Зургаан салбарын 13 эрдэмтэн Нобель хүртлээ

0
хуваалцах
880
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Шинжлэх ухаанд гаргасан том ололт амжилт, агуу нээлтээрээ нийгэмд томоохон хувь нэмрээ оруулсан хүмүүст Нобелийн шагнал олгодог. Энэ жилийн Нобелийн шагналтныг тодруулах долоо хоног энэ сарын 4-нд эхэлж даваа гарагт дууслаа. Ийн аль салбарт аль улсын эрдэмтэд, ямар нээлтээр манлайлсныг тоймлон хүргэж байна.

Цагаачлалын хөдөлмөрийн зах зээл дэх нөлөөллийг  танилцуулав

Энэ долоо хоногийн даваа гарагт АНУ-ын гурван эрдэмтэн эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртэв. Тодруулбал, хөдөлмөрийн эдийн засагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Калифорниагийн их сургуулийн эрдэмтэн Дэвид Карт, шалтгааны харилцаанд дүн шинжилгээ хийсэн Жошуа Ангрист, Гуйдо В.Имбенс нар салбарынхаа шилдгээр шалгарлаа. 
Цагаачлал нь цалин хөлс, ажиллах хүчний түвшинд хэрхэн нөлөөлдөг, урт хугацааны боловсрол ирээдүйн орлогод хэрхэн нөлөөлдөг зэрэг нь хариулахад хэцүү асуулт байсан. Хэн нэгэн хүн үргэлжлүүлэн суралцахгүй байх эсвэл цагаачлалыг багасгаснаар ямар нөлөөтэйг ч бид мэдэхгүй. Гэвч дээрх эрдэмтэд байгалийн туршилтын аргыг ашиглан дээрх асуултад  хариулах боломжтойг харуулсан юм.Ингэснээр улс орнууд улс төрлийн бодлогоо өөрчлөх боломж бүрдлээ. Судлаач Дэвид Карт боловсрол, цагаачлал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлдгийг байгалийн туршилтын аргаар илрүүлжээ. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь ажлын байранд нэг их нөлөөлдөггүй гэсэн дүгнэлт гарчээ. Дэвид Карт Канадад төрсөн бол Имбенс Нидерландад төрсөн. Харин Ангрист уугуул Америкийнх юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлчид Нобелийн эзэн боллоо

Нобелийн энх тайвны шагналын эздийг өнгөрөгч баасан гарагт зарлав.Энэ  жил Филиппиний сэтгүүлч Мариа Ресса, ОХУ-ын сэтгүүлч Дмитрий Муратов нар үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцсэн гавьяа зүтгэлээрээ Нобелийн шагнал хүртэхээр болсон юм.АНУ-ын давхар иргэний харьяалалтай "Ресса" нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйн "Rappler" дижитал медиа компанийн үүсгэн байгуулагчдын нэг  бол Муратов нь Оросын хараат бус "Новая Газета" сонины үүсгэн байгуулагчдын нэг юм.Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертег хүчтэй шүүмжлэгчдийн нэг, 58 настай Ресса шагналыг өөрт нь болон хамтрагчдад нь “тэмцлээ үргэлжлүүлэх их хүч, энерги өглөө” хэмээн Норвегийн хэвлэлд ярьжээ. 
Харин 59 настай Муратов шагналын мөнгөний талыг 2000 оноос хойш ажлаа хийж байхдаа амиа алдсан зургаан сэтгүүлчийн ар гэрийнхэнтэй хуваалцахаа мэдэгдсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Муратовт хандан “Хэрвээ тэр Нобелийн шагналыг Оросын хуулийг зөрчихдөө бамбай болгон ашиглах гэвэл хариуцлага хүлээлгэх болно. Харин хууль зөрчилгүй, “гадаадын төлөөлөгч” ангилалд орох шалтгаан гаргахгүй бол яах ч үгүй” гэж хэлжээ.ОХУ-д сүүлд мөрдөж эхэлсэн хуулийн дагуу Кремлийг шүүмжилсэн хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагуудад “гадаадын төлөөлөгч” (foreign agent) хэмээх нэр хаяг зүүлгэж, үйл ажиллагааг нь хориглодог болсон юм. Харин Путиний мэдэгдлийн дараа Муратов “Төр засаг хүссэнээ хийж болно. Гэхдээ бид шагналаасаа татгалзахгүй” гэж Интерфакс агентлагт ярьжээ. 

Хүрээлэн буй орчин болон мэдрэхүй хоорондын нууцыг нээжээ

Физиологи болон анагаах ухааны Нобелийн шагналыг температур ба мэдрэгч хүлээн авагчийг нээсэн Америкийн физиологич Дэвид Жулиус, Америкийн молекул биологи, тархи судлаач Ардем Патапоулитиан нар хүртжээ. Бидний бие халуун, хүйтнийг хүрэлцэхүйгээрээ мэдрэх нь орчинтойгоо харилцах, амьд байхад хамгийн чухал чадвар байдаг. Тэгвэл орчны температурыг мэдрэхийн тулд бие хэрхэн ажилладагийг энэ жилийн Нобелийн шагналтнууд нээжээ.
Эрдэмтэн Жулиус халуун чинжүүнээс гаргаж авсан хурц нэгдэл болох капсайцинийг ашиглан халуунд  бидний арьс ямар хариу үйлдэл үзүүлдэг мэдрэгчийг илрүүлжээ. Харин Ардем Патапоулитиан мэдрэмтгий эсүүдийг ашиглан арьс болон  дотоод эрхтэнүүдийн механик өдөөлтөд хариу үйлдэл үзүүлдэг шинэ төрлийн  мэдрэгчийг нээв. Эдгээр нээлтүүд нь бидний мэдрэлийн систем халуун, хүйтнийг хэрхэн хүлээж авдаг ойлголтыг нэмэгдүүлэхэд том нөлөө үзүүлсэн юм. Ингэснээр хүрээлэн буй орчин болон бидний мэдрэхүй хоорондын холбоосыг ойлгоход дутагдаж байсан орон зайг нөхсөн. Жишээлбэл, гэрэл бидний нүдэнд хэрхэн нөлөөлдөг, дуу авиа чихэнд яаж хүрч, ам хэрхэн амталж, хамар хэрхэн үнэрлэдэг нь бидэнд нууц хэвээр байсан билээ. Харин дээрх эрдэмтэд TRPV1, TRPM8, Piezo гэсэн сувгуудыг нээсэн нь халуун, хүйтэн температур мэдрэх үед бие организм, мэдрэлийн эсүүд хэрхэн хариу үзүүлдгийг бидэнд ил олгосон юм. Эдгээр сувгууд физиологийн үйл явцад хэрхэн нөлөөлдгийг олж нээснээр архаг өвдөлт болон бусад төрлийн өвчнийг эмчлэх аргыг боловсруулахад ашиглаж байна.

Зүүн Африкийн зохиолч Нобелийн шагналтан авлаа

Энэ жилийн утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Зүүн Африкийн Танзани улсын зохиолч Абдулразак Гурнах хүртлээ. Шведийн Хатан хааны шинжлэх ухааны академиас түүнийг “колоничлолын үр нөлөөг энэрэнгүй бөгөөд хатуу байдлаар гарган ирсэн” гэж магтжээ. Мөн Нобелийн хорооноос “Зохиолд өгүүлсэн дэлхийн өнцөг булан бүрт тархсан  Зүүн Африкийн олон үндэстний өвөрмөц соёл, түүх нь таны нүдийг нээж, хэвшмэл сэтгэлгээнээс салгах болно” гэж  мэдэгджээ. Харин Гурнах “Үнэхээр гайхалтай том шагнал хүртлээ. Ингэснээр дэлхийн шилдэг зохиолчдын жагсаалтад орлоо.Би шагнал хүртсэн нь дүрвэгчдийн хямрал, колоничлол гэсэн миний туулж өнгөрүүлсэн бүхнийг хэлэлцэх үндэс болсон гэж бодож байна. Учир өдөр бүр  дэлхийн эргэн тойронд хүмүүс бэртэж гэмтэж, амиа алдаж байна. Эдгээр асуудлыг бид хамтран хамгийн энэрэнгүй зарчмаар шийдвэрлэх ёстой. 1960-аад оноос хойш дэлхийд хүчирхийлэл асар их  нэмэгдсэн” гэж ярьжээ. Тэрбээр Вөүл Соянкагаас /Wole Soyinka,1986/ хойших  Нобель хүртэж байгаа анхны хар арьст Африкийн зохиолч юм.Өдгөө 73 настай Абдулразак Гурнах нь “Диваажин” /Paradise/, “Цөллөг” /Desertion/ гэсэн 10 гаруй зохиол туурвисан билээ. Түүний 1994 онд бичсэн XX-р зууны эхэн үеэр Танзани улсад өсч хүмүүжиж байгаа хүүгийн тухай өгүүлдэг “Диваажин” зохиол нь “Booker Prize” наадамд нэр дэвшиж байсан юм.

