой үзээгүй гэвэл, за хөдөлье, энүүхэнд нэг тойруу дээр очоодхоё гэлээ.  Жаахан явтал зогсоогоод, -Машинаасаа буулгүй байж бай, сонирхвол дурангаар  хараарай... гээд буугаад явлаа. Дурандлаа. Сайн ч дуран юм, ёстой л нүдэн дээр аваад ирж байна. Анчин маань тарваганыхаа наран талд нь гарчихаад дөхөөд байна, нөгөө тарвага  нүд нь гялбаад байгаа бололтой, хошгироод загнаад байгаа дуулдана. Сүүлдээ оройн жаргаж байгаа нарны ташууд сүүдэр уртасдаг хойно хүний сүүдэр утасны шонгийн мод шиг сунаад тарваган дээр тусчих гээд байгаа бололтой, тонгойж байгаа харагдлаа. Төд удалгүй  тарвагаа бариад ирсэн.  Тэндээс хөдлөөд явж байхдаа би олон зүйлийг бодлоо.  Балим, Яргайт гэдэг хоёр тусдаа газар  болохыг, тарвага нардуулах гэдэг сайн сурсан хүний сонин арга байдгийг мэдэж авлаа. Бас нэг бодол ухаарал төрсөн юм даг. Би Батсүх гуайн оронд байсан бол хайрцаг сумаа бүгдийг нь аваад бууна, онож байвал хөөрч онгироод баахан буудаж, хэрэгцээнээс илүү олон тарвага хядах байсан ч байж магад гэж бодож,  анчин хүн нэг сумаар нэг тарвага агнах чадварт суралцах хэрэгтэй юм байна гэж ухаарсан бөлгөө.

Хярын хашаатад өнгөрүүлсэн бага нас буюу хожим очиж хоносон шөнө

   ... Та бид нар  ер нь дандаа Сүхбаатар сумын нутгаар явах юмаа. Манай  сум бол аймагтаа хамгийн  том нутагтай  сумын нэгэнд орох байх шүү. Тахилгат Өндөр тэр байна. Хэдэн зээр явж байгаа нь бол Шар хавцал, тэгээд Улаан хавцал.

      -Одоо ингээд Амгалангийн тариа руу орлоо. Тэр Баян Хундар харагдаж байна.

      -Түрүүн  өнгөрдөг, дээрээ айхтар том антен ч юм уу юмтай чинь?  

      -Тэрийг Их Өлгий гэдэг юм. Зүүн тарианы үтрэмийн суурийг та харж байна уу?

      -Харалгүй яахав, энд тариа ногоо тариагүй их удаж байгаа байгаа юм бишүү, бүүр атаршаад, машин далдрахаар зэрлэг, хогийн ургамалд бариулчихаж...

      -Хэлээд юүхэв, ах минь... Балим уул энэ байна.  Яргайт нь Балимынхаа дэргэдүүр гараад их  гоё харагдана. Балимаас цаашаа 30 км.  

       - Сүхбаатар, Дорнод хоёр хаагуур хиллэж байгаа вэ?

        -Хундарын араар, бас Яргайтын ард Таван толгой,  тэгээд хуучин хадланд гардаг байсан Баянцагаан талын  хойд хэсгээр Дорнодын Хөлөнбуйрын нутаг залгадаг юм.

      -Энэ тариан талбайнууд 90-ээд хойноос хойш эзэнгүй хаягдсан уу?

      -Тиймээ. Баруун тариан дээр жаахан тарьж байгаа байх.  Яг уулын хяр дээр салхидаж зогсоо олон адуу шиг чулуунуудыг  хар даа... Адуунчулуун гэдэг нэртэй газар. Энд Салхитын  ТАА-н амралтын газар байсан юм, манай ангийнхан 10 төгсөлтийн банкетаа энд хийж байлаа, хэ хэ...

    -Энэ толгойн цаад талыг Хоньт бор өндөр гэдэг. Зүүн хойд руугаа Үе цэгээний тал гэж байгаа. Үе цэгээний нуур ч гэж байгаа. Маргааш Цогбадрахын хийдийн туурь дээр очно...  Ийнхүү бага залуудаа сонсож байсан ганц нэгхэн, харин анх удаагаа дуулж харж байгаа олон газар усны нэр хөвөрсөөр байлаа.

      ...Зам зуур үзэж харах газар орон, сэргээж ярилцах дурсамж олон байсан болохоор, бас бичлэг хийх, гар утсан дээр ч болов зураг авах гэж бууж суусаар нар оруулчихлаа. Үдшийн бүрий, харанхуйн заагаар  давхисаар Цамба маань нэг уулын баруун сугаар тойрон ороод  бэл хормой руу нь  нь өгслөө. Гэрлийн үзүүрт  ямар нэгэн товцог талбай шиг,  өвс халиурсан  багахан газар үзэгдэв. Машинаас буухад агь, ганга, бас ямар нэгэн өвсний аядуухан үнэр сэвшээ зөөлөн салхитай, цэнгэг агаартай  найралдан анхилж угтав.

   Машины гэрэл тусгаад майхан барьж байх зуурт Цамба  дурсамжаа ярилаа.

   ...Энэ бол Хавчиг хашаат гэдэг нэртэй газар байгаа юм. Муу аав минь энд  газар сонгоод, манайх  хэдэн жил дараалан намартаа, тарваганы арьс бэлтгэх гэрээтэй аймгаас гарч ирдэг байлаа. Яг гэр барьдаг байсан бууринд майхнаа босголоо, сайхан байнаа.

     Энэ товцог дээр анх гэр барихад  аавын дүү, Улсын начин Дашдаваа   ямар хачин товцог шиг юм сонгоо вэ  гэхэд аав, энэ урд уулын ар дээр буусан  ус доош буухдаа манай хоёр хажуугаар урсаад өнгөрөх юм, түүнийг нь бодолцлоо гэжээ. Дараа жил нь айхтар үер буухад манай энэ газар жижигхэн сал завь шиг усанд огт оролгүй үлдэж билээ. Манай аав ер нь нэлээд ажигч гярхай хүн байсан юм л даа гэв. Майхнуудаа босгож дуусгаад машины гэрлүүдийг унтраахад ялаа шумуул ч нам жим болж, чийгний сайхан үнэр ойрхноос гарч унтаж амрахыг урих мэт боллоо.

     ... Өглөө нарны туяанаар сэрээд майхны амаар мөлхөн гарвал гарын алганд өвсний шүүдэр хүйт оргиулан норгомогц нь рашааны зэрэгт бодож нүүр нүдээ арчлаа.  Цамба  маань  хэдийнээ босоод майхныхаа гадаа эвхдэг сандал тавьчихсан, нар луу хараад сууж байна. Түүнийг сүүлийн хэд хоног, бүр олон хоногийн турш цөөхөн цаг унтаж  явааг нь мэдэх тул  –За ямархан унтав даа? гэхэд: -Ёстой нам унтжээ, ах минь...Би үнэхээр их ядарсан юм байна гэдгээ энд л мэдлээ, тэгээд “цэнэг авч” байна. Эргээд жаахан хэвтэнэ ээ гэв. Түүний үг боловсон харьцааны жижүүрийн үг байгаагүй, жинхэнэ үнэн сэтгэгдлээ хуваалцсан хэрэг байлаа.

     Цамбыг майхандаа буцаад орохоор нь би амихандаа хөл шуугиан болгохгүйг хичээн зураглаач залуугаа дагуулан баруун талын өндөр лүү явсан боловч төд удалгүй тэрээр   хэдэн шавь хүүхдүүдээ дагуулаад хүрээд ирэв. –Унтаж амрахгүй яав аа? гэсэн чинь аймаг, хотод ч эрт босдог хүн хөдөөгийн энэ сайханд үргэлжлүүлэн унтана гэж худлаа юм байнаа, уншлага номоо уншия даа гэлээ.  Тэд тойрч суугаад  маань ерөөл уншиж эхэллээ.

      “Чонын татаал”-ын цэнгэг ус болоод ариун номын сан сэржим

     Доош буух зам маань  өнгийн цэцэг, эмийн ургамал судлах бяцхан аялал болж хувирлаа.  

- Энэ цоор уу?

-Биш, Энэ шорной. Их бүдүүн ургадаг, түлэхэд  илчтэй. Цайг бол дор нь пурхийлгэнэ. Хийдийнхээ хэрэгцээнд зориулж энд  сайхан ургаад байгаа агь, ганга, сөд, гишүүнэ, чихэр өвснөөс, бас та бидний сайн мэдэх “тэмээн хөх” жаахан түүнэ.

