Б.Батцэцэг: Боловсрол бол бодитоор мэдэрсэн дадлага туршлага

0
хуваалцах
195
үзсэн

Х.МОНГОЛХАТАН

Хүүхэд залуусын хөгжил, боловсролыг дэмжин мэдлэг чадвартай, шинэ үеийн хүнлэг иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготойгоор 10 жилийн өмнө “Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв” ТББ үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдийн сурч хөгжих орчин нөхцлийг сайжруулах, тэднийг хөгжүүлэх тогтмол сургалт олон арга хэмжээг сайхан сэтгэлт хандивлагчид, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүсийн оролцоотой бүтээсэн байна. 10 жилийн ажлаа дүгнэн, ирээдүйдээ илүү ихийг хийж бүтээхээр зорьж буй Ази Африкийн хүүхэд залуусын боловсролыг дэмжих сан буюу ADRF /Africa Asia relief Foundation/  олон улсын байгууллагын Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Б.Батцэцэгтэй ярилцлаа. 

-Танай хамт олонд 10 жилийн ойн мэнд хүргэе. Монголд иргэний нийгмийн олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг ч боловсролын чиглэлээр тогтвортой ажилласан нь цөөн байх?
-Манай байгууллага нь Дэлхийн 21 оронд Ази Африкийн хүүхэд залуусын боловсролыг дэмжих сан буюу ADRF /Africa Asia Development Relief Foundation/ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллагын салбар болж “Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв” нэртэйгээр анх 2011 онд албан ёсоор  үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Бид хүүхэд багачууд болон оюутан залуус, нийгэмд чиглэн ажилладаг. 
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд  дунд сургуулийн 200-250 орчим сурагчдыг тогтмол сургалтанд хамруулахын зэрэгцээ олон төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулж хэрэгжүүлсэн байна.
Мөн 500 гаруй оюутан залуус манай байгууллагад сайн дурын ажил хийхээр бүртгэлтэй байдаг. Тэднээс 200 орчим нь үйл ажиллагаанд тогтмол оролцдог. 
Бид сургалтаараа дамжуулан хүүхэд, залууст "Dream beyond dream" буюу "Хүсэл мөрөөдлийн цаана буй хүсэл мөрөөдөл" гэдэг сэтгэлгээг суулгахыг хичээдэг. Энэ нь нийтийн төлөө байж чадах, илүү холыг харж, том зорилго тавьж, түүнийхээ төлөө хичээн сурч, хөдөлмөрлөх иргэдийг бэлтгэхийг зорьж байна.
-Хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийг чиглүүлж, тэдэнд хөгжих хүмүүжих боломж олгодог ямар сургалт байдаг вэ?
-Хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаагаа Чингэлтэй болон Баянзүрх дүүрэгт байрлах хоёр сургалтын төвөөрөө дамжуулан өдөр тутмын сургалт болон онцгой үйл ажиллагаанууд зохион байгуулж ирлээ. Хүүхдийг зөв хүн, хуваалцагч иргэн болж төлөвшихөд нь чиглэсэн хүмүүжлийн хичээл ордог. Түүнээс гадна Ерөнхий боловсролын сургуулийн сургалтаар авч чадахгүй байгаа нэмэлт хичээлүүд болох эрүүл мэнд, гоо зүй, ёс суртахуун, уран зураг зэрэг хичээлүүдийг бэлдэж үндсэн багш нар маань заадаг. Мөн нэмэлтээр гадаад хэл, компьютер, рубик шоо, шатар, даам зэрэг хөгжүүлэх сургалтыг сайн дурын оюутан залуусын тусламжтай ордог.
-Сүүлийн үед сайн дурын ажилд оюутан залуусын оролцоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ тэднийг чадавхжуулах ажил илүү чухал байна?
-Манай байгууллагын үйл ажиллагаа оюутан залуусын оролцоо тусламжтай явагддаг учраас тэднийг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагааг давхар явуулдаг.  Сайн дурын ажил хийж буй оюутан залуусаа хөгжүүлэх, дадлага туршлага олгох зорилготой “Борам” тэтгэлэгт хөтөлбөрийг ес дэх жилдээ явуулж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн маань онцлог нь хоёрдугаар курсээсээ эхлээд арга хэмжээ зохион байгуулж, гуравдугаар курсээсээ оролцоогоо нэмэгдүүлж, дөрөвдүгээр курсдээ бие даан "Дулаан өвөлжих аян" төслийг хэрэгжүүлж олон талын мэдлэг чадвар суудаг. Оролцооноос нь хамаарч тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг олгодог. 
Мөн тэднийг илүү холыг харсан, олон зүйлийг мэдэрч авах дадлага туршлага олгоход чиглэсэн "Боловсрол бол бодитоор мэдэрсэн дадлага туршлага" гэсэн уриатай “Global citizen” хөтөлбөрийг 2013 оноос хойш явуулж ирлээ. Энэ нь оюутан залуус нэг жилийн хугацаанд хөтөлбөрийн санхүүжилтээ өөрсдөө хамтдаа бүрдүүлэн Зүүн өмнөд азийн 7-8 оронд сайн дурын ажил хийнгээ аялдаг хөтөлбөр  юм. Гадаад улсад сурч хөгжих боломжийг олгох “Global share”, "Global volunteer" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 
Сайн дурын ажил хийхээр ирсэн залуус маань хоорондоо чаддаг зүйлээ хуваалцан бие биенээсээ суралцах зорилготой олон клубууд хичээллэдэг.
“Би энэ байгууллагад сайн дурын ажил хийхдээ сургалт зааж дүү нартаа туслаад байна, үйл ажиллагаа зохиож байгууллагадаа туслаад л өөрийгөө дандаа бусдад өгч байна гэж бодож байсан. Харин ажлын байран дээр гарсныхаа дараа би өөрөө авч байж гэдгээ ойлгосон. Одоо надад бүх талын чадвар суусан байна” гэж манай хөтөлбөрт хамрагдсан сайн дурын оюутан ярьж байсан нь энэ хөтөлбөрийн онцлог гэж хэлж болох болов уу. 


