Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ даяар 33 мянган тохиолдол илэрч, 1002 хүн COVID-19 халдвараар нас барсан тухай тус улсын цар тахалтай тэмцэх төв бямба гарагт мэдээлэв.Энэ нь  халдвар тархаж эхэлсэн цагаас хойш нэг хоногийн дотор нас барсан хүний тоо анх удаа 1000 давсан тохиолдол юм.Тус улсад ням гарагийн байдлаар 7.9 сая хүн халдвар авч, 222 мянга гаруй хүн нас баржээ.
Тус улсын хүн амын гуравны нэг орчим нь  вакцинжуулалтад хамрагджээ.Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед ард иргэдэд вакцинжуулалтын ач холбогдлыг ойлгуулах нь нэн чухал байна. Вакцинаас татгалзах нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл юм. Үүнээс болж олон хүн амиа алдаж байна” гэв.
Мөн Шадар сайдын орлогч Татьяна Голикова “Сүүлийн саруудаас хамгийн олон хүнээ нэг өдөр халдварын улмаас алдлаа. Нас баралтаас сэргийлэх, өөрийгөө хамгаалах цор ганц арга нь вакцин гэдгийг хүн бүрт сануулмаар байна. Манай улсын баталсан Sputnik V, Sputnik Light, EpiVacCorona, CoviVac гэсэн дөрвөн вакцин халдварын эсрэг үр нөлөөтэй, аюулгүй гэдгийг дотоодод болон гадаадын орнууд нотолсон. ОХУ-ын иргэн бүрийг вакцинжуулах хэмжээний вакцины цэг манай улсад бий” гэж “Rossiya-24” телевизэд ярьжээ.
Харин ажиглагчид Оросын иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвх сул байгаа нь Спутник V вакцинд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зөвшөөрөл олгох үйл явц удааширсантай холбоотой гэж  дүгнэж байгаа.ОХУ-ын зарим иргэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн вакцин тариулахын тулд Серби улсыг зорьдог болжээ. Олон төрлийн вакцины хангалттай нөөцтэй болсон Серби улсын аялал жуулчлалын компаниуд Оросын жуулчдад “вакцины багц аялал”-ын үйлчилгээ үзүүлэх болсон байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.18 Даваа № 204 (6681)