М.Тогтохжаргал: Дүр болгон намайг шинээр нээдэг

0
хуваалцах
346
үзсэн

Р.ОЮУН

Энэ удаагийн “Өөр зочин” булангийн зочноор 90 жилийн ой нь тохиож буй УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан М.Тогтохжаргалыг урилаа. 

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал арилаагүй ч урлаг, соёлынхон маань ажиллаж эхэллээ. УДЭТ-аар сонин юутай байна вэ?
-Ирэх сард УДЭТ-ын маань 90 жилийн ой тохиож байна. Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Хаадын хаан” жүжиг тайзны бэлтгэл ажилдаа орсон байгаа. Түүхэн жүжиг учраас дүрүүд маань ямар байх ёстой вэ гэдэг дээр бид судалгаа их хийлээ. Ширээний уншлага, задаргаагаа сайн хийгээд тайз руугаа ороод байна. 

-Таны хувьд энэ жүжигт ямар дүрд тоглож байна?
-Би Сорхан шарын охин Хадааны дүр дээр ажиллаж байна. Улсын драмын театр 1931 онд анх “Үнэн” жүжгээр нээж байсан бол 90 дэх жилийн үзвэрийн нээлтээ “Хаадын хаан”-аар үзэгчиддээ бэлэг барьж байгаадаа баяртай байна. Бүрэн хэмжээний түүхэн жүжиг учраас бидэнд том хариуцлага ногдож байна. 

-Босго өндөртэй УДЭТ-т орж байсан түүхээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Би оюутан байхаасаа УДЭТ-т жүжиг үздэг, тайзны хүн болохыг мөрөөддөг байсан. Сургуулиа төгсөөд 2008 онд УДЭТ-ын “Театр студи”-д шалгалт өгч орж байлаа. Их хүсч тэмүүлж байсан зүйлдээ хүн чинь алдчих вий дээ, яах бол гэсэн айдас, хариуцлага бүх юм давхацдаг юм билээ. Хамгийн дурсамжтай нь аравдугаар сарын 3-нд төрсөн өдрөөрөө бүх шалгалтандаа тэнцсэн маань өөртөө барьсан хамгийн том бэлэг байсан. Ээждээ баярт мэдээгээ хуваалцахад “Миний охин ээждээ хамгийн том бэлэг барилаа. Хүсэл мөрөөдлийнхөө оргилд нь хүрэхийн тулд мацаарай” гэж хэлсэн. 


-Театр бол аварга том мод. Энэ модны нэг мөчир нь өөрийгөө гэж бодохоор ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Баярлалаа. Би театртаа ажиллаад 13 жил болж байна. 2008 онд “Театр студи”-ийн сонсогч болон анх энэ өндөр босгыг алхан орж байсан бол өнөөдөр УДЭТ-ын жүжигчин гэсэн том нэр хүндийг хариуцлагатай авч яваадаа баяртай байдаг. Хаана ч очсон УДЭТ-ын уран бүтээлч гэж дуудуулахдаа үргэлж театраараа бахархдаг. Театрынхаа залуу, дунд, ахмад үеийн уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллаж, тэднээсээ суралцаж, хөгжиж яваа дунд үеийн төлөөлөл болжээ. 
Анх театрт сонсогч жүжигчинээр орох үед Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ч.Түвшингийн “Эдип хаан” жүжиг тавигдаж байсан юм. Сонсогч жүжигчид олны хэсэгт гүйнэ. Гол дүрд нь Ардын жүжигчин Д.Мэндбаяр, С.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд нарыг хараад баярлан бахархаж омогшиж байлаа. Энэ авьяастай хүндлэн биширч явдаг жүжигчидтэйгээ нэг тайзан дээр хамт гарна гэдэг миний хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлж байгаа хэрэг байлаа. Жүжгийн сургуулилтын үед 17 дугаар өрөөнд хурал хийхэд цомцойж суугаад л жүжигчдийнхээ хэлэх үг бүрийг шимтэн сонсоод баясч суудаг байлаа. 

