Их говийн эрдэнэсийн түлхүүрийг атгасан геологич хос 

0
хуваалцах
567
үзсэн

Ч.ҮЛ-ОЛДОХ

Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжсөний 82 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. “Амьдралын тойрог” булан энэ удаа эх орны эрдэнэсийн сан, өмнийн говийн Оюу толгойн ордод мэдлэг, ур чадвараа сорин ажиллаж байгаа монгол геологичдын төлөөлөл Т.Отгонбаяр, А.Одончимэг нарыг хоймортоо урилаа. Оюутны ширээнд тохой нийлүүлж, амьдралын харгуйд заяагаа холбон нэг салбарт хамтдаа ажиллаж яваа хос Оюу толгой ордын анхны хайгуулаас эхлэн өнөөдрийг хүртэл 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд тэд тус ордын ашигт малтмалын нөөцийн тооцоолол, техник, эдийн засгийн судалгаа, уурхай-үйлдвэрийн бүтээн байгуулалт гээд бүх үе шатанд гар бие оролцож иржээ. Мөн Австралид мэргэжлээрээ ажиллаж байсан арвин туршлагатай мэргэжилтнүүд юм. Бид баасан гарагийн өглөө ярилцахаар цаг товлосон юм. Уурхайд өглөө цаг агаар, хөдөлмөрийн аюулгүй байдал гээд бүхий л мэдээллийг илтгэж, ажилчид хувцсаа тохируулж өмсөхөөс өгсүүлэн бэлтгэлээ хангаж ажилдаа гардаг ажээ. Энэ өдөр гэрийн эзэн Т.Отгонбаяр уурхай дээр ажилдаа гарах гэж байсан бол гэргий А.Одончимэг нь гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэнгээ, хүүгийнхээ хичээлийг давтуулж байв. Бид гурван газраас цахим орчинд “нүүр тулсан” ч нийтлэлийн баатрууд маань хөгжилтэй, нийтэч, яриа хөөрөө сайтай хүмүүс байлаа. 

 ЭРДМИЙН ӨРГӨӨНӨӨС ЭГЭЛ АМЬДРАЛЫН ЗАМД 

Т.Отгонбаяр, А.Одончимэг нар МУИС-ийн геологийн нэг ангийнхан. Т.Отгонбаяр найман хүүхэдтэй жирийн малчин айлын бага хүү, Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өсөж, 10 жилийн сургуулиа дүүргэжээ. Ирээдүйд эмч болно гэж боддог, хими, биологи зэрэг байгалийн ухааны хичээлүүдийг түлхүү сонирхдог байв. Хими биологийн улсын олимпиадад аймгаасаа хоёр ч удаа шалгарч, улсын уралдаанд оролцож байжээ. 1996 онд аравдугаар ангиа төгсөхөд нь ЭМШУИС-ийн хуваарь ирээгүй тул МУИС-ийн Байгалийн ухааны факультетыг сонгож, намар хичээл эхлэхэд Геологийн ангид оржээ. Геологийн шинжлэх ухаан дэлхийн үүсэл гарал, бүтэц, тогтцоос эхлээд тэдгээрийн хэрхэн яаж бий болсон үе шат бүхнээр нь танин мэддэг учраас олон төрлийн шинжлэх ухааны цогц нэгдэл байдаг. Нэг үгээр хэлбэл, бүхий л шинжлэх ухааны цогц төв нь геологи байдаг бөгөөд түүнийг сурахгүйгээр сайн геологич болно гэдэг учир дутагдалтай. Тэгвэл тэрхүү онол хөрсөн дээр буухдаа ашигт малтмалын ордыг олж илрүүлэх, улмаар олж тогтоосон нөөц нь шат дараатайгаар ашиглагдаад явж байгааг харах нь энэ мэргэжлийг эзэмшсэн хэнд ч бахдалтай, хийж бүтээснээсээ урам зориг авч урагшлах их хүч болдог хэмээн тэрээр ярьж байна. Харин А.Одончимэгийн хувьд Хөвсгөл аймгийн Тариалан суманд өсжээ. Дунд ангиас математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид элсэн орсон охин энэ чиглэлийн хичээлүүдэд амжилттай суралцаж, 10 дугаар ангиа төгсөөд МУИС-ийн Геологийн ангид элсэн оржээ. Аав нь механик инженер мэргэжилтэй, ээж нь барилгын салбарт ажиллаж байсан бөгөөд тэрбээр айлын зургаан хүүхдээс тав дахь нь юм. Ийнхүү 1996 оны намар МУИС-ийн хаалгыг зэрэг татаж, нэг мэргэжлээр сурч эхэлсэн тэд эрдмийн энэ л өргөөнд тохой нийлүүлэн хичээлдээ шамдсаар ижилдэн дасаж төгсөх курст орох жилээ анхны охиноо өлгийдөн авч амьдрал үйлсийн алтан босгоор хамтдаа алхжээ. 

