Б.БЯМБАЖАРГАЛ

Цар тахлын улмаас эдийн засаг хямарч бизнес эрхлэгчид амаргүй цаг үеийг туулж байгаа. Тиймээс жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулах, хэвийн ажиллуулахад нь дэмжлэг  болгох үүднээс ЖДҮГ-аас хөнгөлөлттэй зээл олгож байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн онд гэхэд л хөнгөлөлттэй зээлд 249 төсөл шалгарч ЖДҮГ-аас 22.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Тэгвэл хөнгөлөлттэй зээлд хамрагдаж өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд ажлын байр бий болгож үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж яваа “ногоон” бизнес эрхлэгчдийн талаарх сурвалжлагыг онцлон хүргэе. 

Цахилгаан халаагуур зохион бүтээжээ 

Бидний хамгийн эхэнд очсон газар бол агаарын бохирдлыг бууруулж утааг багасгах зорилготой халаагуур үйлдвэрлэдэг “Уртын хүр” гэх компани юм. Тэд хашаан доторх жижигхэн байшиндаа өөрсдийн үйлдвэрлэлээ явуулж ойр хавийн айлууддаа хэдийнэ танигджээ. “Уртын хүр” компанийн захирал Ш.Алтангэрэл энгийн ширмэн зуухны үнсний саванд багтахаар хэмжээтэй жижиг газан болон цахилгаан халаагуурыг “Монгол ухаанаар” зохион бүтээжээ. Тэрбээр мэргэжлийн инженер биш хэдий  ч энгийн ширмэн зуухтай айл зуухаа сольж нэмэлт зардал гаргахгүйгээр 40 метр квадрат хүртэлх талбайтай хувийн орон сууц, монгол гэрийг халаах хүчин чадалтай халаагуурыг бүтээсэн байна. “Уртын хүр” компанийнхан энэхүү халаагуураа Гамшиг судлалын хүрээлэнгийн лаборатороор шалгуулж аюулгүй байдал, чанарыг баталгаажуулж бүртгэлжүүлжээ. 
Энэ талаар “Уртын хүр” компанийн захирал Ш.Алтангэрэл “ЖДҮГ-аас 2019 онд 20 сая төгрөгийн зээл авсан. Одоогийн байдлаар ганцаараа ажиллаж байна. Манайд цахилгаан, газан халаагуур бий. Энгийн ширмэн болон төслийн зуухан дотроо хийгээд ашиглана. Зуухан дотроо тоосго хийчихвэл 3-4 цаг дулаанаа илүү хадгалдаг. Газан халаагуурын тулгыг эргүүлж харуулахад энгийн газан плитка болно. Хөдөө аваад явахад тохиромжтой. Газан халаагуурыг ашиглахгүй, хатуу түлш хэрэглэх үедээ авч болдог. 
Мөн газаар биш цахилгаанаар халдаг төрөл бий. Би гэртээ цахилгаан халаагуураа хэрэглэдэг. Өвөлдөө цахилгааны төлбөр 450 мянган төгрөг гардаг” гэв. Тухайлбал, газан болон цахилгаан жижиг халаагуур 100 мянган төгрөг  бол цахилгаан халаагуур 300 мянган төгрөгийн үнэтэй. Мөн тэрбээр төр засгийн зүгээс хамтран ажиллаж агаарын бохирдлыг бууруулж утааг багасгах зорилгоор ашиглуулахад бэлэн гэдгийг хэлж байв.
Хонины ноосоор гутал урлаж дэлхийд гаргаж байна

Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд хамгийн нөөц боломжтой салбар нь хөдөө аж ахуй. Манай улсын ноолуур, ноосон бүтээгдэхүүнийг гадны оронд тун их сонирхдог. Энэ талаасаа ч сүүлийн жилүүдэд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд нэмэгдэж байгаа. Тэдний нэг нь “Mongolian wool boots” юм. Энэ талаар “Mongolian wool boots” компанийн захирал Л.Энхчимэг “Манайх 2017 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ЖДҮГ-аас 70 сая төгрөгийн зээл авсан. Дөнгөж эхэлж байгаа компаниудад үйл ажиллагаагаа явуулах үйлдвэрийн байр тулгамдсан асуудал болдог. Хөнгөлөлттэй зээлээрээ үйлдвэрийн байрны урьдчилгаагаа өгч эргэлтийн хөрөнгөө босгосон. Өмнө нь 3-4 хүн ажилладаг байсан бол одоогийн байдлаар 10 ажлын байр бий болгож амжилттай дэвшиж байгаа. Мөн манайх нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулдаг” гэсэн юм. 
Монголд үйлдвэрлэсэн ноосон эсгий гутал гэхээр хүн бүрийн санаанд уламжлалт загвартай цагаан шаргал өнгөтэй төсөөлөгддөг. Тэгвэл “Mongolian wool boots”-ийн гутлууд орчин үеийн загвартай, тод өнгөөр алаглаж байв. Гол түүхий эдээ Баянхонгор аймгийн “Ноос ирээдүй” компаниас уртын ноос буюу нэгдүгээр зэрэглэлийн ноос худалдаж авдаг аж. Эднийх одоогийн байдлаар Хятад, Канад улс руу экспортолдог байна. 

Монгол хөрсөнд ургасан “Артишок” брэнд өргөжжээ

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хөдөө аж ахуйн салбараас гадна импортын барааг орлох бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлжээ. Тухайлбал, Манай улсын хувьд барилгын материал, дотор хаалга, тавилга зэргийг ихэвчлэн импортоор авдаг. Тэгвэл импортын бүтээгдэхүүнийг орлох модон хаалга, тавилга үйлдвэрлэлийн “Double wood” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ компани зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж  20 гаруй ажлын байрыг бий болгожээ. 
Мөн ЖДҮГ-аас хөнгөлөлттэй зээл авч үр дүнтэй ажиллаж байгаа газруудын нэг бол Монголын үржил шимтэй хөрсөнд өөрсдөө тариалж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг “Organic green foods” компанийнхан юм. Тэдний үйлдвэрлэдэг артишок эрүүл мэндийн ундаа хэрэглэгчдийн танил болсон. Тэгвэл “Organic green foods” компанийнхан бүтээгдэхүүнээ нэмж бактери устгагчтай саван үйлдвэрлэж эхэлжээ. Энэ талаар “Organic green foods” компанийн захирал Н.Баттөмөр “Манайх 2015 оноос өрхийн үйлдвэрлэж эрхэлж эхэлсэн. Газар тариалан, хүлэмжийн аж ахуй, “Артишок” эрүүл мэндийн цай, ундаа үйлдвэрлэдэг. Энэ оноос бактери устгагчтай хөөсөн саван үйлдвэрлэж эхэлсэн. Өөрсдийн боломжоор ажлын байраа нэмэгдүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Одоогийн байдлаар есөн ажилтантай. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд хүндрэлтэй байсан ч ЖДҮГ-аас зээл авч үйл ажиллагаагаа доголдуулалгүй, тогтвортой явуулж чадсан. Манай компанийн гаргадаг гол бүтээгдэхүүн болох “Артишок” цай, ундаа нь энэ цаг үед хэрэглэхэд тохиромжтой, дархлаа дэмждэг учраас борлуулалт сайн байгаа” гэв. 
Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй өөр нэгэн чухал асуудал нь ажиллах хүч байдаг. Монголбанкнаас гаргасан энэ оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтийн тайланд хөдөлмөр эрхлэгчдийн тоо буурсан гэж мэдээлсэн. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа ч үйлдвэрүүдэд тогтвортой тууштай ажиллах хүн олддоггүй гэдгийг тэд онцолж байв. Ажиллах хүч, цар тахлын нөхцөл байдал зэрэг олон асуудал тулгарч байгаа ч үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн хэмжээнд ажлын байр бий болгож баялаг бүтээж байна. 

   Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.8 БААСАН № 198 (6675)