ЦАР ТАХАЛ БА ХАРИУЦЛАГА-8

0
хуваалцах
145
үзсэн

-Монголчууд коронавирусээс айхаа больчихов уу-

Д.Цэрэннадмид
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

-“Ковид-19”-ийн халдвартай найзалж амьдардаг цаг ирж үү дээ.
-Тийм л юм шиг.
-Өнөөдөр бас л 20-иод хүн нас барсан мэдээ байна.
-Өө тэгж үү.
-Нөгөө манай айлын хэн халдвар аваад эмнэлэгт очсон чинь бараг хөөж гэнэ. Ор байхгүй гээд...
-Хүндэрвэл гэртээ үхэх болж байна уу.
-Тэг л гэсэн үг болж байна.
-УИХ-ын нөгөө хэн ч билээ. Гадаадад яваад тэндээ корона тусч эмчлүүлж байгаа гэнэ.
-За тэр ч ямар бид биш. Хөгжилтэй оронд эдгээд ирнэ биз.
Хүмүүсийн хооронд ийм яриа бүр энгийн мэт болчихжээ. Ер нь Монголын өнөөгийн дүр зураг ийм.
Монгол Улс дотооддоо цар тахлыг халдварыг алдаагүй бараг жилийн нүүр үзсэн гэж нэг хэсэг онгирцгоосон. Гэтэл өнгөрсөн оны нэлээд сүүлч үеэр халдварыг алдчихсан. Энэ үед чухам яаж байсныг эргэн санахад өвчилсөн хүн бүртэй уулзсан учирсан бүхнийг бүртгэж байшин байраар нь хөл хорио тогтоож тусгаарлаад нэг үгээр хэлэхэд дайны цаг шиг л хатуу дэгтэй байсан даа. Тэр нь ч тухайн үедээ цар тахлыг намжаахад тусаа өгсөн л байх. Гэтэл Монголын хууль гурав хоног гэдгийн үлгэрээр тэр дэг журам аажимдаа суларсаар нөгөө аймшгийн өвчнөө хамрын ханиадад тооцох шахуу болсон. Төр, засгийн хараа хяналт ч эрч нь харьсан дээс шиг үлбийгээд сонгууль монгууль зэрэг төрийн ажил заавал хийх учиртай гэж бужигнуулаад зөвхөн нийслэлд оршин байсан цар тахлыг орон даяар тарааж орхисон нь үнэн. Ер нь дийлэхээ байсан даа. Үүнтэйгээ зэрэгцээд халдвартай тэмцсээр байтал улс орны эдийн засаг муудлаа, ард түмний аж амьдрал сүйрлээ гэсэн том лоозонгийн дор төр, засгийн бодлого бүр сулрав. Иргэдийг өөрсдөө л амиа аргал гэсэн маягтай ажиллаж эхэлсэн.
Гэтэл өнөөдөр ямар байгааг хар л даа. Цар тахлын нэгэн оргил үе намдаах тийшээ байна гэж ярих ч сүүлийн нэг өдрийн мэдээгээр 2565 хүн халдвар авсан. 8239 гаруй хүн эдгэрлээ. Харин 17 хүн эндлээ, тэгснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдвар 330.8 мянга боллоо. Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүний тоо 19443 гаруй байгаа гэж байна.    
Харамсалтай нь 1400 гаруй хүнээ энэ өвчний улмаас бурхны оронд явуулчихжээ. Энэ нь цөөн хүн амынхаа 0.4 хувьд хүрсэн тоо.
Нэг долоо хоногт л 85 хүнээ алдаж байна. Одоо маш хүнд оноштой хүн ч олон. Ингэснээр халдварын тохиолдлын тоогоор, нас барагсад нь хэд вэ гэдгээрээ манай улс Ази тивдээ тэргүүлж яваа юм гэдэг. Гэтэл цар тахалтай тэмцэх ажил төр, засгийн бодлогоос бараг арчигдсан шиг.
Эрх баригчдын энэ талаар хэлэх үг дэндүү цөөрсөн бололтойдог. 
