Иммануил Кант (1724-1804)

0
хуваалцах
191
үзсэн

З.БАТЦЭЦЭГ

Германы гүн ухаанч, сонгодог гүн ухааныг үндэслэгч Иммануил Кант. Тэрбээр нь 1724 оны дөрөвдүгээр сарын 22-нд үүрийн 05:00 цагт Кенигсбергийн морины хэрэгсэл хийдэг дархан Ионн Георгийн гэр бүлд мэндэлжээ. Хуучны прусс тооллоор бол гэгээн Эммауилийн өдөр төрсөн тул хүүг Кант буюу “бурхан бидэнтэй хамт” гэж нэрлэжээ. Кант өөрийн өвөг дээдсийг шотландууд гэж боддог байсан ч үнэн хэрэгтээ түүний өвөг эцэг Рихард Кант Балтаас гаралтай байж. Харин ээж Анна Регина нь Нюрнбергээс гаралтай эмээлчний охин юм. Кант хүүхэд насаа жижиг гар урлал эрхлэгчид, худалдаачид гэсэн шударга, хөдөлмөрч ардын дунд өнгөрөөжээ. Анна Регина есөн хүүхэд төрүүлснээс тав нь нас баржээ. Кант айлын дөрөв дэх хүүхэд байлаа. Тэрбээр гурван эгч, нэг эрэгтэй дүүтэй байв. 
Лам Франц Шульцын зөвлөснөөр найман настай Кантыг Фридрихийн шашны коллежид оруулав. Тэр энд найман жил сурчээ. Үндсэн хичээл нь латин хэл байж. Аав ээж нь түүнийг лам болгох хүсэлтэй байсан ч хүү уран зохиолд илүү сонирхолтой байв. Сургууль нь хатуу чанга дэглэмтэй байсан учраас хүү лам болох дургүй байлаа. Гэхдээ сэргэлэн, ой тогтоолт сайтай, хичээл зүгтэлтэй байснаар сургуулиа төгсөхдөө хоёрт жагсжээ. 
1740 оны намар 16 насандаа их сургуульд оров. Их сургуульд сурч байх үед түүнд профессор Мартин Кнутцен их нөлөө үзүүлжээ. Кнутцен Английн байгалийн шинжлэх ухааны амжилтыг их сонирхдог байв. Кант түүнээс анх удаа Ньютоны нээлтийн талаар сонсжээ. Их сургуулийн IV курсээс эхлээд Кант бие дааж физикийн чиглэлээр бичих болжээ. Ажил нь удаан үргэлжилж байлаа. Туршлага, мэдлэг дутагдахаас гадна гачигдал ихтэй байв. Ээж нь түүнийг 13 настай байхад нас барсан ба аав нь гэр бүлээ арай ядан тэжээж байж. Кантыг ангийнхан нь хооллодог байсан ба бүх хүнд хэцүү үед тэднээсээ хувцас, гутал авдаг байв. Ихэнхдээ түүнд Шульц лам, гуталчин нагац ах нь тусалдаг байжээ. “Амьд хүчний бодит дүгнэлтийн тухай” гэх Кантын анхны номыг хэвлэхэд ихэнх мөнгийг нагац ах нь гаргасан гэх яриа байдаг. Энэ номыг Кант гурван жил бичиж, хэвлэхэд дөрвөн жил зарцуулжээ. 