-Тайзан дээр бүтээсэн анхны дүр чинь хэн билээ?
-Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн “Тамгагүй төр” жүжгийн бага хатан Гүргэлийн дүрийг найруулагч маань надад анх өгсөн юм. Энэ жүжиг театрын тайзнаа анх 1998 онд тавигдаж байсан бол хоёр дахь удаагаа дахин сэргээж тоглоход гавьяат жүжигчин Г.Равдан, Б.Жаргалсайхан ах нартай хамтарч тоглосон нь миний хувьд нэр төрийн хэрэг байв. Тайз руу гарахын өмнө өөрийнхөө дэвтэр дээр “Гүргэлийн дүр, их хариуцлага” гэж бичсэн байснаа одоо хараад тэр үеийн сэтгэлзүйгээ мэдэрдэг юм. 

-Тайз дэлгэцийн том жүжигчидтэй хамт тоглохоор сандарна биз?
-Тэгэлгүй яах вэ. Бид дөнгөж орсон болохоор үгээ буруу хэлэхээс айна. Текстээ авангуутаа шууд автоматаар цээжилчихнэ. Тэгэхээр “Наад үгийн чинь далд суурь, зорилго нь юу вэ. Бүх юмаа тодорхойл. Урлаг их том хариуцлага байдаг юм. Ширээний уншилтан дээр үгээ олж авах ёстой шүү хүүхдүүдээ” гэж Н.Сувд, С.Сарантуяа, Ж.Оюундарь, Г.Урнаа эгч нар хэлж, зөвлөнө. Энэ дурсамжуудыг бодохоор сайхан байдаг. Одоо ч энэ сайхан түшигтэй хүмүүстэйгээ хамт ажилладаг болохоор суралцсаар, өөрийгөө их азтай хүн гэж боддог. Бидний үеийнхэн ч бие биедээ тусалж, дэмжинэ. Залуучуудаасаа ч суралцаж байна. Уран бүтээлч хүн насаараа суралцдаг гэдэг. Хүсэл мөрөөдлөө биелүүлж байгаагийн хувьд сайхан дүрийг ард түмэндээ үлдээх юмсан гэж бодож хичээж явна.

 -Театрын урлаг хүний авьяасыг сургаж өнгөлөхөөс гадна хувь хүнийг нь ч сайтар хүмүүжүүлдэг юм шиг санагддаг?
-Урлагийг хагас цэргийн зохион байгуулалттай гэдэг. Тэр дундаа драмын театр эрдмийн академик театр гэдэг утгаараа судалгааны ажил их явуудаг. Мөн бидэнд хүмүүжил олгодог. Жүжигчид үе үеэрээ л ах захаа хүндлэхээс эхлээд олон зүйл дээр бидэнд хүн байхыг сургадаг. Гэхдээ сургаж байна гэж заахаасаа илүү амьдралын ухааныг өвлүүлж үлгэрлэдгээрээ давуу. Энэ нь мэдлэг, боловсролтой, боловсон хүчнүүдийг бэлтгэхэд түлхэц болдог. 
“Хаадын хаан” жүжигт уран бүтээлчдийг таван баг болгоод, бүгд судалгааны ажил хийж түүгээрээ багийн гишүүн бүр илтгэл тавьсан. Үүнийг цаашид уламжлал болгох зорилготой. Манай баг гэхэд монгол угсааг дотроос нь судлах даалгавар авсан. Судалгааны явцад бидний мэдлэг өргөжиж, жүжгээ задлаад ярихад Тэмүүжин, Бөртэ чинь ийм, Хадаан чинь ингэдэг байсан гээд түүхийн талаас илүү их мэддэг болсондоо баяртай байгаа. Бид зохиолоо аваад дүрийнхээ талаар судалгаа хийж, жүжгээ задалж ярьдаг байсан бол одоо илүү нарийвчилж судалдаг болсон. 