Уур амьсгалын өөрчлөлтийг  анх сануулсан эрдэмтэд шагнууллаа

Физикийн салбарын шагналыг 60 жилийн турш  уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан таамаглаж, физикийн системийг олон төрлөөр задлан шинжилсэн гурван эрдэмтэн хүртлээ. Шведийн Хатан хааны шинжлэх ухааны академиас “Дэлхийн уур амьсгалыг физикийн аргаар судлан, дэлхийн дулаарлыг найдвартай урьдчилан таамагласан АНУ-ын Япон гаралтай эрдэмтэн 90 настай Сюкүро Манабэ, Германы эрдэмтэн 89 настай Клаус Хасселманн нарыг хүндэтгэхгүй байхын аргагүй. Мөн Италийн физикч 73 настай Жоржио Паризи атомоос гарагийн хэмжээс хүртэлх физикийн системийн эмх замбараагүй байдал, хэлбэлзлийн харилцан үйлчлэлийг олж илрүүлсэн тул физикийн салбарын Нобелийн шагналыг олголоо” гэж мэдэгджээ. Дээрх хоёр эрдэмтэн Манабе, Хассалманн нар 1960-1970-аад онд буюу уур амьсгалын өөрчлөлтөд хүний үйл ажиллагаа нөлөөлж эхэлснийг анхлан сануулсан юм. Тодруулбал, Манабе нь агаар мандлын нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ нэмэгдсэн нь дэлхийн агаарын температурын өсөлтөд хэрхэн нөлөөлснийг 1960 онд судалгаагаар харуулсан юм. Ингэснээр тэрбээр цаг  уурын салбарын өнөөгийн үндэс суурийг тавьсан хэмээн Шведийн Хатан хааны шинжлэх ухааны академи онцолжээ. Үүнээс арав гаруй жилийн дараа Германы эрдэмтэн Хассалманн уур амьсгал болон цаг уурыг холбосон загварчлал зохион бүтээжээ.

Шинэ катализатор нээсэн эрдэмтэд химийн салбарын шилдгээр тодров

Химийн салбарын Нобелийн шагналын эздээр Германы эрдэмтэн Бенямин Лист, АНУ-ын эрдэмтэн Дэвид Макмиллан нар шалгарчээ. Тэд молекулыг бий болгох ухаалаг хэрэгслийг бүтээсэн нь химийн салбарыг байгальд ээлтэй болгохын сацуу шинэ эм гаргахад тусалсан юм. “Эрдэмтэн Бенямин Лист, Дэвид Макмиллан нар химийн молекулууд хэрхэн яаж нэгдэж болдог шинэ арга замыг нээсэн.Энэ шинэ аргыг өдгөө дэлхий даяар шинэ эм, химийн бүтээгдэхүүн хийхэд ашиглаж байгаа бөгөөд хүн төрөлхтөнд үр ашгаа хэдийнэ өгсөн” хэмээн Нобелийн Химийн хорооны гишүүн Пернилла Виттунг Стафшеде ярьжээ.Хоёр эрдэмтэн 2000 онд химийн хариу урвалын тэгш бус органик катализын  гурав дахь аргыг нээжээ. Ингэснээр цусны даралт ихсэх өвчнийг эмчлэх эм гаргаснаас гадна сэтгэл гутралыг эмчлэх эм Seroxat, амьсгалын замын халдварт өвчнийг эмчлэх  Tamiflu эмийн үйлдвэрлэлийг сайжруулсан юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.15 БААСАН № 203 (6680)