Ч.ОЛДОХ

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо,  Бөхийн холбоо,  Сурын холбоо хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Уламжлалт спортын холбоод  Монголын биет бус соёлын өвийг сурталчлан таниулах, хадгалж  үлдээх, улсын баяр наадамд зөвхөн монгол адууг уралдуулах талаар санал нэгдэж байгаагаа энэ үеэр онцлон тэмдэглэв. Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн,  Үндэсний сурын холбооны ерөнхийлөгч Ч.Энхтайван, Бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав нарын байр суурийг хүргэе. 

Ц.Дуламсүрэн: Монгол төрийн наадам тасалдах ёсгүй 
 -Ардын хувьсгал ялснаас хойш 100 жилийн хугацаанд анх удаа монгол төрийн наадам тасалдсан нь харамсалтай. Өв соёлдоо  хэрхэн хандах вэ,  яаж хадгалж үлдэх вэ гэдэг асуудал тулгамдаж байна.  ЮНЕСКО одоогоос 11 жилийн өмнө эрийн гурван наадмыг “Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан биет бус оюуны өв соёл”  гэж бүртгэж авсан. Гэвч өнөөдөр энэ өв  соёл маань  тасалдаж байгаа нь зөвхөн бөхчүүд, уяач, харваачдын асуудал биш юм. Монголын ард түмэн энэ өв соёлоор дамжуулан  тусгаар тогтносон улсын иргэн гэдгээ мэдэрч, илэрхийлж байдаг. Энэ үүднээс гурван холбоо хамтарч ажиллахаар боллоо.  Цаашид Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах, төр засгийн түвшинд бодлого боловсруулах чиглэлд  ажиллана. 

Ч.Энхтайван:  Өв соёлоо унаган төрхөөр нь хадгалж үлдээе 
-Хүннү гүрний үеэс  “Эрийн гурван наадам”-ыг тэмдэглэж ирсэн нь түүхэн  сурвалжуудад тэмдэглэгдэн  үлдсэн  байдаг. Иймд үндэсний спортын холбоод монгол өв соёлоо хамгаалах, унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээх үүднээс хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Ц.Магалжав: Нээлттэй уулзалт хийх боломжтой 
 -Монголчуудын уламжлалт баярын нэг бол “Эрийн гурван наадам” юм. Хэдийгээр бид  цар тахлын хүнд үед байгаа ч  өв соёл, уламжлал маань  тасалдах ёсгүй гэдэгт гурван холбоо нэгдэж байна. Цаашид  төрийн бус байгууллагын төлөөлөл, залуучуудтай нээлттэй уулзалт хийж, цахимаар   ярилцах боломжтой.

   Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.8 БААСАН № 198 (6675)