Нобель-2021:Шинэ катализатор нээсэн эрдэмтэд химийн салбарын шилдгээр тодорлоо

0
хуваалцах
239
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн шинжлэх ухааны салбарын шилдгүүдийг тодруулдаг Нобель-2021 арга хэмжээ үргэлжилж байна.  Энэ жилийн химийн салбарын Нобелийн шагналын эздээр Германы эрдэмтэн Бенямин Лист, АНУ-ын эрдэмтэн Дэвид Макмиллан нар шалгарчээ. Тэд молекулыг бий болгох ухаалаг хэрэгслийг бүтээсэн нь химийн салбарыг байгальд ээлтэй болгохын сацуу шинэ эм гаргахад тусалсан учир энэ нэр хүндтэй шагналыг хүртлээ. “Эрдэмтэн Бенямин Лист, Дэвид Макмиллан нар химийн молекулууд хэрхэн яаж нэгдэж болдог шинэ арга замыг нээсэн.Энэ шинэ аргыг өдгөө дэлхий даяар шинэ эм, химийн бүтээгдэхүүн хийхэд ашиглаж байгаа бөгөөд хүн төрөлхтөнд үр ашгаа хэдийнэ өгсөн” хэмээн Нобелийн Химийн хорооны гишүүн Пернилла Виттунг Стафшеде ярьжээ.

Хоёр эрдэмтэн 2000 онд химийн хариу урвалын тэгш бус органик катализын  гурав дахь аргыг нээжээ. Үүнээс өмнө тэд металь , фермент гэсэн хоёр төрлийн катализатор байдаг хэмээн боддог байв. Ферментүүд нь олон зуун уураг, амин хүчлээс бүрддэг. Гэхдээ дээрх эрдэмтэд ганцхан органик молекул л катализаторын үүрэг гүйцэтгэх чадвартайг илрүүлсэн юм. Ингэснээр цусны даралт ихсэх өвчинг эмлэх эм гаргаснаас гадна сэтгэл гутралыг эмчлэх эм Seroxat, амьсгалын замын халдварт өвчнийг эмчлэх  Tamiflu эмийн үйлдвэрлэлийг сайжруулсан юм.

Катализ гэдэг нь гаргаж авсан бүтээгдэхүүнд нөлөөлдөггүй бодисуудын тусламжтайгаар химийн урвалыг хурдасгах арга юм. Харин тэр бодисуудыг катализатор гэж нэрлэдэг. Органик катализ нь нүүрстөрөгч, устөрөгч, хүхэр, фосфор болон органик нэгдлүүдийн онцлог шинж чанартай бусад металл бус элементүүдээс бүрдэх катализаторыг ашигладаг байна. Үүний ачаар органик катализ нь бусад аргуудаас илүү байгаль орчинд ээлтэй, хямд байдаг юм.

 

Энэ тухай Америкийн Химийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Чен “Нүдээ олсон шагнал болжээ.Химичид бид өөрсдийн хийж буй туршилтын хариу урвалд маш их дуртай. Гэвч хариу урвал нь тийм амар гарахгүй. Удаан хүлээлгэнэ. Ингэсний эцэст тодорхойгүй, бидний төсөөлснөөс огт өөр хариу урвал үзүүлэх нь бий. Харин катализ  нь шинэ урвал үүсгэх, өмнөх урвалыг илүү сайн болгоход тусалдаг арга юм. Химийн хариу урвал нь хоол хийхтэй адил. Стейк хийхэд 10 минут хэрэгтэй. Үүнийг 10 секундэд хийж чадвал үнэхээр сайн. Үйлчлүүлэгчдэд таалагдана.Хоолыг хурдан хийж, үнэ нь хямдхан байх тусмаа сайн.Катализын явц нь үүнтэй адил” гэв.

Шагнал хүртсэн сэтгэгдлийнхээ тухай Германы эрдэмтэн Бенямин Лист “Нобелийн хорооноос утасдахад би эхнэртэйгээ кофе уугаад сууж байлаа. Утсанд Шведийн Эзэн Хааны Шинжлэх Ухааны Академиас дуудлага ирэхэд эхнэр рүүгээ харж, эхнэр над руу харж, би кофе шопоос гудамжинд гүйж гарсан.Үнэхээр гайхалтай, ер бусын мэдрэмж байсан. Хэзээ ч энэ мөчийг мартахгүй. Би цаашид олон шинэлэг, өвөрмөц нээлтийг хийсээр байх болно” гэж ярьжээ. Германы эрдэмтэн Бенямин Лист нь Макс Планскийн нэрэмжит нүүрсний хүрээлэнгийн захирал, профессор юм. Харин АНУ-ын эрдэмтэн Дэвид Макмиллан нь Шотландад төрсөн бөгөөд Принстоны их сургуулийн профессор билээ. Тэд тус тусдаа дээрх нээлтийг хийсэн ч шагналыг хуваан хүртэх юм.

Химийн салбарын Нобелийн шагналыг 1901 оноос хойш 187 хүн хүртээд байна.Тэдгээрээс долоо нь эмэгтэй юм. Энэ шагналыг АНУ-ын эрдэмтэд 72 удаа хүртсэн амжилтаар тэргүүлдэг бол дараа нь  тус тус 34 шагналтантай Их Британи, Герман улсууд ордог байна. Энэ талаар Шведийн Эзэн Хааны Шинжлэх Ухааны Академийн гишүүн, Гетенеборгийн биохими, анагаах ухааны сургуулийн профессор Клэс Густафссон “Хэн шагнал авах тал дээр бидэнд маргах зүйл байхгүй. Харин эмэгтэй эрдэмтдийг хэрхэн яаж дэмжих, тэдний тоог нэмэгдүүлэх болон газарзүйн ялгаатай байдлыг харгалзан үзэх нь чухал талаар ярилцдаг. Тиймээс олон эмэгтэй эрдэмтнийг нэр дэвшүүлдэг. Энэ нь урт хугацааны бидний стратеги юм. Өнгөрсөн жил хоёр эмэгтэй химийн салбарын Нобелийн шагнал авсанд нь маш их баярласан. Ирэх жилүүдэд ч олон эмэгтэй шагнал авна гэдэгт итгэлтэй байна. Бид нэн тэргүүнд үүнд анхаарлаа хандуулна” гэсэн юм.

Өнгөрсөн жил гурван эмэгтэй Нобелийн шагнал хүртсэн. Үүний хоёр нь химийн салбарынх нэг нь физикийн салбарын эрдэмтэн байсан билээ. Тодруулбал, өнгөрсөн оны Нобелийн химийн шагналыг ген засварлах технологийг /CRISPR/Cas9/ боловсруулсан эрдэмтэд болох Эммануэль Шарпантье, Женнифер Дудна нар хүртсэн билээ.Харин 2019 онд нэг ч эмэгтэй эрдэмтэн Нобель хүртээгүй юм.

Өнөөдөр орой утга зохиолын, маргааш энх тайвны шагналтнууд тодрох бол даваа гарагт эдийн засгийн салбарын шагналын эзнийг зарлах юм.

Эх сурвалж:CNN