М.Батжаргал: Гурван сонгуульд дараалан ялагдсан “хар цуврал”-ыг Архангайн АН зогсоосон

0
хуваалцах
304
үзсэн

С.УЯНГА

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалтай ярилцлаа. 

-Архангай аймгийн АН-ын гишүүд эрх баригчидтай нийлж намаасаа томилогдсон Засаг даргаа огцруулсан. Оронд нь та боллоо. АН-ын гишүүд намынхаа эсрэг ажилласан гэсэн үг үү? 
-Архангайн Ардчилсан нам 10 мянган гишүүнтэй. 1992 оноос хойшхи улс төрийн сонгуулийн түүхэнд хамгийн олон удаа Их хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж ирсэн арвин туршлагатай нам. Манай өвөө 1990 оноос хойш ардчиллыг дэмжиж ирсэн. Аав ардчиллын анхны партизануудын нэг. Манайх гэр бүлээрээ ардчиллын төлөөх үйл хэрэгт зүтгэж ирсэн түүхтэй. 
Би 2012 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намынхаа  менежерээр ажиллаж гурван сонгуульд дараалан ялагдсан байсан “хар цуврал”-ыг зогсоож байлаа. Намынхаа төлөө ингэж зүтгэж ирсэн. Үүнийхээ үр дүнд ч 2012-2016 онд аймгийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил ажилласан. 2016 онд АН-ын шинэчлэлийн хүрээнд бүх шатны намын даргаа нийт гишүүдээсээ сонгодог зарчимд шилжсэн. Энэ дагуу 8000 гишүүн санал хураалтад оролцоход 6800 хүний дэмжлэгтэйгээр буюу орон даяар хамгийн өндөр хувиар дунд шатны намын даргаар сонгогдож байлаа. 

Намын даргаар сонгогдож ажиллахдаа цаашид юунд анхаарах вэ гэдэгт бодлогын хэмжээний судалгааны багуудыг ажиллуулсан. Тэрхүү судалгаан дээрээ үндэслэн намын гишүүдийг чадавхижуулах анхан дунд шатаа бэхжүүлэхэд анхаарч ирсэн. АН гишүүдийнхээ хөгжилд түлхүү анхаарсан. 2000-2012 онд аймгийн түвшинд эрх бариагүй учраас хүний нөөцийн чадавхи, туршлага сул байсан. Үүнд анхаарч олон залуусыг намдаа элсүүлж, ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхны партизаны хүүхдүүдийг намдаа авчирсан. Мөн олон улсын сангийн дэмжлэгтэйгээр цөөнгүй  сургалт, эвент арга хэмжээг зохион байгуулсан. Намын дарга болсныхоо дараа жил буюу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан жилээ Тайхар чулууны дэргэд 1000 эмэгтэйн чуулганыг анх удаа зохион байгуулсан. Сумдын намын дарга нараа чадавхижуулах, аймгийн ИТХ-д нэр дэвших төлөөлөгчдөө бэлтгэх, сонгох судалгаа зэргээр маш олон арга хэмжээг хийсэн.Энэ бүхний үр дүн гарч 2020 онд Архангай аймагт АН ялсан юм. Харамсалтай нь С.Эрдэнэ гэдэг этгээд 2020 оны тавдугаар сарын 12-нд өөрийнхөө  гар хөлийн хүнийг тавихын тулд дүрмийн бус аргаар гишүүний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр намаас хөөсөн. Тэгээд Б.Золжаргал гэдэг хүнийг аймгийн намын даргаар томилчихсон юм. Үзэгний үзүүрээр орж ирж дарга болоод хүний хийсэн бүтээсэн хөдөлмөр дээр эзэн суух нь шударга ёс, ардчиллын зарчимд нийцэхгүй. Үүнтэй намын гишүүд эвлэрээгүй учраас намын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Золжаргалыг огцруулсан гэж бодож байна. 
 

-Гэхдээ таныг дөрвөн жилийн хугацаатай АН-аас хөөх шийдвэр гаргасан?
-С.Эрдэнэ байнга л намаас хөөж байдаг. Би аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн 20 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Засаг даргад нэр дэвшсэн. Миний хувьд улс төрийн дотоод нөхцөл байдалд огтхон ч санаа зовохгүй байна. Нийтийн эрх ашгийн төлөө бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлээд явахаас биш нэг, хоёр хүний асуудал сонин биш. 
 

