С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ.Ээлжит зочноор Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг уригдлаа. Тэрбээр “Монгол Улсыг хөгжүүлэх, эдийн засгийг тэлэх гарц бол экспорт. Үүний тулд экспортыг олон талаас нь авч үзэх хэрэгтэй. Зөвхөн нүүрс, ноос, ноолуур зэргээр төсөөлөх биш  соёлын бүтээлч үйлдвэрлэл, IT, аялал жуулчлал гэх мэт Монголд валют оруулж байгаа бүх л зүйлийг экспорт гэж харах ёстой. Гашуун сухайтын боомт ажиллаж байгаа эсэхээс үл хамааран өөр олон салбар экспорт хийдэг байгаасай гэж бодож байна. Манай улс эдийн засгийн тэргүүлэх зургаан чиглэлээ уул уурхай, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон мэдээллийн технологи, эрчим хүч, хөдөө аж ахуй, тээвэр логистик гэж зарласан. Бүгд хоорондоо уялдаа холбоотой.

Энэ жил хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ 40 орчим их наяд төгрөг байхад төсөв 13 гаруй их наяд байгаа нь хэтэрхий данхар бүтэцтэй байгааг харуулж байна. Нэг талаас төсөвт анхаарахаас илүү эдийн засгийн бүтцээ том утгаар нь харвал хувийн хэвшилд илүү боломж олгох нь хамгийн оновчтой шийдэл юм. Манай улс илүү их мөнгөтэй больё, олон эх үүсвэрээс орлого ольё гэвэл экспорт хийхээс аргагүй. Бид мөнгө олдог байж зардаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үндэсний хуримтлал үүсгэх, төлбөрийн тэнцэл, валютын нөөц, эдийн засгийг тогтворжуулах гол зүйл бол экспорт” гэж “Зууны мэдээ” сонинд ярилаа.

  Эх сурвалж: Зууны мэдээ сонин