С.САРУУЛ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хоёр гишүүнийг хассан талаар мэдээлэл өглөө. Бүлгийн дарга Д.Ганбат “АН-ын бүлгийн өнгөрөгч долоо хоногийн хурлаар УИХ-ын гишүүн Н.Ганибал бүлгийн дотоод зохион байгуулалтын талаар хэлэлцэх санал гаргасан. Энэ оны долдугаар сарын 5-нд АН-ын бүлэг Засгийн газартай хариуцлага тооцох шийдвэр гаргаж, үүнийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Засгийн газарт хариуцлага тооцохын тулд УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурдаг. Манай бүлэг 11 гишүүнтэй. Бидэнтэй хоёр гишүүн нэгдээд явж байсан. Гэвч бүлгийн гишүүдээс нэлээн хэд нь Засгийн газарт хариуцлага тооцох тухай албан бичигт гарын үсэг зураагүй. Гарын үсэг зурсан гишүүд маань энэ үйлдлээсээ буцаж байна. Янз бүрийн байдлаар АН-ын бүлэгт дарамт үзүүлж байна. 

Өнгөрсөн долоо хоногт шат шатны шүүхээс шийдвэр гарснаар Ардчилсан нам хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Намын зүгээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга надад чиглэл өгсөн. АН-ын Үндсэн дүрмийн хорооны аравдугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг үйл ажиллагаа явуулсан тул намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл оногдуулсан байна. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг явуулсан байгаа. Өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Туваан намаас хасагдсан. Нийт гурван гишүүн сахилгын шийтгэл авч, намаасаа хасагдаад байна. Ингэснээр Ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй боллоо" гэв.

Эх сурвалж: www.polit.mn