-Архангай  хөгжлөөрөө бусад аймгуудаас сүүлийн хэдэн жил сүүл мушгилаа.  Ирэх дөрвөн жилийн хөгжлийн төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрийн гол цөм юу байх вэ? 
 -Архангай аймаг эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгаагаар 2017 оноос хойш хойноосоо нэг, хоёрдугаар байрт явж байгаа. Бид гурван жил зүгээр ч нэг сөрөг хүчний ажил хийгээгүй. 2016-2020 онд намын дарга, ИТХ дахь бүлгийн дарга байсан. Эрх баригчдын хууль бус буруутай үйл ажиллагааг байнга шүүмжилж ирсэн. АН засаг баривал яах вэ гэдэг дээр аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг урьдчилан боловсруулж ирсэн. Энэ оны арванхоёрдугаар сард болох аймгийн ИТХ-аар Засаг даргын шинэ мөрийн хөтөлбөрийг батална. “Алсын хараа-2050” бодлогын бичиг баримтын хүрээнд таван жилийн хөгжлийн төлөвлөгөө батлагдах ёстой. Мөн Монгол Улсыг хөгжүүлэх тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичгийн хүрээнд аймаг орон нутгаа хөгжүүлэх хөтөлбөр гарах юм. Түүнээс хэн нэгэн хүн дарга болоод хөгжлийн бодлого зохиохгүй. 
Архангай аймаг оюуны асар өндөр чадамжтай шинжлэх ухааны салбарын үе үеийн ерөнхийлөгчөөс эхлээд олон эрдэмтэн мэргэд төрөн гарсан өлгий нутаг. Хүчит бөх, шашин соёлын зүтгэлтэн хутагт хувилгаадаараа ч алдартай. Аялал жуулчлалаараа онцлог давуу талтай. Цаашид хурдацтай хөгжихийн тулд давуу талаа бий болгох ёстой. Архангай аймаг  урангүй, алтгүй, уул уурхайгүй ногоон хөгжлийн аймаг болох үндсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээндээ хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулаад явна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгаагаар олон жил сүүл мушгиж байгаагаа засч залруулж, урагшлахыг хичээж байна. Бидэнд бэлээхэн судалгаа бий. Түүн дээрээ ажиллахад болно. 
Үйл ажиллагаандаа үндсэн гурван зарчим баримталж байгаа. Нэгдүгээрт, нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавина. Мөн хууль ёсыг сахиж, баялаг бүтээгчдийг дэмжихийг удирдлага болгоно. 
 

-Архангайд уул уурхай нэлээдгүй асуудал дагуулдаг. Ногоон хөгжлийн аймаг болно гэхээр уул уурхайг цэгцэлнэ гэж ойлголоо? 
- Шүүх дээр орон нутаг ялж, гурван сумын нутаг хамтарсан ураны илэрцтэй Шарагчны нурууг улсын тусгай хамгаалалтад авсан. Аймгийн Засаг даргын хувьд уул уурхайг дэмжихгүй. Дэмжихгүй гэдэг нь хариуцлагагүй уул уурхай, бичил хэлбэрээр олборлодог байдалд  хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд цэг тавина. 
 

-Өнгөрсөн дөрвөн жил МАН эрх барьсан. Дараагийн дөрвөн жил сөрөг хүчин аймгийг удирдахаар боллоо. Бодлого шийдвэр, боловсон хүчнээс эхлээд төрийн залгамж халаа ямар байх вэ? 
-Төрийн албаны хууль 2019 онд өөрчлөгдсөн. Төрийн албаны шинэчлэлийг хийхдээ хууль, дүрмээ дагаж мөрдөнө. Мэдээж улс төрийн албан тушаалтнуудыг өөрчилж, удирдлагын багаа бүрдүүлэх бодлого баримтална. Харин хуулийн хүрээнд ажлаа хийж байгаа жирийн төрийн албан хаагчдыг халж, солихгүй. Төрийн алба тогтвортой байх ёстой. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаж байгаа төрийн албан хаагчид тогтвортой ажиллана. 
 