-Иргэний нийгмийн гол үүрэг нь хүмүүст нөлөөлж, нийгэмд өөрчлөлт авчрах байдаг. Энэ чиглэлд танайх бас ажилладаг байх аа?
-Манай байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь сайн дурын ажлыг нийгэмд сурталчлах, хуваалцах соёлыг бий болгох зорилготой учраас “Дүдү” хөтөлбөр, “Дулаан өвөлжих аян”, “I am volunteer” хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Жишээ нь, аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл “Дулаан өвөлжих аян”-г оюутан залуус маань өөрсдөө зохион байгуулж  иргэд байгууллагуудтай уулзан, хандиваа босгоод дулаан хувцас хэрэгцээтэй хүүхдүүдэд бэлэглэдэг. Арванхоёрдугаар сарын 5-нд болдог олон улсын сайн дурын ажилтны өдрөөр тэднийг нийгэмд таниулая, хийж буй ажлыг нь үнэлж, урамшуулая дуу хоолойг нь хүмүүст хүргэе гэсэн зорилготой “I am volunteer” хөтөлбөрөө бид тав дахь жилдээ зохион байгуулж байна. 
-10 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажил гээд ярихад олон зүйлийг хэлэх байх. Гэхдээ ерөнхийд нь дүгнэвэл?
-10 жилийн дараа эргээд харахад боловсролын чиглэлээр хийсэн ажил байшин барилга барих шиг шууд үр дүн нь мэдэгддэггүй юм байна. Анх сургалтын төв нээгдэхэд хамрагдаж эхэлсэн хүүхэд өнөөдөр 12 дугаар анги болсон байна. Гэхдээ өөрийгөө хөгжүүлсэн, мөрөөдөл зорилгоо тодорхойлсон, бусдын төлөө цохилох зүрхтэй, бусдад хуваалцдаг, дүү нартаа тусалдаг сайн дурын ажилтан болсон байна. Сайн дурын ажилтнууд маань сургуулиа төгсөөд ажлын байран дээр гараад өөрсдөө байгууллагаа дэмждэг, тусалдаг, хандивлагчид болжээ. Мөн байгууллагадаа сайн дурын ажил хйиж байсан оюутнуудаас маань ажил амьдралын гараагаа энэ байгууллагаасаа эхлэе гээд багшаар үлдээд ажиллаж байна. Энэ бол манай байгууллагын хийж ирсэн ажлын үр дүн юм. 
-Төрийн бус байгууллагад санхүүжилт чухал байдаг. Танайх олон улсын байгууллага гэхээр мөнгө санхүү дээрээ асуудалгүй гэж ойлгож болох уу?
-Олон улсын байгууллагын салбар гэхээр гаднаас санхүүждэг гэсэн буруу ойлголт байдаг. Ази Африкийн хүүхэд залуусын боловсролыг дэмжих сан буюу ADRF байгууллагын философи нь тухайн улсын иргэний хөгжил хүмүүжлийг тухайн орны иргэд л мэднэ. Тиймээс та нар ямар хичээл орж, ямар үйл ажиллагаа явуулахаа өөрсдөө мэдэж, эзэн нь бол гэдэг зарчим баримталдаг. Мэдээж “Боловсрол бол ирээдүй” гэсэн байгууллагын уриа зорилго доор бүх улс орнууд нэгддэг боловч улс болгоны явуулж буй үйл ажиллагаанууд нь өөрсдийн онцлогт тохирсон байдаг. Бид өөрсдөө хийхийг хүсч буй зүйлээ хийж, түүнд шаардагдах төсөв мөнгөө олдог. 
