Т.Баасансүрэн

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч

Түрүүч нь №191 (6668), 192 (6669), 194 (6671), 195 (6672), 196 (6673), 197(6674)-т

Гэхдээ биеэ засна гэдэг бол манайхан шиг бизнес эрхэлж, сургууль төгсөөд болчихно гэсэн утгаар биш, биеэ засах гэдэг утгыг  философиор тайлбарлавал хорвоогийн үйл явдлын утга учрыг мэддэг болж, сэтгэлийн төлөвшил олохыг биеэ засах гэдэг. Тэгэхээр үзэл бодолтой хүн улс төрд орж болно. Үзэл бодолгүйгээр зүгээр албан тушаал хашихын төлөө юмуу, эсвэл  төрд ороод бизнес хийх гэж орвол утгагүй. Манайд сүүлийн үед ийм явдал их дэлгэрч л дээ. Энэ харамсалтай. Ажиглаад байхад их сонин зүйлүүд ч байх юм. Зарим нь Их Хуралд орохдоо шууд бизнес хийх гэж ордог юм байна. Бүр хэлж байгаад ордог хүмүүс ч байх юм. Ингэж болохгүй шүү дээ. Зарим нь Торой банди, Тогос Чүлтэм, Цахиур Төмөрийгөө сонгож байгаа юм шиг холоос мөнгө цуглуулж ирэх хүнийг сонгочихдог. Тэр нь Их Хуралд ирээд ямар ч хувь нэмэр оруулсан юмгүй баахан наймаа хийж Их Хурлын гишүүн гэж яваад тойрог руугаа хэдэн төгрөгийн хаялга хийж өнөөхөө дахин дахин сонгодог. Энэ бол эмгэнэлт нийгмийн улс төрийн тогтолцооны дорой байдал. 
- Та нэг ярилцлагадаа “Би бизнес хийгээгүй. Монгол төрийхөө нэрийг бодсон ч, Ерөнхий сайд байсан хүн наймаа хийгээд явж таарахгүй” гэсэн байдаг. Манай анхны Ерөнхийлөгч албанаасаа буугаад энд тэнд, Үндсэн хуулийн цэцэд хүртэл ажилласан байх. Хоёр дахь Ерөнхийлөгч маань Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр хоёр дахь удаагаа ажиллаж, хатуухан хэлбэл харийнханд найр тавьж үйлчилж байгаа. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, нэг бус сайдууд ч зүгээр суугаагүй байх. Энд тэндхийн гадна дотнын компаниудад зөвлөхөөр ажиллаж байгаа дуулддаг. Гэтэл та тэгсэнгүй. Үүний учир шалтгаан, уг үндэс, улс нийгэмд учруулж болох хор уршиг, үр дагаврыг тайлбарлаж өгнө үү?
-Ер нь тэгээд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс бизнес хийх зовлонтой. Тэр хүнд маш өргөн хүрээний мэдээлэл байгаа. Маш өргөн хүрээний танил сүлжээ байгаа. Тэрийгээ бизнест ашиглах юм бол нэгдүгнээрт, бусдаасаа давуу талд орно. Хоёрдугаарт  төрийн ажил, бизнесийн ажил  өөр. Ер нь бол бизнесийн зөв номлолд заахдаа бизнес эрхэлнэ гэдэг хүний сайн сайхны төлөө зүтгэж, олон түмэн нийгэмдээ тус болохын хэрээр хишиг хүртэхийг эрүүл бизнес гэж хэлдэг. Идэж хожихын төлөө бизнес эрхлэх юм бол Цогт тайжын хэлдэг “Олз идэш олж идэгч хүмүн хийгээд уулын модонд явагч араатан хоёрын ахуй дүр нь ангид боловч алан идэхийн агаар нэгэн буюу” гэгч болж байгаа юм. Идэх, баяжихын төлөө орох юм бол бизнес гэдэг зүйл зовлонтой. Тэр утгаараа жинхэнэ төрд зүтгэж явсан хүн хувийн эрх ашгаа бодож ашиг хонжооныхоо төлөө зүтгэнэ гэдэг бол тэр хүний хувьд эмгэнэл, том хувиралд орчихож байгаа юм. 
