Георг Вильгельм Фридрих Гегель /1770-1831/

0
хуваалцах
177
үзсэн

З.БАТЦЭЦЭГ 

Германы гүн ухаанч,  диалектикийн онолыг объектив-идеалист үндсэн дээр бий болгосон. Шинэ цаг үеийн гүн ухааны төгсгөл болсон Гегелийн систем нь гурван хэсгээс тогтдог. Дэлхий ертөнцийг бүтээхээс өмнө Бурханы оршин тогтнолыг авч үзэх логик, байгалийн гүн ухаан, бурханы хүнд бүтээсэн логик. 
Георг Вильгельм Фридрих Гегель нь 1770 оны наймдугаар сарын 27-нд Штутгартад төржээ. Түүний аав тооцооны танхимын нарийн бичгийн дарга хийж байгаад дараа нь экспедицийн зөвлөхөөр ажиллаж байж. Намтар судлаачдын бичиж буйгаар аав нь “их хатуу зан чанартай, нямбай” нэгэн байжээ. 1777-1787 онд тэрээр Штутгартын латин сургуульд сурсан байна. Гегель уран зохиол, түүх, тоо, гүн ухааныг ихэд сонирхон судалж байв. Эртний грекийн зохиолчдыг тэрээр эх хувилбараар нь уншсан. 1788 оны аравдугаар сарын 27-нд тэрээр Тюбингены Теологийн Их Сургуульд элсэн хоёр жил гүн ухааны, гурван жил теологийн курс сонсож, 1793 онд зохих шалгалтаа өгчээ. Тэрээр биеэ дааж их хичээллэдэг, өөрийн найз нар болох ирээдүйн алдарт яруу найрагч Гёльдерлин, гүн ухаанч Шеллинг нартай их харьцдаг байжээ. Тэд бүгд гүн ухаан их сонирхдог байв. Мөн тэд гүн ухаанаас гадна улс төр сонирхдог байлаа. 
Тэд хөрөнгөтний хувьсгалыг ихэд дэмжиж байв. Найзууд улс төрийн клубд явдаг, франц сонин уншиж, хувьсгалын талаар идэвхитэй ярилцдаг байлаа. Гегелийн оюутан нас Францын томоохон үйл явдалтай давхцсан байдаг. Бастилийн довтолгоо, хаант засаглалыг унагах, Людовиг XV цаазаар авхуулсан, якобинчууд засгийн эрхэнд гарсан. Энэ бүх үйл явдлыг Гегель бахдан хүлээж авсан. Тэрээр хоёр найзын хамт 1791 онд “эрх чөлөөний мод” суулгах арга хэмжээнд оролцон мод суулгасан. Хожим нь Гегель хувьсгалын талаар “...энэ бол гайхалтай нарны мандалт байсан. Бүх сэтгэгч амьтад энэ эрин үеийг баяр болгон тэмдэглэсэн. Тэр үед гайхалтай, сэтгэл хөдлөм мэдрэмж төрж, дэлхий урам зоригоор дүүрэн, яг л одоо үнэхээр дэлхий бурхан хоёр эвлэрсэн мэт байлаа” гэж бичсэн. Түүний Францын хувьсгалын талаарх сэтгэгдэл “Үндэсний ба христийн шашин” нийтлэлд тод харагддаг. 
Их сургуулиа төгсөөд тэр лам болох карьераас татгалзан, Карл Людвиг Штейгерын гэрийн багш болохоор Берн явжээ. Швейцарт очоод бүх чөлөөт цагаа тэрээр гүн ухаан, эдийн засаг, улс төрийг судлан, Франц дахь үйл явдлыг хөндлөнгөөс няхуур ажиглаж байлаа. 1793-1796 онуудад Гегель бүгд найрамдах засаглалыг дэмжиж, тухайн үеийн Германы  феодалын үнэмлэхүй дэг журмыг үгүйсгэж байв. Тэр үед Гегель бодит зүйлтэй эвлэрэх бодлогын эсрэг үзэлтэн байсан. Энэ байдал нь түүний “Иисусын амьдрал”, “Христийн шашины эерэг байдал”  хоёр гар бичмэлд тодорхой харагддаг. 