-Цар тахлын халдвар орон нутагт оргилдоо хүрч байна. Гэтэл эмнэлгийн хүрэлцээ, шинжилгээний сорьц, эмийн багцаас эхлээд даац хэтэрч, хомсдож  байна. Архангай аймаг бэлтгэл, бэлэн байдал хэр  байгаа бол? 
-Цар тахал тархсан шалтаг, шалтгааныг хайхаас илүү хэрхэн урьдчилан сэргийлэх, худалдаа үйлчилгээг тасалдуулахгүй байх вэ гэдэгт илүү анхаарч байна. Өвчилсөн хүмүүсээ хүндрэлээс сэргийлэх гээд олон асуудал урган гарч байгаа. Архангай аймгийн хэмжээнд батлагдсан халдварын тоо 6793. Одоогийн байдлаар 62000 хүн нэгдүгээр тун, 55000 орчим хүн хоёрдугаар тундаа хамрагдсан. Гурав дахь тунг 5000 орчим хүн хийлгэсэн. Харамсалтай нь нас баралтын тоо 21 хүрсэн. Насны бүтцээр авч үзвэл 60-аас дээш насныхан 17 байгаа. Суурь өвчтэй хүмүүст хавсарсан байдлаар хүндрэл илэрч байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. 
Аймгийн хэмжээнд нөхцөл байдалд үнэлгээ хийж хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр цэцэрлэг болон бага ангийнхны хичээлийг эхлүүлэхгүйгээр долоо хоног ажиглаж, дундаас дээш ангийнхан хичээллэхэд сургуулийн орчмоос 560 орчим хавьтал илэрсэн. Тиймээс цар тахлын гурав дахь давлагаа дэгдсэн гэгдэж байгаа энэ үеийг өнгөртөл буюу аравдугаар сарын 1 хүртэл боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь цахимд шилжүүлээд байна. Мөн есдүгээр сарын үдийн хоолны зардлыг түргэвчилсэн оношлуур, ариутгалын бодис, эм хэрэгсэлд зарцуулахаар татаж авч байна. Сумдын Тамгын газар, сургуулийн захиргаа худалдан авалтаа хийж бэлэн байдлаа хангасны үндсэн дээр аравдугаар сарын 1-нээс бүх багш нараас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч хичээл сургуулиа эхлүүлэхээр төлөвлөсөн. 
Би ажлаа аваад 16 хонож байна. Ямар ч байсан эмнэлэг нэмэлтээр дэлгэж бэлэн байдлаа хангаж байгаа. Халдвар тархахаар бол сургууль, цэцэрлэгийн дотуур байранд ор дэлгэхээр бэлэн болгосон. Өдөртөө PCR-аар 80, түргэвчилснээр 60-70 тохиолдол батлагдаж байгаа учраас аймгийн онцгой комисс эрсдэлийн үнэлгээ хийж байна. Аймаг орон нутгийн зүгээс аль болох худалдаа үйлчилгээ, бизнесийн байгууллагаа дэмжих бодлого баримтална. 
 

-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдав. Аюулгүйн нөөцөд хэр хэмжээний  хадлан тэжээл нөөцөлсөн бэ? 
-Энэ жил зуншлага сайхан болсонтой холбоотойгоор нийт нутгаар байгалийн хадлан сайн гарсан. Малчид өвс тэжээлийн нөөцөө базааж байна. Аймагт бороо хур тасрахгүй байсантай холбоотойгоор хадлан тэжээл жаахан хойшиллоо. Өвөлжилтийн бэлтгэл, цар тахлын хүндрэлийг давахад зориулж Засгийн газраас аймагт бүрт 500 сая төгрөг хуваарилсан. Тэр дагуу зарцуулалтыг ярилцаж, шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ жил хадлан тэжээлээ хангалттай бэлтгэж, нөөцөө бүрдүүлнэ. 
Есдүгээр сарын 3-нд аймаг төсвийн тодотголоо хийсэн. Энэ зун бороо элбэг байсантай холбоотойгоор замын эвдрэл их гарсан учраас замын тусгай сан болон орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилтийг шийдвэрлэж засвар хийж байна. Цагаан давааны замыг мөн орон нутгийн хариуцсан компани засварлаж байна. Засварын ажил есдүгээр сарын 30 гэхэд дуусна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.24  БААСАН  № 188 (6665)