Д.ДАРАМБАЗАР

НМХГ-аас коронавируст халдварын батлагдсан тохиолдлын хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт тавьжээ. УОК-ын Нэгдсэн штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр НМХГ-ынхныг хүлээн авч уулзаж, хяналт шалгалтын дүнтэй танилцав. Шалгалтыг коронавируст халдварын батлагдсан тохиолдлыг хүлээн авч эмчилж байгаа 23 эмнэлэгт явуулжээ. Үүгээр эмнэлгүүдийн 41 хувь нь эмчилгээний орны ачаалал хэтэрсэн, 23 хувьд нь нэг эмчид 30-70, нэг сувилагчид 120-130 өвчтөн оногдож байгаа юм байна. Эмнэлгүүдийн 41 хувь нь хүний нөөцийн дутагдалтай байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 35 хувь нь хүнд, маш хүнд хүмүүс байгаа тул нэг хүнд үзүүлэх тусламж үйлчилгээний үргэлжлэх хугацаа урт байгаа нь улаан бүсэд ажиллаж байгаа эмч сувилагч нарын ачааллыг нэмж байна. Ор зохицуулалтын баг, дүүргийн тандалтын багаас 60 хүний нэр ирэхэд 30 нь ирж хэвтдэггүй. Хөнгөн өвчтөнүүд, асран хамгаалагчгүй нярай хүүхэд ирдэг нь эмнэлгийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна гэв. Иймд Нэгдсэн штабаас ор зохицуулалтын баг, дүүргийн тандалтын багаас халдварын батлагдсан тохиолдлын эрэмбэлэн ангилалтыг оновчтой хийж, эмнэлгийн эмч, ажилтнуудын ачааллыг зохиомлоор нэмэгдүүлэхгүй байх, салбар хоорондын уялдаа холбоог илүү сайжруулах, шинэ менежмент хийх тал дээр анхаарч ажиллахаар болсон гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж www.polit.mn