1797 онд тэрээр найз Гельдерлины ачаар нутагтаа буцан ирж, худалдаачин Гогелийн гэр бүлд багшаар ажиллах болов. Энэ үед Гегель бүгд найрамдах засаглалыг дэмжих нь аажмаар буурч байлаа. Энэ нь Францад хувьсгал уналтанд орж эхэлсэнтэй холбоотой. 1800 онд тэр Иены их сургуульд шилжиж ирэв. Энд зургаан жил багшлахдаа их эрч хүчтэй байлаа. Тэрээр логик, метафизик, гүн ухааны түүх, тооны хичээлээр лекц уншиж, маш их хэмжээний нийтлэл бичсэн. 1801 онд Гегель “Дэлхийн эргэлтийн тухай” сэдвээр диссертаци хамгаалжээ. Тэр өөрийн ажилдаа Ангараг, Бархасвадь гаригуудын дунд тэнгэрийн биетүүд байхгүй гэж бичжээ. Гэтэл үүнээс хэдэн сарын өмнө Италийн эрдэмтэн Пиацци энэ хоёр гарагийн дунд Церер гараг байдаг гэдгийг нотолсон байна. Үүнээс болж Гегелийн эсрэг хүмүүс түүнийг шоолж байв. 
Өөрийн найз Нитхаммерын тусламжтайгаар “Бамберг сонин”-д редактор болов. Сонинд ажилд орсоноор улс төрийн амьдралд оролцох боломж гарна гэж тэр найджээ. Гэвч тун удалгүй цензур түүний хүслийг үгүй хийв. Тэрээр Нитхаммерт захиа бичин, дэмий цагаа өнгөрөөж байна гэжээ. Нитхаммер дахиад түүнд тус болон Нюрнбергын гимназид захирлын ажил олж өгсөнийг тэрээр 1808-1816 онуудад хийжээ. 
1811 онд Гегель гэрлэв. Тэрээр амжилттай гэрлэж чадсан. “Зорилготой бас сайн эхнэртэй хүнд- бүх зүйл бий” гэж тэр хэлдэг байв. Тэд жижигхэн хэрнээ тохь тухтай, цэвэр цэмцгэр гэрт амьдардаг байлаа. 
Нюрнбергын гимназид тэрээр багшлахын хажуугаар, судалгааны ажил хийдэг байжээ. Энэ үед тэрээр өөрийн гол бүтээл “Логикын шинжлэх ухаан”-ыг бичсэн байна. Гэвч захирлын ажил түүнд хийхэд төвөгтэй байв. Тэрээр гүн ухааны чиглэлээр багшлахыг илүүд үзэж байлаа. Гегель багшлах боломжийг маш их ирж хайсаар Гейдельбергийн их сургуульд орж чадав. Тэр үед Герман дахь улс төрийн байдал өөрчлөгдсөн байлаа. Напелеоны хаант засаглал унаснаар, чөлөөлөх хөдөлгөөнтэй тэмцэх Европын хаадын “Ариун холбоо” үүсгэн байгуулагджээ. 1816 оны аравдугаар сарын 28-нд Гейдельбергийн их сургуулийн элсэлтийн лекцэн дээр Гегель чухал ач холбогдолтой зүйл хэлсэн. “...пруссийн засгийн газар ухаан дээр суурилсан” гэжээ.  Пруссийн засгийн газар түүний хэлснийг их үнэлжээ. 1817 онд сайд Фридрих Вильгельм түүнийг Берлины их сургуульд лекц уншихыг урьсан байна. 1818 оны намар тэрээр Берлины их сургуулийн гүн ухааны профессор болов. Энэ үед түүний гүн ухааны консерватив тал илт харагддаг. Энэ тухай 1821 онд хэвлэгдсэн “Гүн ухааны эрх зүй” бүтээлд мөн түүний гүн ухааны түүх, шашины лекцид тод ажиглагддаг. 1818-1831 онуудад тэрээр гүн ухааны түүх, шашины лекцээс гадна логик, байгалийн философи, антропологи, сэтгэл судлал, эрх зүй, гоо зүйн лекц уншиж байлаа. 
1831 оны зун Германд холер өвчний цар тахал дэгджээ. Гегель үүний золиос болсон юм. Тэрээр 1831 оны арваннэгдүгээр сарын 14-нд нас барсан юм. Тэр эхнэр Мариягийн төрүүлсэн хоёр хүү мөн хууль бус нэг хүүтэй байсан. Том хууль бус хүү нь цэргийн хүн байсан ба ааваасаа өмнө нас барсан юм. Харин дунд хүү нь түүхч, бага хүү нь сүмийн албан тушаалтан байжээ. 
Гегелийн гавьяа бол дэлхийг ойлгох диалект аргыг хөгжүүлсэн. Мөн шинжлэх ухааны аргыг ойлгоход их үнэтэй хувт нэмэр оруулсан нэгэн. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.22  ЛХАГВА № 186 (6663)