Б.БЯМБАЖАРГАЛ

Замын-Үүд-Гашуунсухайт-Чойр чиглэлийн нүүрсний тээвэрчид Гашуунсухайт боомтод үүссэн нөхцөл байдал болон ЗТХ-ийн сайдын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж шаардлага хүргүүллээ. Тухайлбал, одоогийн байдлаар Гашуунсухайт боомтод нүүрсний экспорт зогссон, нүүрс тээврийн жолоочид хэдэн сараар тусгаарлагдаж тээвэрлэлт хийж чадахгүй байгаа юм байна. Энэ талаар “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “Нэгдүгээрт, 4000 гаруй жолооч нэг удаа тээвэрлэлт хийхийн тулд 2-3 сар тусгаарлагддаг. Тусгаарлалтын зардлаа жолоочид өөрсдөө гаргаж байгаа учир хэдэн сар тээвэрлэлт хийгээгүй жолооч нар өрөнд орж байна. Хоёрдугаарт, хүндрэлтэй зохион байгуулалт, авилгын асуудлыг эсэргүүцэж өнгөрсөн шөнөөс Цагаанхадны жолоочид сул зогсож бослого гаргаж эхэлсэн. Гуравдугаарт, салбарын сайд нь нүүрсний экспортыг шууд зогсоох шийдвэр гаргаад байна. Энэ нь Цогтцэцийгээс Чойр чиглэлийн дотоодын тээврийг энэ сарын 20-ноос хориглох тушаал гаргасан. Энэ зам нь улсын чанартай, шороон зам. Маш хүнд. Тээвэрчид өөрсдөө мөнгө босгож замыг зассан. Тодруулбал, одоогийн байдлаар тээвэрчид өөрсдийн хөрөнгөөр буюу дөрвөн тэрбум төгрөгөөр замыг засаж  сайжруулаад тээврээ хийж байгаа. Энэ замаар 150 гаруй ААН, 2000 гаруй жолооч энэ замаар тээвэрлэлт хийж хоолоо олдог. Зам хаах шийдвэрийг эсэргүүцэж байна” гэв.

Шинжилгээний хариуг зөрүүтэй гаргаж “бөмбөлөг хагалах” нь бизнес болсон гэв

Цар тахлын нөхцөл байдлын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөлд зохион байгуулж буй. Үүнтэй холбоотойгоор битүүмжилсэн буюу бөмбөлгийн зохион байгуулалтаар тээвэрлэлт хийлгэж байгаа юм. Энэ нь тээвэрчдийг нэг газарт байрлуулж Өмнөговь аймагт тусгаарлан шинжилгээ өгч Монгол, Хятадын талд шинжилгээ нь сөрөг гарвал нүүрсээ тээвэрлэдэг аж. Гэвч энэ зохион байгуулалт нь төдийлөн үр дүнтэй биш эцэстээ бизнес болон хувирсан гэдгийг тээвэрчдийн төлөөлөл хэллээ. Тухайлбал, нэг бөмбөлөгт 35-40 жолоочтой 100 бөмбөлөг байрлаж байгаа. Бөмбөлгийн нэг жолооч эерэг гарахад тухайн бөмбөлгийн бүх жолооч тээвэрлэлт хийх боломжгүй болж дараагийн бөмбөлөгт шилждэг байна. Үүнтэй холбоотойгоор үүссэн асуудлын талаар тээвэрчдийн төлөөлөл “Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын асуудал маш хүнд байгаа. Цагаанхад дахь ПГУ шинжилгээний лабораторийн хариу баталгаагүй. Жишээлбэл, аравдугаар сарын 4-нд Цагаанхад дахь ПГУ лабораторид шинжилгээний хариу нь эерэг гарсан жолооч хоёр хоногийн дараа Улаанбаатар хотод ирж ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Нэг жолооч эерэг гарахад цуг байсан 44 жолооч цуг тусгаарлагдаж дараагийн бөмбөлөг орж ирдэг. Ийм тохиолдол олон удаа гарч байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Бид Цагаанхад дахь ПГУ шинжилгээний хариу эерэг гарсан ч ХӨСҮТ-ийн шинжилгээний баталгаатай хариуг үндэслэн эргэн оруулах ёстой гэж үзэж байна” гэв.

Л.Халтар: Авлигын баримт байвал олон нийтэд зарлах хэрэгтэй

ЗТХ-ийн сайд Л.Халтар тээвэрчдийн шаардлагыг хүлээн авч боомтын бөмбөлөгт үүсээд байгаа асуудлын талаар тайлбар өгөв. Тэрбээр “Бөмбөлөгийн зохион байгуулалт нь халдвар хамгааллын дэглэм, тусгаарлалт, шинжилгээтэй холбоотой учраас боомтын зөвлөл нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг. Хэрэв боомтын зөвлөл авлига нэхдэг гэх баримт жолооч нарт байгаа бол хэвлэл мэдээллээр цацаж олон нийтэд зарлах хэрэгтэй. Харин Цогтцэций-Чойр чиглэлийн замын нөхцөл байдал хүнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа учраас хаах шийдвэр гаргаж байгаа” гэв.

Харин тээвэрчдийн зүгээс Цагаанхад дахь үүсээд буй нөхцөл байдлыг шалгаж онцгой баг ажиллуулахыг шаардаж байгаа юм. Мөн Цогтцэций-Чойр чиглэлийн замыг хаах шийдвэрийг цуцлахыг шаардаж байгаа юм байна. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хотод 1000 том оврын машин оруулж ирж тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn