Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна.Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй өнөөдөр уулзлаа.  Уулзалтын үеэр ярьсан асуудлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр өнөөдөр өглөө мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ жил Монгол Улс НҮБ-д элссэний 60, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Ирэх жилд Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсоны 20 жилийн ой тохионо. Энэ ойн хүрээнд Ерөнхийлөгчийн хувиар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг Монгол Улсад айлчлахыг урилаа.Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Монгол Улсад НҮБ дэмжлэг үзүүлнэ, ойрын хугацаанд  А.Гутерреш Монгол Улсад айлчилна гэдгээ илэрхийлсэн. Үүнээс гадна тодорхой хоёр асуудлыг хөндсөн.Нэгдүгээрт, Буянт-Ухаад хүмүүнлэгийн агуулах, нийлүүлэлтийн логистикийн төв барих асуудлыг тавьж, дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын зүгээс хүсэлт болголоо. Үүнийг нааштай хүлээн авч байна.Хоёрдугаарт, НҮБ-ын бүх системийн байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцдогийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш дахин нотолж, талархлаа илэрхийлэн, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжсөөр байгааг цохон тэмдэглэсэн.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-д оролцоогоо нэмэгдүүлэх, бэхжүүлэхийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ хүрээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд биечлэн оролцож байна. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч цахимаар оролцож байсан.Өмнө нь Ерөнхий сайд байх үедээ оролцсоноос хойш дөрвөн жилийн дараа Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байгаагаараа ач холбогдолтой." гэв.

Эх сурвалж:www.polit.mn