Ц.Энхжин:  Залуус харийн соёлд хэт автаж болохгүй 

0
хуваалцах
512
үзсэн

Ч.ОЛДОХ

“Зууны мэдээ” сонин ”Монгол ардын дуу” булангаараа монгол ардын аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаа Сүхбаатар  аймгийн Түмэнцогт  сумын ардын авьяастан, биет бус өвийн “Өвлөн уламжлагч”, СУИС-ийн уртын дууны II дамжааны оюутан Ц.Энхжингийн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр Монгол ардын  уртын дууны нэгэн том ай сав болох зүүн халх аялгууны их өв оршсон,  эрт цагийн их дуучин  их аварга Мөррэнцэн, төрсөн дүү Жунай зааныг  дагуулан  дуулж явсан талаас, эдүгээгийн нэрт дуучин Ч.Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ нарын  мөрөөр  монгол ардын уртын дууг сурч, түгээн дэлгэрүүлэхээр зорьж яваа залуу уран бүтээлч юм.

 

-Уртын дуучин олширсон нь сайн талтай ч чанарын хувьд эргэж харах хэрэгтэй болсныг мэргэжилтнүүд хэлэх болжээ. Энэ цаг үед уртын дуучин болохоор зорихдоо ямар зорилгыг өмнөө тавив?
-Уртын дуу судлаач, мэргэжилтнүүд, том дуучид хэлэхдээ “Хөдөө нутагтаа уртын дуугаа дуулж яваа та бүхэн бол энэ өв соёлыг тээж яваа өв тээгчид шүү. Яг нутаг, нутгийн ая дангаар нь хадгалж авч яваа хүмүүс шүү, үүнийгээ сайн анхаараарай” гэж хэлж байхыг сонсч байлаа. Сүхбаатар аймаг бол нэртэй дуучид төрж гарсан нутаг. Уртын дууны их айзам, том хэлбэр халхын зүүн  нутагт хадгалагдаж ирсэн гэж ярьдаг. Манай нутгаас Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ гээд нэртэй том дуучид төрөн гарсан. Өв уламжлал гээд яривал асар арвин, миний хараахан судалж мэдэж чадаагүй зүйлүүд ч олон бий. Миний хувьд дөнгөж л эхлээд суралцаад явж байна. Нутгийн онцлогийг  шингээж авч,  цаашид  монгол ардын уртын дууны нутаг нутагт  дуулагдаж ирсэн өвөрмөц ая данг судалж, дуулж сурахсан гэж бодож зорьж, СУИС-ийн уртын дууны ангид суралцаж байна. 
 

-Уртын дууг дуулж сурахын тулд ямар арга барилаар явбал хүүхэд, залууст дөхөм байдаг юм бол?  
-Би дунд сургуулийн зургадугаар ангиас дуулсан. 2013 оноос  уртын дууг дуулж сурах сонирхол төрж, бичлэгүүдийг нь  сонсч, дагаж дуулах болсон. Уртын дуучдын бичлэгийг тавиад дагаад дуулаад байхад болмоор ч юм шиг санагдаж байлаа. Гэхдээ арванхоёрдугаар анги төгстөл надад ямар ч багш байгаагүй,  харин аав, ээж хоёрын минь нөлөө бол нэлээд байсан. Манай аав сумынхаа Соёлын төвд хөгжмийн багшаар  ажилладаг Цогтбаатар гэж хүн бий. Ээж минь дуунд  их дуртай, сумын сургуульд сургалтын менежерээр ажилладаг. Аав, ээж хоёр минь намайг  монгол  хүн  уртын дуугаа сурч,  энэ өв уламжлалыг залгамжлах ёстой  гэж   зөвлөж, захидаг байлаа. Тэр нь нөлөөлсөн үү, ямартай ч би өөрийн сонирхлоор л дуучдын бичлэгийг дагаад  дуулдаг  байлаа. Зууны манлай, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад багшийн бичлэгийг их сонсдог байсан. Одоо ч байнга сонсдог. Ер нь дуучдын дуулж байгааг сонсоод байхад сонсголоороо олон юмыг мэдэж, мэдэрч, сурч болно. Жаахан байхад тэрийг сайн анзаардаггүй байсан. Том болоод нугалаа бүрийг нь анзаарч, дотор нь өөрөө шингэж, уусч байх шиг мэдрэмжээр хөглөгдөж дуулах болсон. Найзууд маань намайг яагаад  хэдэн цагаар ч хамаагүй уртын дууг сонсоод суучихдаг юм бэ гэж гайхдаг. 
 

-Эхлэн суралцагчид дуулж сурахад амархан дуу гэж байна уу?
-Хүн болгон адилгүй, дуулах арга барил   өөр байх. Миний хувьд хамгийн анх “Цомбон туурайтай хүрэн” дуугаар  өөрийнхөө уртын дууны урын санг  эхлүүлж байсан.  Манай нутаг хурдын өлгий, адууны нутаг гэдэг. Морины тухай дуу ойрхон санагдсан. Нөгөө талаас энэ дууны ая дан чихэнд чимэгтэй, сонсоход их гоё  аялгуутай. Миний бодлоор уртын дуу ээж, аавтайгаа  нутаг усаа, эсвэл ээж аавтайгаа улс эх орноо, унаган хүлгээ хослуулан магтан дуулсан утга давамгай байдаг шиг санагддаг.

