С.УЯНГА

Монголчууд сүүлийн хоёр жил цар тахалтай тэмцэж, хагас жилийн хугацаанд хэд хэдэн удаагийн хүчтэй газар хөдлөлтийг мэдрэв. Энэ бол гамшиг осол хэзээ мөдгүй хаалга тогших сануулга гэдгийг мэргэжлийн байгууллагууд ч анхааруулж буй. Тэгвэл амьдрах дэлхий маань сар жил, өдөр хоногоор аюултай нүүр тулах сорилт дунд хэнд найдах вэ. Мэдээж өөртөө. Гэхдээ мэргэжлийн байгууллагын зохион байгуулалт, ур чадвар, тоног төхөөрөмж хамгийн том найдвар. Тэгвэл Монгол Улс улс орнуудад түгээмэл тохиолдож буй гамшиг осолтой тэмцэх, эрсдэл, хор уршгийг арилгах олон улсын дадлага сургуулилтыг 2009 оноос хойш сүүлийн 10 гаруй жил зохион байгуулж ирлээ. Өөрөөр хэлбэл, гадны өндөр хөгжилтэй, гамшиг ослын голомтод ажилласан туршлагатай сургагч багш нараас Монголын аврагчид тэр хэмжээгээр номын дуу сонсч, практик дадлага хийлээ. Олон улсын дадлага сургуулилт цар тахлаас болж сүүлийн хоёр жил өнжсөн ч энэ удаа маш том эрсдлийг үүрч Архангай аймагт “Хангай-21” ээлжит сургуулилтыг бригадын генерал Б.Ууганбаяр удирдан зохион байгууллаа.  


 

ИХ ГҮРНИЙ АРМИАС “ШҮҮРДСЭН” ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ ТУРШЛАГА

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран бараг хагас жил орчим бэлтгэсний үр дүнд  “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургуулийг 12 хоног эрсдэлгүй зохион байгууллаа. Олон улсын өргөн хүрээтэй сургуулилт гэдэг утгаараа зургаан аймгийн Онцгой байдлын газрын дарга, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, онцгой комиссын гишүүд, АНУ-ын сургагч багш нартай нийлээд 130 гаруй хүн оролцож буй юм.

Тэгвэл цар тахлын халдварын эрсдэлийг хэрхэн тооцсон талаар Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар “Гамшгийн хор уршгийг арилгах дадлага сургуулилтын бэлтгэл ажлыг өнгөрсөн тавдугаар сараас хойш хангасан. Анх төлөвлөснөөс оролцох бүрэлдэхүүнийг багасгасан. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулахын тулд хээрийн 2-3 цэгт задгай талбайд дадлага сургуулилтыг зохион байгуулж байна. Танхимд 20-иос доош хүнийг зай баримтлан суулгаж байна. Алба хаагчид  вакцины 2-3 удаагийн бүрэн тунд хамрагдсан. Мөн түргэвчилсэн тестээр шинжилгээ авч байна. Тусгаарлах байруудыг бэлтгэж, эмнэлгийн үйл ажиллагааг идэвхжүүлж, байрлаж байгаа байр, сургалтын орчин бүрт халдвар, хамгааллын дэглэм хариуцсан мэргэжилтнийг томилон ажиллуулж байна. Сургуулилтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Өмнөд бүсээс Өвөрхангай, баруун бүсээс Завхан, хойд бүсээс Архангай, Булган, Хөвсгөл аймгийн төлөөлөл оролцож байна” гэсэн юм.

Дадлага, сургуулилтыг халдвар хамгааллын дэглэмийг нарийн сахиулж оролцогчдын байрлаж буй газар-сургалт гэсэн маршрутыг баримталж байв. Мөн хээрийн задгай талбайд эмнэлэг дэлгэж, байгалийн хад чулуун дээрээс өндрөөс аврах ажиллагааг хийж, нурсан балгасанд газар хөдлөлтийн гамшгийн сургуулилтыг хийж буй. АНУ-ын армийнхан “Гамшгийн удирдлага”, “Команд штабын дадлага”, “Өндрөөс аврах олсны сургалт”, “Давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “Нурангинаас аврах ажиллагаа”, “Хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа”, “Нэрвэгдэгчийг эрэмбэлэн ангилалт”, “Олон нийттэй харилцах”, “Хүмүүнлэгийн тусламжийн үеийн цэргийн дэмжлэг”, “Дууриалган үзүүлэх дадлага сургууль” гэсэн хэлбэрээр 10 гаруй хоногийн турш өглөөнөөс орой болтол хичээл зааж, давтан сургалт хийж байна. Эдгээр дадлага сургуулилтаас цар тахалтай холбоотой бас нэг онцлогтой нь хээрийн эмнэлэг дэлгэсэн явдал. Эмнэл зүйн багт АНУ-аас таван сургагч багш иржээ. Гамшгийн үед хээрийн эмнэлэг хэрхэн байгуулах, яаралтай тусламж үзүүлж дараагийн шатлалд шилжүүлэх, гар доорх материал ашиглаж түргэн хугацаанд тусламж үзүүлэх хичээлийг бодит кейс дээр зааж байгаа юм. Энэхүү сургалтад аймгийн нэгдсэн эмнэлгээс долоон хүн, аймгууд болон нийслэлийн онцгой байдлын эмч нар хамрагдаж байгаа аж. Сургалтад хамрагдсан эмч, мэргэжилтнүүд халдвартай хүмүүсийг хээрийн эмнэлэгт хүлээж авах, шуурхай тусламж үзүүлэх туршлага хуримтлуулсан талаараа Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Лхагвасүрэн “Коронавирусын халдварын үед хээрийн эмнэлэг дэлгэж, өвчтөнийг эмчлэх бүрэн боломжтой. Халдвартай хүн ирвэл яах вэ гэсэн менежмент судалж, тодорхой кейс дээр ажиллаж байна. Тухайлбал, халдвартай  хүн ирлээ гэхэд хамгийн түрүүнд тусгаарлаж удирдлагын багтайгаа ярилцаж, хүсэлт тавина. Хээрийн эмнэлэг удирдлагын алба, нөөцийн хэсэг, морга, тусгаарлах байр, хоргодох байртай байх ёстой. Эхний хэсэгт өвчтөнийг эрэмбэлэн ангилаад шаардлагатай бүс рүү оруулна. Хамгийн гол нь ачаалал, нөөцөө төлөвлөх ёстой.

