Б.ОД

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах “Сэлбэ” дулааны станц өнөөдөр ашиглалтад орлоо.

Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгдүгээр үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбож байгаа. Тодруулбал, Сэлбэ дэд төвийн хүрээнд барьсан “Сэлбэ” дулааны станц нь 28 мBт хүчин чадалтай юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Сэлбэ” дулааны станцыг байгальд ээлтэй технологиор бүтээсэн. Нүүрсийг шатаах үед ялгарах үнсийг 99 хувь барих уутан шүүлтүүртэй. Нүүрсний тээвэрлэлт, бусад технологийн ажиллагаа бүхэлдээ иргэдийн болоод орчны эрүүл ахуйд нийцсэн, орчин үеийн технологитой цахилгаан станц юм” гэв.

Сэлбэ дэд төвд өнөөдрийн байдлаар 3260 өрх айл амьдарч, 117 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.  Ерөнхий төлөвлөгөөний дагуу ирээдүйд 7000 гаруй айл өрх, 300 гаруй аж ахуй нэгжийн дулааны ачааллыг “Сэлбэ” дулааны станцаас хангахаар тооцоолжээ.

Эх сурвалж:www.polit.mn