Б.ДОЛЖИНЖАВ

Монгол ноолуурыг дэлхийн зэх зээлд гаргах боломжийн талаар “Үлэмж кашимер” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Сосордуламтай ярилцлаа.

-“Үлэмж кашимер” бол ноолуурын чиглэлийн тэргүүлэх компаниудын нэг. Тун удахгүй 25 жилийн ой нь тохионо. Компаниа анх байгуулж байх үед Монголын ноолуурын зах зээл ямар байсан бэ?
-Манайх ноос ноолуур бэлтгэн нийлүүлэх, боловсруулах салбарт 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж буй үндэсний ууган компаниудын нэг юм. Анх 1995 онд байгуулагдаж, 2000 оноос эрчимтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2025 онд манай байгууллагын 25 жилийн түүхт ой тохиох гэж байна. Байгуулагдсанаасаа хойш 21 аймагт өөрийн гэсэн бие төлөөлөгчийн газартай болоход хугацаа их зарцуулсан ч одоо харахад үр өгөөжөө өгсөн ажил болжээ гэж бодож байна.Зах зээл шилжилтийн үед бид ноолуурын тухай нарийн сайн мэдлэггүй байснаас монгол ноолуурын үнэлэмж дэлхийн зах зээл дээр маш доогуур байлаа.Ноолуур нь манай улсын баялаг төдийгүй үр хойч үедээ үлдээх үнэт өвийн нэг учраас монгол хүн бүр үүнд өөрийн хувь нэмрээ оруулах нь зүйтэй юм байна гэж үзээд анх энэ бизнесээ эхлүүлэхээр зориглож, өдий хүртэл хүчин зүтгэж байна.Ноолуурыг нийслэлийн ойроос бус хөдөө орон нутгийн хоршоод болон малчдын хотноос авдаг. Энэ нь малчидтай хамтран ажиллах, санал бодлыг нь сонсох, цаг үеийн мэдрэмж, хугацаа шаарддаг ажил юм. Ноолуурын салбарт дагнан 20 гаруй жил ажиллахдаа аль аймаг ямар үүлдвэрийн ноолуурын ямаатай, хэр зэрэг гарцтай, ямар өнгө, урт бүхий микронтой эсэх гээд салбарынхаа онцлог ноу хауг мэргэжилтний түвшинд хүрэхүйц мэддэг болсны хувьд хамгийн шилдэг чанартай ноолуурыг сонгон 21 аймгийн нийлүүлэлтийн сүлжээгээрээ бэлтгэж, боловсруулалт хийн дотоод болон гадаад зах зээлд тогтвортой нийлүүлсээр ирлээ. 

-Ноолуурын чанар аймаг бүрт өөр байдаг. Үүнд юу нөлөөлдөг юм бэ?
-Ноолуурын чанар нь тухайн жилийн өвөлжилт, зуншилт хэр байснаас их шалтгаалдаг. Тухайлбал, Баянхонгор, Завхан аймгийн ноолуурыг 1990-ээд оны сүүлээр сайн гэж ярьдаг байсан бол 2021 онд цаг агаар, бэлчээр гээд байгаль цаг уураас шалтгаалж, урьдын хэвшмэл ойлголтууд өөрчлөгдсөөр байна. Монгол ноолуурын чанар нь бэлчээр,цаг уураа даган хувьсаж өөрчлөгддөг учраас бид өөрийн баталгаажсан лабораторитоо аймаг, сум, хоршоодынхоо хамгийн сайн чанарын гарцтай ноолуурыг дээжлэн авч шинжилж, түүхий эд материалаа худалдан авах газраа сонгодог. Тиймээс манай баг, хамт олон боловсруулсан бүтээгдэхүүн буюу угаасан самнасан ноолуурынхаа чанар стандартдаа итгэлтэй байдаг. Сайн чанарын түүхий эд, ноолуур зөвхөн монгол, ӨМӨЗО-д байдаг. Тиймээс дэлхийн зах зээлд Монгол ноолуурын нэр хүндийг улам өсгөхийг хичээн ажиллаж, чанар стандартын шаардлагыг хангасан, дээд зэргийн чанартай ноолуурыг бэлтгэн нийлүүлэх өндөр хариуцлагатай ажил хийдэг. Бүтээгдэхүүнээ экспортлоё гээд л болчихдог бус маш өндөр чанарын үзүүлэлт, стандартуудыг мөрдөн ажиллаж, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлсны үндсэнд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг олон улсын экспортын зах зээлд манай баг, хамт олон санал болгож, борлуулдаг.Үйлдвэрлэлийн хувьд технологич, чанар шалгагч гээд олон ажилтны хөлс хөдөлмөр шингэсэн, цаг хугацаа шаардсан багийн ажил байдаг.

-Танай компани 21 аймгийн малчдаас ноолуур худалдан авч дэлхийн зах зээлд борлуулдаг. Гадаад руу ноолуур экспортлоход ямар шалгуур тавьдаг вэ?
-Манай компани бүтээгдэхүүнээ экспортлоход 2008 оноос хойш их анхаарч ажилласан.Үүний үр дүнд Энэтхэг, Итали,Хятад, ХонгКонг, Швейцар гэсэн оронд агаарын болон усан замаар самнасан, угаасан ноолуураа тогтмол  экспортолж байна. Ингэснээр тодорхой хэмжээний экспортын туршлага ч хуримтлуулсаар байна. Монгол ноолуур нь олон улсад тавьж буй чанарын стандартуудыг сайн хангаж чадвал дэлхийн аль ч брэндтэй өрсөлдөх боломжтой. Ноолуур болгон чанарын стандартад тэнцдэггүй. Харин ноолуурын өнгө,гарц,микрон,урт мөн чийг гээд энэ бүх үзүүлэлт бүх стандартыг хангасан ноолуур л зөвхөн экспортын шаардлагад тэнцдэг.Ноолуурыг хэдэн сард самнасан, үнэ ханшийн хэлбэлзэл гээд анхан шатны бүх чанарын стандартыг тавьж худалдан авдаг. Мөн дэлхийн зах зээлийн чиг хандлага, боловсруулсан бүтээгдэхүүний хэрэгцээ, үнэ ханш ямар байгаа эсэхийг сайн тооцоолон, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр худалдан авдаг. Үүнээс гадна аль аймгийн, аль сумын малчны хот, хоршоодоос авахаа шийдэхээс эхлээд сав баглаа боодлын стандарт, тээврийн явцын битүүмжлэлийн стандарт, үйлдвэрлэлийн чанарын стандарт, ямар мэргэжилтэн хүний нөөц хэрэгтэй байх гээд олон чанарын шаардлага, стандартуудыг мөрдөж ажилладаг. Ер нь бол анх хог шороо тоосыг нь цэвэрлэхээс эхлээд цэвэрлэхдээ химийн найрлагагүй саван, угаалгын бодис хэрэглэх, хэдэн удаа угаах, хоёр цаг тутамд лабораторит чийгийг нь хянах  гээд үйл явцын алхам бүрийг л баталгаажсан лабораториор хянаснаар самнах үйлдвэрт ноолуур маань боловсруулагдан гардаг. Ингэж байж л дэлхийн стандартад нийцсэн дээд зэргийн ноолуурыг бид экспортод гаргахад бэлддэг. 

-Олон улсад ноолууран бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж 2021-2028 онд салбарын орлого дөрөв орчим хувиар өснө гэж таамаглаж байна. Танай компанийн хувьд нийлүүлэлтээ сайжруулахад хэрхэн анхаарч байгаа вэ?
-Цар тахлаас үүдэн дэлхийн зах зээлийн чиг хандлага өөрчлөгдөж байна. Байгальд болон эрүүл мэндэд ээлтэйтогтвортой үйл ажиллагаа явуулах нь дэлхийн ноолуурын болон бусад салбарын хувьд гол зорилгоболоод байна.Өмнө нь зөвхөн гадна талын харагдац, загвар дизайнд нь түлхүү анхаардаг байсан бол одоо тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл,чанарт илүү анхаарах болжээ. Үүнээс улбаалж ноолуурын зах зээл дэх хандлага, эрэлт хэрэгцээжил ирэх тусам улам бүр өсөжбайнагэж дүгнэж хэлэхэд болно. Ноолуур нь байгальд ээлтэй, халуунд хүйтэн, сэрүүнд дулаанаа барьж чаддаг уян хатан, биед эвтэй, тааламжтай, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн юм. Тиймээс дэлхийн зах зээлд хурдан танигдаж,эрэлт өндөр байдаг. Энэ салбарт ажиллаж буй олон хүний гар бие, сэтгэл, хүчин чармайлтын үр дүнд монгол ноолуур улам чанаржиж, үнэ нь ч тогтвортой болсноор дэлхийн зах зээлд эрэлттэй түүхий эдийн нэг болж чадсан гэж хэлэхэд таатай байна.Дотоодын үндэсний үйлдвэрүүд байхгүй байсан бол энэ салбар өдий зэрэгт хүртэл хөгжихгүй байлаа.

-Ноолуурыг дэлхийн зах зээлд гаргахад та бүхэнд ямар асуудал тулгардаг вэ?
-Манай улсад түүхий эдийн нөөц бололцоо хангалттай байна.Энэ бол бидний хувьд том боломж. Салбар хөгжиж буй энэ үед Засгийн газраас урт хугацаатай, хүү багатай зээлийг олгоход анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Арилжааны зориулалттай 25 хувийн хүүтэй зээлийг өнгөрсөн 10 гаруй жил ашигласан. Гэвч энэ зээл манай салбарт хүнд тусдаг.Нэг жилийн дотор ашгаа хүртэж, зээлээ төлнө гэдэг боломжгүй ч бид 20 гаруй жил энэ хүнд ачааг үүрчявна. Харин сүүлийн таван жил Засгийн газрын бодлогоор дэмжиж, хөрөнгө мөнгөний тусламж үзүүлж буйд баяртай байдаг.Энэ боломжийг бид чадварлаг хүний нөөцөөр ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын гарцыг өсгөх гэх мэт үр ашигтайгаар  ашиглахыг зорьдог.

-Ноолуурыг олон улсад нийлүүлэх тусмаа үнэ нэмэгдэж, малчдын амьжиргаа сайжирна гэж харж байна. Ер нь ноолуурын ханшийг хэрхэн тогтоодог вэ?
-Дэлхийн зах зээлийн ноолууран бүтээгдэхүүний өмнө жилийн үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээ, борлуулалт, боловсруулсан бүтээгдэхүүний үлдэгдэл нөөцөөс хамаарч брэндүүд,дэлхийн ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгч үйлдвэрлэгч компаниуд болон БНХАУ, Монголын зах зээлийн эрэлт хэрэгцээ харилцан хамааралтай холбоотойгоор тухайн жилийн түүхий ноолуурын үнэ тогтдог. Ноолуурын үнэөсөхөд үндэсний үйлдвэрүүдийн хувь нэмэр их байдаг.Ноолуур үнэтэй байх тусаммалчдын амьдралын чанар болон худалдан авах чадвар нь эрс нэмэгдэнэ.

-Ноолуурын салбар дахь тогтвортой байдал манай улсад ямар түвшинд байна?
-Тогтвортой байдал гэдэг бол нэгдүгээрт, бэлчээр, хоёрдугаарт, хүний нөөцийн асуудал байдаг. Малчид бэлчээрээ доройтуулалгүйгээр хуучны мал маллах ёс заншил, арга аргачилгааг тогтвортой байдлаар уламжлан хадгалж авч үлдэх нь мөн чухал байдаг.Монголд энэ салбарт оюун ухаан, хөлс хүчээ хурцалж буй бүх ААН, компани монгол ноолуурын үнэ цэнийг өсгөхийн тулд салбарын тогтвортой байдлыг хангаж салбараа улам хөгжүүлэе гэсэн зорилтыг өмнөө тавин хамтран ажиллаж байна. Одоо бодоход 1990-ээд оны үед бид ноолуурыг одоогийнх шигээ “Цагаан алт” хэмээн нэрийдэж, үнэ цэнийг нь төдийлөн сайн мэддэггүй байснаас их хэмжээний гарцын алдагдалтай, алдаа оноотой ажиллажээ. Одоо  ноолуурын үнэ цэн, чанарыг мэдэрч, нийгэм ч харьцангуй мэдлэг мэдээлэл сайтай болж. Монголын баялгийн нэг нь ноолуур гэдгийг хүлээн зөвшөөрдөг боллоо. Цаашдаа ноолуурын тогтвортой байдлыг бүрэн хангаж ажиллахад бэлчээрийн доройтол, цөлжилт, хүний нөөц, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлт гээд шийдвэрлэх олон асуудал тулгараад байна. Энэ бүгдийг хангаж ажиллаж байж салбар маань тогтвортой хөгжинө. Өнөөгийн байдлаар үндэсний үйлдвэрлэлүүд хэрхэн салбараа тогтвортой байлгах, улам сайн хөгжүүлэх вэ гэсэн сорилтыг даван туулахаар хамтдаа хичээн ажиллаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.19 МЯГМАР № 205 (6682)