-Өнгөрсөн намар “Анна Каренина” жүжиг нээлтээ хийсэн ч цар тахлын улмаас энэ жил дахин тоглосонгүй. Та Бетси дүрийнхээ талаар яриач?
-Хөл хорионы улмаас хүлээлттэй байсан “Анна Каренина” жүжгээ үзэгчиддээ хүргэж чадаагүйд сэтгэл гонсгор байлаа. Удахгүй дахин уулзана гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд Бетси гэж авгайлж дууддаг Элизабет Петровна Тверская гэсэн жүжгийн гол түлхүүр дүрд тоглосон. Хэрэв энэ түлхүүр дүр байгаагүй бол энэ жүжиг өөрөөр эргэх байсан байх. Бетси Вронскийгийн үеэл. Анна, Вронский хоёрыг уулзуулж байгаа гол түлхүүр дүр. Би энэ дүрдээ хайртай. Найруулагч маань надад итгэл хүлээлгэж өгсөнд баяртай байгаа. 

-Эерэг дүрд тоглож байгаад сөрөг дүрд тоглохоор хүмүүс хэр хүлээж авч байна?
-Сүүлийн үед уран сайхны киноны эсрэг дүрд тоглож байгаа. Тухайлбал, UBS телевийн олон ангит “Бэрүүд”, Боловсрол телевизээр гарч байгаа “Нэг талын тасалбар” кинонд эсрэг талын дүрд тоглосон. Эсрэг талын дүр тайзан дээр ч бай, дэлгэцийн бүтээлд ч бай жүжигчин хүнийг олон талаар задалж өгдөг. 
Анх “Бэрүүд” кинонд тоглож байхад хүмүүс “Чи ямар балиар юм бэ. Чамаас ийм ааш гардаг юм уу” гэж байсан. Уран бүтээлд ааш гаргах ёстой бол гаргана шүү дээ. Би чинь жүжигчин хүн. Ямар дүрд тоглоно тэр дүрээ аль болох сайн гаргахыг л хичээх ёстой. Хүмүүс намайг ийм зан ааштай, ийм хүүхэн байна гэж тоглож байгаа дүрээр маань дүгнэнэ гэдэг миний дүр дээрээ чадан ядан ажилласны гавьяа гарч байгаа юм болов уу гэж боддог. /инээв/

 

-Сүүлийн үед сошиал ертөнц хүмүүсийг янз бүрээр дүгнэж, шүүмжилдэг болжээ. Ер нь шүүмжлэлийг яаж хүлээж авдаг вэ?
-Ер нь хүнээс зөв шүүмж сонсох дуртай. Хэт их магтаал сонссон хүн бусдаас шүүмж сонсохоороо уурлаж дургүйцээд байдаг. Би аль болох л юу гэж шүүмжилж байна, яагаад ийм шүүмж хэлэв, дараагийн уран бүтээлдээ юуг анхаарах уу гэж бодохыг хичээдэг. Ер нь шүүмжлэлд авах, гээхийн ухаанаар ханддаг. Мэдээж хүн л юм хойно хааяа магтуулах сайхан, түүнээсээ урам зориг авна. Тайз, дэлгэцийн уран бүтээлд оролцоод түүнээсээ гоё мэдрэмж аваад, үзэгчдийн урмын үгээр хөглөгдөөд явах нь уран бүтээлч хүний аз жаргал юм. 

-Театрын жүжигчинээр ажиллаад 13 жил болохдоо гурван түүхэн жүжигт хатны дүр бүтээсэн байна. Энэ бас жүжигчин бүрт олдох боломж биш байх?
-Хүмүүс намайг яг монгол биш эрлийз гэж хардаг юм билээ. Хэдий тийм ч “Тамгагүй төр”-ийн Гүргэл, “Тэнгэрийн хүү” Бүни, “Хаадын хаан”-ы Хадааны дүрд тоглож байгаадаа билэгшээдэг. Хадааныг найруулагчийнхаа шийдлээр сонирхолтойгоор шийдэж оруулж байгаа. Ер нь түүхэн жүжигт тоглох жүжигчин хүн бүрийн л мөрөөдөл байх. Тиймээс эдгээр дүрүүдэд тоглох боломж олдсонд баяртай байдаг.