ОЮУ ТОЛГОЙН НӨӨЦИЙГ ТОГТООЛЦОЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭХНИЙ ШАНГ ТАТАЛЦЖЭЭ 

Мэргэжлийн дипломоо, өрхийн тэргүүний эрхэм үүрэгтэй хамт өвөртөлсөн Т.Отгонбаяр сургуулиа төгсөнгүүтээ уул уурхайн “Монгол газар” компанид жил орчим ажиллаад 2001 онд “Айвенхоу Майнз Монголия” компанийн Оюу Толгойн хайгуулын багт геологичоор ажилд оржээ. Тухайн үед Оюу Толгойн хайгуул дөнгөж эхэлж байсан тул ордын нөөцийг тогтоолцож, хөрөнгө оруулалт орж ирэх эхлэлийг тавихад гар бие оролцох завшаан тохиосон байна. Өнөөдрийг хүртэлх 20 жилд тэрбээр ганц Оюу Толгой бус “Айвенхоу Майнз Монголия” компанийн тус ордод үйл ажиллагаа явуулж ирсэн бусад компанийн уурхайд ажиллаж туршлага хуримтлуулсан монгол инженерүүдийн нэг. “Айвенхоу Майнз” компанийн Австрали дахь салбарт 2007-2010 онд нөөц тооцоо хариуцсан ахлах геологичоор, 2013 онд Австралийн “AMC” компанид зургаан сар ажиллаад эх орондоо буцаж ирэн Оюу Толгой компанидаа ажиллах болжээ. Анх хайгуулын хэлтсээс ажлын гарааг эхэлсэн бол өнөөдрийг хүртэлх 20 жилд ордын нөөц тогтоох, тооцоо шинжилгээ хийх, уурхайн инженер техникийн хэлтсийг хариуцах зэргээр бүхий л салбар, чиглэлд нь орж ажилласан олон талтай, хөрвөх чадвартай инженер болжээ. Өдгөө тэрбээр уурхайн олборлолтын үйл ажиллагааг хариуцсан менежерээр ажиллаж байна. Мэргэжлээсээ тэс өөр чиглэлд тэрбээр ийнхүү өөртөө шинэ туршлага хуримтлуулж байгаа аж. Магадгүй энэ нь манай нийтлэлийн баатрын аливааг “нэг цонх”-оор харах бус олон ургалч үзлээр ханддаг, эрэл хайгуул хийж байдаг геологич мэргэжлийн араншин биз ээ. 
