Б.БЯМБАЖАРГАЛ

Коронавирусын эсрэг дархлаажуулалтын нэмэлт тунд нийслэлийн хэмжээнд 189 мянга гаруй иргэн хамрагджээ. Энэ талаар НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэг “Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар суурин 49 цэгт 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан дархлаажуулалтын 80 гаруй багт ажиллаж байна. I тунгийн хамрагдалт 74 хувь, II тунгийн хамрагдалт 70 хувь байна. Харин гурав дахь буюу нэмэлт тунд 189.3 мянган хүн хамрагдсан. Энэ нь зорилтод бүлгийн 17.6 хувь гэсэн үг юм. Нэмэлт дархлаажуулалтад  I, II тундаа бүрэн хамрагдаад гурван сараас дээш хугацааг өнгөрүүлсэн иргэдийг хамруулж байгаа. Мөн коронавирусын халдвар аваад эдгэсэн бол эдгэснээс хойш 21 хоногийн дараа нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж болно. Хүүхдийн дархлаажуулалтын I тунгийн хамрагдалт 87.7 хувь, II тунгийн хамрагдалт 76.3 хувьтай байна. Харин жирэмсэн эхчүүдийн 35 хувь I тунд хамрагдсан бол II тунд 25 хувь нь хамрагдаад байгаа” гэв. Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяалал харгалзахгүйгээр дархлаажуулалтад хамрагдах боломжтой тул нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Эх сурвалж: www.polit.mn