Одоо төрд зүтгэж явсан хүмүүс зарим нь гадна дотны бизнесийнхэнд зүтгээд явж байгааг хараад би боддог юм. Монгол төрийн тамга барьж байсан хүн гадны баячуупын өмнө очоод тайлан бичээд сууж байхад ямар байдаг бол... 
-Танд гадаад, дотоодын компаниудаас  зөвлөхөөр ажиллаж өгөөч гэсэн санал ирж байв уу?
-Надад санал тавьж байсан үе бий. Бүх насаар чинь цалин өгье ч гэж байсан удаатай. Өндөр хангамж амлаж байсан нь ч бий. Би үгүй гэж хэлдэг. Би Монголынхоо төлөө зүтгэж явсан. Тэрийгээ больчихоод Монголоо мөлжиж ашиг олохын төлөө явна гэж хэзээ ч байхгүй. Гэхдээ би энэ амьдралдаа өөрийгөө хохирсон гэж боддоггүй. Өөрийн чинь асууж байгаа Ерөнхийлөгч нар маань гадны компаниудад ажиллаад байна гэдэгт би харамсдаг. Одоогийн Ерөнхийлөгч маань ч бизнесийн хүн шүү дээ, олигархи. Тэр чанараа тавьж чадахгүй л явна. Сая Үндсэн хуулийн өөрчлөлтийн үед Монголынхоо төлөө хийх ёстой зүйлээ хийж чадаагүй. Чингис хааны байгуулсан төрийн тэргүүн шүү дээ. Төрийн тэргүүн бол Чингис хааны суудлыг залгаж байгаа хүн. Тэгээд бод доо, Чингис хаан гадны бизнесийнхэнд очоод хөлсний ажил хийгээд сууж байж гэнээ гээд. Ямар санагдах вэ? 
-Харамсалтай. Гэхдээ үнэхээр юм бодогдуулсан зөв зүйрлэл байна шүү...
-Би хувьдаа тэгж л  боддог. Манайхан үүнийгээ бас бодох байх. Хүний амьдрал бол тэр хүний л хариуцлагын асуудал. Тэр хүн өөрийнхөө хөдөлмөрөөр, өөрийн мэдлэгээр амьдралаа бүтээж чадах уу? Аль эсвэл өөр хэн нэгний зарц байж амьдрах уу гэдэг бол тэр хүний өөрийн үзлийн асуудал юм даа. Тийм болохоор би бизнес эрхлэхгүй, эрх ямба эдлэхгүй  гэж бодсон. 
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан хүнд орд харш улсаас барьж өгдөг хуультай юм билээ. Ерөнхий сайдаар ажилласан хүнд ямар нэг халамж байдаггүй юм уу?
-Тийм боломж байсан л даа. Намайг Ерөнхий сайд болсон өдөр Аюулаас хамгаалахынхан ирж асуудал тавилаа. Таны аюулгүй байдлыг хангаж, орцны чинь эсрэг талын хаалганд байгаа айлыг бид дуртай орон сууцанд нь оруулъя. Та энэ байрыг дангаар нь авч болно гэсэн. Тэгэхэд нь би олон жил хөрш зэргэлдээ явсан айлаа “би том албанд очлоо, одоо байрыг чинь авлаа” гэж нүүлгэхгүй. Би авахгүй. Хамгаалах хэрэгтэй бол өөрсдийн арга хэрэгслээр хамгаална биз, би энэ байрандаа  байна гэсэн. Энэ байранд манайх 1977 оны наймдугаар сарын 31-нд нүүж орсон юм. Түүнээс хойш 43 жил болж байна” гэжээ.
