НЭМГ: COVID-19-той холбоотой цахим эмч, бэлдмэлүүдээс татгалзахыг зөвлөе

0
хуваалцах
125
үзсэн

С.САРУУЛ

Коронавирусийн халдвар авсны дараа сэргээн засах ямар эмчилгээг хэрхэн хийх талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав мэдээлэл өглөө. Тэрбээр “Халдвараар өвдсөний дараа хүмүүсийн эмнэл зүйн байдлыг хоёр янзаар эрэмбэлнэ.Нэн хүнд, хүнд өвдсөн буюу сэхээний, эрчимт эмчилгээний тасагт, амьсгалын апаратанд байсан хүн эмнэлгээс гараад эмчилгээгээ яаж үргэлжлүүлэх вэ гэвэл тухайн төв болон төрөлжсөн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасагт мэргэжлийн эмчийн хяналт дор сэргээн засах эмчилгээгээ заавал эмнэлэгээр үргэлжлүүлэн хийх ёстой. Ийм хүмүүст сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхдээ ачаалалд нь тохирсон дасгал хөдөлгөөнийг зөв зохистой хийлгэх хэрэгтэй. Мөн хөнгөн, хүндэвтэр байдлаар өвдсөн буюу уушгины хатгаа болж хүндрээгүй хүн сэргээн засах эмчилгээгээг заавал эмнэлгийн байгууллагад үйлчлүүлэн хийлгэх шаардлагагүй. Харин гэр бүл, хамт олонд түшиглэсэн эмчилгээг хийх хэрэгтэй гэж дэлхий нийт үзэж байна. Өөрөөр хэлбэл зайнаас буюу телемедициний аргаар хүмүүсийг эмчлэх арга зүйд сургах аргыг баримталж байгаа.

Цахим сүлжээгээр явж буй ам дамжсан мэргэжлийн бус эмчилгээнээс татгалзахыг хүсье. Жишээ нь сүлжээний эм бэлдмэлүүдийг ковидын дараах хам шинжүүдээ эдгээх гэж хэрэглэж, ам дамжин бие биедээ зөвлөн дасгал хөдөлгөөнөө хэтрүүлэн хийж байна. Хөнгөн хэлбэрээр өвдсөн залуучууд дасгал хөдөлгөөнийг эрчимтэй нэмснээс болж сэргэх гэж байсан дархлаагаа бууруулж, мэдрэл сульдлын хам  шинж даамжирч байна. Сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх зааврыг ЭМЯ удахгүй батална. Энэхүү заавар нь дэлхий нийтэд судлагдаад түр гарч, шинэчлэгдээд явж байгаа. Иймд КОВИД-19-ийн дараа удаан үргэлжилж байгаа хам шинжүүдийг мэргэжлийн эмч, байгууллагын үгийг дагаж, зөв сэргээгээрэй” гэв.

Эх сурвалж: www.polit.mn