Б.Дэмбэрэлням

Цар тахлын улмаас Монголын урлаг тэр дундаа тайзны урлаг хаалгаа хаагаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл УДЭТ-ын хамт олон энэ жил “Хаадын хаан” жүжгээр үзэгчидтэйгээ уулзахаар зэхэж байна. Энэ удаагийн “Утасны анд” буландаа УДЭТ-ын менежер Б.Гэрэлийг урьж 90 жилийн түүхтэй театрын энэ жилийн анхны тоглолын талаар ярилцлаа.

-Цар тахлын улмаас удаан хугацаанд театр маань хаалттай байлаа. Үзвэр, үйлчилгээгээ хэзээ нээх гэж байна?
-Хэзээ нээх талаар эцсийн шийдвэр гараагүй байна. Бид халдвар багасаж УОК, НОК эерэг шийдвэр гаргах байх гэж найдаж бэлтгэлээ хийж байгаа. 
-УОК-оос ямар нэгэн зөвшөөрөл, хэрхэн ажиллах талаар заавар өгсөн үү? 
-Албан ёсны зөвшөөрөл өгч  хариуцлагын гэрээ хийгээгүй. Кино театрууд ажиллаж, гадаа талбайн урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрсөн учраас зөвшөөрөл өгөх байх гэж найдаж байна. Хэрэв УОК зөвшөөрвөл ирэх сарын 5-нд нээхээр төлөвлөж байгаа. 
-Ямар жүжгээр нээлтээ хийх вэ? 
-“Хаадын хаан” түүхэн жүжгээр нээлтээ хийхээр сургуулилт, үйлдвэрлэлээ хийж байгаа. 
-“Хаадын хаан” жүжгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 
-Энэ жүжигт Монголын түүхийг өгүүүлдэг. Хүннү гүрний 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний хувьсгалын 110, Ардын хувьсгалын 100, Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ойд зориулсан МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол их эзэн Чингис хааны тухай өгүүлэх ‘’Хаадын хаан’’ жүжгийг тайзны бүтээл болгохоор  УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, УДЭТ-ын ерөнхий зураач Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од нар ажиллаж байна. Мөн хувцасны зураачаар “Сити” их сургуулийн багш Д.Отгонзаяа, ассистент найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Э.Ёндоншарав болон УДЭТ-ын нийт уран бүтээлч, хамт ажиллаж байна. “Хаадын хаан” жүжгээр Монголын тэр дундаа Чингис хааны түүх бол дэлхийн түүх гэсэн санааг өгүүлэхийг зорьж байгаа. Тус жүжгийг тайзнаа амилуулж, үзэгч олондоо толилуулснаар дэлхийд алдартай суут их эзэн Чингис хаанаараа дамжуулан эх түүх, өв соёл, нүүдлийн соёл иргэншлээрээ бахархах үзлийг түгээн дэлгэрүүлж, эх орон, ард түмэн түүхийн туршид ямар үнэ цэнтэй болохыг үзэгч олонд мэдрүүлнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.14 ЛХАГВА № 202 (6679)