Б.ДОЛЖИНЖАВ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахууны хомсдолтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "ОХУ-ын Роснефть компани засварын ажил болон дотоодод хийж байгаа хязгаарлалттай холбоотойгоор 17 мянган тонн АИ-92 бензин өгөх боломжтой гэдгээ мэдэгдсэн. Тиймээс шатахуун импортлогч компаниуд БНХАУ-ын Чайна Ойл компаниас шатахуун авах гэрээг байгуулсан. Өнөөдрийн байдлаар 43300 тонн шатахуун /33300 тонн АИ-92/ худалдан авахаар мөнгөө төлөөд, гэрээгээ баталгаажуулчихсан байсан юм. Гэтэл ОХУ-аас 7500 тонн шатахуун нийлүүлснийхээ дараа үлдсэн 10 мянган тонн шатахууныг аравдугаар сарын 1-н хүртэл нийлүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцээд БНХАУ-аас шатахуун ачуулах боломгүйгээ мэдэгдсэн. Тиймээс ААН-үүд хязгаарлалт тогтоогоод байна. Хязгаарлалт хийснээр шатахууныг 7-8 хоног илүү олон хүнд хүргэх нөхцөл бүрдэж байгаа. БНХАУ-ын Элчин сайдтай өчигдөр уулзсан. Өнөөдөр БНХАУ-ын Бээжинд суугаа Элчин сайд уулзалтууд товлож байна. УУХҮЯ Хөх хотын боловсруулах үйлдвэртэй холбогдож байгаа. Хөх хотоос Улаанбаатар руу ердийн үед вагон тавигдахад 10-14 хоногийн дараа ирдэг юм байна. Бид энэ хугацааг 5-7 хоног болгох төлөвлөгөөтэй зохицуулалт хийж байгаа. Шатахууныг хязгаарлалттай олгож байгаа хугацаанд багтаж бензинийг татан авахаар ажиллаж байгаа гэсэн үг.Гэнэтийн мэдэгдлээс болоод ийм нөхцөл байдал үүссэн. Гэхдээ үүгээр далимдуулаад суухгүй, хариуцаж байгаа хүмүүст хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд өглөө. Бүх шатанд нягталж, шалгаж үзнэ” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn