Андын дууллыг “Хаадын хаан”-аас тольдоорой

0
хуваалцах
657
үзсэн

Р.ОЮУН

МЗЭ, МСНЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Б.Цогнэмэхийн уран бүтээлтэй танилцах завшаан тохиосон юм. Тэрбээр сүүлийн 10-аад жил 90 жилийн ойтойгоо золгож буй Улсын драмын эрдмийн театртай салшгүй холбогдсон нэгэн.   

ТҮҮХ БОЛ ҮНДЭСТНИЙ ЗҮРХ ЮМ ШҮҮ ДЭЭ

Тэрбээр уг нь түүхч мэргэжилтэй. Аав нь ч багаас нь түүхээр хүмүү­жүүлсэн. Төрийн тахилгат Хан Хөхүй хайрхан буюу Увс аймгийн Өндөрхангай сумын хүүхэд. 1992 онд шалгалт өгөөд МУИС-ийн харьяа Ховдын Багшийн дээд сургуульд түүхч, түүхийн багшаар суралцаж төгссөн ч багшилсан цөөн он жилүүдтэй. 2000 оны эхээр түүний нагац ураг садан, МҮОНРТ-ийн “Аяллын цаг” нэвтрүүлгийн хөтлөгч, аялагч, зохиолч Г.Бадамсамбуу ах нь Хан Хөхүйн хүүг нийслэлд дуудаж ирүүлснээр “Зууны мэдээ” сониноос сэтгүүлчийн гараагаа эхлээд эдүгээ хүртэл явж байна.

Утга зохиолд хөтөлсөн багш тань хэн бэ гэхэд “Миний аавыг Битогтох гэдэг. Геологийн жолоочийн хүүхэд болохоор Баян-Өлгийд 1-3, Ховдод 4-6, Увсад 7-10 анги хүртлээ суралцан аавыгаа “дагаж” явсан. Ховдод уран зохиолын багш Уранбилэг зохион бичлэг их хийлгэдэг байсан. Аавын нутаг Увсын Өндөрхангай суманд ирснээр түүхийн багш О.Түмэндэмбэрэл дугуйлан хичээллүүлсэн нь миний анхны яруу найргийн багш гэж хэлж болно. 1990 онд ардчиллын салхийг аймагт сэвэлзүүлж байсан Б.Пүрэвсүрэн гэж зураач, яруу найрагч Улаангомоос ирээд Өндөрхангайд сүм хийд, суварга байгуулахаар зүтгэсэн. Тэр үеэс бид хоёр олон жил ах дүү, багш шавь мэт явсан. Одоо бурхны оронд буй” хэмээв. 1991 онд буюу есдүгээр ангидаа одоогийн их гүрү багш Д.Урианхай багштайгаа уулзаж шавиар оржээ. Гүрү багш нь түүнд эхийн сэтгэлээр ханддаг бөгөөд “Чи утга зохиолын бүх төрлөөр бич. Нэг нүхээр шахагдах явцуу, олон нүхээр шахагдахад хүн тэлдэг юм. Шүлгээ хүртэл олон урсгалаар бич” гэсний үрээр уран зохиолын бүх төрлөөр бичиж байна. Эдгээрээс хамгийн хүнд төрөл нь драмын жүжиг бичих гэдгийг дэлхий нийт ч хүлээн зөвшөөрдөг. Тэр дундаа түүхэн жүжиг ярвигтай, амттай гэж байлаа. Сүүлийн үед багш нь том түүхэн роман бичихийг зөвлөжээ. Гэхдээ сэтгэлгээний, монгол оршихуй, ертөнцийн мөн чанарыг ухсан роман. Түүнээс түүхэн хэлхээс хийгээд хэрэггүй. Түүхэн үйл явдлыг түүхэн хүмүүсийг өрж тавихын нэр биш шүү гэдгийг багш нь хэлээд байгаа хэрэг. Тууж, өгүүллэг, эссэ, баримтат уран зохиол гэсэн хүүрнэл төрөлд гүн анхаарна. Драмын театрын хамт олонтойгоо хамтран ажилласаар байх болно гэж байлаа. 

Түүхэн сэдвээр жүжиг бичихэд зарим зохиолч судалгаа хийхэд хугацаа их ордог байх. Би түүхч мэргэжлээсээ илүү түүхээрээ бахархдаг. Надад ойр байгаа учраас судалгаанд түүртдэггүй. 
Юуг хөндөх, юуг хөндөхгүй вэ, үзэгчдийн тархи, зүрхэнд ургуулж соёолуулахад ямар мессеж өгөх вэ. Яаж сэхээрүүлж, сэхээх юм. Яаж харангыг нь дэлдэж өгөх вэ гэдгээ арай илүү мэдэрнэ.
 

ТҮҮХЭН ЖҮЖИГ ХАРИУЦЛАГАТАЙ

 Түүхэн жүжиг бичихэд түүхчийн мэргэжил нөлөөлснөөс гадна түүхээр дамжуулж эдүгээ цаг үеийнхнийг дэлдэж, сэрээх, иргэн хүний болон хувь уран бүтээлчийн зовнил нь даллан дууджээ. Түүхэн жүжиг нэлээн үүрэг хариуцлагатай, халуун эмзэглэл ч бий. Жүжгүүдийн ихэнх нь түүхэн туульсийнх байдаг. Хүүхдийн жүжиг, роман ч бичсэн аж. Түүний анхны ном нь шүлгийнх бөгөөд үүгээр дөрөөлж гарч ирсэн аж. Хан Хөхүй нутагт XIX-XX зууны улстөрч, билэгт соён гэгээрүүлэгч, яруу найрагч , театрын зүтгэлтэн н.Лувсандондов амьдарч бүтээж байсны улбаа болов уу. Уран зохиол хэмээх том ертөнцөд тэрбээр амьдарч, бүтээж, туурвиж, тэмцэж явна. Нөгөөтэйгүүр сэтгүүлчийн мэргэжилтэй гээд түүхээ хаяагүй. Аль болох үндэсний бахархал, өв соёлыг уран бүтээлдээ тусгаж олон түмэнд хүргэхийг зорьж яваа уран бүтээлч юм. Өөрийгөө их хайдаг. Одоогийн насан дээрээ ид туурвих бяр тэнхээ, хүч чадал бүрэлдэж байгаагаа хаана ч хэлдэг гэж байсан. 
Түүхэн сэдвээр жүжиг бичихэд зарим зохиолч судалгаа хийхэд хугацаа их ордог байх. Би түүхч мэргэжлээсээ илүү түүхээрээ бахархдаг. Надад ойр байгаа учраас судалгаанд түүртдэггүй. Юуг хөндөх, юуг хөндөхгүй вэ, үзэгчдийн тархи, зүрхэнд ургуулж соёолуулахад ямар мессеж өгөх вэ. Яаж сэхээрүүлж, сэхээх юм. Яаж харангыг нь дэлдэж өгөх вэ гэдгээ арай илүү мэдэрнэ. Олон түүхч найз, багш, өтгөс буурайнууд ч байна. Тиймээс жор, тунг нь тааруулж чаддаг. Гэхдээ манай түүхчдэд нэг дутагдал бий. Түүхэн зохиол гэхээр уран бүтээлчдээс сурах бичиг шиг зүйл нэхдэг. Уран зохиол бичнэ гэдэг чинь уран сайхны дүр бүтээхдээ оршиж байгаа юм. Түүхийг ягштал дагахгүй. Тэнгэр, газраас авах эрчим хүч, уран бүтээлийн дотоод чичирхийллийг мэдрэх янз бүрийн өгөгдөл байж уран зохиол, жүжиг туурвихаас биш түүхийг хуулаад тавьчихвал сонирхолгүй шүү дээ. Бас илэрхий баримтыг гуйвуулж болохгүй. Би төрт ёсны 2200 жилийн түүхээ 3000-4000 жилийн түүхтэй болтол нь үзэгч, уншигч түмэн ойлгуулна гээд “Буган сүлдний домог” гэсэн дуурийн цомнол хүртэл бичсэн. Бурхны оронд одсон Г.Эрдэнэбулган найруулагчтай бид хоёр тайзнаа тавих гэж байлаа. Гэхдээ Дуурийн театрынхан маань тэр хүний гэрээс, даалгаврыг биелүүлж энэ бүтээлийг маань тавина гэдэгт найдаж байгаа гэв.       
    
УДЭТ 80 ЖИЛЭЭ “ТЭНГЭРИЙН ХҮҮ”-ГЭЭР, 90 ЖИЛИЙН ОЙГОО “ХААДЫН ХААН”-ААР НЭЭЖ БАЙНА

УДЭТ анх 1931 онд С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр нээж байсан бол 80, 85, 90 жилийн ойн тоглолтоо зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, “Хаадын хаан” түүхэн жүжгээр нээж байгаа нь сонин тохиолдол юм. Цог нэмээрэй гэсэн мэт санагдана. 2000 оны эхээр УДЭТ-ын уран бүтээлчдээс яриа авч байсан бол өнөөдөр мөр зэрэгцэн ажиллаж байгаа нь түүний бас нэг түүх юм. Театрын хаалгаар ороход тайзны үнэр, тоосны дотныг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан, гэгээн байдаг. Түмэн олныг соён гэгээрүүлдэгтэйгээ адил тайз, хөшиг, суудал дээр суугаад урагшаа харахад хүнд өөр мэдрэмж төрдөг. Театрт очсон хүний сэтгэл нь цэлмээд, зүрх нь ариунаар ундарч, соёлд суралцаад, оршихуйн, амьдралын сайн сайхныг мэдрээд сургамж авдаг. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, дотоод сэтгэлдээ өөрийгөө, оршихуйг бодож эргэцүүлдэг оюун санааны сүм юм хэмээн ярихдаа Драмын театраа магтах үгээ хайх мэт санагдаж байлаа.     
Тэрбээр өөрийгөө “Улаан байшин”-гийн нэг гишүүн, нэг жил зохиолчоор ажилласан түүх ч бий гэж байлаа. УДЭТ-ын тайзнаа түүний “Хаадын хаан” хоёр дахь түүхэн туульсын жүжгээр 90 жилийн ойн нээлтээ хийж байгаад олзуурхаж, бахархаж байсан юм. Түүний “Тэнгэрийн хүү” жүжиг тухайн үед монголчуудыг үнэхээр сэрээсэн билээ. Түүх үндэстнийхээ зүрх нь байдаг. Хятад, Орос гэсэн ойрын хөршид нэн эртнээс эдүгээ хүртэл түүхчдээ, түүхээ тусгайлан өндөрт өргөж, өргөмжилж байлгадаг. Манай түүх ээдрээтэй, бас эх түүхээ бусдад алдаж байна. Энэ цаг үед эх түүхээрээ хүмүүжүүлнэ гэдэг дунд сургуульд хичээл заагаад болчихгүй. Тайз, дэлгэц гэж том урлаг байна. Тиймээс 2011 онд УДЭТ-аас 80 жилийн ойн хүрээнд Засгийн газар, Соёл, урлагийн газар, МЗЭ-ээс түүхэн жүжгийн уралдаан зарлахад “Тэнгэрийн хүү” жүжиг тэргүүн байр эзэлжээ. Модун Шаньюй зохиолчийн маань шүтээн гэж байсан юм. Энэ жүжиг тэр үедээ хүүхэд, залуучуудад их нөлөөлсөн. Одоо ч тайзнаас буугаагүй байна. Жүжиг бол нийлмэл, хамтын хөдөлмөр шаардсан хариуцлагатай, амттай уран зохиолын төрөл хэмээн бахархан ярьж байсан.
Хоёр дахь түүхэн жүжгээ яагаад “Хаадын хаан” гэж нэрлэв гэхэд “Бид их хааныгаа хүндэтгэх ёстой. Би сэтгүүлч байхдаа сонинд их бичдэг байлаа. Хэнтий аймагт Өндөрхаан, Дэлгэрхаан, Хэнтийгээс Сүхбаатар аймагт орсон Мөнххаан гэж сум байдаг. Манай өмнөх үеийнхэн чинь их хааны алдрыг цээрлээд Өндөрхаан гээд байгаа юм. Гэтэл Чингис хот гээд туйлшрах юм. Тэрэн лугаа адил бид Чингис хаан гэсэнгүй. Тиймээс “Хаадын хаан” гэж нэрлэсэн. Энэ жүжиг эр хүний нөхөрлөл, андлал гэж юу байдаг. Нөхөрлөлөөс андлал, андлалаас үүдсэн улс төрийн том холбоо нь хөх Монголыг бүтээсэн хоёр баатрын тухай дуулал юм. Энэ хоёр Монголыг яаж босгох вэ гэж хар багаасаа зүтгээд гурван удаа андгай тангараг тавьж анд бололцоод хэн нь хаан болсныг бид мэднэ. Жамух байгаагүй бол их эзэн Чингис хаан байхгүй. Жамух андын үүргээ гүйцэтгээд тэнгэрт одсон. Хоёрдугаарт, андлалаас ургасан хөх Монголын түүх одоо ч гэрэлтэнэ. Ерөнхий найруулагч Н.Наранбаатар, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, тайзны зураач н.Ганхуягтай “Тэнгэрийн хүү” жүжгээс хойш хамтран ажиллаж байгаа болохоор бие биеэ сайн ойлгодог. Цаашид бид өндөр гэгээн Г.Занабазарын тухай жүжиг хийнэ. Жүжгийн амь, сүнсийг найруулагч, зохиолч хоёр өрдөг. Мэргэжлийн уран бүтээлчидтэй ажиллана гэдэг зохиолчоос мөн мэргэжлийн үүднээс хандахыг шаардаж, төлөвшүүлж, сургаж, чиглүүлж байдаг” гэв. 
Түүхэн үнэнийг хүргэхэд УДЭТ-ын агуу том тайз, орон зай хэрэг болжээ. Ер нь УДЭТ-тай жүжиг гэлтгүй Паараа (Н.Наранбаатар) андтайгаа мөр зэрэгцэн төрийн наадмын нээлт, хаалтын ёслол, төрийн концертод хамтран ажиллаж байна. Бие биеэ ойлгодог. Түүний хувьд олон зүйлд суралцаж байна. Суралцахын зэрэгцээ мэдрэх нь их чухал. Тэрбээр түүхэн туульсын жүжгийн ай цуурайг 2011 оноос хойш хангинуулах болсон гэж боддог гэж байсан. Мөн тэр үед “Улаанбаатар” чуулгад “Ай Нана аа” хэмээх Чин ван Ханддоржийн тухай өгүүлсэн түүхэн дуулалт жүжгийг туурвиж Г.Эрдэнэбулган найруулагчтай хамтран тавьж байжээ. Тэрбээр “Улаан байшин”-гийнхантайгаа хамтран хөх Монголынхоо хойморт “Хаадын хаан”-аа залахаар  уран бүтээлийн онгод цадигаар ид жигүүрлэн туурвиж явна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.15 БААСАН № 203 (6680)