Занхар сайд нарыг Засагт цуглуулах уу

0
хуваалцах
354
үзсэн

Б.ДАМДИН-ОЧИР

Ийм хүнд үеийн Засгийн газарт Г.Ёндон шиг сайд ёстой хэрэггүй юм байна. Энэ нөхрийг “Монголросцветмет”-ээр хүүхдийнхээ төлбөрийг төлүүлээд баригдахад л явуулах ёстой байв. Тэгээгүй л дээ. Тэр үед аваад үлдсэн нь өнөөдөр Засгийн газартаа лай тарив. Засгийн газартаа ч бус Монголд гай болж байна.

Ер нь өнөөдөр Г.Ёндон яг юу хийдэг сайд юм бэ гэдэг нь тодорхойгүй болчихоод байсан юм. Өмнө нь Уул уурхайн яамны хариуцаад байдаг байсан уул уурхайн асуудлыг одоо ЗГХЭГ, Хууль зүйн яам хийчихдэг болсон. Одоо ид явж байгаа Оюутолгойн гэрээг сайжруулах хэлэлцээрийг Г.Ёндон биш Хууль зүйн сайд Х.Нямбаатар даачихсан. Тэр хэлэлцээрт Г.Ёндон туслах дүрийн үүрэгтэй. Жил гаруйхны өмнө Хотын дарга Д.Сумьяабазар Уул уурхайн сайд байхдаа Оюутолгойтой холбоотой асуудлыг толгой дааж шийдээд л явдаг байсан. Мэдээж хэрэг, Засгийн газар, Ерөнхий сайдтайгаа ярьдаг л байсан байж таарна л даа.

Уул уурхайн том төслүүд бүгд бие даасан үйл ажиллагаатай болчихсон. Толгой нь засаг дээр төвлөрдөг. “Эрдэнэс Монгол” компани ихэнх уурхайг мэддэг. “Эрдэнэс Тавантолгой” ч ийшээ мэдүүлдэг. Тэр утгаараа “Эрдэнэс Монгол” компанийн захирал нь Г.Ёндон сайдаас чухал ажил хийдэг байх жишээтэй. “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн засаглал ч Засгийн газарт шууд хамаардаг.

Өөрөөр хэлбэл, Г.Ёндонг сайд болсноос хойш Уул уурхайн яам юу хийдэг, яадаг үүрэгтэй гэдэг нь бүрхэг болсон. Бодлогыг нь засгаараа сууж байгаад хийчихнэ. Төслүүд нь ч бие даачихсан. Тэгээд ганц асуудал үлдэж байгаа юм. Тэр нь бензин шатахууны хангалт, нийлүүлэлт. Манайх ямар үйлдвэрлэх биш хоёр хөршөөс оруулж ирдэг шатахуунаа таслахгүй байх, үнэ өртгийг нь хөөрөгдүүлэхгүй байх ганц л ажилтай үлдчихээд байсан юм. Яс юман дээр энэ бензин шатахууны талаар яамных нь харьяаны Ашигт малтмалын газар хариу өгөөд байдаг. Тус газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр л үнэ нэмэгдэх, нийлүүлэлт багасах зэрэгт байсгээд л гарч ирж мэдэгдэл хийж харагддаг.

Харин өчигдөр сайд Г.Ёндон шаварт унасан шарын эзний хувиар гарч ирж мэдэгдэл хийлээ. Бараг долоо хоног хойноос ч, урдаас ч бензин шатахуун хараад нэмэргүй гэж байх шиг байна. Хоёроор үржүүлээд 14 хоногийн турш шатахууны хомсдолтой суух нээ гээд бодчиход буруудахгүй шинжтэй.

Угтаа яг энэ хадлан тэжээлээ хурааж, өвөлдөө бэлтгэдэг цаг үед Монгол Улсыг шатахуунаар таслахгүй байх үүрэг нь Г.Ёндон сайдын бараг л үндсэн  үүрэг нь дээ. Үе үеийн Уул уурхайн сайд нар ингэж ажиллаад ирсэн юм.

Орост Думын сонгууль болж экспортоо багасгасан. Тиймээс манай импортлогчид Хятадтай гэрээ тохироо хийж тэр нийлүүлэлтийг нөхөхөөр болсон байгаа юм. Тэгтэл бүтэлгүйтжээ.

Хэдийгээр энэ бүхний ард их гүрнүүдийн геополитикийн бодлого яригдаж байж болох ч Г.Ёндон сайд шатахууныг саадгүй оруулж ирэх үүргийг хүлээчихсэн хүн байгаа юм.

Ерөөсөө энэ цагийн Засгийн газрын сайд нар маш сайн менежерүүд байх ёстой. Г.Ёндон тийм биш юм. Хоёр хөршөөсөө хэдэн тонн шатахуун таслахгүй авчихаад байх яриа хэлээ түүнд байсангүй. Манай Монголын хэрэгцээ бусад улсыг бодвол хариугүй шүү дээ. Сардаа 40 мянган тонн АИ92 автобензин хэрэглэдэг л улс байгаа юм. Ер нь тэгээд ганц Г.Ёндон ч биш. Энэ Засгийн газрын хэд хэдэн сайд дээр ийм асуудал гарч ирчихээд байгаа.

Яамныхаа чиг үүргийн ажлыг бие дааж хийх чадалгүй, олон нийтийн өмнө өөрийгөө ч илэрхийлэх чадваргүй, самбарын өмнө дуудагдсан муу сурдаг хүүхэд шиг сайд хэд хэд байна.

