Б.БЯМБАЖАРГАЛ

Манай улсад зарим салбарыг хөгжүүлэхэд төрөөс дэмжиж байгаа ч чухал салбаруудаа орхигдуулж байгаа талаар иргэд шүүмжилдэг. Тухайлбал, улсын хөгжлийн гол үндэс болох шинжлэх ухааны салбарт анхаарал хандуулах шаардлагатай байгааг салбарынхан ч хэлсээр байгаа. Энэ талаар Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн  Цацрагийн физикийн лабораторийн судлаач, доктор Ж.Эрдэнэтогтох “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Зарим салбар нь хаягдаад, зарим салбар нь сайн хөгжиж байна. Үүний гол шалтгаан нь тогтворгүй байдал. Алсын зорилго тавьж түүнээсээ бүх зүйлээ салбарлуулан зорилтоо гаргах ёстой. Улсын хэтийн зорилгоос хамаарч салбар салбарын зорилгууд урган гарч түүнд хүрэх үе шатыг нарийвчлан гаргах нь зөв. Одоо манайд урт хугацааны тогтвортой бодлого, хэтийн зорилго нь тодорхойгүй, дутагдалтай харагддаг. Анх 2017 онд Монголд ажиллах хүсэлтээ тавьж 2018 оноос ажиллаж эхэлсэн. Тухайн үед Шинжлэх ухааны академиас Шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд стратеги төлөвлөгөө гаргуулж байсан. Гэвч тэр нь жилийн дараа өөрчлөгдсөн. Энэ жил дахин бүтцийн өөрчлөлт гарлаа. Тогтворгүй бодлогын өөрчлөлт бол хамгийн аюултай. Миний ажиллаж байсан Японы жижиг компани 30, 60 жилээр урт хугацааны төлөвлөгөө боловсруулж ажилладаг. Өнөөдөр шинэ зүйл гарч ирэхэд бидний ирээдүйн зорилготой нийцэж байна уу гэдгийг тооцоолж байх хэрэгтэй. Урт хугацааны тогтвортой төлөвлөгөө гол чиглүүлэгч. Магадгүй цаг үеийн нөхцөл байдлаас зарим засвар, шинэчлэл орж болох ч гол чиг нь тогтвортой байх хэрэгтэй” гэж дурджээ. Түүнчлэн тэрээр зөвхөн шинжлэх ухааны салбарт төдийгүй бүх салбарт төрийн тогтвортой бодлого, урт хугацааны төлөвлөгөө шаардлагатай байгааг онцолжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.20  ДАВАА № 184 (6661)