ДЭМБ-ын тэргүүн COVID-19 вакцинжуулалтын зорилт амжилтгүй болсон гэв

0
хуваалцах
266
үзсэн

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус “Дэлхийн 50 оронд энэ сарын эцэс гэхэд хүн амын 10-аас доошгүй хувийг COVID-19-ээс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах зорилгодоо хүрэх боломжгүй боллоо гэв. Энэ тухай ДЭМБ -ын хэвлэлийн албанаас эш татан ТАСС агентлагт бичжээ. “Чинээлэг орнуудын 90 хувь нь ДЭМБ -ын зорилтыг аль хэдийнэ биелүүлсэн. Гэсэн хэдий ч 50 улс үүнд хүрч чадахгүй байна. Ихэнх нь Африк тивийн орнууд” гэж Гебрейесус хэлэв. Түүнчлэн өндөр орлоготой орнууд нэг тэрбум гаруй тун вакцин өгөхийг амласан ч энэ ажил амжилтгүй болж, 15 хүрэхгүй хувьтай байна гэж онцолжээ. Энэ оны эцэс гэхэд улс бүрийн хүн амын 40-өөс доошгүй хувийг, 2022 оны дунд гэхэд 70 хувийг вакцинжуулах ажлыг дэмжих дэлхийн хэмжээний хатуу үүрэг хариуцлага бидэнд хэрэгтэй байна” гэж тэрээр нэмж хэлэв. Үүнтэй холбогдуулан Гебрейесус дэлхийн вакцины нийлүүлэлтийг хянадаг улс орон, компаниудыг амлалтаа биелүүлэхийг уриалав. Түүний үзэж байгаагаар дэлхийд илүү хүчтэй, тогтвортой санхүүжиж, хүчирхэгжсэн ДЭМБ хэрэгтэй байна гэв. Гебрейесус өнгөрсөн сард хэлэхдээ хүн төрөлхтөн COVID-19-ийн “жинхэнэ аюулын” үе рүү орлоо гэж байсан. Мөн тэрбээр орлого багатай орнуудын эрүүл мэндийн ажилтнууд вакцин хийлгэж чадахгүй байхад хүнд өвчин тусах эрсдэлгүй бусад орны иргэдийг вакцинд хамруулдаг нөхцөл байдлыг буруу гэж үзжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.24  БААСАН  № 188 (6665)