Дашийн Бямбасүрэн гэдэг ер нь хэн бэ, ямар хүн бэ гэдэг эндээс жигтэйхэн тод харагдаж байна. Тиймээс ярилцлагын эл хэсгийг үг, үсгийн өөрчлөлтгүйгээр тэр чигээр нь зориуд эшиллээ. Өнөөх хөдөөний хүний хүн чанар, аливаад зарчимч байр сууриас ханддаг шударга зан авир нь нэвт шувт мэдрэгдэж байна. Ийм Ерөнхийлөгч, Ерөнхий сайд манайд өөр бий бил үү? Сүүлийн 30 жилд хэд гарсан юм бол, Пунцагийн Жасрай хэмээх Засагт хааны хөх эрээс өөр бараг л үгүй болов уу. Ганц нэгхэн гарч болохыг үгүйсгэхгүй.
Сэтгүүлч Ч.Үл-Олдох энэ удаад ч Д.Бямбасүрэн гуайгаас улс орны эдийн засаг, хөгжлийн тухай асуултыг бас лавшруулж асуужээ. 
 - Хямралаас гарахын тулд, Монголыг өөд татахын тулд бид яах ёстой вэ? Юу юуг тэргүүн ээлжинд хийж хэрэгжүүлэх үүрэгтэй вэ, хэлж өгөөч гэж асуусан байна. Сурвалжлагчийн асуултад Дашийн Бямбасүрэн гуай:
-Бид хэдийгээр улс төрийн талаасаа тусгаар тогтнолоо баталгаажуулж төр, засгаа байгуулах эрх авлаа ч гэсэн амьдралын гол үндэс эдийн засгаараа бид гаднаас хэт хамааралтай байна. Нэгдүгээрт, нэг их гүрний дагуул боллоо. Хоёрдугаарт, ямар ч эдийн засгийн бодлого гаргасан хараат байдалд ороод байна. Үүнээсээ гарч чадахгүй байна. Монгол асар баян орон. Баялгаа дэндүү хайр гамгүй үрэн таран хийж бусдын гарт өгөөд байгаа болохоор бид хоосон хоцроод байна. Оюутолгойд хэчнээн найдлага тавьж байгаад гэрээ байгуулж “Рио Тинто”-д өгсөн, одоо эргээд өөрсдөө өртэй хоцроод сууж байна. Баялгаа хүнд өгөөд өртэй хоцорно гэдэг ядуухан эрийн шинж л дээ. Баялгаа өөрөө эзэмшиж, өөрөө эзэн нь байх хэрэгтэй. Жишээлбэл 1996 онд Монголын анхны Ерөнхийлөгч ноолууран дээлэндээ  газрын тос түрхэж “Монгол газрын тостой боллоо” гэж зарласан. Түүнээс хойш 25 жил өнгөрлөө. Нефтийн үйлдвэр байдаггүй. Нефтийн үйлдвэр байгуулах тийм хүнд асуудал биш. Манай Засгийн газрын үед бид гадныхантай холбоо тогтоож судалгаа хийж байсан. Тэр үед  Зөвлөлтийнхөн Монголыг нефтиэр шахаж хавчиж байсан юм. Тэгэхэд Сингапураар дамжуулан гаднаас нефть авах,  гурван сарын дотор орчин үеийн техник технологитой жижиг үйлдвэр барьж болох байсан. Би хүн явуулж үйлдвэрийг нь үзүүлж, тоног төхөөрөмжийн судалгаа хийлгэж байсан юм. Гэтэл эд нар 25 жил, жил тутам 1.5 тэрбум ам.доллар гадагш нь төлж гаднаас шатахуун зөөлгөж байна. Үүнийг юу гэж хэлэх вэ, баялгаа өөрөө зээмшиж чадаагүйн шинж шүү дээ. Нөгөөтэйгүүр “Чингис бонд” 1.5 тэрбум ам.доллар, түүгээр Монголын жилийн хэрэгцээг  бүрэн хангах нефтийн үйлдвэр байгуулж болно. Гэтэл Монгол Улс “Чингис бонд”-оор юу хийв, ямар ч үр ашиг өгөхгүй зам тавих юм уу, элдэв  төсөлд зарцуулж  гадны компанид өгөөд буцаагаад  гаргачихдаг. Өөрөөр хэлбэл амьдралынхаа эзэн болж чадахгүй байна. Өөр нэг сонин асуудал бий. Монгол Улс жилд 30-аад тонн алт олборлодог. Хувийн компаниуд алт олборлож болно. Тэр алтаа Монгол Улс өөрөө худалдаад авчих хэрэгтэй шүү дээ. Нинжа ч гэнэ үү, компани ч гэнэ үү алт ухаад хашаанаасаа гарахад нь чи наадахаа өгчих, дансанд  чинь хийчихье төгрөгөөр гээд авч болно. Тэрийгээ яаж зарцуулах нь тэр хүний л асуудал. Алтаа бид аваад үлдэх нь валютын нөөц. Одоо байгаагаас хэд дахин их болж болох байсан. Зарим нь өмдөн  дотроо хийж аваад гадагш нь гаргачихсан. Сүүлд нь алтаа банкинд тушаахгүй байна гэж гомдол тавиад сууж байдаг. Төрийн өөрийн асуудал шүү дээ. Төр өөрөө хийж чадахгүй байна. Ер нь эдийн засгаа өөд нь татъя гэвэл байгалийн баялгаа өөрсдөө боловсруулах хэрэгтэй юм. Одоо бид зэсийн баяжмалаа гадагш нь маш ихээр гаргаж байна. Гэтэл баяжмалаар гаргахад нэг тоннд байгаа зэсийн үнэ сайндаа л 3-4 мянган  ам.доллар, боловсруулаад гагахад зургаан мянган ам.доллар болно” хэмээн хариулсан байна.
БНМАУ ба Монгол Улсын өмнөх тулгамдсан асуудлуудыг, ялангуяа эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг сайн мэддэг хүний хариулт болох нь андашгүй. Нийгэм, улс төрийн ийм зүтгэлтэн Монголд тийм ч олон байхгүй. Д.Бямбасүрэн гуай дээр Д.Содном зэрэг ганц нэг хүн нэмэгдэх байх. Тэд бол Монгол Улсын өчигдөр ба өнөөдрийн амьд толь юм. Маргаашийн ирээдүйг тодорхойлоход юугаар ч сольшгүй их мэдлэг, амьдрал тэмцлийн дадлага, ажил үйлсийн арвин хур туршлага тэдэнд бий. Өөр хүнд бол үгүй. Үүгээрээ сэтгүүлч Ч.Үл-Олдохын эл ярилцлага үнэ цэнтэй бүтээл болжээ. Түүний эл номонд орсон 17 ярилцлага нэг бүрийг хөндөн ярьж болно. Ухаж төнхөхөд дундрахгүй арвин аж. Учир нь түүнтэй ярилцагч Дашийн Бямбасүрэн гэдэг хүн өөрөө мөлжөөд барахгүй бэрх амьтан, давтагдахгүй сод бодгаль, манай Хорлоогийн Цэвлээ гуайн нэгэнтээ хэлсэн дотроо алт эрдэнэс адил их эрдэм мэдлэг агуулсан дээлтэй судар юм. Монгол эх орон, Монголын ард түмэн түүнд ийм өндөр мэдлэг боловсрол, хүмүүжил төлөвшлийг олгожээ. Эх эцэг, ахан дүүсийнх нь их хувь нэмэр мэдээж байсан байж таарна. Хүн төрөх нь, бас үхэх нь үнэн. Үхэх, төрөхийн хооронд үнэний хорвоог туулдаг. Алдах нь ч бий, онох нь ч буй. Миний нэг танил надад “Манай Бямбасүрэн гуай мөн намбатай сайхан хөгширч байна даа. Хүн ер нь ингэж өтлөх ёстой юм байна. Хараад л хайр хүрмээр” гэж үнэн сэтгэлээсээ өгүүлж билээ. Би түүний өмнөөс  үгүй, чи худал хэлж байна гэж хэлж чадаагүй. Яагаад гэвэл тэр яг үнэнийг л хэлсэн. Үйл хэрэг, үзэл санаа, өөрийн амьдралаараа бусдад үлгэр дууриал болж хүндлэгдэн бишрэгдэнэ гэдэг бол маш ховорхон үзэгдэл. Харин Дашийн Бямбасүрэн гэдэг хүн бол тэгж чадаж байна. Үүгээрээ Монголын нийгэм, Монголын ард түмний сод хөвгүүн мөн гэдгээ батлан харуулж байгаа юм. Сэтгүүлч Ч.Үл-Олдохын түүнтэй хийсэн 17 удаагийн ярилцлагаас энэ нь их тод харагдаж, бас хурцаар мэдрэгдэж байна. Ялангуяа 17 дахь сүүлчийн ярилцлагаас нь бүр ч гэрэлтэн бадарч байна. Уг ярилцлага Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн гэдэг хүний дотоод ертөнцийг бүрэн бүтнээр нээж хөрөглөж зураглаж харуулж чадсан байна. Үүгээрээ сондгойрон ялгарч байгаа болно. Энэ бол “Зууны мэдээ” сонины сурвалжлагч Ч.Үл-Олдохын бичлэгийн ур чадварын тод илэрхийлэл юм. Сэтгүүл зүйн бараг бүх төрөл, зүйлээр жигд бичиж чаддаг Ч.Үл-Олдох сүүлийн жилүүдэд ярилцлагаар дагнан мэргэшиж онцгой гойд ололт амжилтад хүрчээ гэдгийг “Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайдтай хийсэн 17 ярилцлага” ном барим тавим баталж харууллаа. Монголын сэтгүүл зүйн түүх бичлэгт нэг хүний тухай ийм олон талаас, олон өнцгөөс нь нээн харуулсан өвөрмөц сонин бөгөөд содон нийтлэлийн ном өмнө нь гарч байгаагүй юм. Өнөөдөр харин төрж гарлаа. Түүний авьяаслаг сэтгүүлч Ч.Үл-Олдох бүтээв. Тэгснээрээ тэрээр манай сэтгүүл зүйн бичлэгийн ярилцлагын төрөлд шинэ мөр гаргаж, шинэ үлгэр загвар үзүүлэв. Үүнийг нь үзэж хянаж анхлан уншиж ариутган шүүх эрхэм хүндтэй үүрэг надад оногдсон билээ. Тэрхүү үүргээ чадан ядан хэрэгжүүлж байгаа нь энэ. Ингэхдээ би зохиогчид нэг зүйлийг зөвлөсөн. Доктор Д.Бямбасүрэн гуайн “Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал” хэмээх өгүүллийг ярилцлагын номондоо заавал оруулаарай, өөрөөс нь асууж зөвшөөрөл аваарай гэж хүссэн. Онол, практикийн өндөр түвшинд бичигдсэн тэр өгүүлэл сэтгүүлч Ч.Үл-Олдохын түүнтэй хийсэн цуврал 17 ярилцлагын үнэмшилтэй тайлал тайлбар болно гэж бодсон билээ. Ч.Үл-Олдох миний зөвлөгөөг авч Д.Бямбасүрэн гуайгаас аман зөвшөөрлийг нь авсан байна лээ. Энэ номын эцэст хавсаргасан тэр өгүүллийг хичээнгүйлэн уншиж үзэхийг би нийт уншигчиддаа санал болгож байна. Олон зүйлийг ойлгож ухаарах болно гэдэгт үл эргэлзнэм. Өөрийгөө би бээр үл голж тэрхүү өгүүлэлд бичсэн “Олигархиудын ноёрхлыг уудлан илчилж, хуурамч ардчиллын багийг хуулж хаясан өгүүллийн тухайд” хэмээх шүүмжээ бас дагалдууллаа. Өөрөөр хэлбэл би энэ номонд өмнөх үг болоод төгсгөл үгийг аль алийг нь хийж оруулсан гэсэн үг юм. Ариутган шүүгчийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан бол ухаант мэргэн уншигчид минь уучлан хэлтрүүлж өршөөгөөрэй, намайг.
Авьяаслаг сэтгүүлч Ч.Үл-Олдохдоо уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Уншигч та түүний “Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайдтай хийсэн 17 ярилцлага” хэмээх онц сонирхолтой содон бүтээлийг хүлээн авч таалан соёрхоно уу. Эхний хуудсыг нь эргүүлсэн бол дуустал шохоорхон уншина гэдэгт итгэлтэй байна.

   Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.8 БААСАН № 198 (6675)