Хэн халдвар авч байна. Тэр нь өөрийнх нь буруу. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаагүйгээс л болж байгаа юм. Вакцинаа л хийлгэ. Бусдаар амьдрал хэвийн үргэлжлэхээс өөр арга алга гээд суух болов.
Сайд,  дарга нарын амнаас олигтой үг бараг унахгүй юм. Авч буй арга хэмжээ нь юу вэ гэвэл хэн нэгний сандал суудлыг солих маягаар л ажилладаг болж. Халдварын төв цэг болсон ХӨСҮТ-ийн ерөнхий захирлыг байсхийгээд л өөрчлөх юм. 
Саявтар Улсын Онцгой Комисс,  Нийслэлийн Онцгой комиссыг нэгтгэлээ л гэнэ. Энэ хоёр комисс дээр дор хоёртоо байх нь зохиогүй юм байх л даа. УОК нэг шийдвэр гаргана, НОК түүнийг жаахан зөрүүлсэн ажил явуулна.  Үүнээс л болсон гэж байх шиг.
Тэгвэл нарийн ухаад бодох юм бол бэрхшээлийн өмнө бууж өгдөг нөгөө арга л байна. Алсдаа халдварыг удтал барьж чадаагүй, мянга гаруй хүний амь насны асуудал яригдах болно. Үүнээс өөрийгөө авч гарах, хариуцлагаас займрах гэсэн дээдчүүлийн заль мэт л бодогдож байна.
Ер нь монголчууд дээр, дооргүй ачаа үүрч сураагүй нь энэ хүнд хэцүү үед харагдаад байна. 
Засгийн газар гайгүй ажиллаж байгаа л гэдэг. Энд тэнд нэг асуудал дэгдлээ гэхэд зуд ирвэл... гэдэг шиг. Ерөнхий сайд нь давхиж очиж дэгдсэн галыг унтрааж Засгийн газрынхаа нэр хүндийг авч явж байна л даа. Зарим сайд нарын хариуцлага сул, үг хэл нь амьдралд эвцэлдэхгүй л байгаа шүү дээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хааяа дуугардаг үг чихэнд тун эвгүй сонсогддог.
“Олон эмнэлэг” ковидоор өвчлөгсдийг хүлээж авах боломжгүйдлээ.  Нэмж ор дэлгэх арга алга, ор дэлгэх ажил таазандаа тулсан гэж хэлсэн. Энэ нь өвчлөөд хүндэрсэн хүн гэртээ л үх гэсэн үг санагдсан. Бас бүтэн хоёр жил шахам битүү хувцаснаасаа салаагүй эмч, эмнэлгийн ажилчид сөхөрч унадаг дээрээ тулж шантарч байна.
Сүүлчийн мэдээгээр 200 гаруй эмч, сувилагч ажлаасаа гарсан мэдээ бий. Энэ тухай асуудлыг мань сайд тайлбарлахдаа “Эрүүл мэндийн салбарт жил бүр л ийм шилжилт хөдөлгөөн гардаг шүү дээ. Шинэ ажиллагсдын хувьд цар тахлын энэ үед байтугай жирийн үед ч хэцүү юм гээд л ажлаасаа гардаг юм”  гээд хэнэггүйхэн сууна. 
Халдварт цар тахлын үед эмч, эмнэлэгийнхний ачаалал хэрээсээ олон арван хувь давж цөхөрч байгаа нь үнэн. Нэг эмчид 60-70, нэг сувилагчид 120-130 өвчтөн хоногтоо ногдож байна гэж байна. Энэ чинь нормативаасаа хичнээн арав дахин хэтэрсэн тоо. Үүнээс болж эмнэлгүүдэд эмчилгээ үйлчилгээ хүрэлцэхээ байсан. Энэ талыг хэн анхаарах, зохицуулах ёстой юм. 
Ковидоор өвчлөөд хүндэрч аргагүйдсэн нэгэн эмнэлэгийн гадаа очоод тусламж авч чадалгүй тэндээ нас барсан тохиолдол гарсан. Энд хэн хариуцлага хүлээсэн юм бэ.     
Тэгвэл одоо бүр өвчнөөс ч айхаа больсон хүний амь насны эндэгдэлд ч цочирхоо байж гэж хэлж болохоор байна.