-Хүн бүрт өөртөө тавьсан зорилго гэж байдаг. Таны хувьд?
-Ер нь хүсэл, мөрөөдлөө эхнээс нь биелүүлээд явж байна даа. Хүн өөртөө тодорхой хэмжээний зорилго тавиад дараа нь үнэлэлт, дүгнэлт өгдөг. Өнгөрсөн 13 жилийн хугацаагаа дүгнэж үзвэл дөрөв дэх шатан дээрээ очжээ гэж бодож байгаа. Олон сайхан сонгодог уран бүтээл дээр ажиллалаа. Хүүхдийн жүжигт хүртэл хүүхэд болоод гүйж байсан. Мөн орчин үеийн жүжиг ч байна. Тиймээс бүх төрөлд тоглож, суралцсаар явж байгаадаа азтай. Дүр болгон намайг шинээр нээдэг. Ямар ч байсан анх зорьсон хүсэл мөрөөдлийнхөө төлөө дээшээ мацаж байгаа гэж боддог. 

-Анх театрт орж байсан М.Тогтохжаргал, 13 жилийн дараах М.Тогтохжаргал хоёрын хооронд ямар ялгаа гарсан бэ?
-Энэ улаан байшинд орсноор намайг их өөрчилсөн. Даруухан оюутан охин орж ирсэн бол өнөөдөр задарсан, ямар ч дүрд тоглох хэмжээний туршлагатай болсон. Залуучууд дүү нартаа чадлынхаа хэмжээгээр зааж зөвлөхийг хичээдэг. Мэдлэгийн хувьд ч судалгаа хийсэн, жүжиг болгон дээр ажиллахад оюуны их хөрөнгө оруулалт болохоор би нэлээн өөрчлөгдсөн. 
Амьдрал ахуйн хувьд ч сайхан хань, гурван хөөрхөн хүүтэй болсон. Ямар ч байсан өөрийнхөө хүсэж зорьсоноороо ажиллаж, амьдарч байна. Хэрэв хань минь намайг жүжигчинээр ажиллуулахгүй гэсэн бол би юу хийж явахаа ч мэдэхгүй. Гэтэл миний хань “Дуртай ажлаа хийж, түүнээсээ таашаал авч, аз жаргал мэдэрч байгаа бол миний хань хий” гэдэг, миний ар талыг хариуцдаг болохоор би их азтай. Тиймээс өглөө театр руугаа, орой гэр рүүгээ яараад л гүйж явна. 

-Улсын драмын эрдмийн театр гэх энэ улаан байшинг урлагт хайртай хүн бүр зорин очдог. Харин дотор нь ажилладаг, сэтгэл зүрхээ зориулсан та бүхний хувьд хоёр дахь гэр болсон байдаг биз. 90 жилийн ой догдлол дүүрэн байна уу? 
-Тийм ээ. Холоос харахад ч сэтгэлд дотно. Ажилдаа хэд хоног очихгүй байвал эсвэл жирэмсний амралттай байгаад очиход бүр санасан байдаг. Үүдний жижүүрээс эхлээд манай арын албаныхан хүртэл бие биенээ хүндэлж халуун дулаан уур амьсгалтай байдаг болохоор хамт олондоо хайртай байдаг. 
Хүний амьдралд жаргал зовлон ээлжилнэ, янз бүрийн л асуудал тохиолдоно. Тэглээ ч дүрдээ ороод тайзан дээрээ инээгээд гарч байгаа жүжигчдийнхээ өмнөөс зүрх урагддаг юм. Сэтгэлийн хаттай, театртаа хайртай, өөрийгөө 100 хувь дайчилдаг, хариуцлагатай хүмүүс л энэ улаан байшинд ажилладаг гэж боддог. Хайртай театрын маань 90 жилийн ой ирэх сард болно. Энэ том ойн үед ажиллаж байгаадаа билэгшээдэг. Удахгүй энэ муухай өвчин арилж, үзэгчидтэйгээ уран бүтээлээрээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Улсын драмын эрдмийн театрын үе үеийн уран бүтээлчид, үе үеийн үнэнч үзэгчдэд 90 жилийн ойн мэнд хүргэе.  

   Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.8 БААСАН № 198 (6675)