Эд нарыг анх их гоё хэлж байж томилсон. Мэргэжлийн сайд нар гэж байгаад тавьж байв. Хоёр жилийн өмнө Үндсэн хуульд "...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөлт орсонтой холбоотой. Энэ хуулийн дагуу л баахан "танихгүй" сайд нар гаргаж ирсэн. Одоо гор нь гарч байна. Нөгөөх “мэргэжлийн” сайд нар нь алийгаа алдаад ажлаа нураагаад эхлэхээр Ерөнхий сайд нь хэмх нүдүүлдэг. “...Битгий сайд нар руу ярь, надтай ярь” гэж байгаад л гөвүүлж байх юм. Г.Ёндон шатахуун тасалдууллаа. Ч.Номин /бас агентлагийн дарга Б.Болор-Эрдэнэ/ шоу зохион байгууллаа. Ийм явдлын дараа өнөөх Ерөнхий сайд нь гөвүүлдэг, өнөөдүүл нь өөрсдөө гарч ирээд ганц үг ганхийдэггүй.

Ийм байж таарахгүй л дээ. Энэ сайд нарын явдалтай явдалгүй Ерөнхий сайдад гөвүүлэх сэдэв хангалттай олдоно.

Хамгийн гол нь сайд хүн салбараа мэддэг, ажлаа хамгаалдаг зангарагтай байх ёстой. Саяхан даа, У.Хүрэлсүхийн Засгийн газрын Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар ажиллаж байсан. Ч.Хүрэлбаатар бол салбарынхаа ажлаар Засгийн газраа аваад л гардаг сайд байв. Занхар л даа. Мөнгө санхүү, зээл хуйны асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх яриад л, шүүмжлүүлээд л байсныг мэдэхгүй юм. Ийм хэд хэдэн сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт байсан. Тэр хэрээрээ хүчтэй Засгийн газар гэгддэг байлаа.

Гэтэл одоо дэлхий коронавируст нэрвэгдчихсэн, тахлын үеийн Засгийн газар ийм сайд нартай алба залгуулж байгаа нь нэн харамсалтай. Энэ бол тахлын үе шүү дээ. Үүнээс болоод хөгжингүй орнууд ч хүнсний хомсдолд орж эхэлсэн муухай мэдээ гараад эхэлчихсэн байна. Өнөөдөртөө цар тахлыг дарсан улс гүрний удирдагч энэ дэлхий дээр дуулдаагүй байна. Ер нь бол бурхан бууж ирээд ч цар тахлын аюулаас салгахгүй гэдгийг дэлхий нийтээрээ ойлгочихлоо. Өнөөдөр үргэлжилж буй НҮБ-ын чуулган дээр ч энэ тухай л ярьж байна. Товчхондоо, энэ бөөрөнхий дэлхий дээрх үндэстэн бүр "амьд үлдэх"-ийн төлөөх тэмцэж эхэллээ. Гэтэл бид хэн билээ дээ. Хөөрхий минь, XIII зууны үед дэлхийг дайлж явсан "аймаар" түүхээс өөр шид байх ч үгүй. Одоо ядарсан. Далан жил босгосон үйлдвэр заводын газраа сүүлийн 30 жилийн эхээр л идээд, уугаад, хуваагаад, устгаад дуусгасан. Одоо бидэнд 70 сая толгой мал л байна. Гурил, хүнсний ногоогоо хагас дутуу хийдэг. Бусад бүх хэрэглээгээ импортоор авдаг. Газрын доорх алт, зэс, нүүрсээ экспортолдог. Тэдгээрийг ч түүхийгээр нь л гаргадаг. Ийм л хэцүү эдийн засагтай болчихсон. “Хөгжил” маань энэ юм даа. Тэгээд өнөөдөр бид гучин жилийн "хөгжил"-ийнхөө үр шимийг л хүртэж байгаа юм. Ийм учраас л Г.Ёндон нар шиг нэг их цэмцгэнэсэн, “мэргэжлийн” гэж өөрсдийгөө гоодсон, шүүмжлэлийг “...Улстөржлөө” гэж хүлээж авдаг, асуудал тулгарахаар Ерөнхий сайдынхаа араар орж нуугддаг сайд үнэндээ л хэрэг алга.

Угаасаа авах нь бөхийж, өгөх нь гэдийдэг хүний ёс бий. Энэ хуулиар бөхийхдөө бөхийдөг сайд нар хэрэгтэй юм. Нөгөө талаар захын нэг постчин, жиргээчний үгэнд нурж унаад байдаг арчаагүй сайд ийм цагт ажил амжуулна гэж байхгүй. Салбарынхаа ачаанаас гадна, сайдын суудлыг дагадаг “улстөржсөн халдлага”-ыг дарахыг нь дарж, даахыг нь дааж явах зангараг шаардлагатай.

Ерөөс хүн төрөлхтний урьд өмнө хэзээ ч тулж, туулж яваагүй энэхүү цар тахлын хүнд цаг үед улс орны ажил амьдралыг залгуулах Засгийн газрын сайд нар ачаа даах чадалтай, араа даах зангарагтай байх ёстой гэсэн үг.

Одоо тэгэхээр яах ёстой вэ. Иймэрхүү сайд нараас салах амархан л даа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцуулаад л болчихно. Гэхдээ ингэж “шил эргүүлэх” хэрэг байна уу үгүй юу. Тэгж байхаар Үндсэн хуульд оруулсан “давхар дээл”-ийг хорьсон заалтаа авчих ганц сайн гарц байна. Тэгээд энэ УИХ-аас ч, гадна байгаа улстөрчдөөс ч занхруудыг нь цуглуулж байгаад Засгийн газартаа сайдаар томилох цаг болжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.22  ЛХАГВА № 186 (6663)