Эрүүл мэндийн сайдын үүрэг энд хамгийн их байж таарна. Хамгийн гол нь тэр ядарч цөхрөн ажиллаж байгаа тэр хүмүүсээ сэтгэл санааг нь дэмжих, цалин хөлс урамшууллыг нь өдрөөс өдөрт нэмэх ёстой шүү дээ.
Ер нь цар тахлын үед төр, засгаас авч буй арга хэмжээ, чин үнэн дээ сүрхий суларсан шүү дээ гэдгийг хэлэх байна.
Амьдралд тохиолдож байгаа асуудлыг томоор биш зөвхөн өнөөдрийг аргацаасан гал унтраах маягаар хардаг, ханддаг болсныг олон түмэн хэлээд л байдаг. Гэтэл дээд талдаа төсөв мөнгө, сонгууль, албан тушаалын томилгоо л ярьж байна. Энэ нь заавал ярих ёстой асуудал мөн ч улс оронд учраад байгаа цар тахлын үеийн бэрхшээл хамт л яригдах ёстой байх.
Нөгөө талаар төр, засаг ингэж хандахтай зэрэгцээд иргэдийн маань хувийн хариуцлага бас мартагдлаа.
Хүн болгон л хүний эрх гэж ханхалздаг. Гэтэл бас эрх гэдгийн чинь хувийн хариуцлага гэж том юм байнаа даа. Энэ алга болох нь. Юм л бол төр, засгийн бодлогын алдаагаас болж муу амьдарч байна. Цар тахалд нэрвэгдэж байна гэж байх болов.
Тэгвэл цар тахлын үеийн нэг сургамж нь хүн өөрийгөө таньж авах боломж олгож байна. Бид хэн бэ. Монгол хүн гэж хэн бэ. гэхийн оронд би хэн бэ. гэдгээ чанд мэдэх хэрэгтэй цаг болж. 
Тиймээс өөрийгөө зөв таньж зорилгоо тодорхойлж чадвал яаж амьдрах гээд байгаа маань тодорхой болно. Бидний монголчуудад нэг муу зан бий. Өөрөө ямар ч буруугүй, тохиолдсон бүхнийгээ бусад руу чихэх болсон. Энэ асуудал төр, засгийн дээдчүүлд ч хамаатай юм л даа. 
Эцэст нь хэлэхэд сүүлийн үеийн мэдээгээр халдварын тохиолдол арай буурч байгаа мэт харагдавч зогсолт нь ойртлоо гэсэн үг биш ээ. Бид коронавирустэй нэг хэсэгтээ л амьдрах байх. Иймээс төр, засаг ч анхаарал юмаа сулруулж болохгүйн дээр иргэн бүр хувийн хариуцлагаа чанд ухаарах нь чухал байна.
Дархлаагаа сэргээхийн тулд вакцины гуравдугаар тундаа хамрагдаарай гээд удлаа. Тэгэхэд одоо хүн амын 10 гаруйхан хувь нь энэ тундаа хамрагдсан байгаа нь иргэдийн өөрийнх нь хариуцлагагүй хэрэг юм л даа. 
Бас үнэнийг хэлэхэд олон нийтийг хамарсан арга хэмжээг аажимдаа зөвшөөрөх тухай яриа бий.
Зарим талаар зөвшөөрсөн ч байгаа. Энэ зөв үү, буруу юу мэдэхгүй. Эргэлзмээр шийдвэр ч байх л юм. Нийтийн хоолны газруудыг орой 22 цаг хүртэл ажиллаж болно гэх юм. Хэн гэдэг мэргэн хүн тэр цагаас хойш халдвар тарна. Өмнө нь гайгүй гээд хэлчихсэн юм мэдэхгүй.
Ер нь ингээд Засгийн газар, Онцгой комиссын гаргаж байгаа шийдвэрт шүүлттэйхэн хандмаар юм олон л санагддаг даа. Уг нь цар тахлын эсрэг сөрж амьдрахаас биш сөхөрч цөхөрч л байхгүйсэн дээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.14 ЛХАГВА № 202 (6679)