Жишээ нь: 
“Цомбон туурайтай хүрэн нь
Цохилсон  хар  алхаатай
Цовоо сэргэлэн Эгиймаа нь
Цочоож сэтгэлд санагдана” гэж хайртай хүн, хүлэг морио адилтган дуулдаг. 

Энэ дуугаараа  аймгийнхаа “Яргуй” наадамд түрүүлж, зүүн бүсийн наадамд шалгарч, улсын хэмжээнд зохион байгуулсан тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн, 2018 онд. Үүний дараа аймгийнхаа  “Жаахан шарга” театрын дэргэдэх “Хөх толботон” хамтлагийн уртын дуучин болж, 2019 онд  хамтлагаараа улсын наадмаас хүрэл медаль хүртсэн. Түүнээс хойш нутгийнхаа уртын дуунуудыг дуулж сурах зорилгыг өөртөө  тавьсан. “Жаахан шарга” дууг  нэлээн чармайж байж дуулж сурсан. Мөн хүмүүс тэр бүр мэдэхгүй болсон мартагдсан дуунуудыг судалж гаргаж ирэхсэн гэж бодож байгаа. “Гангийн халуун нар” гэж дууг зах зухаас нь мэднэ. 

-Өөрт чинь нөлөө үзүүлсэн уртын дууны  өв тээгч гэвэл өөр ямар хүмүүс байна? 
-Аавын талд урлагаар явсан хүн олон бий. Ээжийн аав, садан төрлүүд дотор уртын дуу дуулдаг хүмүүс байсан гэж ярьдаг. Одоо  СУИС-д Монгол Улсын гавьяат жүжигчин,  уртын дуучин С.Цогтсайхан багшийн удирдлагад сурч байна. Зуны амралтаараа зүүн бүс, Хэнтий аймагт болсон “Хэрлэнгийн Баръяа” уртын дууны анхдугаар наадамд оролцож дэд байрт орсон нь надад том сургууль боллоо. Газар газрын олон дуучдаас олон зүйлийг сурч мэдэж авлаа. Уралдааны удирдамжийг нэлээд  орой авсан ч  Хэнтий аймгийн төвд очиж “Хан Хэнтий” чуулга дээр дуугаа бэлдэж оролцсон. Чуулгын уран бүтээлчид надад ихээхэн тусалсан. “Хэрлэнгийн Баръяа” дууг  өмнө нь сонсоод өнгөрч байснаас  дуулж сурах талаар бодоогүй, их хүнд дуу юм байна, сурахад хэцүү байх даа  гээд өнгөрүүлж байсан. Уралдаанд заавал дуулах ёстой дуу гэж нэр заасан учраас ая данг нь сонсч, дуулж сурах гэж нэлээд чармайсан. Мэргэжлийн сургуульд сурснаар дууныхаа үг, утга, түүх, үүсэл гээд бүх талаас судалж байгаа нь маш сонирхолтой байгаа. 


-“Уртын дууны уралдаан том сургууль боллоо” гэлээ. Урагшлах, өөрийгөө хөгжүүлэхэд тэндээс юу  олж авав? 
- Дуулж сурах гэж зорьж тэмүүлж яваа залуус уралдаан, тэмцээнд байнга оролцох хэрэгтэй юм билээ.  Өөрийгөө сорьж,  мөн өөрийн хаана явааг мэдрэх боломж юм. 
Шүүгчдийн зүгээс “Нүүрний баясгалан сайтай дуучин байна” гэсэн бол ерөнхий шүүгч, Ардын жүжигчин Ч.Шархүүхэн багш “Хамарны нармайн цохилтыг сайн хийж өгөөрэй”  гэж зөвлөсөн. Уралдаанаас өөрийн сул  болон  давуу талыг мэдэж авна гэдэг хамгийн том шүүлт юм. Үүнээс өмнө  би  2018 онд аймгийнхааа “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчидтэй хамт Хүй долоон худагт болсон урлагийн тоглолтод очиж оролцсон. Тэр тоглолтоос намайг  биет бус өвийн  “Өвлөн уламжлагч” –аар тодруулж тэмдэг гардуулсан. 


-Биет бус өвийг  “Өвлөн уламжлагч”-ийн хувьд үеийнхэндээ хандаж юу хэлэх бол? 
-Бидний үеийнхэн, залуучууд Монголынхоо ирээдүйг авч явах учраас харийн соёлд хэт автахгүй байж уламжлалт өв соёлоо хадгалж, өвлөн уламжлуулах үүрэгтэй. Уртын дуу, хөөмий, морин хуур гээд язгуур урлагаа авч үлдэхгүйгээр монгол хүн хэн ч биш болно шүү дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.24  БААСАН  № 188 (6665)