Аливаа аюул ослын үед хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгслээ нарийн тодорхойлно.  Гэмтсэн хүнийг хурдан хугацаанд үнэлж, цаг алдалгүй анхны тусламж үзүүлэх нь чухал. Тэр дундаа хээрийн эмнэлгийн нөхцөл байдалд тохируулан эмчилгээ хийхэд сургалт чиглэж байна. Цус алдалттай хүн байлаа гэхэд цусны нөөцөө тооцоолж, хэр хугацааны дараа тээвэрлэхэд аюулгүй вэ гэсэн олон зүйлийг сурч мэдэж авлаа” гэлээ.

Мөн газар хөдлөлтийн аюул нэмэгдэж буй энэ үед бодит цагийн байдалд тулгуурлаж бэлтгэл сургуулилт хийсэн нь том ахиц дэвшил байсныг аврагчид онцолж байлаа. АНУ-ын сургагч багш нар өөрсдийн авчирсан багаж хэрэгсэл дээрээ туршилт хийж, аврагчдыг тасралтгүй камераар хянаж алдаа оноог нь хэлж өгөх зэргээр жижиг алдааг ч өнгөрүүлэхгүй. Мөн нэг ч хүнийг үлдээхгүй бүх хүнийг ээлж дарааллаар дадлага хийлгэж байгаа нь том дадал болж байгаа аж.

Түүнчлэн өндрөөс аврах ажиллагааг байгалийн хад ашиглан хийж буйгаараа онцлог байв. Осолдсон хүнийг хэдэн метрийн өндөр өөд хэрхэн аюулгүй гаргах нарийн арга техникийг зааж буй. Энэ мэтээр хүн аврахаас гадна аврагчид өөрсдийн аюулгүй байдлаа хангах нь хамгийн чухал байдгийг гадны сургагч багш нар анхааруулж байлаа.

Болзошгүй гамшиг, осол, аюулын үед хэрхэн зөв удирдах, шийдвэрийг богино хугацаанд гаргах, гамшгийн хор уршгийг хохирол багатай даван туулах удирдлагын менежментийн арга зүйд суралцах ач холбогдолтойг удирдах ажилтнуудад заав. Сургалт онол, дадлага хосолсон хэлбэрээр явагдаж буй нь ч өгөөжтэй байгааг оролцогчид хэлж байна.  Удирдах ажилтны сургалтын үеэр АНУ-ын ослын үеийн удирдлагын системийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар ярилцаж туршлага солилцлоо. Энэ мэтээр 10 гаруй хоногийн турш нэг ч цаг, минутыг алдахгүйгээр их гүрний армиас “шүүрдсэн” туршлага арвин байсанд урамтай байгаагаа оролцогчид хэлсэн юм.

АНУ: МОНГОЛ АВРАГЧДЫН УР ЧАДВАР ӨНДӨР ТҮВШИНД ХҮРСЭН

Гамшиг, осолтой нүүр тулж байдаг онцгой байдлын алба хаагчид “Говийн чоно” бүсчилсэн олон улсын сургуулилтад 10 гаруй удаа хамрагдаж арвин туршлага хуримтлуулсан. Зөвхөн олон улсын сургуулилтаар ч хязгаарлагдахгүй дотоодод аврагчдыг давтан сургаж, дадлага туршлагыг бусаддаа түгээж, аюул осолтой тэмцэхэд оновчтой удирдах ур чадварыг тасралтгүй олгодог. Мөн гадны армиас суралцахаас гадна зэргэлдээх  аймгуудын аврагчидтай мөр зэрэгцэн нэгнээсээ суралцах, санал бодлоо хуваалцах том боломжийг олгодог. Тэгвэл манай аврагчид гамшгийн аюулыг сөрөхөд бүрэн бэлтгэгдсэн гэж хэлж болохоор байгааг энэ удаагийн “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах сургуулилт харууллаа.

Энэ талаар АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багийн дэд дарга Брайн Грин   “Гамшиг ослын үед аврагчаас эхлээд удирдлага хүртэл хэрхэн холбогдож, уялдаа холбоотой ажиллахыг чухалчилж байна. Олон хэлбэрээр гамшгийн эрсдэлийг бууруулах дадлага сургуулилт явуулахад Монголын аврагчид маш ур чадвартай нь ажиглагдаж байна. АНУ-ын хувьд олон улсад туслалцаа үзүүлдэг. Тэндээс суралцсан дадлага туршлагаа хуваалцаж байна. Өөрөөр хэлбэл, харилцан дадлага туршлага солилцож байна” гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.23  ПҮРЭВ № 187 (6664)