Манай улсын наадмыг юу нь дэлхийд ганцхан болгоод байгаа юм бэ? гэвэл үндэсний уламжлалт баяр цэнгэл наадмаа төрийн тусгаар тогтнолоо тунхагласан, төр улсаа байгуулсныг үндэсний баяртайгаа хамтатган төрт ёсны том ёслол болгон тэмдэглэж үүгээрээ дамжуулан улс орноо дэлхийд сурталчилж байгаагаараа гэж хэлж болно. 
Тусгаар тогтносон өдрийн баяраа ингэж тэмдэглэдэг Монголоос өөр байхгүй ээ.
Монголчууд тусгаар улсаа сэргээн байгуулсан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг олон улсын чиг хандлагын дагуу улсын баяраа ёслон тэмдэглэхдээ 1921 он хүртэл билгийн тооллыг баримталж байжээ.
Тэгвэл ардын хувьсгал ялж Монгол улсаа шинээр эмхлэн байгуулж Богдыг хэмжээт эрхэт хаанд өргөмжлөн Ардын Засгийн газрыг байгуулсан зуны адаг сарын шинийн зургаанд улсын баяраа тэмдэглэх болсон юм. Харин 1925 оноос аргын тооллыг баримтлан жил бүрийн долдугаар сарын 11-нд ёслож байна. 

Үүнээс өмнө Улсын наадмыг зурхайчаар тогтоолгосноор долдугаар сарын сүүлч наймдугаар сарын эхээр хийдэг байж. Улсын баярыг “Монголын хувьсгалын баяр”, “Үндэсний хувьсгалын баяр” гэх зэргээр нэрлэж байсан түүх бий. Харин улс төрийн хэлмэгдүүлэлтийн дараа 1940-өөд оноос хойш “Ардын хувьсгалын баяр” гэдэг нэршил бий болж энэ нь хөдөлмөрийн хуулийн 1954 оны нэмэлт өөрчлөлтөөр баталгаажсан байдаг.
Өнөөгийн Монголын баяр наадмыг урьдын долоон хошуу даншиг наадамд суурилсан гэж судлаачид үздэг юм билээ.
Тиймээс долоон хошуу даншиг наадмыг залгаад Богд хайрхан, Хэнтий ханы тэнгэрийн тайлга наадам /Арван засгийн наадам/ Монголын төрт ёсны баяр цэнгэл болсон байдаг.


Тэгвэл 1924 оны анхдугаар үндсэн хууль батлагдсантай холбогдуулан 1925 оноос эхлээд уул усны тэнгэр тайлгын наадмыг 1922 оноос эхэлсэн цэргийн наадамтай хамтатган улсын наадам бий болсон гэж ойлгож болно.
1931, 1934, 1936 оны наадмууд өргөн дэлгэр болж 7-9 өдөр үргэлжилдэг байсан баримт бий. 1952 онд Улс төрийн товчооны нэг тогтоол гарсан. Уг тогтоолд улс, аймаг, сумын наадмыг нэгдсэн журамгүйгээр олон хоногоор хийж байгаа нь социализм байгуулахад саадтай байна. Иймд тусгайлан наадам хийдгийг түдгэлзэж зөвхөн долдугаар сарын 11,12-нд улс даяар нэгэн зэрэг наадам байхаар заажээ.
1990 оны Ардчилсан Хувьсгалаас хойш улсын баяр наадамд үндэсний гэх тал нь улам сэргэж Монгол наадмын шинж чанар улам төгөлдөржсөн гэж үздэг. Ингэснээр Монголын уламжлалт соёлын үнэт зүйлүүд биелэлээ олж жилээс жилд Монгол гэдэг утга агуулга нь улам баяжиж ирэв. 
Баяр наадмын төв комиссын 1997 оны нэгэн шийдвэрээр 1954 оноос хойш албан ёсны нэршилгүй байсан төрт ёсны баяр наадмаа “Үндэсний их баяр” хэмээн тогтсон юм. Энэ нэрийг 1999 онд Хөдөлмөрийн хууль, 2003 онд Үндэсний их баяр наадмын хуулиар баталгаажуулсан. Түүнээс гадна зөвхөн 1921 оны Хувьсгалын баяр төдийгүй Их Монгол улс байгуулагдсан, тулгар төр тогтосны ойн баярыг хамтатган ёсолж төрийн ёсны түүхээ дурсан санаж түмнээрээ баярладаг болсон билээ.
Монгол наадам нь монголчууд эв найртай сайн сайхан байхын билгэдэл төдийгүй ирээдүйд итгэх итгэлийг бий болгодог нөгөө талаар Монгол Улс гэж ийм их өв соёлтой юм гэдгийг харуулдаг өргөн түмний баяр цэнгэл юм.
Монголчууд наадмаараа Монгол улс гэж байдаг юм гэдгийг дэлхийд хүчтэйгээр зарладаг гэж хэлж болно. 

   Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.8 БААСАН № 198 (6675)