Уламжлалтаас цахим аялал жуулчлал руу шилжих цаг иржээ

0
хуваалцах
223
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

Монголын аялал жуулчлалын холбооноос  “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг  өчигдөр “Гарц шийдэл, аялал жуулчлал” сэдвээр хэлэлцүүлэг хэлбэрээр  зохион байгуулав. Монгол төдийгүй дэлхий нийтэд тус салбар  уналтад орж 2021 онд бага зэрэг сэргэнэ гэсэн хүлээлт байсан хэдий ч тархалт улам нэмэгдсэнээр  цаашид цар тахалтай зэрэгцэн амьдрах нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд байна. COVID-ийн дараа гэсэн хүлээлт үгүй болж харин дасан зохицож зэрэгцэн амьдрах нь зайлшгүй. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар гаднаас жуулчин оруулж ирдэг нийт компанийн 15 хувь нь дампуурч, 45 хувь нь 60, 40 хувь 80 хүртэлх хувиар ажлын байраа алджээ. Өнөөдрийн байдлаар 580 тур оператор компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 200 нь дампуурч, 250 орчим нь тэсж үлдэх үү гэсэн нөхцөлд хүнд байгаа аж. Иймээс аялал жуулчлалын салбараа аварч үлдэх гарцаа тодорхой болгоход компаниудын зүгээс ямар өөрчлөлт хийх түүнчлэн төрийн бус байгууллага, салбарын экспертүүдээ сонсож гарц шийдлээ тодорхой болгож төр, засагт уламжлах зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байна  хэмээн зохион байгуулагчид ярьсан юм. Уламжлалт арга барилтай жуулчлалын компаниуд цаашид удаан оршин тогтнох нөхцөл хумигдсан учраас цахим аялал жуулчлалыг зэрэгцүүлэн хөгжүүлэх шаардлага үүсж байна. Түүнчлэн үйлчилгээний газрууд болон гарааны бизнесээ цахим руу шилжүүлснээр  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрчимжсэн байна. Тухайлбал, цахим компаниуд байгуулагдаж энэ хугацаанд 3.5 тэрбум төгрөгийн орлого олсныг энэ үеэр онцолж байсан юм. Түүнчлэн тус салбарын залуучуудын зарим нь цахим орчинд олон мянган дагагчтай болж бизнес аяллаа танилцуулах зэргээр амжилттай ажилласан. Тиймээс бид цахим аялал жуулчлал руу хүссэн хүсээгүй хөрвөх хэрэгцээ үүссэн гэж “Нью жуулчин” компанийн захирал Ш.Нэргүй илтгэлдээ өгүүлсэн. Дэлхийн хэмжээнд тус салбар энэ хугацаанд дөрвөн их наяд төгрөгийн орлого олох боломжоо алдсан байна. Цаашид салбарын сэргэлт 2024 оноос наашгүй гэж Дэлхийн аялал жуулчлалын холбоо үзсэн байна. Харин энэ хугацаанд олон жил бэлтгэсэн мэргэжлийн боловсон хүчнээ хэрхэн торгоох тухайд компаниудын тулгамдсан асуудал болсон гэлээ. Мэргэжлийн хөтөч, орчуулагч, менежер, бүгд гадаад хэлтэй учраас өөр салбар болох уул уурхай, олон улсын төсөл хөтөлбөрийн мэргэжилтнээр хөрвөж шилжин ажиллах боломж байгаа гэлээ. Засгийн газраас хэрэгжүүлсэн хоёр их наяд төгрөгийн гурван хувийн хүүтэй зээлийн нөхцөл шаардлага тохироогүйгээс дан ганц аялал жуулчлал эрхэлдэг  компаниуд хамрагдах боломжгүйгээс хаалгаа барьсан. Харин дэргэдээ өөр бизнестэйнүүд нь хамрагдсан. Тиймээс төрөөс аялал жуулчлалынханд үнэ цэнтэй ажилчидаа алдахгүй байхад зориулж хөнгөлөлттэй зээл олгох тухай энэ үеэр хөндөж байлаа. Хоёр өдөр үргэлжлэх тус хэлэлцүүлэгээр 15 орчим сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна. Энэ үер зарим оролцогчдийн сэтгэгдлийг хуваалцсан юм.

“Монголия Гайд” төвийн захирал Ч.Буянбадрах: Дотоодын аялагчдыг аялагч биш жуулчин гэж үзэх хэрэгтэй 


-Сүүлийн үед нутгийн брэндинг илүү  хөгжиж байна. Үүнийг аялал жуулчлалд дэмжиж хөгжүүлмээр байна. Байгальд түшиглэсэн аялал жуулчлалаас илүү өгөөжтэй.Байгальтай зэрэгцүүлж нутгийн брэндүүдийг хөгжүүлэх. Манай дотоодын жуулчид өв соёл, язгуур угсаагаа илүү их сонирхох болсон. Нүүдлийн соёл ахуйгаа мэдрэхийг ихэд хүсж байна. Энэ аяллаар цангаж байгааг гэрчилж байна. Тиймээс дотоодын аялагчдыг зугаалагч, аялагч гэж ярихаас илүүтэй жуулчин гэж ярих шаардлагатай болсон. Жуулчид гэж үзснээр тэдний хариуцлагатай аялах эрх үүрэг үүснэ. Үүнийг орон нутагт бодлогоор чиглүүлэх хэрэгтэй. 

Joinme.mn  компанийн захирал Э.Цомирлог: Аялалын мэдлэгтэй аялагчдыг бэлтгэх шаардлагатай 


-Дэлхийн улс орнуудын  COVID-ийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь дотоодын аялал жуулчлалаа эрчимжүүлэх байсан. Манай улс ч мөн адил энэ чиглэлд эрмэлзсэн. Өнгөрсөн зун манай дотоодын жуулчид тодорхой бүсүүдэд  аялах урсгалыг бий болгосон. Гэхдээ манай дотоод аялагчдын аялалын боловсролын түвшин доогуур түүнчлэн эрх чөлөөтэйгөөр эх орноо тойрч аялах гэсэн зорилгоор  найз нөхөд, гэр бүлээрээ хөдөө орон нутагт дур зоргоор аялснаар зорилтот аяллын компаниудад хандаж орлого оруулах, улмаар эдийн засагт нөлөөлөх хэмжээний орлого бүрдээгүй. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлэх гэсэн арга барилаасаа салаагүй байна. Цар тахалтай хоёр жилийн хугацаанд манай компани дотоодын аялагчдад зориулж  2020 онд joinme гэсэн платформыг гаргасан. Үр дүн нь хүлээлтээс дээгүүр байсан. Тухайлбал, өнгөрсөн зун UB Comedy-тэй хамтарч тансаг зэрэглэлийн захиалгатай тусгай үүргийн хоёр нислэгийн эвент зохион байгуулсан. Дотоодын аялагчдад өмнө байгаагүй сонирхолтой гоё аялал болсон. Хэдийгээр манай аяллын мэдлэгтэй аялагчид цөөхөн ч гэсэн цаашид ийм аяллыг зохион байгуулахад мэргэжлийн аялагчид олшрох нөөц бий гэж үзсэн. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.28 МЯГМАР № 190 (6667)