-“Тэмээн хөх” юунд  хэрэгтэй гэж ?

-Бумбанд ордог юм. Энэ нь эд баялаг татдаг гэгддэг  ургамал... “Далан түрүү” гэдэг ургамал их байна.  Ямар ч шарханд их сайн гэдэг болохоор хонь мал боохойд уруулсан тохиолдолд  “далан түрүү”-г  сүүнд дэвтээгээд тавьж ороодог байсан гэж ярьдаг.

 -Энд бас шашны зан үйл, жинсрэг цутгахад хэрэглэдэг нэгэн төрлийн үет ургамал байна, бас нэг сайхан ногоон  навчтай ургамлын нэрийг нь мэдэхгүй юм, аймагт очиж байгаад Ургамлын тайлбар толиноосоо харна аа даа. Би нэг тийм ном олж авсан, тэрнийхээ хүчинд эмийн ургамал гайгүй таньдаг болоод байгаа...

    Ийнхүү ярьсаар Цамбаа биднийг майхан байгаагийн  ердөө ар дор, ямар нэгэн судаг жалга шиг, эсвэл хуурай сайр шиг тогтоцтой газарт дагуулан аваачлаа. Тэнд борооноос тогтсон хэсэг ус байна. Хоёр шавийгаа явуулж хүрз авчруулаад тогтоол уснаас зайдуу нэгэн сайран дээр хүрзээр гишгэж тэмдэг тавьж өгөөд ухуулж эхэллээ. -Энд  “Чонын татаал” гэдэг байсан юмаа...гэж байна.

   Тэрээр 1990 оноос хойш энэ нутаг орноороо ингэж тавтай явж чадаагүй, 98 онд л нэг удаа түргэхэн шиг ирээд явсан гэнэ. Эндээс тэдний гэрийн буурь байсан товцог дээр бидний барьж хоносон гурван майхан өнгө алаглан үзэгдэх нь түүнд багын дурсамжийг нь сэргээж өгч буй бололтой.

    - Манайхыг энд буусны дараа жил билүү дээ, их бороо үер гэнэт  буугаад энэ гол дүүрчихсэн, тэр чулууны тэрүүгээр ус нэлийж гарч  ирээд, тэгсэн байтлаа гэрт хүрэхгүй доош урсаад өнгөрч билээ. Тэгэхэд  би аавыг үнэхээр сайн тооцоолдог юм байна даа  гэж бодож байсан. Дашдаваа ах болохоор гэрийг маань арай сэлүүхэнд бариулах гээд байж. Дараа нь аав Дашдаваа ахад тэр үерийн усыг  харуулаад “чиний хэлсэн газарт  барьсан бол яах байсан байна? гэхэд –Нээрээ, тийм байна гэж байсан даа.

    ...Би ямар нэгэн номноос,  төөрч ядарсан хүн “чонын татаал” олж малтаад устай залгаж амь гарч байгаа тухай уншиж байсаа санаад учрыг нь мэдэх гэж яарлаа. -Чоно ус амархан гарах газрыг мэддэг, тэгээд сарвуугаараа малтаж ус  уучихаад яваад өгдөг гэсэн, тэрийг хэлээд байна уу? Хэр зэрэг гүнзгий ухуулах бол?

     -Чоно ус уучихаад явахдаа буцааж булдаг байсан гэдэг. Бидний багад бол  хүрзээр хоёр гишгээд,  дорхноо л  ус гардаг байсан юмсан...Ус гайгүй гарна гэдгийг анддаггүй шигээ, булахгүй бол хатаж ширгэнэ гэдгийг ч мэддэг байж, тэгэхээр чоно зарим хүмүүсээс дээр л ухамсартай байж дээ, хэ хэ

