Б.ДАМДИН-ОЧИР 

АИ-92 шатахуун тасарч даяараа хэд хоног хямарлаа. Өнөөдрөөс хэвийн түгээж эхэлнэ гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. Гэхдээ хойд хөршөөс замдаа гарсан, урд хөршөөс ачигдчихаад замд гарахад бэлэн болсон АИ-92 шатахуун хилээр орж ирээд, ШТС-ууддаа очтол дахиад ганц нэг хоног болж, иргэдийн бухимдал дахиад сунаж мэдэх л юм.
Ер нь бол Оросын компаниуд шатахууны “крант”-аа хаахад Монгол ямар байдалд орж байна вэ гэдгийг бид өнгөрсөн хэдхэн хоногт харлаа. Бас тогныхоо “унтраалга”-ыг дарахад л Монгол харанхуйлдаг. 
Ядаж байхад Оросын хязгаарласныг нөхөж авахаар Хятадаас ачуулсан АИ-92 шатахуун хил давалгүй вагонтайгаа гацчихсан.
Гэтэл бид чинь энд эх орныхоо хөрсөн доороос жил бүр 1.2 сая орчим тонн түүхий нефтийг Хятад руу ачуулдаг улс. Гэсэн атлаа ингэж шатахууны нийт хэрэглээнийхээ 95 хувийг Оросоос, таван хувийг Хятадаас оруулж ирж “шатааж” байна. 
Харин 30 жил ярьсан нефтийн үйлдвэрийнхээ хундаамыг цутгаад л дуусч байгаа юм. 
За, энэ бол бидний бодит байдал аа. Монгол бол хоёр их гүрний дунд оршдог. Далайд гарцгүй. Өнөөдрийг хүртэл ямар ч боловсруулах үйлдвэр барьж, том төслүүдээ хөдөлгөөгүй. Манай амьдралын хөдөлгөгч хүч болох тог, шатахуун хоёр нь Оросоос, бусад нь Хятадаас хамааралтай. Малын махнаас бусдыг нь импортолдог. Гурил, хүнсний ногоогоо хагас дутуу үйлдвэрлэдэг. 70 жил Оростой наана цаана болж босгосон хэдэн үйлдвэрээ 30 жилийн өмнөх ардчилсан “хувьсгал”-ын дараахан алга болгосон. Одоо байж байгаа царай маань л энэ.
Шатахуун яагаад тасарсан нь тодорхой шалтгаантай юм байна лээ. Угаасаа манай улсыг “хөдөлгөөн” хийх гэвэл гаднаас дарамталж байдаг, тэрэнд нь Монголын улстөрчид халаасаа эргүүлж очоод оролцчихдог. Хамт улсаа шантаажилдаг. Шалтгаан нь товчдоо энэ.
Гэвч өнөөдөр тэрийг шүүж суух “зав” төрд ч, маньд ч алга. Оронд нь АИ-92 шатахуунаа Оросоос ч, Хятадаас ч гуйхаас өөр арга байхгүй болж байгаа юм. 
Шатахуун тасраад хэд хоносных нь дараа УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-ны тэргүүн, “Шунхлай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Монголын нефть хийн үндэсний ассоциаци”-ийн тэргүүн, “Магнай трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтан-Очир, “Петровис Ойл” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Содбилэг, “Содмонгол групп” ХХК-ийн иээвэр, ложистик хариуцсан захирал Н.Ангар, “Тэс петролиум” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Майдар, “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, “НИК” ХХК-ийн импорт, гадаад худалдаа хариуцсан захирал О.Билгүүн, “Лекс ойл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Индра, “Роснефть Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбаатар, “Роснефть Монголия” ХХК-ийн менежер Б.Эрдэнэбаатар нар Орос руу мордсон. 
Орост очсон манай хэд “Роснефть”-ийн Игорь Сечин захиралтай уулзах болжээ. Түүнтэй хэлэлцэж ярьж байж асуудал шийдэгдэх учиртай. Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийнэ. Хүлээлгийн өрөөнд нь саатчихая гэсэн ч бараагүй байна. Тэр үед нь буюу 2021 оны есдүгээр сарын 22-нд Хотын мээр Д.Сумьяабазар “Роснефть”-ийн захирал Игорь Сечинтэй цахимаар холбогдож ярилцжээ. Тэр үеэр Д.Сумьяабазар Оросын зарим компани Монголын талд нийлүүлэх шатахуунаа зогсоосон. Энэ тал дээр “Роснефть”-ийн зүгээс онцгой анхаарал тавьж, Монголд үүсээд байгаа шатахууны хомсдолоос гарахад тусламж үзүүлэхийг хүсээд эндээс очсон “баг”-ийг хүлээн авч яриа хэлэлцээр хийхийг хүссэн байна. Маргааш нь уулзалт болж есдүгээр сард 1500 тонн, ирэх аравдугаар сард 44 000 тонн 92 бензин, энэ сард ачигдаагүй байсан 10 000 тонн АИ-92 шатахууныг авахаар болжээ. Энэ уулзалтын дараа Игорь Сечинээс Д.Сумьяабазарт “...Одоогийн байдлаар зарим компани Монгол Улс руу шатахуун нийлүүлж чадахгүй байгаатай холбоотой тус улсад үүссэн нөхцөл байдлын талаар та сэтгэл түгшиж байгааг ойлгож байна. Өөрийн зүгээс “Роснефть” компанийн Монголын талтай хөгжүүлж буй түншлэлийн харилцаагаа өндрөөр үнэлж, ах дүүгийн харилцаатай ард түмэнд хямралаас гарахад тусалж, хөдөлгүүрийн шатахууны нийлүүлэлтийг хангахад бүх арга хэмжээг авах болно” гэсэн байна. Ийм явдал болжээ.
Үүний онцолж яриад байгаа нь нэг шалтгаантай. Д.Сумьяабазарын “товарищ”-ласан жишгийг сайд болгон бодоосой гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, манай сайд нар ажил үүрэг гүйцэтгэж, албан тушаал хашиж байхдаа салбарынхаа асуудлаар ядаж хоёр хөрштэйгээ сайн ойлголцолтой байх ёстой юм.  Өөрийгөө тоолгодог, үгээ сонсгодог болох нь сайд хүний хамгийн эхний шалгуур нь байх ёстой юм. Тэгдэггүйн гай эхнээсээ гарсаар л байна. Ер нь тэгээд улс хоорондын харилцаа, гадаад харилцаа гэдэг чухамдаа хүн хоорондын л харилцаа шүү дээ. Хотын мээр Д.Сумьяабазарын хувьд өмнө нь 2017-2020 онд УУХҮ-ийн  сайдаар ажиллаж байсан. Тэр үедээ “Роснефть”-ийн Игорь Сычентэй маш сайн ойлголцдог болсон байгаа юм. Тэр харилцаа нь өнөөдөр Монголд тулсан нэг ч гэсэн асуудлыг гацаанаас гаргахад нэмэр болж байх жишээтэй. Нэг үг байдаг даа. “...Эргээд уулзах нүүр, эвлэрэх орон зай үлдээж яв” гэж... 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.27 ДАВАА № 189 (6666)