Б.ДОЛЖИНЖАВ

Монголд хамгийн анхны цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлсэн “High payment solutions” компанийн охин компани болох “Дижитал Вэндин”-ийн ерөнхий менежер Б.Билэгсайхантай ярилцлаа.Тус компанийн хамт олон “Hi Charge” зөөврийн цэнэглэгч /powerbank/ түрээсийн үйлчилгээг саяхан зах зээлд нэвтрүүлээд байгаа юм.

-”High payment solutions” компанийг уншигчид “Hi Pay” аппликейшнээр нь мэднэ. Тэгвэл саяхан зах зээлд шинээр нэвтрүүлсэн “Hi Charge” үйлчилгээний онцлог юу вэ?
-“High payment solutions” компани 2016 оноос технологид суурилсан санхүүгийн бизнесийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин “Дижитал Вэндин” компани нь “High payment solutions” компанийн харьяа компаниудын нэг юм. Байгуулагдаад дөрвөн сар гаруй болж байна. Энэ хугацаанд зөөврийн “power bank” түрээслэх Hi-charge үйлчилгээг Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ үйлчилгээ нь төлбөрийн цогц шийдэл болох цахим хэтэвч Hi-pay аппликейшнд байрлах Hi-charge цэсээр дамжуулан хот даяар байрлуулсан “power bank” цэнэглэх цэг дээрх QR кодыг уншуулан, тун хялбархан үйлдлээр дүүрэн цэнэгтэй power bank түрээслэн авах боломжтой. Хэрэглэж дуусаад “power bank”-аа өөрт ойр дурын байршилд буцаан хийх давуу талтай  ухаалаг систем юм. 
-“Power bank” буюу зөөврийн утас цэнэглэгч манай зах зээлд хэдийнэ нэвтэрсэн үед зөөврийн цэнэглэгч түрээсийн үйлчилгээг санаачлах үндэс нь юу байсан бэ?
- “Hi Charge” төсөл өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Цар тахалтай холбоотойгоор зах зээлд байрших хугацаа хагас жилээр хойшлоод энэ оны зургадугаар сараас зах зээлд нэвтэрсэн. Гурван сарын хугацаанд тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж бүтээгдэхүүнээ зах зээлд байршуулаад явж байна.Анх үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг эрсдэлээс хамгаалах, харилцагчийн үйлчилгээний сэтгэл ханамжийг сайжруулах зорилгоор “Hi Charge” төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Зоогийн газар эсвэл амралтын газар гэсэн хүн олон цуглардаг газар үйлчилгээний ажилтан хүрэлцдэггүй. Үйлчлүүлэгчийн утсыг текэн дээр цэнэглэхдээ дээрээс нь ус асгах, унагах, гэмтээх тохиолдол гарч ажилтнууд эрсдэлд ордог. Тиймээс нэгдүгээрт, энэ асуудлыг шийдвэрлэхийг зорьсон. Хоёрдугаарт,  цахим үндэстэн рүү шилжиж байгаатай холбоотойгоор хүн гар утасгүйгээр хол явж чадахгүй цаг үед бид амьдарч байна. Бүх төлбөр тооцоогоо цахимаар төлдөг болсон. Тиймээс утасны цэнэг дүүрэн байх ёстой. Үүнийг дэмжих хүрээнд зөөврийн  цэнэглэгч түрээсийн үйлчилгээг нэвтрүүлсэн.
-Шинэ үйлчилгээг нэвтрүүлэх бүх үйл явцыг танай компанийн хамт олон гардан хийсэн үү? 
-Цэнэглэгч төхөөрөмж нь импортоор орж ирдэг. Харин software буюу программ хөгжүүлэлтийг манай компани өөрсдөө хийдэг. Монголын техник технологид тохируулсан кодыг бичээд зах зээлд нийлүүлж байгаа. “Hi Pay” аппликейшний программ хөгжүүлэлтийн баг, маркетингийн баг, харилцагчдад хүргэж өгч, суурилуулах баг, IT болон туслах ажилтан гэсэн 200 гаруй хүн “Hi Pay” аппликейшний ард ажилладаг.
-Зөөврийн цэнэглэгч төхөөрөмжийнхөө талаар танилцуулбал?
 -Одоо зах зээлд нийлүүлж байгаа нэг төхөөрөмж нь дотроо найман “power bank”-тай. Цаашид үүнийгээ 24, 48 “power bank”-тай болгож өргөжүүлэн олон хүн үйлчлүүлдэг  томоохон газруудад байршуулахаар төлөвлөж байна. Мөн энэ төхөөрөмж 32, 44 гэсэн LED дэлгэцтэй учраас тухайн байгууллага рекламаа байршуулах боломжтойгоор харилцагчийн үйлчилгээнд анхаарч ажиллахыг хичээсэн. “Powerbank” нь type-C, андройд, IOS гэсэн гурван оролттой. Энэ гурван оролтод тохирсон бүх төхөөрөмжийг цэнэглэх боломжтой. Сүүлийн үед зөөврийн компюьтер буюу лаптопууд бүгд type-C оролттой болсон. Тиймээс яаралтай үедээ нөтбүүкээ цэнэглэх боломжтой. Манай “Power bank” 5000 амперийн багтаамжтай. Нэг удаагийн цэнэглэлтээр хоёр утсыг 4-6 цагт бүрэн цэнэглэж дуусна. Төхөөрөмжинд утсаа 30 минут цэнэглэхэд 500 төгрөг төлнө. Анхны хэрэглэгчийн эхний 30 минут үнэгүй. Энэ нь хэрэглэгчийг татах том давуу тал болж байгаа. Үнийн хувьд хэрэглэгчид сэтгэл ханамж өндөр байгаа.
-Танай аппликейшний зорилтот үйлчлүүлэгч нь ямар хүмүүс байгаа вэ?
-Анх үйл ажиллагаа явуулж эхлэхэд хүмүүс зээлийн үйлчилгээ их авч байсан. Дараагаар нь UMoney цэнэглэх хэрэглэгчийн тоо өссөн. Үүний дараагаар үйлчлүүлэгчид даатгалын үйлчилгээ авч эхэлсэн. Сүүлийн 4, 5 сар даатгал, зөөврийн түрээсийн цэнэглэгчийн үйлчилгээ, UMoney цэнэглэх нь эрэлт ихтэй байна. Анх хоолны газар, кофе шоп гэсэн хүн ихтэй газар зөөврийн цэнэглэгч түрээсийн  төхөөрөмжүүдээ байршуулж байсан. Харин одоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэг цэгийн үйлчилгээ, эмнэлэг, төмөр зам, онгоц, автобусны буудлын билетийн кассан дээр байршуулаад явж байна. Ерөнхийдөө чиглэл бүрийн салбарт 30-40 хувийн борлуулалттай явж байна. Харилцагч байгууллагадаа бид үнэгүй суурилуулж өгдөг. Байгууллагуудаас одоогоор ямар нэгэн гомдол ирээгүй. Ажилчдын ажил хөнгөрч, хэрэглэгчид тухтай үйлчлүүлэх боломж бүрдсэн хэмээн ам сайтай байгаа. Мөн нэмэлтээр төхөөрөмж байршуулах хүсэлт их ирж байгаа. Хэрэглэгчдэд илүү тав тух олгохын тулд “Хаанаас ч аваад хаана ч буцаах боломжтой” гэсэн уриаг дэвшүүлсэн. Учир нь хэрэглэгч ажлаасаа гараад явахдаа өөрт ойрхон төхөөрөмжтэй салбараа “Hi Pay” аппликейшнээсээ хараад цэнэглээд явах боломжтой. 
-“Hi Pay” аппликейшн одоогоор 200 гаруй мянган хэрэглэгчтэй болжээ. Монголын жижиг зах зээлд энэ бол том амжилт.  Олон хэрэглэгчийг татсан зүйл нь юу байсан бэ?
-“Hi Pay” аппликейшнийг анх төлбөр тооцоог хөнгөлөх, цахимжуулах зорилготойгоор бий болгосон. Хөл хорионы үеэр буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард UMoney карт цэнэглэх мини цэсээрээ олон хүнд танигдаж эхэлсэн. Даатгал, онлайн дэлгүүрүүд, зээлийн үйлчилгээ, үүрэн телефон, байр болон цахилгааны төлбөр гэсэн олон үйлчилгээг нэгтгэсэн аппликейшн юм. Манай компани “ICT Expo” буюу “Digital nation” үзэсгэлэнд анх удаа оролцсон. Нийт 140 байгууллагаас шилдэг найман байгууллагын нэгээр шалгарсан. Цар тахлын үед бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхгүй, утсаа гадуур цэнэглээд явах боломжтой, даатгалын газар дараалах шаардлагагүй болсон гээд олон төрлийн үйлчилгээг хөнгөвчилсөн нь бидний давуу тал болсон юм. Бүх төрлийн даатгалын үйлчилгээг гурван минутад авах боломжтой.
-Бусад төлбөр тооцоо, даатгалын аппликейшнээс танай ялгарах онцлог юу вэ?
-Цахим мөнгө, цахим карт гаргах эрхийг манай компани хамгийн эхэнд авсан. Банкуудаас гадна нууцлалын бодлогыг манай компани ганцаараа баримталж явдаг.Олон улсын стандартуудыг хангасан гэдгээрээ давуу талтай. Нэг төрлийн жижиг банк учраас банкны нууцлалыг сайн хангадагт хэрэглэгчид итгэдэг. Цахим түрийвчиндээ бүх банкны картыг байршуулж хооронд нь шимтгэлгүйгээр гүйлгээ хийхээрээ илүү давуу талтай. Дансны дугаар нь цээжлэхэд амар, хэрэглэхэд хялбар. Данс цэнэглэлт хурдан, цахим дэлгүүрээр үйлчлүүлэхдээ loyalty оноог ашиглан урамшуулал авах боломжтой гэсэн олон давуу тал бий. Hipay.mn-ээс бүх мэдээллийг авах боломжтой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.28 МЯГМАР № 190 (6667)