     Анх энд буучихаад Цамбын ээж:- урсгал уснаас нь уух уу, цүнхээлээс уух юм уу гэж   ааваас нь асуухад аав нь:- “чонын татаал” гарах юм байна гэж би ажигласан, тэндээс л амны ус гаргаж авна даа...гэжээ. Ингээд нөгөөх худаг малтахад гарсан яриа шиг бие биенээ цаашлуулж байгаад эцэст нь Намсрай гуай:-За би мэдэх юмаа нэг мэдчихье, хө... гэчихээд  энд хүрч ирээд хүрзээр хоёр гишгэхэд л ус гарч...-За наадхаа уугаад үз гэхэд, эхнэр нь:- Хөөх,  энэ  чинь их сайн ус байна гэсэн гэнэ билээ. Түүнээс хойш 10 гаруй жил энд тарвагачилхаар ирэхдээ урд товцог дээр буугаад, “чонын татаал”-аа малтаж ус гарахаар нь ханыг нь нураахгүй, урь усанд авахуулахгүй гэж  цайны авдар суулгаж хамгаалаад, дотор нь дүүрсэн уснаас авч хэрэглэдэг, харин явахдаа цайны авдраа сугалж аваад л булчихдаг болжээ.

   Чоно хэдийхэн гүн малтах  вэ дээ, хоёр төө л биз, харин хүн бол хоёр хүрз гишгээд  л амны ус авчихна. Гэсэн атлаа ундарга сүрхий, цайран шанагаар дүүрэн утгаж  хоёр 40-ийн бетоноор   авахад дундардаггүй байж. Харин 30  жилийн дараа малтахад   ус их доошлов уу, энэ хөрс зузаарч  дээшлэв үү, нэг метр хэртэй ухуулж байж ус гарлаа. Эхлээд нэлээд тоорогтой байж байгаад 10 минут хүлээгээд аягаар утгаж авахад тунгалагшиж саруулсаад, рашаан гэмээр ус болох нь гайхалтай.

   Цамба лам, хэдэн шавь нартайгаа  ус лус, уул хангайг аргадан сан  сэржим өргөлөө. Олон жил энд нутаглаж хог новш тарьсан бол, буруу зөрүү үг ярьж байсан бол, ан амьтны мах гаргаж ойр орчим хаяж бузарлаж байсан бол өршөөж хайрла хэмээж, нөгөө талаар ус булаг нь өдий олон жил ариун усаараа ундаалж байгаад нь талархсан ном уншина гэж өмнө нь тайлбарлаж хэлсэн болохоор тэдний ном буянд туйлаас анхааран даган баясаж суулаа.

         Авралт  багш, дээдэс, лам гурван эрдэнэ

         Ачит идам, номыг тэтгэгч сахиуснууд

         Алимад энэ орны тэнгэр, лус савдагуудад

        Ариун тахилын идээг дээдлэн өргөе, болгоон соёрх...

     Ийм утга төгс номын мөрүүд чихнээ сонсголонтойяа хөврөх зуурт тэртээ зүүн урд талд, алдарт Үе цэгээний тал цайраад, Цог бадрахын овоо тэмдэгтэн тодроод, түүнээс залгаад Баянцагаан тал үргэлжлэн, хойд хэсгээр нь Дөрөөгийн цагаан овоо, дахин  цаашлаад  Баянхан уул, эргээд арай  зүүгээр үргэлжлэх олон уул толгодын оргил нь болох  Баян Хундар гээд нэрийг нь сонсож дуулснаа батлан нэг санууштай, үр хүүхэд, залуу үедээ амны уншлага болгон цээжлүүлэх учиртай, бадрангуй сайхан ус нутаг нэг харахнаа алтран шаргалтаж, нэг харахнаа хөхрөн униартаж үзэгдвэй... 

 

 Олон хүүхэдтэй эцгийн амьдрал хийгээд хангай дэлхийн хишиг буян

    Тоотой, гэрээтэй хэдэн тарвага агнаж ангийн үс, тосны аймаг орны төлөвлөгөөнөөс хороолцох гэж, хөвгүүд голдуу хэдэн хүүхдийнхээ бор ходоодыг  тарваганы махаар божийлгох гэж, бас хажуугаар нь амьтан ах дүүд амсуулж хүртээх гэж Намсрай жолооч энэ нутагт хэдэн жил дараалан ирж намаржижээ. Өөрөө тарваганд гүйхээс илүүтэй, өнгийж буудахыг голлох тул жигдхэн олон сэрвэнтэй энэ газрыг сонгосон гэдэг.