 Харин гэргий А.Одончимэг нь ажлын анхны гарааг алтны шороон ордын үйл ажиллагаа явуулдаг “Хүдэр Эрдэнэ” компанийн ашиглалтын геологичоор эхлүүлж, 2003 оноос “Айвенхоу Майнз Монголиа” компанид ажиллаж эхэлснээс хойш 18 жил өнгөрч байна хэмээн өгүүлсэн. Түүний хувьд Оюу Толгойн бүлэг ордын хайгуул, нарийвчилсан хайгуул болон ордын структурын судалгаа, Хюго Дамметт ордын нарийвчилсан хайгуул, ордын структурын тайлалтын ажилд биечлэн оролцсон геологичдын нэг юм. Одоогоор Оюу толгой ХХК-д нөөцийн үнэлгээ, хайгуул систем хариуцсан менежерийн ажил үүрэг гүйцэтгэдэг. Тэрээр хэлэхдээ манай хэлтэс нь шинээр ашигт малтмалын орд олох, эсвэл одоогийн олборлолтын үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийг тодорхойлох, хайгуулын ажлуудыг тэргүүн туршлага, шинэ технологи нэвтрүүлэн гүйцэтгэх, ОТ-н хүдрийн биеттэй холбоотой мөн төслийн ГМС болон системийг удирдах, мэдээллийн найдвартай хадгалалт хамгаалалтыг хангаж, нөөцийн менежментийн загварчлал, тооцоололыг цаг хугацаанд нь хийж  компанийн аливаа хэсэгт мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үйлчилгээ, мөн Монгол Улсын Засгйин газраас тавих эрх зүйн шаардлагуудыг хангах, МЗГ-ын холбогдох агентлаг, төрийн байгууллагуудтай харилцах, холбогдох зөвшөөрлүүдийг авах ажлуудыг хийдэг. Энэхүү ажлыг гүйцэтгэснээр ордыг цогц байдлаар ашиглах ТЭЗҮ, нөөц, хайгуулын тайлангуудын дотоодын болон олон улсын шаардлагуудыг ханган ажиллах юм.  Одоогоор тус баг үндэсний мэргэжилтнүүдээр бүрдэж урт хугацаанд, үр бүтээмжтэй ажлыг хийж гүйцэтгэх нөхцлөөр хангагдан ажиллаж байна. Мөн манай баг РТ-ийн бусад олон янзын хэл соёл бүхий гадаад зөвлөхүүдтэй өөр өөр цагийн бүсэд техник, технологийн цар хүрээ, олон чиглэлийн өгөгдөл мэдээллийг нэгтгэх нийцүүлэх стандарт болон тэргүүн туршлагуудыг Оюутолгой уурхайд хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллаж байна гэв. 
2008-2009 онд “Айвенхоу Майнз” компанийн охин компани болох “Айвенхоу Австралиа Лимитэд” компанийн “Клонкарри” төслийн Маунт Эллиот төмрийн исэл дэх зэс-алтны ордод төслийн геологичоор хэсэг хугацаанд ажилласан байна. 