Их сургуульд Кант долоон жил сурсан байна. 1747 онд магистрын диссертациа хамгаалахгүйгээр тэрбээр төрөлх хотоосоо явж, гэрийн багш болохоор шийджээ. Кант амьдралын туршлагаас судлан, хүмүүсийг ажиглан, нийгмийн янз бүрийн давхаргатай танилцав. Кенигсбергт буцаж ирэхдээ одон орон судлалын талаар том гар бичмэлтэй иржээ. Далай тэнгисийн түрлэгийн үрэлтээс үүдэлтэй дэлхийн эргэлт удааширч байна гэж тэр зөв дүгнэлтэд хүрчээ. 1754 оны зун Кант “Физикийн үүднээс дэлхий хөгширч байгаа юу” гэсэн нийтлэлээ хэвлүүлжээ. Дэлхий хөгширч байгаа гэдэгт тэр эргэлзэж байгаагүй. Бүх зүйл төгс төгөлдөр болоод сүйрдэг. Дэлхий ч ялгаагүй. 1755 оны намар Кант орон тооны бус багш болов. Түүний цалинг оюутнууд өөрсдөө олгодог байж. Анги танхим хүрэлцэхгүйгээс олон багш гэрээр заадаг байжээ. Кант тэр үед профессор Кипкенд амьдардаг байж. Эхний лекц дээр олон хүн цуглараад, танхимд багтахгүй шатан дээр зогсоцгоож байв. Кант эхэндээ сандран ойлгомж муутай ярьж байсан бол завсарлагааны дараа байдлыг гартаа оруулж чаджээ. Ингэж түүний 41 жил үргэлжилсэн багшийн ажил эхэлж байжээ. Их сургуулийн эхний өвөл тэр логик, метафизик, байгалийн ухаан, тооны хичээлээр лекц уншиж байлаа. Дараа нь үүн дээр физик, газар зүй, ёс зүй, механик нэмэгдсэн байна. Магистрын он жилүүдэд Кант 4-6 хичээл зааж байв. 1750 оноос эхлээд тэр бараг бичихээ болиод бүх цагаа багшлахад зориулж байлаа. Гэхдээ дутагдах зүйлгүй болсон байв. Тэрбээр халагдсан цэрэг Мартин Лампег туслахаараа авав. 
Кантын бахархал бол физик, газар зүй. Кант газар зүйг анх бие даасан хичээл болгож заасан хүмүүсийн нэг нь. Өрөөнөөсөө гаралгүйгээр Кант дэлхийг тойрч, далайгаар аялж, цөлийг туулж байлаа. “Би бүх эх үүсвэр, байж болох бүх баримтаас, улс орныг дүрсэлж бичсэн дэлгэрэнгүй баримтыг судалж байв”. Кант дөрвөн тивийн газрын гадаргуу, ургамал, амьтан, ард иргэдийн амьдралын талаар тухайн цаг үедээ дэлгэрэнгүй бичжээ. Кант салхи үүсэх механизмыг нээсэн. Түүний газар зүй судлалын хөдөлмөрийг үнэлэн Петербургийн шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгосон. Үүнтэй зэрэгцэн тэр гүн ухаан сонирхож эхлэв. Түүний анхны гүн ухааны ажил бол өөрийнх нь диссертаци “Метафизикийн танин мэдэхүйн анхны зарчмыг шинээр илрүүлэх” байсан юм. 
Удалгүй долоон жилийн дайн эхэлсэн. Хотыг бараг таван жил Оросын арми эзэлж, ард иргэд тэр дундаа Кант, Оросын хаанд үнэнч байна гэж бичгээр тангараглав. Зөвхөн 1762 онд Петр III тэднийг Оросын харьяаллаас чөлөөлсөн гэдэг. 
Кант их ажиллахын хажуугаар бас амарч чаддаг байсан. Хичээлийн дараа аяга кофе, хундага улаан дарстай билльярд, хөзөр тоглодог байлаа. Заримдаа шөнө дунд гэртээ харьдаг байв. Гэсэн хэдий ч өглөө эрт босон лекцээ уншдаг байлаа. Хүүхэд байхаасаа сул дорой биетэй байсан тэрбээр нас ахих тусам сонссон бүх өвчин өөрт нь байгаа юм шиг мэдрэмж төрөн анагаахын номыг эрчимтэй судалдаг болсон байна. Олон нийтийн дунд орохоороо сэтгэл санаа нь дээрдэн хоолондоо дуртай болдог байна. Тиймээс тэр хэзээ ч ганцаараа хооллодоггүй байж. Түүнийг оройн зоогт урихад хэзээ ч татгалздаггүй байв. Ямар ч хүмүүсийн дунд орсон тэр эн тэнцүү яриа өрнүүлэн, хүмүүсийг өөртөө татаж чаддаг байлаа. Тэр найз нөхөрлөлийг хайраас илүү гэж үздэг байв. Түүний сайн найз нь Английн худалдаачин Иосиф Грин байсан. 
Кант хэзээ ч эхнэр авч байгаагүй. Үүнийгээ тайлбарлахдаа “Надад эхнэр хэрэгтэй үед би тэжээж чадахгүй байлаа. Харин тэжээж чадах болсон үед надад эхнэр хэрэггүй болсон байв” гэж хэлсэн байдаг. Кант намхан 157 см байсан ба үсчин, хувцасны ачаар үүнийгээ халхалдаг байв. Тэрбээр загварт хүндэтгэлтэйгээр ханддаг, “Моодноос гарсан тэнэг байснаас, загварлаг тэнэг байсан нь дээр” гэж хэлдэг байжээ. Тиймээс түүнийг “жижиг магистр”, “боловсон магистр” гэж орчин үеийнхэн нэрлэдэг. 
1764 онд Кант 40 нас хүрэхэд бүгд түүнийг хүндэлдэг, алдартай нэгэн болсон байв. Лекц нь алдартай, анги нь дүүрэн хүнтэй, зарим хичээлээ шавь нартаа даатгаж өгсөн байлаа. Гэсэн хэдий ч тэр орон тооны бус багш хэвээр, их сургуулиас нэг ч цалин мөнгө авдаггүй байв. 1766 онд багшлахын хажуугаар Хааны ордны номын сангийн туслахын ажилд оров. Номын санд ажил багатай, лхагва бямба гарагт 13:00-16:00 цагийн хооронд ажилладаг байв. Гэхдээ номын санчийн цалин бага жилд 62 таллер. Кант урдын адил нэмэлт орлого олох шаардлага хэвээр байв. 1770 онд хааны тушаалаар логик, метафизикийн туршлагатай профессор боллоо. Энэ үед тэр дөрөв дэх диссертацаа хамгаалж байв. 
1774 онд Кенигсбергийн их сургуульд багшлах арга зүйг зааж эхлэв. Шинэ хичээлийг гүн ухааны тэнхимийн долоон багш ээлжлэн зааж байлаа. Кантын ээлж 1776 оны өвөл ирэв. Кант үндсэн сурах бичгээр Базедовын номыг өөрийн болгон засаж ашиглажээ. Үүний үр дүнд түүнийг нас барахын өмнөхөн шавь Ринк нь “Багшлах талаар” ном гаргасан байна. Кант хэлэхдээ “Хүн төрөлхтний бүтээсэн зүйлээс хамгийн хэцүү хоёр нь удирдах арга, хүмүүжүүлэх арга. Хүн хүмүүжлийн ачаар хүн болдог” гэсэн байдаг. 1780 оны хавар, зун “Цэвэр оюун санааны шүүмжлэл”-ээ бичсэн. Ихэнхийг нь бичсэн байсан тул тавдугаар сарын дотор дуусгаж чаджээ. Энэ ном  шуугиан тарьж чадаагүй, хүмүүсийн сонирхлыг татсангүй. 
1795 онд Франц, Пруссын дайн дуусаж, Баззелийн найрамдлын гэрээ байгуулжээ. Гэсэн хэдий ч тэд хоорондоо дайсагналцсан хэвээрээ байв. Энэ үйл явдлаас санаачлан Кант алдарт “Мөнхийн найрамдал” трактатаа бичжээ. Урд өмнө түүний ямар ч бүтээл ингэж их алдаршиж байсангүй. Энэ түүний сүүлчийн зохиол байсан юм. Кант 75 нас хүрээд маш амархан доройтож эхлэв. 1797 оноос лекцээ уншихаа больжээ. 1803 онд тэрбээр Библид гардаг “Хүний амьдрал 70 жил үргэлжилдэг, ихдээ л 80” гэж бичжээ. Тэрбээр 79 настай байв. Кант 1804 оны хоёрдугаар сарын 12-нд нас баржээ. Түүний хэлсэн сүүлчийн үг “This is good” байжээ.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.24  БААСАН  № 188 (6665)