    Бас нэг учир байдаг нь, анхны жилээ Хярын хашаат гэдэг газар нэг гөрөөчинтэй хамт гарч. Цаадах нь гөрөөчин гэхэд хэцүүхэн  хүн таараад, 100 хавхыг хаа сайгүй зүүгээд  өдөрт мөндөл, нагай, хотил, бурхи ялгалгүй 40-50-аар нь шуддаг, тэгээд ч зогсохгүй хавханд орсон тарвагыг дошин дээр нь өвчиж арьсыг нь авлаа л бол махыг нь буцаагаад нүх рүү нь чихээд хаячихдаг бузартай “амьтан”  байжээ. Хойтон намар нь нөгөө хүнээсээ зугатаж Хавчиг хашаатад иржээ. Цаадах нь хойноос нь даган ирж буухад Бор Намсрай гуай насандаа байгаагүйгээр айхтар уурлаж, хөөгөөд явуулсан гэдэг.

    Намсрай гуай өглөө босоод  тарваганд явахдаа ихэд залбирч суудаг. -Энэ олон хүүхдийг гэдэс цатгалан, мөр бүтэн явуулах гэж л ингэж ан гөрөөнд явж байнаа,  аварч болгоо, буян хишгээ хайрлана уу... гэж амандаа хэлж байх нь  сонсогддог байжээ. .

  Сүүлдээ хэдэн хүүхдүүд нь гайгүй бууддаг болов. Хамгийн сайн анчин нь том хүү Лхагвасүрэн нь / сүүлд  Москвагийн радиогийн нэвтрүүлэгч болсон/ байлаа.  Түүний буудсан тарвагыг  хоёр хүн морьтой  явж цуглуулна. Цамбаа мэтийн бага дүү нар нь тарваганы арьс дэлгэх л үүрэгтэй. Сүүлдээ  Лхагвасайхан / одоо Цагдаагийн хурандаа/ Лхагвабаатар нар нь сүрхий буудаж эхэлжээ.

- Ийм нүх юуны нүх вэ?

-Энэ тарваганы муу нүх.

-Энд тарвага тавивал үржих байхдаа?

-Үржихээр барах уу...Ер нь тарвага үржихдээ амархан амьтан шүү дээ.  Бид хоёрын яриа үүнээс цаашлаад газар усны нэр лүү шилжлээ.

    Цамба:- Манай аав чинь их дуу цөөтэй  атлаа хүүхдүүдээ дагуулж явахдаа газрын нэрийг  байнга хэлж өгнө. Манай талийгаач ах бол дов толгодыг хүртэл нэрлэж сурсан, ой сайтай байж. Харин манай зарим ах дүү нар бол бүр байхгүй, би яаж мэдэхийн, яршиг гэнэ. Энэ их буруу юм билээ шүү...

   Би:-  Уужим хөндийгөөр давхиж явахад жижиг толгой, эрэг хошуунууд байдаг даа,  тэрийг тойроод эргэмэгц л тэнд айл гэрүүд гараад ирэх гэж байгаа юм шиг,   тэнд олон сайхан хүмүүстэй   уулзах ч юм шиг санагдаад байдаг юм. Та тэгдэг үү?

   Цамба:- Тэгэлгүй яахав.     

    ...Бид майхан саваа хураагаад Талбулаг орохоор замд гарлаа. Цогбадрахын хийдийн туурь орно, Мангиртын амаар дамжаад,  Наран, Сарангийн   уул хүрнэ, тэгээд буцаад Наран, Сарангийн талаар давхина. Замдаа Бишрэлтийн булаг, Яргайтын булгийн уснаас амсана, Улаан нуурын хөвөөнд очно,  Бишрэлт овоо, Яргайт хайрханд бараалхана гэж  төлөвлөсөн учир өчигдрийнхөөс ч шахуухан явах хэрэгтэй болж байгаа билээ. Энэ олон нэрийг мартчихгүй л юмсан, ийм сайхан дүр төрхийг мөнхөд хадгалах юмсан...

   Монголчууд бид “дотоодын аялал жуулчлалыг дэмжинэ” гэдэг уриаг сүрхий хэрэгжүүлж байгаа, харин би бол үүнийг улам нарийсгаад аймаг, сум, баг бригадынхаа нутгаар, өссөн төрсөн газраараа дахин нэг явах, уярал, ухаарлын аялал   хийж, бага цалгар насандаа олж хараагүй чухал сайхныг нь дахин нэг олж нээх,  сэтгэлийн гүн дэхь дурсамжийн “алтан худгаа” малтахыг уриалж байна.