 ТЭМЭЭ БЭЛЧСЭН ТАЛД ДЭЛХИЙН СТАНДАРТЫГ НУТАГШУУЛАВ 

“Одоогоос 20 жилийн өмнөх өмнийн говь нутаг, Оюу Толгойн ашиглалтын талбай ямар байсан тухай анх очсон монгол инженерүүдийн хувьд сэтгэгдлээ хэлээч, ямар байсныг дүрслээч” гэхэд Т.Отгонбаяр “Тэр үед ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй байсан. Зах хязгааргүй мэт цэлгэр тал нутагт хааяа тэмээн сүрэг бэлчиж яваа харагддаг байлаа. Тийм л талаас анх өрөмдлөгийн ажил эхэлсэн бол одоо үйлдвэрийн бүтээн байгуулалт бий болсон. “Эрдэнэт” үйлдвэр рүү ороход үүднээсээ эхлээд бүх шат дамжлагаар дамждаг шиг цогцолбор байдлаар уурхайн бий болсон. Даланзадгад, Ханбогд болон бусад сумын төвтэй авто замаар холбогдсон орчин үеийн бүтээн байгуулалт сүндэрлэсэн. Газрын гадаргуу дээр ил харагдахгүй ч далд уурхайн бүтээн байгуулалт ид хийгдэж байна. Энэ бүхэн нь дэлхийн стандартад хүрсэн цогц байгууламж юм. 2001 онд биднийг анх ирэхэд Ханбогд сум цөөхөн айлтай, жижигхэн суурин байсан бол одоо олон давхар байшин баригдаж, хааш хаашаа өргөжин тэлж, хүн ам ч нь нэмэгдэж уул уурхай дагасан хөл хөдөлгөөн ихтэй том суурин болсон. Хэрэв зургаар харуулдаг бол хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэл яаж явдгийг Ханбогдын нөхцөл байдлаас тодорхой харж болно” гэсэн юм. А.Одончимэг “Хань маань бүтээн байгуулалтынх нь талаас тодорхой хэлчихлээ. Харин би нүдэнд үл үзэгдэх ч хөгжил дэвшлийн гол түлхүүр болсон судалгаа, шинжилгээний талаар хэлье” гэсэн юм. Тэрбээр “Би 2003 онд анх ажилд орохдоо их сургууль төгссөн, бүхнийг мэддэг болсон гэсэн дэврүүн бодолтой очсон. Чулуулгийн бүтэц, гарал үүсэл гээд яривал онолын хувьд бүгдийг мэднэ. Гэтэл амьдрал дээр огт өөр. Анх геотехникийн туслах гэсэн ажлын байранд ажилд орсон юм. Тэр талын мэдлэг, туршлагагүй учраас “хий” гэснийг хийж, тоол гэснийг нь тоолж, бүртгэл бичилт хийж явсан. Геотехникийн шинжлэх ухаан тэр л бүртгэл, тооцооноос эхэлж байсныг 2-3 жилийн дараа ойлгож мэдэж авсан. Яагаад гэвэл тэр үед далд уурхайгаар ашиглах Хюго Дамметт ордын хайгуулын ажил эрчимтэй хийгдэж байсан. Оюу Толгой дээр 20 гаруй өрөмдлөгийн машин зэрэг ажиллаж байсан гэдэг нь өөрөө маш олон судалгааны ажлууд хийгдэж, ирээдүйд тэр нь орд болох нь тодорхойлогдож байсан гэсэн үг. Энгийн үгээр тайлбарлахад тэнд өрөмдлөг хийгдэж, түүн дээр геологичид ажиллаж, инженерүүд геотехникийн судалгаа хийснээр өнөөдөр далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх эхлэл нь байсан гэж ойлгож болно. Тэгэхээр Оюу Толгойд геологи, геотехникийн судалгаа харилцан уялдаатай явж цогц шинжлэх ухааныг хөгжүүлж ирлээ. Монголд хөрсний судалгаа хийгдэж байснаас биш тийм гүний геотехникийн судалгаа гэгч зүйл огт хийгдэж байгаагүй, тэгэхээр бидний мэдэхгүй шинжлэх ухааны нэг байж гэж болно. Өнөөдөр геотехникийн инженерүүд гэсэн шинэ ажлын байр бий болж, геотехникийн шинжлэх ухаан гэдэг шинэ салбар Монголд орж хөгжиж байна. Бид хоёр геологи талаас нь түлхүү ярьж байна. Гэтэл гүний уурхайн барилга байгууламж, тэнд хийгдэж байгаа бэхэлгээ, бусад салбар чиглэлийн ажлууд бүгд шинэ юм. Энэ нь тухайн чиглэлээр сурч байгаа хүмүүст шинэ мэдлэг, туршлагыг авчирч байна. Энд ажиллаж, туршлага хуримтлуулснаар бид дэлхийн өнцөг булан бүрд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад ажиллах бүрэн чадамжтай болж байгаа. Энэ нь өөрөө хаана ч юугаар ч хэмжигдэшгүй маш том хөгжил юм. Энэ том уурхайн үйл ажиллагааг аюул осолгүйгээр хөгжүүлж явна гэдэг бид ирээдүйд ийм том ордыг нээж ажиллуулах туршлагатай болж байгаа юм. Нөгөөтэйгүүр, аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг туршлагаас суралцлаа, тэр хэрээр Монголдоо нутагшууллаа ” гэсэн юм. 


 МОНГОЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН БУЮУ ЭХ ОРОНЧ СОНГОЛТ 

Геологичдын үндсэн ажил нь чулуулгийн бүтэц, байгаль дэлхий хэрхэн үүсэж бий болсон бэ, ямар тогтоцтой гэдгийг судалдгаараа онцлог. Харин зорилго нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө, тэдний хэрэгцээг хангахын төлөө зориулагддаг. Тэр нь хайгуул олборлолтын ажлын үр дүнгээр тодорхойлогддог. Хоолондоо хийдэг давснаас өгсүүлээд гоёл чимэглэл, барилга байгууламж, машин, тоног төхөөрөмж, цахилгаан эрчим хүч гээд бүгдийг бид байгалиас олборлодог. Тэр хэрээр нөөц нь бас шавхагдана. Тэгвэл түүнийг олж тогтоож, тооцоо судалгааг хийж, ашиглалтын төлөвлөгөөг гаргаж байдаг хүмүүс бол геологичид. Ашигт малтмалын орд олж, түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, түүнээс хүмүүс ашиг хүртэж байхыг харах геологичдын хувьд мэргэжлийн бахархал нь байдаг гэлцдэг. Тэгвэл манай нийтлэлийн баатрууд энэ мөрөөдлийнхөө биеллийг Оюу Толгойгоос олж харсан хэмээн ярьсан. Оюутолгой компани “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” гэсэн уриаг дэвшүүлдэг. Монголын өмнийн говийн эрдэнэсийн энэ сангийн түлхүүрийг атгасан монгол инженерүүдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаар бахархахгүй байхын аргагүй юм. Тухайлбал, манайханд нэг өрөөсгөл ойлголт байдаг нь дэлхийн том сургуулиудыг төгссөн бол гайхамшигтай гэж нийтээрээ шуурдаг байдал. Мэдээж тухайн сургуулийн онцлог, багш нарын заах арга зүй гээд олон хүчин зүйлээс шалтгаалсан давуу тал байж таарна. Гэтэл ямар ч сургууль төгссөн тухайн хүний хичээл зүтгэл, төлөвшил хүмүүжил, хүсэл эрмэлзлээс олон зүйл хамаардаг болох нь, монгол залуусын олонх нь хар ажил хийхээр харийн орныг зорьж байхад дотооддоо эзэмшсэн мэргэжлээрээ гаднын нэр хүндтэй компанид ажиллахаар уригдах хүртэл өөрийгөө боловсруулах нөөц боломж байдаг юм шүү гэдгийг манай “Амьдралын тойрог”-ийн зочин Т.Отгонбаяр, А.Одончимэг нараас харж болох юм. Тэд бол МУИС-ийг дүүргэсэн манай шинэ үеийн үндэсний геологичид. Зөвхөн Монголдоо боловсрол эзэмшсэн инженерүүд. Тэднийг анх очиход Оюутолгойн орд нээгдчихсэн, хайгуулын ажил нь ид өрнөж байсан ч нийт нөөцийнх нь 80 хувь нээгдээгүй байсан гэхээр бараг л анхнаас нь ажилласан гэхэд хэтрүүлсэн болохгүй. Оюутны ширээний араас ажил, амьдралын талбарт дөнгөж хөл тавьсан залуус эх орондоо, ингэхдээ өмнийн цэлгэр говьд дэлхийн томоохон компанид бүхий л чиглэлд нь ажиллахын зэрэгцээ мэдлэг, туршлага хуримтлуулжээ. Гэтэл энэ хэрээр тэдэнд боломж нээгдэж, 2007 онд Австралид гурван жил ажиллаж, амьдрах сонголт гарч ирсэн байдаг. Гэвч тэд эх оронч сонголт хийж, Монголдоо буцаж ирээд Оюу Толгой компанидаа үргэлжлүүлэн ажилласаар өнөөдрийг хүрчээ. Гэрийн эзэн Т.Отгонбаяр “Монголд эзэмшсэн мэргэжил, чадвараараа гаднын компанид танигдаж, ажиллах боломж хэд хэдэн удаа гарсан. Хоёр ч удаа Австрали руу гэр бүлээрээ нүүж очиж урт, богино хугацаагаар ажилласан. Гэвч нутаг руугаа буцаж ирэх хүсэл эрмэлзэл маань дийлсэн. Тэндээ үлдэж ажиллах, амьдрах боломж нээлттэй байсан. Хийж байгаа ажил, мэргэжлийн хувьд ялгаа байгаагүй ч хаана үнэ цэнэ бүтээж байна гэдэг нь илүү чухал” хэмээн өгүүлсэн. Түүний хувьд Австралид ажилласан гурван жилийн хугацаанд эрдэс баялгийн үнэлгээг хийхэд мэргэшиж, энэ чиглэлд Монгол Улсын гарын таван хуруунд багтах шилдэг мэргэжилтний нэг болжээ. 