Нийтийн төлөө, бусдын төлөө хийж буй ажилд санхүү маш чухал. Бидний үйл ажиллагааг үргэлж дэмждэг, тусладаг хандивлагчид байдаг. Өдөр тутмын үйл ажиллагааны зардлаа бид “Share shop” нэртэй хүүхдийн хувцасны дэлгүүрээс санхүүждэг. Мөнгө санхүүгийн асуудалгүй бол сайн зүйл сайхан ажлыг хэн ч хийж чадна шүү дээ. Харин байхгүй санхүүг бий болгоод нийтийн төлөө зориулна гэдэг бол ТББ-ын онцлог юм даа. Гэхдээ олон улсын байгууллага маань бидний ард байж, шаардлагатай тусламж дэмжлэгийг зайлшгүй тохиолдолд үзүүлдэг. 
-10 жилийн ажлаа дүгнээд ирээдүйд хийх зорилгоо тодорхойлсон байх. Бидэнтэй хуваалцаач? 
-Өнгөрсөн 10 жилийнхугацаанд явуулж ирсэн үйл ажиллагаа болон өөрсдийн баримталдаг зарчим дээрээ тулгуурлаад байгууллагынхаа нэрийг солихоор шийдсэн. “Хүүхдийн оюун боловсролыг дэмжих төв” ТББ маань өнөөдрөөс хойш “Боловсрол ирээдүй” нэртэйгээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллана.  
Одоо цаг үе өөрчлөгдөн бүх зүйл технологижиж байна. Блокчэйн технологи төвлөрсөн бус систем хаа сайгүй яригдаж буй энэ үед манай байгууллага блокчэйн сууриа тавих зорилго тодорхойлсон байгаа.
Мэдээж иргэний нийгмийн салбартаа маш сайн мэргэшсэн мэдлэгтэй түүчээлэгч нь байх зорилго тавьсан. Бид Монголынхоо бүх хүүхдэд хүрч үйлчилж чадахгүй ч хүрээгээ тэлж орон нутгуудад салбараа нээх төлөвлөгөөтэй байна. Эхний орон нутаг дахь салбараа энэ ондоо багтаан Төв аймгийн Зуун мод хотод нээхээр болсон. Хамгийн сайхан мэдээ нь манай байгууллага өөрсдийн гэсэн Спорт цогцолбортой болох мөрөөдлөө удахгүй ажил хэрэг болгоно. Хүүхдүүд маань чөлөөт цагаа өнгөрөөх спорт цогцолбортой болгохын төлөө ажиллана. Мөн соёл урлагийн төвтэй болох гээд олон сайхан төлөвлөгөө гаргаад байна. 
Өнгөрсөн 10 жилийн түүхийг бүтээхэд маш олон сайхан сэтгэлт хүмүүсийн хандив оролцоо байсан гэдгийг баяртай, бахархалтайгаар хэлмээр байна. Тухайлбал, Шинэ жил, Хүүхдийн баяр гээд хүүхдүүдийн минь хүсэн хүлээдэг баярын өдрүүдийг Pepsi  болон ТЭСО-ийн бүтээгдэхүүнүүдгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ мэтчилэн бидэнд цаг үргэлж дэмжлэг үзүүлж хандив өргөж байсан хувь хүн, албан байгууллагууддаа үргэлж талархаж явдгаа хэлье.
ADRF Mongolia-г хамтдаа бүтээлцсэн хүн бүхэнд 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Илүү сайхан маргаашийн төлөө бүгдээрээ хамтдаа хичээцгээе.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.13 ЛХАГВА № 201 (6678)