Б.Дэмбэрэлням

Цар тахлын улмаас Монголын урлаг хоёр жил хориотой байлаа. Үзэгчид ч урлагаар “цангаж” байна. Энэ үед реппер продюссер Г.Төгөлдөрийн эмчилгээний зардлын хандивын аянд зориулсан  үзэгчдийн цангааг тайлах урлагийн арга хэмжээнүүд товлогдоод байна. Энэ удаагийн “Утасны анд” булангийн зочноор реппер продюссер  Г.Төгөлдөрийн багын найз Т.Сайнбуянтыг урилаа.

-“BIG LIFE FOR LIL THUG-E”  хандивын аяны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Миний багын найз “Lil THUG-E” буюу Г.Төгөлдөр өнгөрсөн сарын 17-нд УНТЭ-т өгсөн чөмөгний шинжилгээгээр цусны цочмог хорт хавдартай гэж оношилсон. Эмнэлгийн зүгээс яаралтай гадаад руу эмчилгээнд явуулах эсвэл нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатайг бидэнд мэдэгдсэн. Монголд гол генетик болон био шинжилгээг авдаггүй учраас бид ярилцаад Туркт эмчлүүлэхээр шийдсэн. Найз маань тэр өдрөөс хойш УНТЭ-т эмчлүүлж байгаад сарын 25-нд Турк улсад эмчлүүлэхээр очоод байна. Тэнд химийн эмчилгээ болон хагалгааны зардал 650 сая төгрөг шаардлагатай болсон. Эмчилгээний зардлыг олохын тулд “BIG LIFE FOR LIL THUG-E” аяныг санаачлаад байна. Өнгөрсөн ням гарагт “Хип хоп оддын тоглолт”-ыг зохиосноор хандивын аянаа албан ёсоор эхлүүллээ. Цаашид урлаг спортын олны танил залуусын дунд “Сагсан бөмбөгийн 3х3 тоглолт”, нийтийн дуучдын нэгдсэн тоглолт, хип хоп, рок поп оддын нэгдсэн тоглолт, сагсан бөмбөгийн тамирчдын 5х5 тоглолтыг зохион байгуулна. Мөн цахим спортын тэмцээн зохиохоор төлөвлөсөн. 
-Хэдийгээр хандивын тоглолт ч гэсэн үзүүштэй, сонирхолтой байж олон хүнийг татна. “BIG LIFE FOR LIL THUG-E” аяны онцлог юу вэ? 
-“BIG LIFE FOR LIL THUG-E” аянд олон хүн хандив өргөн нэгдэж байна. “Lil thug-E” найз маань уулзсан хүн бүртээ сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг учраас энэ хүмүүс хандивын аянд нэгдэж байна. Та бүхний хүсэн хүлээсэн олон уран бүтээлчид, тоглолтыг тэсэн ядан хүлээсэн сагсчид бидэнтэй нэгдсэн. Тиймээс арга хэмжээнүүд маань үзэгчдэд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа. Мөн бүх арга хэмжээгээ телевиз, youtube, фэйсбүүкээр дамжуулна. Үзэгчгүй учраас халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиж ажиллана. 
-Одоогоор зорилтод зардлынхаа хэдэн хувийг олоод байна вэ?
-Өнөөдрийн байдлаар “Хип хоп оддын тоглолт”, дуудлага худалдаа болон сайн дурын хандивын 270 сая төгрөг цуглараад байна. Энэ нь зорилтот мөнгөний 43 хувь юм. Нийт дуудлага худалдаа, тоглолтод оролцсон болон хандив өгсөн хүмүүст баярлалаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.7  ПҮРЭВ № 197 (6674)