 “ӨӨРӨӨ ХИЧЭЭВЭЛ ЯМАР Ч ЗҮЙЛД ХҮРЧ БОЛДОГ” 

Манай нийтлэлийн баатрууд хүн өөрөө хичээвэл ямар ч зүйлд хүрч болдог гэдгийг өөрсдийн амьдралаар харуулж яваа бүтээлч гэр бүл юм. Тэд гурван хүүхдийн ээж, аав болсон ч одоо хүү, охин хоёртой. Том охин нь Австралийн Мелбурьн их сургуульд биотехнологи болон эм зүйн инженерийн чиглэлээр суралцдаг. Хүү нь ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагч. Хүүхдүүдээ аль болох өөрсдийнх нь хүсэл мөрөөдлийн дагуу шийдвэр гаргуулж, биеэ дааж амьдрахад нь чиглүүлэхийг хичээдэг. Хүн өөрөө хичээвэл ямар ч амжилтад хүрч болохыг ойлгуулж хэлдэг хэмээн ярьж байна. Үүнээс гадна тэд геологи болон түүнтэй адилтгах чиглэлээр сурч буй оюутан залууст геологийн шинжлэх ухааныг танин мэдүүлэх зорилгоор www.geology.mn цахим хуудсыг хөтлөн явуулдаг. Зарим мэдээллийг ажлынхаа цаг заваар өөрсдөө англи хэлнээс орчуулдаг бөгөөд оюутан залуус хэрэгтэй мэдээллээ хайж олж уншихад дөхөмтэй байдаг аж. Гэрийн эзэгтэй А.Одончимэг нийгэмд хандсан сайн үйлсийн ажил санаачлан хийдэг. Төгсөх ангийнханд мэргэжил сонголт болон эмэгтэй хүн хэрхэн ажиллавал амжилтад хүрч болох талаар ярилцлага өрнүүлнэ. Том охин нь ээждээ туслан хэлний мэдлэгээ ашиглан хэрэгтэй газарт нь орчуулга хийж өгөх, ном бичгийн хэрэгсэл цуглуулах зэргээр найзуудыгаа уриалан нийгэмд хандсан сайн санааны ажлуудыг хамтран хийдэг аж. 
Их говийн эрдэнэсийн түлхүүрийг атгасан геологич хосын “Амьдралын тойрог”-оор аялахад ийм байна. “Ирээдүйд Оюу Толгойн ордтой адил том уурхайг монгол залуус бүрэн удирдаж, бүтээн байгуулна. Бидэнд тийм оюуны хүч бий” хэмээсэн тэдний хүсэл биелж эхэлжээ. Монголчууд чадна гэдэг үгээр нийтлэлээ жаргаая.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.18 Даваа № 204 (6681)